| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0287/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/305 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/305
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* д холбогдох эрүүгийн 1818005350347 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул *******мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын*******тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт нийт 2867 м2 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, экологи эдийн засагт 4215209 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 12 дугаар сараас эхэлж иргэн *******нь ашигт малтмал олборлож эхэлсэн. Энэ талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж арга хэмжээ авсан. 2018 оны 06 дугаар сард уг газарт ашигт малтмал ухахгүй болсон байсан. Тэгэхэд сүүлд 7 дугаар сард дахин ашигт малтмал ухаж байсан хэрэг гарсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулиараа байгаль орчны улсын байцаагчаар нөхөн төлбөрийг тооцуулж гаргуулах ёстой гэдгийг хэлсэн. Иймд байгаль орчны улсын байцаагчаас хохирлыг тооцуулах хэрэгтэй байна. Экологи, эдийн засагт учирсан 4215209 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хэргийн 4/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11/,
-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2018 оны 05 сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могой гэх газар бусадтай хамтран нөхөрлөлийн газар хөөцөлдөөд явж байгаад *******тай тааралдаад ойр зуур юм ярьж байтал ******* надад “түрээсийн экскаватор олоод өгөөч, би Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтний гол гэх газарт бичил уурхай ажиллуулах гэж байгаа юм” гэж байсан. Удаагүй хэд хоногийн дараа *******тааралдаад “экскаватор байна уу?” гэхэд “би өөрийн түрээсэлсэн экскаватороо энд дэмий байлгаж байхаар чамд тэр хүнээс түрээсэлсэн экскаватороо түрээсэлчихье” гэхээр нь зөвшөөрөөд Huyndai-4500 маркийн экскаваторыг сарын 45000000 төгрөгөөр түрээслэхээр болоод *******д хэлэхэд зөвшөөрөөд надад 43000000 төгрөг өгөхөөр нь би ******* урьдчилгаа 22500000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь би хувьдаа ашиглаж байгаад сар дуусахаас өмнө ******* өгсөн.
...тэгээд 2018 оны 07 сарын 03-ний өдөр ******* над руу яриад “цагдаад баригдчихсан, экскаваторуудыг чинь журамлачихсан” гэхээр нь “чи нөхөрлөлөөр бичиг баримттай гээд байсан яасан бэ?, наад экскаватор чинь хүнийх” гэж хэлээд тэр тухай ******* хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-Гэрч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2010 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Хүрэн манжинт” гэх газарт “ ******** ” нэртэй ойн нөхөрлөлийг 13 гишүүний хамт байгуулсан юм. Манай нөхөрлөл нь ойн сан бүхий газраас хууль журмын дагуу мод бэлтгэх, нөхөн сэргээлт хийж ойжуулах ажил хийж байсан юм. Манай нөхөрлөлийн “Цэгээн” нэртэй аманд 2018 оны 01 сараас 05 сар хүртэл иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ажиллаж байсан. Уг хууль бус үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллийг тухай бүр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 3 удаа албан тоотоор хандаж гомдол гаргаж байсан. Мөн Хонгор сумын байгаль орчны хяналтын байцаагч *******хоёр удаа хандаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уурхайн дарга ******* хөрс хуулах ажил хийж байгаад Улсын мөрдөн байцаах газраас хүмүүс ирээд манай үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд манай уурхайн дарга ******* техникүүдээ өөрийн уурхай руу татаж байхад 2018 оны 06 сарын эхээр уг ам руу 2-3 экскаватор ороод ажиллаж байгаа гэж ярьж байсан. Дараа нь 2018 оны 06 сарын 20-23 ны хооронд байх /би өдрийг нь сайн санахгүй байна/ манай лицензийн талбай руу орох гээд төмөр хаалган дээр Hyundai-480 маркийн хоёр экскаватор, нэг ковш, хар хөх өнгийн Прадотой, жижиг халимаг үстэй бор залуу, хажуудаа нэг хүүхэн дагуулчихсан явж байхаар нь би “та нар ямар учиртай хүмүүс вэ?” гэсэн чинь “бид нар техникүүдээ түрээсэлж байгаа, мэдэхгүй ээ” гээд зогсоод байхаар нь “манай хаалгаар орохгүй шүү” гэж хэлчихээд түлхүүрээ аваад явсан. Тэгээд би хоолны хонь аваад буцаад ирэхэд байж байсан. Хонгор сумын хэсгийн төлөөлөгч *******, БОХУ-ын байцаагч *******нар шалгалтаар явж байна гэж ирээд “гадаа байгаа техникүүд ямар учиртай юм бэ?” гэхэд би “мэдэхгүй, Цэхэр цөөрмийн ам руу орно гээд байна” гэж хэлсэн. Орой нь манай уурхайн гадаа техникүүдээ авч ирээд орох гэхээр нь нөгөө халимаг үстэй залуутай уулзаад “наад ам руу чинь ороод цагдаад шалгагдаж байгаа, та нар орох хэрэггүй буцаад яв” гэхэд “Хонгор сумын хумүүстэй нь уулзсан, орно” гэхээр нь надад хамаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс техникүүдээ аваад уг ам руу явсан. Маргааш нь хууль бусаар ажилласан талбайг хэмжих гээд Мөрдөн байцаах газраас хүмүүс хэмжилтийн багтай ирээд нөгөө газарт очиж Hyundai-480 маркийн экскаватортой хүмүүсийг илрүүлээд хууль бусаар ажилласан талбайг нь хэмжээд явсан юм. Тэгээд хэд хонгийн дараа 2018 оны 07 сарын эхээр Дарханы цагдаа нар ирээд уг аманд ажиллаж байсан хүмүүсийг дахин илрүүлээд техникүүдийг Шарын голын Цагдаагийн журмын хашаа руу зөөсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-Гэрч*******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би машин, мехнизмийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг “*******”: ХХК-ны захирал ажилтай юм. Манай компани нь 4 экскаватор иргэдэд түрээслүүлдэг юм. 2018 оны 05 сарын 01 ний өдөр ******* гэдэг хүн******* дугаартай Hyundai-4500 загварын экскаваторыг нэг сарын 45000000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ хийгээд манай компанийн оператор ******* нарыг операторчноор ажиллуулахаар болсон юм.
...ер нь бол түрээсийн мөнгө төгрөг өгч байсан болохоор асуудалгүй гэж бодож байсан юм. Тэгээд 2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаа ирээд хууль бусаар ажилласан гээд экскаватор журамлаж байна гэж ярьсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,
-Гэрч *******мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойт” гэх газарт хүмүүстэй бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох зорилгоор “*******” ХХК-ний захирал ******* гэх хүнээс сарын 45000000 төгрөгөөр Hyundai-450 маркийн экскаватор түрээслэн авахаар тохиролцоод, урьдчилгаа 22000000 төгрөг өгсөн. Тэгээд уг газарт ажиллах гээд очсон боловч нөхөрлөлийн бичиг баримт нь бүтэхгүй болохоор нь буцаагаад экскаваторыг нь “*******” ХХК-д хүлээлгэж өгөх гэж байсан чинь *******“надад түрээсэлчих, би нөхөрлөлөөр Хүйтний гол гэх газар бичил уурхайгаар ажиллах гэж байгаа юм” гэхээр нь зөвшөөрөөд 2018 оны 05 сарын 25-ны өдөр ******** гэж хүнд уг экскаваторыг сарын 45000000 төгрөгөөр түрээслээд урьдчилгаа 22000000 төгрөг авсан.
...Тэгээд 2018 оны 07 сарын эхээр цагдаа нөгөө экскаваторуудыг журамласан байна гэхээр нь би ******** руу ярьсан чинь “би давхар хүнд түрээсэлчихсэн байсан юм, тэр нь хууль бус байсан юм шиг байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувьдаа Liebherr-914 загварын экскаватортай юм. Машин мехнанизм түрээсэлнэ гээд зар тавьчихсан байсан чинь 2018 оны 06 сарын дундуур ******* гэх хүн ирээд миний экскаваторыг Сэлэнгэ аймгийн Могой гэх газар луу ажиллуулахаар сарын 21000000 төгрөгөөр түрээслэх болсон юм. Тэгээд надад урьдчилгаа 6000000 төгрөг өгчхөөд манай экскаваторын оперотор ******** гэх залууг аваад явсан юм. Тэгээд би *******гаас түрээсийн мөнгө нэхэхээр сайн гарахгүй байна, удахгүй 2018 оны 07 сар гаргаад үлдсэнийг нь өгнө гээд одоо болтол өгөөгүй байгаа юм. Тэгээд би 2018 оны 07 сар гаргаад түрээсийн мөнгөө нэхсэн чинь цагдаад баригдаад журмын хашаанд байгаа гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ирэхэд 2 монгол гэр барьсан байсан. Техник гээд байхаар зүйл байгаагүй, надтай хамт тэр үед 5 хүн байсан. Намайг буулгасан хүн хүмүүс ирээд асуувал “ ******** ”, “ ******** ”-ы гэрээгээр ажиллаж байгаа гэж хэлээрэй гэсэн. Би энд ирээд яг 10 хоног болж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Магнай гэх залуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газар 5 өдөр ажиллаад өгөөч гэж гуйж авч ирсэн. Уг газарт алтны уурхайн оператороор 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******** хамт ирсэн. Би Hyundai-4500 экскаватор дээр 2 хоног ажилласан.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “*******” ХХК-нд операторчин ажилтай юм. Манай компанийн захирал ******** Дархан-Уул аймгийн уг газарт алтны уурхайд хөрс хуулалтын ажил хийнэ гэж хэлээд Hyundai 4500 маркийн экскаватортой 2018 оны 06 сарын 25-нд ******** хамт ирэхэд ******** уурхай гэж хүмүүс хэлж байсан. Би тэр хүнийг нь хараагүй. ******* гэж хүн ерөнхий уурхайн ажлыг хариуцаж ямар хэмжээний газрыг ухах, аль шороог нь усан буунд угаах гэх мэт ажлыг хийлгэдэг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,
“1.Тус тогтоолоор өгөгдсөн 1. 106о 42’ 06.66”E, 49o 18’ 37.67”N, 2. 106o 42’ 06.59”E, 49o 18’ 36.80”N, 3. 106o 42’ 03.10”E, 49o 18’ 36.09”N, 4. 106o 42’ 03.10”E, 49o 18’ 36.68”N, 5. 106o 42’ 00.89”E, 49o 18’ 37.23”N солбицол дахь талбайн хэмжээ 2867м2 буюу 0,29га байгаа бөгөөд уг талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ нь 4215209 төгрөг болж байна.
2.Тус талбайгаас эдэлбэр газарт учирсан хохирол, газрын хэвлийд учирсан хохирол, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол, ургамлын нөмрөгт учирсан хохирол, усан орчинд учирсан хохирлыг тус тус тооцож гаргалаа.
3.Тухайн олборлолт явуулсан талбайн алтны нөөцийг тогтоох боломжгүй.” гэх Байгаль орчны зөвлөх “ ******** ” ХХК-ны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/32 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт иргэн******* эвдсэн 0,29 га талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ /хэргийн 40-52/,
-Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 05 сарын сүүлээр би Сэлэнгэ аймгийн “Могой” гэх газар нөхөрлөлөөр ажиллах гэж очсон юм. Тэгээд нөхөрлөлийн бичиг баримт нь бүтэхгүй болохоор нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Цэхэр цөөрөм” гэх газарт хүмүүс хууль бусаар ажиллаад гайгүй мөнгө олоод байгаа гээд байсан газарт бид нарыг очиход “ ******** ” ХХК-ны гээд 4 экскаватор ажиллаж байхаар нь би ******** гэдэг хүнтэй ярилцаад Нyundai-450 загварын экскаваторыг 5 сарын хугацаатай, нэг сарын 45000000 төгрөгөөр түрээсэлсэн. Liebherr 914 загварын экскаваторыг******** г гэх хүнээс 1 сарын хугацаатай 21000000 төгрөгөөр тус тус түрээслэхээр болоод Нuyndai 450 загварын экскаваторын түрээслэгч ******** урьдчилгаа 25 сая төгрөг, Liebherr 914 загварын экскаваторын түрээслэгч******** 6000000 төгрөг өгсөн байсан юм.
...2018 оны 07 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могой” гэх газарт очиж ажиллахаар уг газарт байсан гэр бусад зүйлийг ачаад нүүгээд явах гэж байхад 2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагаас шалгаад үйл ажиллагааг зогсоосон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 59-60/,
-Ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ /хэргийн 63/,
-Ойн санг эзэмших гэрээ /хэргийн 65-66/,
-Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл /хэргийн 67-71/,
-2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 050101 дугаартай Hyundai-4500LC маркийн экскаватор түрээслүүлэх гэрээ /хэргийн 76-78/,
-******** “Хаан банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 84-93/,
- Hyundai-4500LC маркийн экскаватор түрээслүүлэх гэрээ /хэргийн 94-100/,
-Liebherr 914 маркийн экскаватор түрээслүүлэх гэрээ /101-103/,
-Шүүгдэгч Б.*******гаас хохирол, төлбөр төлсөн баримт /хэргийн 135/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт нийт 2867 м2 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, экологи эдийн засагт 4215209 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч******* үйлдсэн гэмт хэргийн улмаас эдэлбэр газар, газрын хэвлий, газрын хөрс, ургамлын бүрхэвч, усан орчинд учирсан хохирол нь 4215209 төгрөг болж байгаа нь Байгаль орчны зөвлөх “ ******** ” ХХК-ны гаргасан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/32 дугаартай дүгнэлт, экологийн хохирлын үнэлгээний дүгнэлтээр /хэргийн 40-52/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч *******нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 4215209 төгрөгийг төлж барагдуулсан /хэргийн 135/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “…Байгаль орчныг хамгаалах тухай хуулиараа байгаль орчны улсын байцаагчаар нөхөн төлбөрийг тооцуулж гаргуулах ёстой гэдгийг хэлсэн. Иймд байгаль орчны улсын байцаагчаас хохирлыг тооцуулах хэрэгтэй байна.” гэж мэдүүлж байгаа боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасан нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т хуульчилж өгчээ.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулсан шийдвэр гаргасан тохиолдолд гэм буруутай этгээд ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8-д хуульчилж өгсөн байна.
Иймд нөхөн төлбөрийн талаар ямар нэгэн эрх зүйн акт гарсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нөхөн төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт нийт 2867 м2 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, экологи эдийн засагт 4215209 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг, хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…7 дугаар сард дахин ашигт малтмал ухаж байсан хэрэг гарсан.” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 07 сарын 03-ний өдөр ******* над руу яриад “цагдаад баригдчихсан, экскаваторуудыг чинь журамлачихсан” гэхээр нь “чи нөхөрлөлөөр бичиг баримттай гээд байсан яасан бэ?, наад экскаватор чинь хүнийх” гэж хэлээд тэр тухай ******* хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 14/, гэрч******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…уг хууль бус үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллийг тухай бүр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 3 удаа албан тоотоор хандаж гомдол гаргаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/, гэрч******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэд хоногийн дараа 2018 оны 07 сарын эхээр Дарханы цагдаа нар ирээд уг аманд ажиллаж байсан хүмүүсийг дахин илрүүлээд техникүүдийг Шарын голын Цагдаагийн журмын хашаа руу зөөсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/, гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын 03-ны өдөр цагдаа ирээд хууль бусаар ажилласан гээд экскавартор журамлаж байна гэж ярьсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18/, гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 сарын эхээр цагдаа нөгөө экскаваторуудыг журамласан байна гэхээр нь би ******** руу ярьсан чинь “би давхар хүнд түрээсэлчихсэн байсан юм, тэр нь хууль бус байсан юм шиг байна” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19/, гэрч******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 07 сар гаргаад түрээсийн мөнгөө нэхсэн чинь цагдаад баригдаад журмын хашаанд байгаа гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20/, “...уг талбайд учруулсан байгаль орчны хохирлын үнэлгээ нь 4215209 төгрөг болж байна.” гэх Байгаль орчны зөвлөх “ ******** ” ХХК-ны 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/32 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм” гэх газарт иргэн******* эвдсэн 0,29 га талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ /хэргийн 40-52/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ар гэрийн амьдралын нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.*******д үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, нөхөн төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** ийн *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******** ийн *******д 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 5400000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.*******д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.*******д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, нөхөн төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ