| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0285/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/301 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/301
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч *******/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1818004830311 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулзагын гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны ногооны талбай дээр ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулзагын гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны ногооны талбай дээр ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч*******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдрийн үдээс хойш захирал ирээд ******* хоёрыг халах тушаал өгчихөөд явсан юм. Тэр хоёр захиралтай маргалдаад хойшоо явж архи уугаад ирсэн бөгөөд оройны 5 цагийн орчим буцаж ирээд тэр хавийн хүмүүсийг харааж, ерөөгөөд байсан. Бид талбай дээр хүлэмж янзалж байгаад хоолоо идэх гэж байхад тэндэхийг хариуцсан ******* гэж хүн утсаар ярьж байтал******* ах “би наад утсаар чинь яримаар байна” гээд байсан. Би хажууд нь зогсож байгаад “наад хүн чинь утсаар ярьж байгаа юм биш үү? гэсэн чинь “Чи юу юм, дуугүй бай, худлаа үнэн юм ярьж намайг ажлаас халууллаа” гээд хараагаад байсан. Тэгээд над руу салаавч өгөөд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2 цохисон.
...би уг нь авир гаргаад байхаар нь үг хэлсэн боловч болихгүй байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хохирогч******* Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/,
-Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ХХК”-нд сахиулаар ажилладаг байсан юм. Намайг ажиллах хугацаанд манай ажлын хэсэг хүмүүс янз бүрийн юм яриад байхаар нь би ажлаасаа гарахаар шийдсэн. Ингээд би 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг *******, түүний эхнэр ******* нарт “би ажлаасаа гарлаа, та нараас зайллаа шүү” гэж хэлсэн. Тэгсэн ******* надад хандаж “энэ муу яасан зэвүүн хөгшин новш вэ?” гэж хэлээд миний 2 мөрөн дээрээс гараараа барьж аваад намайг сэгсрээд газар унагаасан. Тэрээр намайг унах үед миний зүүн талын хавирга руу орос бакал өмссөн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Түүнээс болж миний зүүн талын 5, 6 дугаар 2 хавирга хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр хоолны гэр лүү явахаар нь би удалгүй араас нь очсон чинь манай нөхөр *******тэй маргалдаад байж байсан. *******ыг захиралд хэлээд ажлаас халуулчихлаа гэж ойлгосон. Тэгээд бид 2 уурлаад *******тай хэрэлдсэн чинь ******* уурлаад босоод ирсэн. Тухайн үед манай нөхөр уурандаа гараа савчаад байсан чинь ******* уурлаад манай нөхрийг заамдаж газар унагаагаад 2 удаа зүүн талын хавирга руу нь өшиглөсөн. Тэгсэн манай нөхөр ёолоод байхаар нь би гэр лүүгээ авч ороод дүү рүүгээ залгаад Дархан руу нөхрөө авч ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нарыг ажил дээрээ байж байхад манай ерөнхий захирал ажил дээр ирсэн бөгөөд******* ахыг ажлаасаа гарах талаар хэлсэн юм шиг байна лээ.******* ах эхнэртэйгээ манай компанид ажилладаг юм. Тэр өдөр ажлаа хийхгүй гараад явсан бөгөөд архи уучихсан ирсэн. Тэгээд бид нарыг хоолоо идэх гээд хоолны гэрт сууж байсан чинь******* ах эхнэртэйгээ орж ирээд хэрүүл хийгээд элдвээр хараагаад байсан. Манай нярав *******ыг утсаар ярьж байхад бас утсыг нь булаагаад байсан юм. Тэгсэн нөхөр нь болох ******* уурлаад “та яагаад байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ? банди минь” гээд салаавч гаргаад ам руу нь чихэх гээд байсан. Тэгэхээр нь ******* түлхчихсэн юм аа. Өшиглөсөн эсэхийг бол би мэдэхгүй ээ. Тэгсэн чинь******* ах “ёо, хавирга хугалчихлаа” гээд босож ирээд хүн амьтныг харааж зүхээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,
-Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хоолны цаг болчихсон учраас бид нар хоолондоо орох гээд хоолны гэртээ сууцгааж байсан. Би суурин утсаар материал захих гээд төв рүү ярьж байсан чинь******* орж ирээд утас таслаад харилцуурыг булаагаад авсан. Тэгэхээр нь би “та яаж байна аа, би утсаар ярьж байна” гэсэн чинь “тэр ямар хамаатай юм, зайл, би яримаар байна” гээд булаагаад авсан. Тэгээд утсаар яриад л байх шиг байсан. Тэр үед бид нарыг хараагаад, загнаад байсан. Эхнэр нь ташаагаа тулаад үүдэнд зогсчихсон бид нар руу “та нар хошуугаа худалдаж хоол олж иддэг” гээд бас хараагаад байсан. Тэд ер нь архи уух болгондоо ийм ааш араншин гаргадаг. Тэгэхэд манай нөхөр ******* нь “та 2 одоо болиоч ээ, наад хүн чинь утсаар ярьж байна” гэсэн чинь “та 2 бууны нохой, намайг ажилгүй болгосон” гээд хараагаад байхаар нь манай нөхөр дуугүй л суугаад байсан юм. Тэгсэн******* нүүр рүү нь салаавч гаргаад аманд нь хийх гээд түлхээд байсан чинь манай нөхөр түүнийг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд******* “хугарчихсан 2 хавирга руу цохичихлоо, хугарсан 2 хавирганыхаа тооцоог чамаар хийлгэнэ за” гээд орилоод байсан. Тэгээд би түргэн дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,
-“…******* биед зүүн талын 5,6 дугаар хавирганы битүү хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/,
-Хохирогч ******* гаргасан “*******нь эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хэргийн 25, 41/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан “бид эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх баталгаа /хэргийн 43/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч*******үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* биед “зүүн талын 5,6 дугаар хавирганы битүү хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч А.*******эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 16/ нотлогдож байх бөгөөд хохирогч ******* нь “*******нь эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хэргийн 25, 41/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч А.*******ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулзагын гол” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны ногооны талбай дээр ******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч*******шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...над руу салаавч өгөөд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд 2 цохисон.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/, хохирогч ******* Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/, хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг унах үед миний зүүн талын хавирга руу орос бакал өмссөн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Түүнээс болж миний зүүн талын 5, 6 дугаар 2 хавирга хугарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 6-7/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* уурлаад манай нөхрийг заамдаж газар унагаагаад 2 удаа зүүн талын хавирга руу нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 9/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* уурлаад “та яагаад байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ? банди минь” гээд салаавч гаргаад ам руу нь чихэх гээд байсан. Тэгэхээр нь ******* түлхчихсэн юм аа. Тэгсэн чинь******* ах “ёо, хавирга хугалчихлаа” гээд босож ирээд хүн амьтныг харааж зүхээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******нүүр рүү нь салаавч гаргаад аманд нь хийх гээд түлхээд байсан чинь манай нөхөр түүнийг түлхсэн чинь газар уначихсан. Тэгээд******* “хугарчихсан 2 хавирга руу цохичихлоо, хугарсан 2 хавирганыхаа тооцоог чамаар хийлгэнэ за” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/, “…******* биед зүүн талын 5,6 дугаар хавирганы битүү хугаралтай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 646 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/, хохирогч ******* гаргасан “*******нь эмчилгээний зардалд 200000 төгрөг төлсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хэргийн 25, 41/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч*******гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч А.*******эд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч А.*******эд анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* *******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч А.*******эд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч А.*******эд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ