| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00068/И |
| Дугаар | 308/ШШ2026/00085 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 308/ШШ2026/00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Атанхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг **-р хороо Ж **-р гудамж, *** тоотод оршин суух, Ё овогт Т Э нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Г.Д-г эрэн сурвалжлах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Т.Э нь Г.Д-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгч: Т.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ганчөдөрийн Дтай 20**.11.27-ны өдөр 6,000,000 төгрөгийг 13 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлүүлсэн юм. Тухайн үед Г.Д нь манай барилгын цонхны үйлдвэрт ажилладаг байсан. Зээлийн гэрээний хугацаанд болон түүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Г.Д нь РД: *********дугаартай тухайн үед Д аймгийн С сумын *-р баг Н х *-р гудамж *** Г байр ** тоотод оршин суух хаягтай байсан бөгөөд үүнээс өмнө нь У хот Б дүүрэг *-р хороо **-р хороолол М *-р байр * тоот хаягтай байсан байна. 20** оны 11 дүгээр сарын сүүлээс хойш уулзаагүй, утсаар холбогдож чадаагүй. Түүнд холбогдуулж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Б дүүргийн хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг 20**.10.26- ны өдөр хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Г.Д-аас зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20**.11.27-ны 3635 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ,Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа,Иргэний үнэмлэхийн хуулбар,20**.12.18-ны 2445 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Э нь зээлийн гэрээний үүргийг биелүүлүүлэх зорилготой Г.Д-г эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Зээлийн гэрээнд Г.Д-г Д аймаг С сум *-р баг, Н х гудамж *** байрны ** тоотод оршин суудаг гэжээ.
Нэхэмжлэгч Т.Э нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д-г оршин суух хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжлуулах шаардлагатай байна гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудыг дурьдан түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж,
мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаяг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д /РД:**************/ -ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Д-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Э-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ