Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/43 

 

 

Д.*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор О.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.*******д холбогдох 2528000000096  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн *******- ******* сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,65 хувийн согтолттой, улсын бүртгэлийн дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******д Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* шүүхээс оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:    

          Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,65 хувийн согтолттой, улсын бүртгэлийн дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2025/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоол гарах үед өмнөх буюу 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялуудыг эдэлж дуусаагүй болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хэд хэдэн төрлийн үндсэн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримталж нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээг тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих хуулийг шүүх хэрэглээгүйгээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоол, мөн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолуудаар тус тус оногдуулсан нэмэгдэл ялуудыг хэрхэн тооцох нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Шүүх эрх хасах ялыг ...торгох, нийтэд тустай ажил хийлгэх ...ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс...” гэж заасан тул ялтны өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас дараагийн шийтгэх тогтоол гарах хүртэлх 1 жил 10 сарын үлдсэн хугацааг нэмж нэгтгэх замаар нийт эдлэх нэмэгдэл ялын хугацааг шүүх тогтоох нь хуульд нийцнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаар тогтоолоор: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ба хэд хэдэн өөр эрхийг нь хасах байдлаар ял шийтгэсэн тохиолдолд тус тусад нь эдлүүлэхээр тогтоох юм” гэж хууль хэрэглээний жишиг тогтоосныг анхаарах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолд тус шийтгэх тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн эдлүүлэх талаар нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Илтгэгч шүүгчээс дэлгэрэнгүй уншиж танилцуулсан учир тайлбар байхгүй. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эсэргүүцлийг ял эдлэх горим, хязгаарлалт, цаг хугацааны талаар санал нийлэхгүй байдлаар гаргасан байдаг боловч энэ хэрэг нэг анхаарах ёстой зүйл байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэрэг нь эрхээ хасуулсан байх ёстой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байх гэсэн гурван үндсэн шинжтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь хангалттай нотлогддоггүй. *******цэций сумын хэсгийн цагдаа өөрөө дуудлагаараа очсон гэж нэг мэдүүлэг өгөөд, энэ үед Д.******* өөрөө би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн агуулгатай зүйл ярьж байсан гэдгийг нь өөрөө гэрчээр мэдүүлэг өгөөд, түүнд нь үндэслэж миний үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн байдлаар шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан нь чиний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг танилцуулсан тухай ямар ч баримт байхгүй. Энд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлүүлэх эрхээ хангах, өөрийнх нь эсрэг ашиглаж болох нотлох баримт, тайлбар мэдүүлгийн талаар үндэслэл бүхий эрх үүрэгтэйгээ танилцсан байх, энэ бүх эрхүүд нь зөрчигдсөн.

Тийм учраас энэ хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд н.Эрдэнэбатын өгсөн энэ мэдүүлэг нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь нотлогдож тогтоогдохгүйг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор О.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн *******- ******* сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 3,65 хувийн согтолттой, улсын бүртгэлийн дугааргүй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнээд Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.*******д Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан нь “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Шүүгдэгч Д.*******гийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жил хасуулж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэнээс хойш 1 сар орчмын дараа буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба энэ үйлдэлд нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор нийтэд тусгай ажил хийлгэхээс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг оногдуулсан.

Шүүгдэгч Д.*******г драгер багажаар амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахад 3.65% гэсэн тоон үзүүлэлтийг заасан (хэргийн 9 дэх тал) спиртийн агууламж илэрсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь гэмт этгээдийн эрх зүйн байдалд хязгаарлалт тогтоосон төрийн албадлагын онцгой арга хэмжээ болохын хувьд ял ба эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ гэсэн үндсэн хэлбэрээр хэрэгждэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь “ял оногдуулж”, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүгдэгчид ял оногдуулахыг тогтоох үүрэг болгосон гэсэн агуулгыг илэрхийлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх бол нэг ижил төрлийн ялыг заавал нэмж нэгтгэнэ.

Эрх хасах ялын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийтийн албанд ажиллах, томилогдох, сонгогдох, тээврийн хэрэгсэл жолоодох, тодорхой төрлийн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах зэргээр хуульчлагдсан.

Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн эрхийг нь хасах ял шийтгэсэн бол нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай нэмж нэгтгэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг хүндрүүлэн тогтоох эрхийг давж заалдах шатны шүүхэд олгоогүй тул “анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг зөвтгөн засч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэв.

Дээрх үндэслэл нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах буюу анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.  

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул Д.*******д холбогдох 2528000000096  дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хяналтын прокурорын “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.*******д холбогдох 2528000000096 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

3. Шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                 ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА