Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/300

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тулга,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт *******  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818004880305 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,******* 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн *******  суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой,*******  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шарын голын уурхайн амралтын газрын монгол гэрт хууль бусаар нэвтэрч иргэн *******гийн эзэмшлийн “Huawei” загварын гар утсыг хулгайлж, 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шарын голын уурхайн амралтын газрын монгол гэрээс иргэн *******гийн эзэмшлийн “Huawei” загварын гар утсыг хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг болдог өдөр манай хуурай ах ******* “Шарын голын уурхайн амралтад байна” гэж над руу утсаар ярьсан юм. Тэгээд би ******* ахтай уулзах гэж Уурхайн амралтад нэлээн орой очсон юм. Уурхайн амралтад очоод ******* ахын гэрт ороод *******ыг байгаа эсэхийг асуухад гэрт байсан хүмүүсээс нэг эрэгтэй хүн “******* байхгүй.” гэж хэлсэн. Тухайн гэрийн шалан дээр гар утас байсан бөгөөд миний хөлд гар утас тээглэхээр нь миний утас унасан байх гэж бодоод авсан. Тэгсэн чинь өглөө сэрээд харахад хүний утас байсан. Миний хувьд зарим үйлдлээ сайн санахгүй байгаа. Маргааш өглөө нь Шарын гол сумын 2 цагдаа ирээд намайг “та юу хийснээ мэдэж байна уу?” гэхээр нь би гайхаад “хүнтэй зодоон хийгээгүй биз дээ” гэж асуусан. Тэгсэн цагдаа нар намайг “хулгайлсан гар утсаа гаргаад ир” гэж хэлсэн. Би цагдаа нарт “хүний гар утсыг өөрийнхөө гар утастай андуурч авсан байна” гэдгээ хэлсэн. Тэгээд маргааш нь Цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн.

...миний бие эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Би худал ярьж хулгай хийж үзээгүй. Архинаас болж ийм асуудалд орлоо. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хөлбөмбөг үзэж байгаад унтсан юм. Би шөнө нойрмоглоод босч хаалга онгойлгоход “******* ах байна уу?” гэж *******ыг нэг залуу асуухад нь би “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд машин дуугарахаар нь харсан цагаан машин хөдлөөд явсан.  Шөнө 01 цаг өнгөрч байхад доод талын айлын 2 залуу ирээд “тамхи авъя” гэхээр нь утсаа хайсан чинь байхгүй байсан. Тэгээд би өглөө нь цагдаад утсаа алдсан талаараа хэлсэн. Удалгүй Цагдаагаас залгаад “таны утсыг олсон, хүрээд ир” гэхээр нь Цагдаагийн газар очиход энэ залуу байсан. Тэгээд би карт, утсаа хүлээж аваад “дахин ийм зүйл битгий хийгээрэй” гэж хэлсэн.”  Миний гар утас 350000 төгрөгийн үнэтэй утас биш, 70000-80000 төгрөгийн л үнэ хүрэх байх гэж би цагдаад хэлсэн байхад үнэлгээ нь өндөр гарсан байгааг гайхаж байна.

...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Шүүх байгууллагад хандаж хэлэхэд залуу хүнийг шоронд оруулахгүй байхыг хүсмээр байна. Би ажилтай байсан боловч зорьж энэ шүүх хуралдаанд оролцож байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7/,

-Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-9/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10/,

 

-Гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* дугаарын цагаан өнгийн Авенте XD маркийн машинаар хөлсөөр хүн тээвэрлэх ажил хийдэг. 2018 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг өнгөрч байхад ******* над руу залгаад “Уурхайн амралт хүргээд өгөөч” гэхээр нь би Шаазгайтаас очиж аваад Уурхайн амралт орсон. Уурхайн амралтын хамгийн наад талын гэр лүү ороод их удалгүй гарч ирээд “миний уулзах ёстой хүн байхгүй байна.” гэж хэлээд буцаж  Шарын гол сумын төвд орж ирээд ******* 15 дугаар байрны гадаа буугаад би цааш явсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 15/,

 

-Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *******тай 4 жилийн өмнө танилцсан юм. 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны өдрүүдэд найз ******* байрлаж байсан байранд хамт хоноход ******* надад “2018 оны 06 сарын 15-ны шөнө архи ууж яваад Шарын гол сумын уурхайн амралтын газарт хүнтэй уулзах гэж таксигаар хүргүүлсэн. Тэгээд нөгөө хүнээ хайж байгаад Монгол гэрт ороход хүний гар утас газарт байхаар нь аваад гарсан байсан. Тэгээд цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Надад байсан гар утсыг цагдаа нар хурааж аваад эзэнд нь өгсөн.” гэж надад хэлж байсан .” гэх мэдүүлэг /хэргийн 16/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 18-19/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэвч Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч *******нь иргэн ******* гэгчтэй уулзах зорилгоор Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт байрлах Уурхайн амралт орсон бөгөөд шүүгдэгч *******нь анхнаасаа хулгай хийх субъектив санаа, зорилгогүйгээр амралтын гэрт орж, ******* гэгчийг асууж, гэрээс гарахдаа хохирогч *******гийн гар утсыг хулгайлж авсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би шөнө нойрмоглоод босч хаалга онгойлгоход “******* ах байна уу?” гэж *******ыг нэг залуу асуухад нь би “байхгүй” гэж хэлсэн.” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгох бөгөөд хууль ёсоор нэвтэрч орсныхоо дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэдэгт хамааруулж ойлгох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 350000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 18-19/ нотлогдож байх бөгөөд хохирогч ******* нь “алдагдсан гар утсаа буцаан авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шарын голын уурхайн амралтын газрын монгол гэрээс иргэн *******гийн эзэмшлийн “Huawei” загварын гар утсыг хулгайлж, 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэгсэн чинь өглөө сэрээд харахад хүний утас байсан. Миний хувьд зарим үйлдлээ сайн санахгүй байгаа.” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагдаагаас залгаад “таны утсыг олсон, хүрээд ир” гэхээр нь Цагдаагийн газар очиход энэ залуу байсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-7/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-9/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10/, “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 350000 /гурван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 18-19/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч *******нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.*******д үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч*******  *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.*******д үүрэг болгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Я.ТУУЛ