| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2025/03303/И |
| Дугаар | 312/ШШ2026/00023 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 312/ШШ2026/00023
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,916,192.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********* нь ****тай 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2010118011 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,058,800 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайнаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,223,519.92 ,зээлийн хүүд 1,308,300.73, нэмэгдүүлсэн хүүд 5,885.35 төгрөгийг төлсөн. 2025 оны 03 сараас хойш зээлдэгч зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтүүдийг хугацаа хэтрүүлж, хуваарийн дагуух төлөлтөө төлөлгүй өдий хүрсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Хас банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа мэдэгдэж, ажлын байран дээр нь очиж шаардах хуудас өгч байсан боловч 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн, бусад банк санхүүгийн байгууллагуудад хугацаа хэтэрсэн олон давхар зээлтэй бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 28 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний үүрэгт 4,916,192.84 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ********** нь шүүхэд гаргасан *********ны нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Иймд *********ны нэхэмжилсэн 4,916,192.84 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******нь хариуцагч ********д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,916,192.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******а нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 4,916,192.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,609 төгрөгийн 50 хувь болох 46,804.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тхариуцагч ******* 46,804.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **********ийн Зээлийн гэрээний үүрэгт 13,602,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******** хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *****-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,609 төгрөгөөс 46,804.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 46,804.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА