| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2309008450754 |
| Дугаар | 2025/ДШМ/917 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 21.1.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/917
2025 07 30 2025/ДШМ/917
М.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Баяр-Эрдэнэ,
яллагдагч М.М , түүний өмгөөлөгч Ж.Бауиржан,
хохирогч Х ХХК -ийн хууль ёсны төлөөлөгч Ха -ийн өмгөөлөгч Г.Ганбадрах,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/259 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр эсэргүүцлээр М.М т холбогдох эрүүгийн 2309008450754 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 289 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.
Яллагдагч М.М нь Х ХХК-ийн захирал Ха аас “Ш ” ХХК-иас Х ХХК-ийн авах авлагыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нэрийдлээр Б.Н гаар дамжуулан Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тамга, захирлын гарын үсэгтэй хоосон бланкнуудыг авч, улмаар уг баримт бичгүүдийг ашиглаж тус компанийн эзэмшлийн “М корпорац” ХХК-д бүртгэлтэй 9******* гар утасны дугаарыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн авсан, мөн “улсын тэмдэгтийн хураамж төлөх, бусад жижиг ажлуудыг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй” гэж хэлж хуурч, Б.Н гаас 2022 оны 12 дугаар сарын 26, 30-ны өдрүүдэд 5 удаагийн гүйлгээгээр 24,500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад 104,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
М.М нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Х ХХК-иас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийн хавсралт баримтаар Х ХХК-ийн захирал Ба -ын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, компанийн тамга дарсан. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Өр барагдуулах тухай” нэртэй албан бичгийг хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж өгч нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ДШМ/264 дугаар магадлалаар “яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Үүрэн холбооны хэрэглэгчийн гэрээ” дээр зурсан гарын үсэг Ха ых мөн эсэхийг тогтоолгохоор криминалистикийн шинжээч томилуулах тухай...” хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд хийх нь зүйтэй. Учир нь Ха нь гэрчээр “Би ямар нэгэн төрлийн гэрээнд гарын үсэг зураагүй...” /2хх 16-17/ гэж мэдүүлжээ. Энэхүү гэрээн дээр зурсан гарын үсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна” гэж нэмэлт дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Гэтэл 2024 оны 4 дугээр сарын 25-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор “М ХХК-иас ирүүлсэн үйлчилгээний гэрээ 2 хуудас, гэрээний хувь 1 хуудас, Х ХХК -иас М ХХК-д хүргүүлсэн албан бичиг 2 хуудас, баруун дээд буланд 193 гэсэн дугаартай хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл 1 хуудас, нийт 6 хуудсыг тус тус шилжүүлсүгэй” гэж Шүүх шинжилгээний ерөнхий газарт криминалистикийн шинжилгээ хийлгэхээр томилсон бөгөөд уг тогтоолын хариуд Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2024 он 5 дугаар сарын 2-ны өдрийн 13/3051 дугаар албан бичгээр “...тогтоолыг 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч үзлэг хийхэд баримтууд нь хуулбар хувиар, харьцуулах загвар 1 хуудас ирүүлсэн байсан тул, цагдаагийн дэслэгч Ө.Батбаярын 9******* дугаарын утсаар холбогдож мөрдөгч баримтуудыг эх хувиар, харьцуулах загваруудыг нэмж ирүүлэхийг хүсэхэд шинжилж буй баримтуудыг эх хувь ирүүлэх боломжгүй, устгагдсан” гэх утгатай тоот хэрэгт хавсаргагджээ.
Тухайлбал, М корпораци ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 4/5749 дугаар: “...Манай байгууллагын дотоод журмын дагуу хэрэглэгчийн гэрээ шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт болон бусад баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр хадгалдаг тул дээрх дугаарын гэрээ шилжүүлсэн баримт бичгүүдийг эх хувийг өгөх боломжгүй болно” гэх хариуг өгсөн зэргээс үзэхэд эх хувийг цахим хэлбэрээр хадгалагдаж байхад мөрдөгч шинжээчид харьцуулсан загвар нэмж өгөлгүй, эх хувь устгагдсан мэтээр танилцуулж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан нэмэлт ажиллагаа хийгдээгүй тул М корпораци ХХК-д цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа гэрээг цахим хэлбэрээр нь авч нотлох баримтаар тооцон, шинжээч томилох, мөн яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан ажиллагаа хийх нь зүйтэй байна.
Шүүх тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заасан ба энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”,
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж хуульчлан тогтоосон.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөтөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхойлсон. ...” гээд эрүүгийн 2309008450754 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор С.Баяр-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч М.М т холбогдох хэрэгт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ДШМ/264 дугаар магадлалаар “яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан “...2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Үүрэн холбооны хэрэглэгчийн гэрээ” дээр зурсан гарын үсэг Ха ых мөн эсэхийг тогтоолгохоор криминалистикийн шинжээч томилуулах тухай...” хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд хийх нь зүйтэй. Учир нь Ха нь гэрчээр “Би ямар нэгэн төрлийн гэрээнд гарын үсэг зураагүй...” /2хх 16-17/ гэж мэдүүлжээ. Энэхүү гэрээн дээр зурсан гарын үсэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан байна” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...Танай тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Батбаярын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч үзлэг хийхэд шинжлэх баримтууд нь хуулбар хувиар, харьцуулах загвар 1 хуудас ирүүлсэн байсан тул мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ө.Батбаяртай 9******* дугаарын утсаар холбогдож баримтуудыг эх хувиар, харьцуулах загваруудыг нэмж ирүүлэхийг хүсэхэд шинжилж буй баримтуудын эх хувь ирүүлэх боломжгүй, устгагдсан гэсэн хариу өгсөн. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, ирүүлсэн материалыг буцаав...” гэсэн албан бичиг /2хх-ийн 95 дугаар хуудас/,
“М корпораци” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 4/5749 дугаар “...Танай 30иа2/5209 тоот албан бичгийн дагуу 9******* дугаарын эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний мэдээлэл, гэрээ шилжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийн хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна. Манай байгууллагын дотоод журмын дагуу хэрэглэгчийн гэрээ шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт болон бусад баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр хадгалдаг тул дээрх дугаарын гэрээ шилжүүлсэн баримт бичгүүдийн эх хувийг өгөх боломжгүй болно...” гэсэн албан бичиг /2хх-ийн 134-141 дүгээр хуудас/,
гэрч Б.Б ын “...Уг гэрээ нь манайд одоо биет байдлаараа байхгүй. Харин сканердсан буюу хуулбар хувь нь хадгалагдаж байна... Харилцаа холбооны тухай хуулиар бол хэрэглэгчээ таньж баталгаажуулахдаа регистрийн дугаараар одоо бол иргэний үнэмлэхийн дугаараа баталгаажуулах үүрэгтэй байдаг... цаасан гэрээ байгуулахад уг гэрээг 3 сарын дараа цаас устгагч төхөөрөмжид хийж устгадаг...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 70-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газраас Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд хавсарган ирүүлсэн баримтуудыг эх хувийг ирүүлэхийг хүссэн боловч “М корпораци” ХХК нь харилцагчтай байгуулсан гэрээний эх хувийг устгасан талаар 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 4/5749 дугаар албан бичгийг ирүүлсэн мөн гэрч Б.Б ын мэдүүлгээр харилцагчтай байгуулсан гэрээний эх хувийг устгасан, тухайн гэрээ нь сканердсан буюу хуулбар хувь нь хадгалагдаж байгаа талаар тайлбар өгсөн байна.
Хэрэгт “М корпораци” ХХК-д цахим хэлбэрээр хадгалагдаж хувийг хуулбарлан авч шинжилгээ хийлгэхээр Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж, материалыг буцаасан.
Гэтэл шүүхээс “М корпораци” ХХК-д цахим хэлбэрээр хадгалагдаж хувийг цахим хэлбэрээр авч, нотлох баримтаар тооцож, шинжээч томилох шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.2 “эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт “шинжилгээний объект нь энэ хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангахгүй бол” гэж тус тус заасныг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзсан байна.
Архив, албан хэрэг хөтлөх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт “хуулбар хувь” гэсэн тэмдэглэгээ хийнэ” гэж заасан байх тул “М корпораци” ХХК-д цахим хэлбэрээр хадгалагдаж хувийг эх хувь гэж үзэх үндэслэлгүй харин хуулбар хувь гэж үзэх тул цахим хэлбэрээр шинжээч томилох тухай шүүгчийн захирамжийн заалт үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй юм.
Шүүхээс “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхойлсон...” гэсэн дүгнэлт хийсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу товлогдож, хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчөөс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэж яригдсан ч чухам ямар үйл баримтыг ямар ажиллагаагаар нотолж тогтоох талаар ямар нэг үндэслэл, санал гаргаагүй, шүүгчийн захирамжид өмнө шүүхээс гарсан захирамж магадлалыг иш татаж байгаа нь ойлгомжгүй, нотолбол зохих ямар ажиллагааг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу прокурор энэ үүргээ хэрэгжүүлэхдээ, шаардлагатай оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах аргаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой.
Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/259 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Х ХХК -ийн хууль ёсны төлөөлөгч Ха -ийн өмгөөлөгч Г.Ганбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Миний үйлчлүүлэгч “тухайн үед манай охин Б.Н гаас миний талийгч нөхрийн өр ширийг дарагдуулж өгнө үү гэдэг тэр бланкуудыг авсан. Би бланк дээр гарын үсгээ зурсан, байгууллагынхаа тэмдгийг дарсан” гэдэг дээр маргадаггүй. Үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.
Авсан бланк бүхий баримтыг ашиглаад “М корпорац” ХХК-д дээрх агуулга бүхий албан тоотыг өгсөн байгаа. Хоёрдугаарт, гарын үсэг зурсан 7 ширхэг бланкны 2 дахь бланкийг ашиглаад Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өр барагдуулах тухай баримт гэсэн хуурамч баримтыг үйлдэж нэхэмжлэл гаргасан асуудал байдаг. Иргэний шүүхэд өр барагдуулах тухай бичиг дээрх гарын үсэг мөн дараа нь ярилцлагын тэмдэглэл гэсэн баримтыг яллагдагчийн зүгээс гаргаж өгсөн.
Энэ баримтууд нь эх хувиараа байсан учраас шинжээчийн дүгнэлтээр тухайн гарын үсгүүд нь талийгаач Ба -ын гарын үсэг биш гэдгийг нотолсон үйл баримт байдаг. Үүнийг миний үйлчлүүлэгч хэлдэг. Мөн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгээ тайлбарладаг. Учир, “М гэх газар очоогүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Магадгүй бланк дээр зурсан миний гарын үсгийг ашиглаж энэ баримтыг үйлдсэн байхыг үгүйсгэхгүй байна. Ийм учраас гомдолтой. Энэ хүнд ямар ч үндэслэлгүйгээр 9***-тэй дугаарыг шилжүүлж өгөх үүрэг байхгүй, тийм тохиролцоо ч байгаагүй. Зөвхөн миний талийгч нөхрийн өр төлбөрийг гуравдагч этгээдээс авч өгнө гэсэн итгэлийг төрүүлж хуурч мэхэлж мөнгө, гарын үсэг зурсан бланкийг авсан. Бид итгээд өгсөн. Гэтэл ийм ёс зүйгүй алхам хийсэн” гэж хууль хяналтын байгууллагад гомдолтойгоо байгаагаа илэрхийлдэг. Ха БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн юм. Түүний охин Б.Н мөн ийм тайлбарыг хэлж хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. ...” гэв.
Яллагдагч М.М ын өмгөөлөгч Ж.Бауиржан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж байгаа. Нэгдүгээрт, шүүхээс “М корпорац” ХХК-д цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа гэрээг цахим хэлбэрээр нь авч нотлох баримтаар тооцож, шинжээч томилох, хоёрдугаарт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд дурдсан ажиллагаа хийх нь зүйтэй байна гэсэн 2 үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
М.М т холбогдуулан мөнгө болон гар утасны дугаарыг хуурч мэхэлж авсан, хуурам баримт үйлдэж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэсэн 2 хэрэгт яллагдагчаар татаад хэргийг нэгтгэж яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс дээрх 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэрэгт шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй гэж үзэж хүсэлт гаргасан. Эхний хэргийн тухайд 1 дүгээр хавтас хэргийн 188-189 дүгээр талд авагдсан “М корпорац” ХХК-иас гаргаж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үйлдэгдсэн үйлчилгээний гэрээ буюу “М корпорац” ХХК-ийн лого бүхий хэвлэмэл хуудас дээр гарын үсэг зураад бөөрөнхий тамга дарагдсан хуулбар үнэн баримт авагдсан байгаа. Тамга дарагдсан гэдгийг прокурор болон аль аль нь мэдэхгүй байсан. Тамга дарагдсан талаар мөрдөгч болон прокурорт хэлсэн.
Анх Ха гарын үсэг зурсан эсэх асуудал яригдаж байсан бол дээр нь тамга байсан. Өмгөөлөгчийн зүгээс “тамга байна, энэ тамга тухайн үед хэн дээр байсан, Ха д байсан юм уу, М.М т байсан юм уу, хэн “М корпорац” ХХК-д дээр очиж гарын үсэг зурж, тамга дарсан юм бэ” гэдэг асуудлыг шалгаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг шат шатанд гаргасан. “М корпорац” ХХК-ийн лого бүхий хэвлэмэл хуудсан дээр гэрээ хэвлэгдээд гарын үсэг зурсан буюу хамгийн доод булан дээр нь байгаа. “М корпорац” ХХК-ийн зүгээс “тухайн хэрэглэгч өөрөө ирж байж гарын үсэг зурагддаг, камерын хяналт доор энэ ажиллагаа хийгддэг, дээрээс нь хүмүүс хянаж байдаг” тайлбар, мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс ядаж камерыг шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байж энэ ажиллагааг хийсэн. Түүнээс прокурор, мөрдөгч санаачилгаараа камерын бичлэг шалгах ажиллагааг нэг ч удаа хийгээгүй. Гэтэл тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ажлын байр нь өөрчлөгдсөн гэдэг шалтгаанаар камерын бичлэг байхгүй гэх хариу ирсэн.
Тиймээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “сканердаад хадгалсан бол компьютер дээр харагдаж байгаа. Тэгэхээр улаан өнгийн тамга байна уу, ямар өнгөтэй гарын үсэг зурагдсан юм бэ, ядаж тэр баримтад үзлэг хийж бэхжүүлж аваад хэргийн материалд хавсаргаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч цахим хэлбэрээр нь аваад хэргийн материалд хавсаргах, дээрээс нь боломжтой бол шинжээч томилохоор шийдвэрлэсэн. Энэ ажиллагааг хийж болохгүй биш, болно. “М корпорац” ХХК-д хадгалагдаж байгаа гэрээг хэрэгт цахим хэлбэрээр нь авдаг юм уу, эсхүл үзлэг хийгээд улаан өнгөтэй тамга дарагдсан байна уу, хуулбараар байгаа юм уу гэдгийг тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа.
Мөн залилсан гэх хэрэгт холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн итгэмжлэх баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн. “Ш ” ХХК-ийн захирал Л.Б -н М.М т олгосон итгэмжлэлийн 4 дэх хэсэгт “итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хувиасаа Ба -ын өмнөөс газрын төлбөрт 20.000.000 төгрөг төлсөн” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хөөцөлдөхөөр худал ярьж мөнгө авсан гэж дурддаг. 20.000.000 төгрөг нь “газрын төлбөр” гэсэн утгатай шилжсэн. Энэ нөхцөл байдлыг тодруулаад баримтыг гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой бас ажлаа хийж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн 2 дахь хүсэлт байгаа. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийг буруутгасан. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэх зүйл ангиар буруутгаж, яллагдагчаар татсан. Үүнтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн 2 шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Иргэний шүүхэд өгсөн 2 баримтад зурагдсан Ба -ын гарын үсэг хуурамч байна, өөрийнх нь гарын үсэг биш байна гэдэг байдлаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэхдээ Ба -ын гарын үсэг биш байна гэж үзэхдээ хохирогч тал буюу Ха нараас гаргаж өгсөн баримтад үндэслэн дүгнэлт гаргасан.
Өмгөөлөгчийн зүгээс үүнтэй холбогдуулан хэд хэдэн баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн. Ба -ын Монгол Улсад байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдож шалгагдаад, зарим нь хэрэгсэхгүй болсон нөхцөл байдал байгаа. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Ба -ын гаргаж байсан 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “тайлбар гаргах тухай” гэсэн баримт байгаа бөгөөд монгол бичгээр гарын үсэг зурсан байдаг. Мөн эрүүгийн 20736220 гэсэн “баримт бичиг хүлээн авсан тухай” 2008 оны 03 дугаар сарын 21-нйи өдөр үйлдсэн Ба -ын хятад ханзаар зурсан гарын үсэг, “уулзалтын тэмдэглэл” гээд 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн Ба -ын хятад ханзаар гарын үсэг зурсан баримт, “хамтран ажиллах хэлэлцээр” гээд 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн Ба -ын хятад ханзаар гарын үсэг зурсан баримт, 2009 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ба -ын монгол бичгээр гарын үсэг зурсан гар бичмэл бүхий баримт, мөн “хөрөнгө оруулалтыг баталгаажуулах гэрээ” гээд Ба -ын хятад ханзаар гарын үсгээр зурж “Ш ” ХХК-ийн тамга дарсан 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн баримт зэрэг баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн.
Хохирогч Н.Х-ы зүгээс “манай нөхөр хэзээ ч монгол бичгээр гарын үсэг зурдаггүй” гэснийг үгүйсгэх 2 удаагийн монгол бичгээр гарын үсэг зурсан баримтыг гаргаж өгсөн. М.М ын шүүхэд нотлох баримтаар гаргаж төлбөр барагдуулах тухай гэсэн баримт, ярилцлагын тэмдэглэл гэсэн 2 баримт дээр зурагдсан гарын үсгүүд нь сүүлд бидний эх хувиар гаргаж өгсөн баримтууд дээр зурагдсан гарын үсгүүдтэй нэлээн төстэй гарын үсэг зурагдсан байгаа. Эдгээрийг хооронд нь харьцуулаад шинжээч томилж өгнө үү гэсэн 4 дэх хүсэлтийг гаргасан. Мөн нотлох баримт хуурамчаар гаргаж өгсөн гэх асуудалд холбогдуулан н.С гэх хүнийг гэрчээр оролцуулж мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан.
Учир нь, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн огноотой ярилцлагын тэмдэглэл гээд баримт байж байгаа за энэ болохоор хоёр мянга арван есөн оны найман сарын хорин долооны өдрийн огноотой “БС” оффист М.М , Ба , н.С нарын ярилцлагын тэмдэглэл гэсэн баримт байдаг. н.С тухайн ярилцлагад оролцож байсан бөгөөд н.С хаана байгаа нь мэдэгдэж байгаа, утасны дугаар нь байгаа бөгөөд энэ талаар баримтыг мөрдөгч болон прокурорт гаргаж өгсөн боловч дуудах шаардлагагүй гээд байгаа. Эхний дээр буюу залилсан гэмт хэрэг дээр н.С ыг нэг удаа асуусан.
Дараагийн хэрэгт нотлох баримт хуурамчаар үйлдсэн үү, “БС” оффист үйлдсэн ярилцлагын тэмдэглэл хийгдсэн үү, чи оролцсон уу, Ба оролцсон уу, гарын үсэг мөн үү, ямар утгатай асуудал яригдсан юм бэ гээд асуугаад өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Гэтэл н.С байсаар байтал дуудах шаардлагагүй гээд байдаг. Өмгөөлөгчийн зүгээс 4, 5 агуулга бүхий хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. ...” гэв.
Яллагдагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.М т холбогдох 2309008450754 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Үүрэн холбооны хэрэглэгчийн гэрээ” дээр зурсан гарын үсэг Ха ых мөн эсэхийг тогтоолгох шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаа хийлгүүлэх талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэдийгээр Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2024 он 5 дугаар сарын 2-ны өдрийн 13/3051 дугаар албан бичгээр “...шинжилж буй баримтуудыг эх хувь ирүүлэх боломжгүй, устгагдсан” гэх утгатай тоотыг ирүүлсэн байгаа боловч М корпораци ХХК-д тус гэрээг эхээс нь цахим хэлбэрээр архивласан баримт байгаа болох талаар тус компани 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 4/5749 дугаар албан бичгээр: “...хэрэглэгчийн гэрээ шилжүүлэхэд бүрдүүлсэн баримт болон бусад баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр хадгалдаг тул дээрх дугаарын гэрээ шилжүүлсэн баримт бичгүүдийг эх хувийг өгөх боломжгүй болно” гэх хариуг өгсөн байна.
Иймд, цахимаар архивласан баримтыг (флаш, видео бичлэг зэрэг цахим баримтыг тэр хэлбэрээр нь хадгалахуйц зохих ажиллагаагаар) шинжээчид гаргаж өгөлгүйгээр “шинжилгээ хийх боломжгүй” мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийсний дараа нотлох баримтаар зохих шинжилгээ хийх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хэрэгт хавсаргагдсан гэрээн дээр хэрэглэгчийн гарын үсгийн дээр тамга мэт зүйл дарагдсан байгаа талаар өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй /1-р хх-ийн 188-192 дугаар тал/ байх тул уг тамга гэрээн дээр хэрхэн дарагдсан байдлыг тодруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ...” гэсэн нотолбол зохих байдал мөн байна.
Дээрх үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж байгаа тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан яллагдагч М.М ын өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлуудад мөрдөгч, прокурор зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, шаардлагатай бол нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн болно.
Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн хэргийг прокурорт буцаахгүйгээр, эцэслэн шийдвэрлүүлэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/259 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 24 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ