Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/49 

 

Г.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Цогтмагнай /цахимаар/,

Шүүгдэгч Г.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Г.Бямбажав нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнхийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.*******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Г.*******д холбогдох 2402000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.******* нь нийтийн албан тушаалтан буюу ******* хамгаалах ерөнхий газрын *******ийн цэргийн ******* дүгээр ангид тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байх хугацаандаа, “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардсан, “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдэлж,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, ...үзүүлэх” гэж заасныг,

******* хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.2-т “Тээврийн хэрэгслийг зориулалтын талбайд зогсоосны үзлэгийг хил зөрчигч нуугдаж болзошгүй орон зай, овор ихтэй ачаа, бараанд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж илэрсэн зөрчлийг шуурхай шийдвэрлэнэ” гэж заасныг

******* хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/29 дугаартай “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 3 дахь хэсгийн 3.8-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед битүүмжилж, баталгаажуулсан ачааны лац, ломбо, хучлага, бүтээлгийн бүрэн бүтэн хэвийн байдлыг шалгах ба битүүмжлэл алдагдсан, лац, ломбо хөндөгдсөн, хучлага бүтээлэг урагдаж зүсэгдсэн тохиолдолд нарийвчилсан шалгалт явуулна”, 3.12 дахь хэсгийн 3.12.5-д “Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийсэн хилийн хяналтын байгууллагын ажилтан бүр хяналтын хуудсанд тэмдэг дарж баталгаажуулах ба тээврийн хэрэгслийг боомтын хяналт шалгалтын бүсээс гарах үед томилгоот манаа хяналтын хуудсыг шалган хурааж авна” гэж заасныг тус тус зөрчиж,

“Хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Ханбогд сумын Гашуун сухайт дахь боомтод байрлах *******ийн цэргийн ******* дүгээр ангийн ажлын байрандаа байхдаа иргэн С.*******өөс өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ******* тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, мөн иргэн С.аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, иргэн П.*******гаас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

   Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Онон нь Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******н нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч Г.*******н байршуулсан 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие ******* хамгаалах байгууллагад залуу насаа зориулж, олон жил ажиллаж ирсэн. Тохиолдлын шинжтэй болчимгүй алдаанаас болж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухаарч, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 7 жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий боловч хөөн хэлэлцэх хугацааны тухайд аливаа хэлбэрээр маргаагүй юм.

Эрүүгийн хуульд удаа нэмэлт өөрчлөлт орж байсан ба гэмт хэрэг гарах үед 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дараах байдлаар өөрчлөн найруулсан байсан:

44/22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

Улмаар анхан шатны шүүх дээрх үйл баримт, нөхцөл байдлыг үнэлж, шийтгэх тогтоолдоо “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож...” хэмээн дүгнэсэн.

Улсын яллагчаас нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, мөн өмгөөлөгч маань эрүүгийн хариуцлагын зарим хэсгийг чөлөөлж өгөхийг хүссэн.

Гэвч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ДШМ/27 дугаартай магадлалын дагуу нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, мөн эрүүгийн хариуцлагын зарим хэсгээс чөлөөлөхгүй шалтгааны талаар хууль зүйн дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг маань хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Г.Цогтмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Г.*******гийн тухайд нийтийн албанд ажиллаж байх хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан байна. Энэ нь их хэмжээний хахууль биш Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсгийн 4 дэх хэсэгт 2017 оны 05 сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил, мөн дээрх заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөр 5-8 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасахаар өөрчлөлтүүд орсон. Г.*******гийн үйлдлийн тухайд хуулийн өөрчлөлтөд хамаарч байна. 2017 оны 05 сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлт буюу нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилээр хасахаар хуульчилсан боловч хамгийн олон жил буюу 5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг нь хасаж шийдвэрлэсэн байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэндпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нийтийн албан тушаалтанд томилуулах эрхийг 5 жилээр хассан энэ хэсгийг маань хөнгөрүүлж өгөөч. Мөн анхан шатын шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын зарим хэсгийг чөлөөлөх боломж бололцоо байгаа хариуцлагаас тодорхой хэмжээнд хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байсан.

Шийтгэх тогтоолд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Миний үйлчлүүлэгчийн хувьд 20 жилийн хугацаанд хил хамгаалах байгууллагад ажиллаж өөрийн зүрх сэтгэл болон залуу насаа тухайн байгууллагад зориулж ирсэн. 2017, 2018 онд нийт 500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэдгээ анхнаасаа ямар нэгэн байдлаар өөрийнхөө гэм буруу дээрээ маргаангүйгээр хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шийдвэрлүүлэхэд туслалцаа үзүүлж ирсэн. Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр тухайн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт 2-5 жилийн хугацаагаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасна гэж заасан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн нэгэнт тогтоож хөнгөрүүлэх үндэслэлтэй юм байна гэж дүгнэсэн атлаа яагаад 5 жилээр буюу хамгийн дээд хэмжээгээр тогтоох хэсэг дээр миний үйлчлүүлэгч гомдоод байгаа учраас гомдолд дурдсаны дагуу тухайн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.*******гийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокурор Г.Онон нь яллагдагч Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******н нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг шүүгдэгч Г.******* эс зөвшөөрч “оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ. .

Шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, хилийн зөрчил гаргаж саатуулагдахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Ханбогд сумын Гашуун сухайт дахь боомтод байрлах *******ийн цэргийн ******* дүгээр ангийн ажлын байрандаа байхд­аа өөрийн “Хаан” банканд эзэмшдэг ******* тоот дансаар дамжуулан 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С.*******өөс 150,000 төгрөгийг, С.аас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгийг, П.*******гаас 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 150,000 төгрөгийг, нийт үргэлжилсэн үйлдлээр 500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Л.ийн эрүүгийн 2302001580197 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/,

Яллагдагч Г.*******н “Хаан” банк дахь ******* дугаарын дансанд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.*******ийн “...Би Г.******* гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, өр авлагын асуудал байхгүй. Бөхөө гэх залуутай 1-2 удаа уулзаж байсан санагдаж байна. Би 2017 онд Хаан банканд дугаарын дансыг эзэмшиж ашиглаж байсан.  

*******ийн боомт дээр хилийн цэргийнхэн шалгалт хийх явцад тээврийн хэрэгсэл, жолооч нарын мэдээлэл зөрүүтэй байх зэрэг зөрчил гардаг.

*******ээр байнга орж гардаг учраас хилийн цэргийн алба хаагч нартай холбоотой байхыг хүсдэг хилийн алба хаагч шалгалт хийх нь үнэн тул түүний албан тушаалын байдалтай холбогдуулан хэрэгцээтэй үед надаас 150,000 төгрөгийг гуйхаар нь өөрийн Хаан банкны дугаарын данснаас *******ийн Цэргийн ******* дугаар ангид 2017-2018 онд шалгагчаар ажиллаж байсан Ганбатын *******гийн “Хаан” банкны ******* дугаарын дансанд 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг “М” гэх утгаар шилжүүлсэн нь үнэн гэх мэдүүлэг” /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.*******н өгсөн: “...Би нүүрс тээврийн олон компанид ажиллаж байсан. Ачаа тээврийн хэрэгслүүдийг сольж хольж сэлбэдэг асуудал байдаг. *******ээр нэвтрэх үед арлын дугаар зөрүүтэй, даатгал хийлгээгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй зэрэг зөрчил гардаг. Тиймээс тухайн өдөр Г.*******г гуйгаад 150,000 төгрөгийг шилжүүлж хилээр нэвтэрсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.*******н “...2023 онд надаас мэдүүлэг авсан мөрдөгч өөрөө компьютер дээрээсээ надад 6 хүний зураг үзүүлээд эндээс таних хүн байна уу гэж надаас асуусан. Тэр зургийг харахад миний танихгүй 3 хүн байсан, бусад нь миний таньдаг найз нөхдийн харилцаатай хүмүүс байсан. Энэ зургийг үзүүлсний дараа надаас мөнгө асууж мэдүүлэг авсан. Тэгээд би өөрийн танихгүй байсан 3 хүнээсээ нийт 500,000 төгрөгийн хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуун Сухайт боомт дээр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ л эдгээр иргэдээс мөнгө авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

******* хамгаалах ерөнхий газраас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 06/8904 тоот албан бичгээр ирүүлсэн “...П.*******, С.*******, С....” нарын Өмнөговь аймгийн Гашуун Сухайт боомтоор нэвтэрсэн талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 96-100 дахь тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 250, 2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.*******г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.******* нь “нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 Анхан шатны шүүхийн “Шүүх шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Г.*******д оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ” гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.*******д гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд заасан эрх хасах ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Г.*******гийн “нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******гийн “нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.*******д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА