Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02359

 

 

 

 

 

 

2017 11 15

2359

 

 

Б.Чинзоритын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02304 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Чинзоригтын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Чинзоригтын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02858 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний нэр дээрх хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Х-2206000001 дугаар бүхий суудлын вагон, хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Х-2206000002, Х-2206000003 дугаар бүхий ачааны вагоныг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хураан авах тогтоол үйлдэж мэдэгдсэн. Төлбөр төлөгч надаас 2017 оны 03 сард дээрх хөрөнгийн үнийн санал авахад 3 вагоныг нийт 500 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хариуцагч нь уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээч 225 300 000 төгрөгөөр үнэлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлийг шуудангаар илгээснийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Иймд хөндлөнгийн шинжээчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2858 дугаар шийдвэрээр Б.Чинзоригтоос 100 118 398 төгрөгийг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Чинзоригтод удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Б.Чинзоригтын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Х-2206000002 дугаарт бүртгэлтэй, тогтмол дулаантай ачааны вагон, эрхийн улсын бүртгэлийн Х-2206000003 дугаарт бүртгэлтэй тогтмол дулаантай ачааны вагон, эрхийн улсын бүртгэлийн Х-2206000001 дугаарт бүртгэлтэй үйлчилгээ цахилгаан хангамж үзүүлэх зориулалттай вагоныг тус тус битүүмжилж, хураан авч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт байрлах Улаанбааатар төмөр замын харьяа Зүүн хараа дахь ачааны вагон засварын депогийн харуул Л.Эрдэнэбаярын хадгалалт хамгаалалтад үлдээсэн. Төлбөр төлөгч Б.Чинзоригт тогтмол дулаантай ачааны вагон тус бүрийг 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр, үйлчилгээ цахилгаан хангамж үзүүлэх зориулалттай вагоныг 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгөөр тус тус үнэлсэн ба төлбөр авагч Капитрон банк хөндлөнгийн шинжээч томилж зах зээлийн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд тогтмол дулаантай ачааны вагон тус бүрийг 87.500.000 /наян долоон сая таван зуун мянган/ төгрөгөөр, үйлчилгээ цахилгаан хангамж үзүүлэх зориулалттай вагоныг 50 300 000 /тавин сая гурван зуун мянган/ төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгүүдийг хөдлөх эд хөрөнгийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгох ажиллагааг зохион байгуулж байна. Төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Б.Чинзоригтын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Х-2206000002 дугаарт бүртгэлтэй, тогтмол дулаантай ачааны вагон, эрхийн улсын бүртгэлийн Х-2206000003 дугаарт бүртгэлтэй тогтмол дулаантай ачааны вагон, эрхийн улсын бүртгэлийн Х-2206000001 дугаарт бүртгэлтэй үйлчилгээ цахилгаан хангамж үзүүлэх зориулалттай вагонуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Чинзоригтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Чинзоригт давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өөрийн хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж надад хохирол учруулж, миний хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Чинзоригт нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон Б.Чинзоригтоос 99 746 996 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2858 дугаар захирамж гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба энэхүү шийдвэр болон 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2370 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Б.Чинзоригтын өмчлөлийн хөдлөх хөрөнгийн бүртгэлийн Х-2206000002 дугаар бүхий ачааны вагоныг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 157/02 дугаар тогтоолоор хураасан, Х-2206000001 дугаар бүхий суудлын вагон, Х-2206000003 дугаар бүхий ачааны вагоныг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Чинзоригтын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан суудлын вагоныг 200 000 000 төгрөгөөр, ачааны вагон тус бүрийг 150 000 000 төгрөгөөр, нийт 500 000 000 төгрөгөөр тогтоосон гэх үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Х-2206000002, Х-2206000003 дугаар бүхий ачааны вагон тус бүрийг 87 500 000 төгрөгөөр, Х-2206000001 дугаар бүхий суудлын вагоныг 50 300 000 төгрөгөөр, нийт 225 300 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шинжээч нь ОХУ-д зарагдаж байгаа ижил төстэй вагоны үнийн санал, мэдээллийг шинжилгээнд байгаа 3 ширхэг вагоны үзүүлэлт, зориулалт, үйлдвэрлэгдсэн он болон бусад чухал хүчин зүйлийг харьцуулан судалж, вагоны зах зээлийн үнэ цэнийг тодохойлсныг хууль зөрчсөн, буруу дүгнэлт гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02304 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ