| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2502001650159 |
| Дугаар | 2025/ДШМ/916 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/916
2025 07 30 2025/ДШМ/916
Э.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Гантулга,
шүүгдэгч Э.У ын өмгөөлөгч Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У , түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын давж заалдах гомдлууд гаргасныг үндэслэн Э.У т холбогдох эрүүгийн 2502001650159 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.У нь 2024 оны 10 дугаар сард *** аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” нэртэй зоогийн газрын орчмоос НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9 tеtrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 4.5 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9 tеtrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй, 4.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Э.У ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.У “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг устгахаар, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтэй чин сэтгэлээсээ харамсаж байна. Манай аав минь зүрхний эмгэгтэй, унаж татдаг өвчтэй. Хоёр жоохон дүүтэй, ээж минь ажил хийдэг. Бас найз охин маань 5 сартай жирэмсэн харж хандах хүнгүй ажил хийдэг. Миний биеийн байдлын хувьд удамшлын унаж татдаг өвчинтэй, үүнээсээ болоод ээрч түгдэрч салганадаг. Иймд миний ялыг өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.У ын өмгөөлөгч Ж.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У ыг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд,
Э.У нь ам бүл 6 эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, эцэг Ё.Э ы биеийн байдал муу зүрхний хэм алдагдалтай, эх Б.Г нь сургуульд тогооч ажилтай, дүү нар нь 8-16 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, мэдрэлийн өвчинтэй, “дархлаа сулрах үед хэл яриа гацна” гэмт хэрэгт анх удаа холбогдсон.
Э.У нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд орсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэг чинь санаанаас гэмшиж буй байдал,
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,
Дээрх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан Э.У ыг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн ял шийтгэлийн хөнгөн шийтгэл сонгох хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн зохицуулалтыг хэрэглэж, Э.У ыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаж шийдвэрлэх боломжтой.
Нөгөө талаар Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтын дагуу тэнсэх, албадлын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Дээрх ялаас чөлөөлөх, тэнсэх, албадлын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзвэл...зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн Э.У ыг үйлдэлд холбогдуулан ял оногдуулахдаа тухайн зүйл ангийн хамгийн хүнд шийтгэлийг сонгон хэрэглэж нийгмээс тусгаарласан хэдий ч хорих ангиас судлагдсаны дараа нэгэнт хорих ангид хоригдсон, ялтан гэдэг агуулгаар дахин гэмт үйлдэл рүү түлхэж буйг үгүйсгэх аргагүй.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эхний удаан түүнд боломж олгож нийгмээс тусгаарлах бус нийгмийн харилцаанд нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Учир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгэмд залуу хүний хувьд эхнэр, үр хүүхэдтэй болох, амьдралын гараагаа зөвөөр эхлүүлэхэд боломж олгох, эцэг, эх дүү нарыгаа тэжээн тэтгэх үүргийг олгох үүднээс нэг удаа түүнд боломж өгнө үү.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”, гэж заасны дагуу шүүгдэгч Э.У ын үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл тэнсэх, албадлагын арга хэмжээгээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, түүний өмгөөлөгч үйлдсэн гэмт хэргийн талаар маргадаггүй бөгөөд энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Э.У ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтээ харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын болон олон улсын эрх зүйн хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн.
Энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл гэж улсын яллагчийн зүгээс харж байгаа. Э.У нь 2024 оны 10 сард тухайн бодисыг олж аваад 2025 оны 02 дугаар сар хүртэл өөрийн эзэмшилд байлгаж хадгалсан бөгөөд нэгжлэг хийх явцад хэрэглүүрүүд буюу бортого, хуванцар сав, зуун төгрөгийн мөнгөн дэвсгэр зэрэг олдсон буюу тухайн бодисыг хэрэглэж байсан болох нь нотлогдон тогтоогддог.
Тухайн бодисыг өөрийн эзэмшилдээ байлган хэрэглэж байсан нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн буюу өмгөөлөгчийн дурдсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал байсан гэдгийг үгүйсгэж байгаа юм. Мөн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлын талаар ам бүл 6, эцэг, эхээ тэжээн тэтгэх, нийгмийн амьдралд амьдрах шаардлагатай гэж дурддаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан гэрч Б.У нь “Э.У тай 2 жилийн хугацаанд хамт амьдарч байгаа. Бид 2 *** дүүргийн *** дүгээр хороонд *** байрны *** тоот өрөөнд хамт амьдардаг” гэж мэдүүлдэг. Өмгөөлөгчийн дурдсанчлан эцэг, эхийгээ тэжээн тэтгэж байсан, дүү нартаа сайн ах нь болоод мөн эцгийнх нь бие муу байсан бол тусалж дэмжээд явсан байсан гэх нөхцөл байдал харагдахгүй. Эсрэгээрээ найз охинтойгоо хамт амьдарч байх хугацаандаа сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байсан нөхцөл байдал нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.
Тиймээс улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 2 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Шүүгдэгч Э.У ын зүгээс эрүүгийн хариуцлага дээр тодорхой санал, тайлбар, эцсийн үгээ хэлээгүй гэдэг нь шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдагдсан. Энэ нөхцөл байдлыг харгалзвал анхан шатын шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Э.У ын үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Э.У , түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн 2502001650159 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Э.У нь 2024 оны 10 дугаар сард *** аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9 tеtrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 4.5 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9 tеtrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй, 4.5 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/,
*** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/,
хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 15-16/,
эд мөрийн баримтаар тооцох тухай 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр мөрдөгчийн 1085 дугаар тогтоол, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/,
эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0325/1909 дүгээр шинжээчийн “...1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан “Fuze tea” бичигтэй хуванцар сав цоолж хуйлсан Монгол Улсын AU5761727 сери дугаартай 50-тийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвецын II жагсаалтад багтана. “3” гэж дугаарласан “Friut lab” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай өнгөгүй шингэн зүйл, “Waka” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар зүйл, “1” гэж дугаарласан мөнгөлөг цаас, төмөр мэт зүйл, “3” гэж дугаарласан, 1-4 гэж дугаарласан зүү тариур, өнгөгүй хуванцар зүйл зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “1” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай үеийн жин 76.0гр цэвэр жин 4.5гр, “3” гэж дугаарласан “Friut lab” гэсэн бичиглэлтэй хуванцар савлагаатай өнгөгүй шингэн зүйл нь 2 мл орчим хэмжээтэй, хуванцар савтай үеийн жин 6.7гр байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-46/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/1907 дугаар шинжээчийн “...1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн Э.У МУ97092915 гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Э.У МУ97092915 гэж хаягласан хуванцар савтай шээснээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын II жагсаалтад багтана. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-53/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 244 дүгээр дүгнэлт /хх-ийн 34-35/,
гэрч Б.У гийн “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх 96 дугаар тоотод байрлах нийтийн байрны 303 тоот өрөөнд найз залуу Ууганбаярын хамт амьдарч байна. Ууганбаяр бид 2 үерхээд 2 жил болж байна. Нэгжлэг хийх ажиллагааны үед байрнаас олдсон эд зүйлийн талаар би мэдэхгүй. Гутлын тавиурын хэсэгт байсан цагаан өнгийн саванд байх ургамал мэт зүйлийг юу болох талаар би У-с асуухад надад юу ч хэлээгүй. Эдгээр эд зүйл нь У-н эд зүйл байгаа юм. У-г сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг талаар би мэдэхгүй. Миний хажууд огт хэрэглэж байгаагүй...” /хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүгдэгч Э.У ын 2024 оны 10 дугаар сард НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол /delita-9 tеtrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 4.5 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан...” гэсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан шүүгдэгч Э.У ын үйлдлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг зөв зүйлчилжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас шүүх Э.У т хорих ялын төлийг сонгож, тус зүйл, хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн хугацаанаас 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Э.У ын гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт санаа зорилго, тус бодисыг хэрэглэж байсан хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Э.У , түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-ийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн деспозитив шинжийг хууль тогтоогчоос “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж хуульчилжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.У ын “2024 оны 10 дугаар сард сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийн талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “олж авсан” шинжийг орхигдуулан гэм буруутайд тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч шүүгдэгч Э.У ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1407 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Э.У “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У , түүний өмгөөлөгч Ж.Ганболдын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У ын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран жав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ