| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00424/И |
| Дугаар | 146/шш2026/00029 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 146/шш2026/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******************************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************************** холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл 11 840 000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *********************************нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************************нь хариуцагч ******************************** холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл 11 840 000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2017 оны 08 дугаар сард ажилд орж физикийн багаар ажиллаж 2024 оны 01 дүгээр сард тэтгэвэр тогтоолгосон боловч орон тооны багш ирээгүйн улмаас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн орон тоонд тасралтгүй ажилласан. Гэтэл ************************тушаал гаргасан байна. Тухайн тушаалын надад гардуулж өгөөгүй. Би тухайн тушаалыг өөрийн биеэр авч танилцахад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичсэн байна. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт гаргаагүй билээ. Сургуулийн захирал нь надад ажлаас чөлөөлсөн тушаалаа гардуулж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй хүсэлт өгөөгүй байхад өгсөн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сар хүртэл физикийн үндсэн багшийн орон тоон дээр тасралтгүй ажилласан энэ хугацааны алба хаасан удаан жилийн нэмэгдэл 25% зэргийн нэмэгдэл 15% нийт 40% нэмэгдэл хөлсийг хасаж олгоогүй нь хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ хийхдээ дээрх нэмэгдлийг авна гэсэн боловч захирал нь тэтгэвэрт гарсан учраас эдгээр нэмэгдлийг өгөхгүй, зөвшөөрөхгүй бол гэрээ хийхгүй гэж дарамталж нэг талыг барьсан гэрээ хийсэн. **************** ********************* нь хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчиж нэмэгдэл хөлсийг хассан мөн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ************************нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа:
Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ********************* багшаар ажилд орсон. Нийтдээ 8 жил ажиллаад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тэтгэврээ тогтоолгосон. Тэгээд мэргэжлийн хүн ирээгүй учир үргэлжлүүлээд ажилласан. Би 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл амраад 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох байсан. 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр физикийн багш авна гэсэн ажлын зар тавигдсан. Мэргэжлийн багш ирсэн байх гэж бодсон. Тэгсэн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэргэжлийн багш ирээгүй гэж сонссон. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр **************багш захирал таныг өргөдлөө өгөөрэй гэж залгасан. Юу, яасан өргөдөл юм бэ гэхэд захирлаас асуугаад эргээд хэлье гээд таг болчихсон. Над руу дахин яриагүй. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр физикийг багш ирсэн гэнэ. Хичээлийн хуваарь гарсан байна та бид нарт орохгүй юм уу гэж хүүхдүүд асуусан. Мэргэжлийн багш авчихсан юм бол багш нь орохгүй. Ажлаа өгөх байх гэж хэлсэн. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ангийн түлхүүр авч ирж өг гэсэн. Тэгээд сургууль руу очсон. 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэргэжлийн биш багш ажиллуулж байгааг мэдсэн. Захирлыг тушаалаа ирж ав гэж мэдэгдэх байх гэж бодсон боловч энэ хугацаанд огт дуудаагүй. 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 1 сургуулиас ажилд авах санал тавьсан. Та өөрийнхөө ажлаас гарсан тушаал, танилцуулга зэрэг материалаа явуулаад өг гэсэн. Тэгэхээр нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үеэр аймгийн арга зүйч Жамбалжамцыг жил, жилийн элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадын тэмцээний материалыг явуулаад өг гэж хэлсэн. Сургуулийн захирлаас ажлаас гарсан тушаалаа авъя гэхэд өөрийн хүсэлтээр гэсэн үг байсан. Би ажлаас гарах ямар нэгэн хүсэлт өгөөгүй байсан. 2 дугаарт мэргэжлийн биш хүн ажилд авсан байсан. Миний цагийг 2 хүнд хуваагаад өгчихсөн байсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь тушаал дээр өөрийн хүсэлтээр гээд бичсэн байсан нь юм. Би ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Өмнө нь 2, 3 удаа захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа бид нар тэтгэвэрт гарсан гээд нэмэгдэл хасах үндэслэл болдоггүй юм байна. Хууль дээрээ ингээд заасан байна. Ийм учраас ур чадвар, зэргийн нэмэгдэл зэргийг авах ёстой юм байна гэхэд захиралтай тохиролцож чадаагүй. Та хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээ байгуулахгүй. Гэрээ хийнэ гэвэл хүлээн зөвшөөр гэдэг байр суурьтайгаар хандсан. Хөдөлмөрийн гэрээ дээр ч гэсэн миний бичсэн нэмэгдлүүдийг дарчихсан байгаа. Ийм зүйл болсон учраас нэмэгдэл цалингаа нэхэмжилсэн. 2 дугаарт ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзсэн. 3 дугаарт ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн. Үндсэн цалин 1 484 000 төгрөг байсан. Ажилгүй байх хугацааны цалингаа 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 484 000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 40 хувь, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн учир ур чадварын 20 хувь нэмэгдэл, зэргийн нэмэгдэл 10 хувь, удаан жилийн нэмэгдэл 25 хувь, зэргийн нэмэгдэл 15 хувь, удаан жилийн нэмэгдэл 25 хувь, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 06 сар хүртэл ажиллахдаа ур чадварын нэмэгдэл, удаан жилийн нэмэгдлээ авъя гэсэн боловч өгөх боломжгүй гэсэн. Нийтдээ 2024 оны 01 дүгээр сараас 2025 оны 06 дугаар сар хүртэл гээд 20 сар байгаа байх. 11 840 000 төгрөг болж байгаа. Удаан жилийн нэмэгдэл 25 хувь байгаа. Дээрээс нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх ажил олгогч, ажилтан хоёрын хооронд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан 2 хөдөлмөрийн гэрээ зөрөөтэй байгаа талаар талууд тайлбарлалаа. Нэг гэрээ нь хугацаагүйгээр, нөгөө гэрээ нь түр хугацаатай гээд бичилт хийгдчихсэн байгаа юм. Энэ 2 гэрээний алийг нь үнэлэх шүүхийн эрх хэмжээний асуудал байх. Гэхдээ хариуцагч талаас гаргаж өгсөн 15 дугаартай гэрээний 1.6-д заасан хугацааны тухайд түр гэдэг бичилтийг хийсэн. Сүүлд бичсэн байж болохоор юм уу гэж хараад байгаа. Мөн удаан жилийн нэмэгдэл гэдэг хэсгийг дарсан. Гэрээний огноог зассан байдалтай гэрээ харагдаад байгаа юм. 2025 оны 08 дугаар сарын 29-ний тушаалтай холбоотой асуудал дээр удирдлага болгоод байгаа заалтуудтай холбоотой тайлбар хэлэхэд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т баримталж тухайн тушаалаа гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан бол гэж зааж байгаа. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дууссан гэхээр тухайн гэрээн дээр хугацаагаа түр гэчихсэн байгаа юм. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр эсвэл зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно гэж заасан. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн он, сар байх ёстой. Хэрвээ он сараар боломжгүй бол мэргэжлийн багш авах хүртэл гэдэг байдлаар тодорхой тусгах ёстой гэдэг байдлаар хуульд заасан. Тэгэхээр хуулийн энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа учраас хугацаатай байгуулсан гэдэг дээр эргэлзээ төрж байна. Дээрээс нь ажлаас чөлөөлсөн тушаалын 1 дэх заалт дээр өөрийн хүсэлтээр гэж заасан. Тэгэхээр энэ тушаал нь өөрөө хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод байгаа юм уу, хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа юм уу гэдэг нь тодорхой биш байна гэж харагдаад байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг огт өгөөгүй. Энэ дээр санал нийлэхгүй байгаа. Хариуцагч тал тайлбартаа эсрэгээрээ ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж тайлбарлаж бичсэн байна лээ. Дээрээс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т ахмад настан, тэтгэвэр авагч нь хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг бууруулах, хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан. 2025 оны 08 дугаар сарын 29-ний Б/64 дугаартай тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан талаар нэхэмжлэгчийн зүгээс хэлсэн. Мөн хариуцагч талаас ч энэ тушаалыг гардуулсан. Бүртгэлийн дэвтрийн хуулбарыг хүлээлгэж өгсөн. Энэ дээр 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан гээд хүлээн авч гарын үсэг зурсан байгаад байгаа юм. Иймд тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан байна. Ажилтан тухайн тушаалыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхой бус, үндэслэлгүй тушаал гэж үзэж байгаа. 2 дугаарт шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудал яригдлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ажилтан хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад шүүхээс өмнө хандах талаар дурдсан. Гэхдээ мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байгууллагаар шийдвэрлэх боломжгүй гэж тухайн ажилтан өөрөө үзсэн тохиолдолд шууд шүүхэд хандаж болохоор заасан. Энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны харьяаллыг тухайн ажилтан өөрөө сонгох боломжийг хуульд зохицуулсан зохицуулалт гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байдаг. Тэгэхээр тухайн үед нэхэмжлэлийг хүлээж аваад иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээн авах үед урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй гэж үзсэн учраас иргэний хэрэг үүсгэсний дараа урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлгүй. Хууль зөрчсөн асуудал байхгүй гэж үзэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой асуудалд нийтдээ 9, 10, 11, 12 дугаар сар, 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан цалингийн асуудал яригдаж байгаа. Энэ хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авагдсан. Энэ шимтгэл төлөлтийн лавлагааны сүүлийн 4-5 сарын хугацааны дундаж жишээг тооцож цалин хөлсний нөхөн олговрыг олгох боломжтой гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилтийг нөхөн бичүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ********** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
********* багш маань 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн. ******************* тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ********** багшийн оронд ажиллах зар тавилгүйгээр замын дундаас гаргаад яах вэ гээд хичээлийн жил дуустал ажиллуулна гээд түр авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т зааснаар хүний оронд ажиллаж байна гэсэн үндэслэлээр авсан. Тушаал дээр орон нутгийн нэмэгдэл, анги даасан 10 хувь, тэргүүлэх зэргийн нэмэгдэл 15 хувь зэргийг үндсэн цалингаас бодож олгох тушаал гарсан. Үүнийг манай нягтлан олгоод явсан. Нэмэгдэл цалин авсан талаарх хүснэгтийг бүгдийг нь гаргаж өгсөн байгаа. 2024 оны 01 дүгээр сард түр ажилд авсан учраас 2024 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлсөн. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т заасныг үндэслэл болгоод эргээд ажилд авсан. Анги даасан нэмэгдэл, орон нутгийн нэмэгдэлтэй олгохыг зөвшөөрсөн. Тухайн үед тохиролцоод зэрэг, удаан жилийн нэмэгдлийг хассан. Яагаад гэвэл манайд тэтгэвэрт гарсан 5-6 багш ажиллаж байсан учраас цалингийн сан хүрэхгүй байсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээгээр тохирсон. 2024 оны 09 дүгээр сараас 2025 онд хүртэл дааж авсан 12 дугаар ангийг нь төгсгөе. Бас физикийн хичээл орж байсан учраас бүтэн ажиллуулсан. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр цалин өөрчлөгдсөн учир дахин гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр орон нутгийн нэмэгдэл, ур чадвар, анги даалтын нэмэгдлийг нь олгоно гэж тохирсон. Удаан жилийн нэмэгдлийг олгох боломжгүй гэсэн чиглэл дээрээс ирсэн. Зэргийн нэмэгдлийг төсвөөс шалтгаална гэж тохиролцсон. Энэ хугацаанд ************* багш Боловсролын ерөнхий газарт удаа дараа хүсэлт өгсөн. Би нягтландаа боломжтой бол 5 хүндээ олгоё гэж хэлсэн. Тэгэхэд нягтлан манайх өртэй байгаа учраас боломжгүй байна гэсэн. Би тухайн үедээ ************* багшид хэлж байсан. Тэгээд өргөдлийг нь буцаасан. Үүний дараа ************ багш 2025 оны 04 дүгээр сард Боловсролын ерөнхий газар луу хүсэлт өгсөн. Бусад 4 хүн нь хүсэлт гаргаагүй. Бид нар хөдөлмөрийн гэрээ, тооцоолол бүх баримтаа явуулсан. Боловсролын ерөнхий газраас хариу өгөөгүй. Хувь хүнд нь хариу өгсөн байх. 5 тэтгэвэрт гарсан багшийн нэмэгдлүүдийг нь өгчихөөр цалин хүрэхгүй байсан. 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүх багш нар ирэх ёстой. 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сургууль дээрээ ирээд цагуудаа тохирдог. Манай дээр инженер мэргэжилтэй охин физикийн багшаар ажилд оръё гэж ирсэн. Манай сайдын өөр мэргэжилтэй хэр нь багш бус хүнийг авч болно гэсэн тоот байгаа. Багшаар хөрвөх боломжтой бол авч болно гэсэн. Тэр сайдын өгсөн чиглэлийн дагуу ажилд авсан. Мэргэжлийн бус гэдэг нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш шүү. Дулааны инженер мэргэжилтэй охинтой тохироод ажилд авсан. Цагийг нь өгөөд үлдсэн цагийг Намжилмаа багшид өгсөн. Таны цагийг зохицуулсан. Ажилд авах шаардлагагүй болсон. Ирж тушаалаа аваарай. Та 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж манай менежер хэлсэн. 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьсан байсан. Билл нь байгаа. Ажлаас чөлөөлж байгаа учраас ажил чөлөөлөх комисс байгуулсан. Комиссын ахлагчаар ******************************тавьсан. Манай хичээлийн эрхлэгч байгаа юм. Нөгөө 2 нь манай нярав, нягтлан байсан. 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сургууль дээр түлхүүр өгөх гэж ирээгүй. Анги нь онгорхой, маш заваан, засвар хийгээгүй байсан. Багш нар халаглаад байхаар нь *********** ангиа хүлээлгэж өг гэж ******************* багшид хэлсэн. Тэгсэн ************* багшид хэлээд **************багш руу ангиа янзал, сургууль дээр ир гэж байна гээд хэлсэн. Тэгээд ***************** багш сургуульд дээр ирсэн. Би 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ************** үүдэнд таарсан. Сайн уу, сайн гээд мэндэлсэн. Танай анги гэж заваарсан юм байна. Ангиа хүлээлгэж өг, тушаалаа аваарай гэж чанга хэлсэн. Тэгэхэд юу ч ярилгүй 2 давхар луу гараад явчихсан. Ингэж 1 удаа ирчхээд дахин ирээгүй. Ажлаа ч хүлээлгэж өгөөгүй, ангиа ч суллаж өгөөгүй. Манай эрхлэгч 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр та яагаад ирэхгүй байна, таны эд зүйлийг хүлээж авах шаардлагатай байна гэхэд ирээгүй. Ирээгүй юм чинь тэмдэглэл үйлдсэн байсан. ***************** багш сүүлд компьютероо өгсөн байсан. Ийм л зүйл болсон. Тушаал дээр өөрийн хүсэлтээр гэдэг дээр хэлэхэд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөөд тэтгэвэрт гарсан тушаал гарсны дараа өөрөө хүсэлт өгч ажилд орсон. Таны хүсэлтээр авч, гаргах нь байна шүү гэж тохирсон байгаа. Бусад тэтгэвэрт гарсан багш нартаа хэлсэн. Тэгээд хичээл эхлэхийн өмнө ирээд хүсэлтээ өгөх нь өгөөд, өгөхгүй нь тэр чигтээ гардаг. Ийм учраас өөрийн хүсэлт гээд л тушаал гаргадаг. Уг нь 50 настайдаа тэтгэвэрт гарч байгаа юм чинь өөрт нь хэрэгтэй юм болов уу л гэж бодсон. Тэгсэн ингээд нэхэмжлэл гаргасан байгаа юм гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Пүрвээ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халсан, хариуцагч ажлаас үндэслэлтэй халсан гэсэн маргаан үүссэн байна. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******************* эргүүлж ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т зааснаар түр ажлын байранд ажиллуулах тушаал гаргасан байгаа юм. 2 дугаарт Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн зүйлийг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний нөхцөлд юу тусах вэ гэхээр цалин хөлс, ажиллах нөхцөл, талуудын харилцан тохиролцсон бусад зүйлс байгаа. Харин эдний хувьд харилцан тохиролцож чадаагүй нь удаан жил, анги даалт, орон нутаг гэх мэт нэмэгдлүүдийн байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгох тухай сануулаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсанд тооцно. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дээр хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл 50.1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан ажлын гүйцэтгэхэд шаардагдах зайлшгүй хугацаа бий болсон үйл явдлаар тодорхойлно гэж байгаа юм. Энэ зайлшгүй хугацаа гэдгийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т хууль, хэлцэл, шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаргаар буюу жил, улирал, сар, 7 хоногоор тодорхойлно гэж заасан. Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт нь иргэний эрх зүйн тогтоомж, аливаа эрх зүйн үр дагавар бий болгодог цаг хугацааны тодорхой үе шатыг буюу үеийг хугацаа гэж нэрлэдэг. Хугацаа болох эсвэл хугацаа өнгөрснөөр иргэний эрх зүйн харилцаа бий болсон, өөрчлөгдсөн, дуусах үр дагавар гардаг. Ийм учраас хугацааг эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус зарим нэг эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох хууль зүйн факт гэж ойлгодог. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т хугацааг зайлшгүй бий болгох үйл явдлаар тодорхойлно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-т зааснаар зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэдэг нь хичээлийн шинэ жил, зуны цагт шилжих гэх мэтээр тайлбарласан байдаг. Ингэхээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлд сургалтын цаг, хичээллэх хугацаа гэж тодорхой заачихсан. Мөн хуулийн 5.1-д нь цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаа 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа жилийн 06 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж заасан болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.5-т заасан түр ажлын байр буюу ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж сунгагдахгүй болсон гэдэг үндэслэл орж ирж байгаа юм. Цааш нь үргэлжлүүлээд тайлбарлавал нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хийлээ. Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл 117.1.1-т энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан үндэслэл иргэний хэрэг үүссэнээс хойш 65 дугаар зүйлийн 65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэлүүд тус тус шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт байгаа. Мөн сум, дүүргийн хөдөлмөрийн тухай хуулийн маргааныг зохицуулах сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах 3 талт хорооны дүрмийг Үндэсний хороо батална гэж байна. Хөдөлмөр нийгэм түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор батлагдсан дүрэм байгаа. Энэ дүрэмд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороог байгуулах, хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү дүрмийг яаж баримтлах, хорооны хуралдааны урьдчилсан шийдвэр ажиллагаанд оролцох гээд бүгдийг нь тодорхой заагаад өгчихсөн байгаа. Нөгөө талаас нь харахад хуульд тусгайлан заагаад өгчихсөн байхад шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргаж байгаа нь миний хувьд зохиомлоор шүүхийн ачааллыг нэмэгдүүлж байна гэж харж байна. Ийм болохоор нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, ****************************дугаартай тушаалын хуулбар, **********************************архив бичиг хэргийн ажилтны тушаал гардуулсан гэх бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ******************************* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл 11 840 000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ хийхдээ тэтгэвэрт гарсан тул удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдлийг өгөхгүй, зөвшөөрөхгүй бол гэрээ хийхгүй гэж дарамталж нэг талыг барьсан гэрээ хийсэн. Би хөдөлмөрийн гэрээгээр удаан жилийн нэмэгдэл 25 хувь, зэргийн нэмэгдэл 15 хувь, орон нутагт ажилласны нэмэгдэл 40 хувийн нэмэгдлийг авах ёстой байсан тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл дээрх аваагүй нэмэгдэл 11 840 000 төгрөгийг гаргуулна. *******************************************нь хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчиж нэмэгдэл хөлсийг хассан мөн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан багшийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр ажиллуулж байсан, орны багш ирсэн, гэрээний хугацаа дууссан, ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссан, мөн шүүхэд хандахаас өмнө сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргаж байна.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан ба ***************************************хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй, нэхэмжлэгч талаас дээрх эрхээ эдлээгүй, учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон... ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж ажилтан үзвэл гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар шүүхэд хандсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй тул нэхэмжлэгч ********************************* Өвөрхангай аймгийн Хархорин сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.
4. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үйл баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******************************* нь хариуцагч байгууллага болох ********************************сургуульд физикийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай сургуулийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, тухайн өдрийн 02 дугаартай захирлын тушаалаар физикийн багшаар түр томилж, талууд хөдөлмөрийн гэрээ байгуулан, хариуцагч *****************сургууль нь нэхэмжлэгч ********************* орон нутагт ажилласны нэмэгдэл 10 хувь, анги даасны 10 хувь, тэргүүлэх зэргийн 15 хувийн нэмэгдлүүдийг тус тус үндсэн цалингаас тооцож олгохоор тохиролцжээ.
Уг гэрээг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон ****************** ажлаас чөлөөлж, үргэлжлүүлэн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай сургуулийн захирлын тушаалаар нэхэмжлэгчийг ажилд түр томилох тухай тушаалаар физикийн багшаар орон нутагт ажилласны нэмэгдэл 40 хувь, анги даасны 10 хувийн нэмэгдлийг тус тус үндсэн цалингаас олгохоор тохиролцон гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнүүд, ************************захирлын тушаалууд, нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа физикийн хичээл заах багш байхгүй гэх үндэслэлээр сургуульдаа түр тушаалаар физикийн багшаар ажиллаж байсан, физикийн хичээл заах багш ирэхээр ажлаа хүлээлгэж өгнө гэж талууд амаар тохиролцсон байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч **************** нь 2024-2025 оны хичээлийн жилийн ээлжийн амралтаа 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс нийт 48 хоног эдлэн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа эргэн орох байсан нь ээлжийн амралт олгох тухай тушаалаар тогтоогдож байна. Ээлжийн амралтын хугацаа дуусан ажилдаа очоогүй талаар нэхэмжлэгч нь “...мэргэжлийн физикийн багш ирсэн гэж сонссон тул ажилдаа очоогүй” гэж тайлбарладаг.
Тэрээр ажлаас чөлөөлөх болсон тул хүсэлтээ өг гэж 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сургалтын менежер ******************************ярьж хэлсэн, физикийн хичээлийг өөр багш орох болсон гэдгийг хичээлийн хуваарь гарсан буюу 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхдүүдээс мэдсэн, ангийн түлхүүрийг хүлээлгэн өгөхөөр 2025 оны 08 сарын 31-нд, хэрэглэж байсан компьютерээ хүлээлгэн өгөхөөр 2025 оны 09 дүгээр сарын дундуур сургууль дээр очсон үйлдлээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо мэдсэн, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх үйлдэл эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч ************* нь хариуцагч байгууллага болох ***********************захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/64 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг гарсан талаарх үйл баримтад маргахгүй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч *****************************нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байсан бол ээлжийн амралтын хугацаа дуусангуут буюу 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажилдаа очих үүрэгтэй байжээ. Энэ үүргээ биелүүлээгүй атлаа бүтэн 2 сар 20 хоногийн дараа ажилдаа эргэж орохоор тушаалаа авч байгаа нь ойлгомжгүй юм.
**************************************2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан талаар нэхэмжлэгчийн зүгээс хэлсэн. Тэрээр 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр физикийн хичээлийг мэргэжлийн бус багш зааж байгааг мэдсэн учраас тушаалаа авсан. Ажлаас чөлөөлөх тушаал автал өөрийн хүсэлтээр гэж бичсэн байсан, би хүсэлтээ өгөөгүй учраас үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул тушаалаа гардан авч хуульд заасан 30 хоногийн дотор шүүхэд хандсан гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан. Хуулийн энэ эрхээ нэхэмжлэгч эдлэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээр шүүхэд шууд хандсан тул шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь өөрийн эрхийг зөрчсөн буюу ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарсан болохыг тухайн өдрөө мэдсэн, ажлаас чөлөөлөгдсөн болохоор хүлээн зөвшөөрч ажилдаа очоогүй, ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй хийгээгүй байна.
Иймд эрх нь зөрчигдсөнөө мэдсэнээс хойш хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч ************************** нь ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөхөөр тушаалаа авахад өөрийн хүсэлтээр гэж ажлаас чөлөөлөх тушаал гарсан байсан тул тэтгэмжээ авах боломжгүй болж, тушаалаа гардан авсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөөгүй, мэргэжлийн физикийн багш аваагүй гэдгийг мэдсэн тул тушаалаа авч шүүхэд хандсан гэж тайлбарласнаар өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
7. Талууд заавал мэргэжлийн физикийн багш авахаар нэхэмжлэгч ************************** ажлаас чөлөөлөх ёстой гэж тохиролцсон болох нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т ажилтан өндөр насны тэтгэвэр авч байгаа нь цалин хөлсийг бууруулах, хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж заасан атал хуульд заасан нэмэгдлүүдийг олгоогүй гэх нэхэмжлэгч талын тайлбар нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэлийн шаардлага болсон удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдлийг авах ёстой байсан боловч гэрээндээ тохирч чадаагүй, гэрээг нэг талаас тулган байгуулдаг байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй. Талууд гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулан гэрээнийхээ стандартыг тохиролцсон ба уг нэмэгдлүүдийг авах ёстой талаараа холбогдох боловсролын байгууллагуудад шат дараалан хандаж 2025 оны 06 дугаар сард хариуг авсан учраас 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүхэд хандаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Гэрээнд заасан болон тушаалд дурдсан нэмэгдлүүдээ хариуцагч байгууллага олгож байсан, нэхэмжлэгч нь тушаалд заасан хувиар нэмэгдлүүдийг авч багшаар ажиллаж байсан байх тул талуудын тохиролцоогүй удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл нийт 11 840 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар нэхэмжлэгч ********************** нэхэмжлэлтэй хариуцагч *************************** холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл 11 840 000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА