| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2310000000169 |
| Дугаар | 2025/ДШМ/918 |
| Огноо | 2025-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/918
2025 07 30 2025/ДШМ/918
Ж.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тогтох,
цагаатгагдсан этгээд Ж.Г , түүний өмгөөлөгч Б.Цолмон,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2025/ШЦТ/1498 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Тогтохын бичсэн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлээр Ж.Г ид холбогдох 2310000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаатгагдсан этгээд Ж.Г нь 2023 оны 02 дугаар сарын 7-ны шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг Б.Ж ыг “хоол хийдэг цахилгаан тогоо руугаа шээлээ, гал голомтдоо шээсэн” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсэж, түүнийг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, жижиг модон сандлын тавцангаар гар, мөр, гэдэс орчимд нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Ж.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ж.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Г ийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт нийт 26 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Г ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хөнжил 1 ширхэг, гарын мөр 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон номын тасарсан хуудас 2 ширхэг, архины шил 3 ширхэг, тамхины иш 3 ширхэг, дээл 1 ширхэг, сандлын тавцан 1 ширхэг, цагаан цайвар өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, 1 метрийн урттай хүрэн өнгийн мод 1 ширхэг зэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Тогтох бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч “...шүүгдэгч Ж.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн...” атлаа шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн хувьд тодорхойгүй, ойлгомжгүй болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлага хангаагүй, шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасан ял шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үр дагаварт хүргэдэг боловч энэ нь шүүгдэгчийн цагаатгаж шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй юм.
Эрүүгийн 2310000000169 дугаартай хэргийн шүүгдэгч Ж.Г ид холбогдох хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
Шүүгдэгч Ж.Г нь 2023 оны 02 дугаар сарын 7-ны шөнийн 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн хойд эцэг Б.Ж ыг “хоол хийдэг цахилгаан тогоо руугаа шээлээ, гал голомтдоо шээгээд” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, жижиг модон сандлын тавцангаар гар, мөр, гэдэс орчимд нь цохих байдлаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь 4, 5 дугаар хавирганы хугарал, зулай, баруун бугалга, шилбэ, цээжинд шарх, дух, зүүн хацар, шанаа, тохой, шуу, өвдөг, баруун шанаа, мөр, бугалга, тохой, шуу, гуя, өвдөг, шилбэ, тавхайнд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдон хэрэгт авагдсан:
гэрч Д.У гийн мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/, В.Ш гийн мэдүүлэг /1-р хх-ийн 57/, гэрч Ш.Н ийн мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/, гэрч Б.Ц ийн мэдүүлэг /2-р хх-ийн 93/ зэрэг хэрэгт авагдсан доорх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт...” манай аав гаднаас орж ирэхдээ 3 залууд зодуулсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг нэр бүхий 4 гэрч нарын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэн, няцаагдсан байхад 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/1498 дугаартай шүүгдэгч Ж.Г ийг цагаатгах тогтоолд гэрч Д.У , В.Ш , Ш.Н , Б.Ц нарын мэдүүлэгт ямар нэг дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь хууль зүйн дүгнэлт хийх нь харилцан уялдаа бүхий байдал алдагдаж, хууль ёсны байх зарчмыг зөрчих үндэслэл болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т нотлох баримтын агуулга, түүний хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд дүгнэлт хийгдээгүй тэмдэглэл орхигдуулсан байх тул хууль ёсны байх зарчимд нийцээгүй.
Дээрх хуулийн заалт, зохицуулалтуудыг харьцуулан дүгнэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэл бүрэн тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1498 дугаарцагаатгах тогтоолд шүүгдэгч Ж.Г болон амь хохирогч Б.Ж нарын хоорондын хамаарал болон амь хохирогч Б.Ж ы хувийн байдлыг дурдсан, мөн шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгийн талаар бичиж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хууль ёсны байх шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм. Нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг зөрчигдөхөд хүргэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох зарчим нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандарт байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2025/ШЦТ/1498 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ж.Г ийн өмгөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Г ийг 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр 23:00 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хойд эцэг н.Ж ыг хоол хийдэг цахилгаан тогоо руу шээлээ, гал голомтдоо шээлээ гэдэг шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн гэдгийг юугаар нотлоод байгаа юм. Ж.Г Ковид-19 цар тахал гарахаас өмнө эцэг нь архи уучхаад тогоондоо шээгээд гал голомтоо шээлээ гээд гар хүрсэн тохиолдол гэж байсан. Хохирогчийн хэн зодсоныг хохирогчоос өөр хэн ч мэдэхгүй. Өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс Ж.Г ийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн үеэс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа хууль бус явагдаж байна гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч прокурор хүлээж аваагүй.
Прокурор Б.Тогтохын зүгээс мөрдөгч н.Банзрагчид холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, үүнд өмгөөлөгч гомдол гаргаагүй гэж худал ярьж байна. Сэжигтнээр болон яллагдагчаар авсан мэдүүлгийг мөрдөгч н.Банзрагч хуурамчаар бүрдүүлсэн. Энэ нь нотлогдсон байхад мөрдөгч н.Банзрагч “чи аавыгаа зодоогүй гэж худлаа яриад байвал 10 жилийн хорих ял авна” гэж сүрдүүлэхээр нь “би тэгээд юу ярих юм бэ” гэхэд нь мөрдөгч н.Банзрагч “чи аавыгаа зодсон гээд хэлчихвэл сайндаа л 1.000.000 төгрөгөөр торгуулаад гарна” хэмээн түүнийг хууран мэхэлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийг хүн амины хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа хэр нь өмгөөлөгч оролцуулаагүй.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд эрүү шүүлт тулгасан гэх үг, өгүүлбэр байхгүй. Харин хууль зөрчиж сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг авсан байна гэж дурдсан. Өмгөөлөгч миний удаа дараа гаргасан гомдлын дагуу, эсхүл Хан-Уул дүүргийн ерөнхий прокурор 2023 оны 4 дүгээр сард сэжигтэн, яллагдагчаар авсан мэдүүлэг хууль зөрчсөн байна гээд хүчингүй болгож, өөр хүн томилсон.
Прокурорын эсэргүүцэлд гэрчүүдийн мэдүүлэг нь Ж.Г ийн өгсөн мэдүүлэгтэй тохирохгүй буюу гэрчүүд амь хохирогч манай гэрт ямар нэгэн шарх гэмтэлгүй орж ирээд гарсан мэдүүлсэн гэсэн агуулгатай зүйл дурдсан байна. Гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангаж байгаа юм уу. Хуульд зааснаар гэрч үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэрч нараас 3 удаа мэдүүлэг авахад өөр, өөрөөр мэдүүлдэг. Тухайлбал, гэрч н.У эхний мэдүүлэгтээ “амь хохирогч ганцаараа орж ирээд архи аваад гараад явсан”, цагийн зөрүүтэй буюу “эхний мэдүүлэгтээ 11-12 цагийн үед орж ирсэн” гээд 2 дахь мэдүүлэгтээ “11 цагт орж ирсэн”, эхний мэдүүлэгтээ “зүүн хацар нь шалбарсан” гэсэн боловч 2 дахь мэдүүлэгтээ “зүүн талын шанаа”, мөн “тухайн үед манай дэлгүүрээс урагшаа засмал зам ганцаараа гараад явсан” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Мөн эх, охин буюу гэрч н.Ш , н.Н нар амь хохирогчийн ярьсан 3 хүний талаар мэдүүлдэг. Хамгийн сүүлийн шүүх хуралдаан дээр би эхээс нь “3 хүн байсан гэж амь хохирогч хүүдээ хэлсэн. Танайд 3 хүн байсан юм биш үү” гэхэд “н.Ц , н.Р , улаан малгайт н.Ц ” нар байсан гэж хэлдэг. Энэ нь амь хохирогчийн хэлсэн зүйлтэй таараад байна. Улсын яллагчийн зүгээс гэрээс зүгээр гарсан юм чинь Ж.Г зодсон байж таарна гэж таамагладаг. Хэрэв зүгээр гараад явсан бол гудамжинд хүнд зодуулаагүй юм уу. Хоёрдугаарт, амь хохирогч хүүхдэдээ “намайг 3 хүн зодсон” гэж худал хэлсэн юм уу. Ж.Г амь хохирогчийг тухайн хүмүүстэй хамт архи уусныг мэдэх боломжгүй. Тэгэхээр Ж.Г “манай аав 3 залууд зодуулсан” гэж эцгийнхээ хэлсэн зүйлийг ярьсан байна.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч н.Ш гаас “та архи уудаг уу” гэж асуухад “би 2 хүүгээ алдаад архийг байнга уудаг” гэж хариулсан. Гэрч н.Ц “би сэтгэл гутралд ороод н.Ш эгчийнд хэд хэдэн удаа очиж архи ууж байсан” гэж мэдүүлдэг. Тухайн өдөр 5 хүн архи уугаад архиа дуусгаад гарч явсан. Гэрч н.Н “би нөгөө 3 ахтай хамт гараад дэлгүүрийн гадаа очоод би орсон” гэж мэдүүлсэн. Гэтэл гэрч н.Ш анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “би охинтойгоо хамт дэлгүүр орсон” гэж мэдүүлдэг. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын зүгээс хэргийн газар очиход цус болсон байсан, үүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэж дурдсан. Бидний зүгээс хэргийн газарт цус болоогүй гэж маргадаггүй, цус болсон байсан. Ж.Г ийн зүгээс “аав гаднаас цус гоожуулаад орж ирсэн, яасан гэхэд 3 залууд зодуулсан гэсэн. Тэгээд цусаа гоожуулаад яваад байсан. Би аавыгаа цусаа арилгаач гэж загнасан” гэж удаа дараа мэдүүлдэг. Прокуророос хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж байна. Хэргийг буцаагаад согтуу эх, охин хоёрын яриаг дахин яаж шалгах юм, үйл баримтаа санахгүй байгаа хүмүүсийг яаж шалгах юм. Хохирогчийн нас барсан шалтгаан нь архины хурц хордлого. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд гээд бүх зүйлийг дурдсан бөгөөд орхигдуулсан зүйл байхгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ж ын мэдүүлгийг дүгнээгүй гэж байна. Шүүхийн цагаатгах тогтоолд “гэрчүүдийн мэдүүлгээс харахад эцэгтэйгээ өш хонзонтой, эцгийгээ зоддог нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч н.Банзрагч 2 дахь мэдүүлгийг авахдаа хууран мэхэлсэн. Би зодоогүй гэдгээ хэлсэн. Манай эцэг нэг хүүхэн архи булааж зугтаагаад араас нь гараад 3 залууд зодуулчихлаа гээд орой харуй бүрий болсон хойно орж ирсэн. Би эхний мэдүүлэгтээ энэ талаар хэлсэн. Тэгээд 2 дахь удаагийн мэдүүлэгтээ дахин энэ талаар хэлэхэд мөрдөгч н.Банзрагч нь “чи ингэж ярьдаг байхгүй юу заналхийлж чичилж босож ирсэн. Тэгээд дарамталсан, би хууль мэдэхгүй. Би зодоогүй, гар ч хүрч үзээгүй. Ковид-19 цар тахлын өмнө тогоо руугаа шээхээр 1 удаа л гар хүрч байсан. Түүнээс бид хоёрын хооронд тийм зүйл байдаггүй гэж хэлж байсан.
Намайг мэдээ орсон цагаас хойш миний эцэг гэж явж байгаа, сэхээтэн хүн, надад гар хүрч үзээгүй, би ч хүрч үзээгүй. Мөрдөгч түрүүний зүйлээ яриад гарын үсэг зур, чамайг батлан даалтаар гаргаж байна гэхээр нь би суллагдах юм байна бодоод бичсэн зүйл дээр гарын үсэг зурсан. Би суллагдсаныхаа дараа өмгөөлөгчтэй утсаар яриад “та намайг яагаад өмгөөлөхөө больчихов” гэхэд “юу яриад байгаа юм бэ, чамайг өмгөөлөлгүй яах юм, өмгөөлж байгаа” гэж хэлсэн. Тэгээд гомдол гаргасан. Ийм процесс болсон, би эцгийгээ зоддоггүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Г ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд Ж.Г-д холбогдох 2310000000169 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Б.Тогтохын бичсэн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай” прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхээс Ж.Г ийг гэм буруугүйд тооцож, цагаатгах талаар хийсэн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үйл баримт, хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Прокуророос Ж.Г ийг “...2023 оны 2 дугаар сарын 7-ны шөнө 23:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хойд эцэг Б.Ж тайгаа амьдардаг гэртээ, хойд эцэг Б.Ж тайгаа хоол хийдэг цахилгаан тогоо руугаа шээлээ, гал голомтдоо шээсэн гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, ,улмаар түүнийг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, жижиг модон сандлын тавцангаар гар, мөр, гэдэс орчимд нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн үйлдлийг хийсэнд холбогдуулж, шүүгдэгч Ж.Г ийг “В.Ж ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” хэргийг үйлдсэнд буруутгахдаа хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ж ын мэдүүлэг, гэрч Ш.Н , Б.Ш , Б.Ц , Д.У , Д.Б , Т.Б нарын мэдүүлэг, шинжээчийн 535 дугаартай дүгнэлт, шинжээч Б.С гийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ.
Ж.Г-д холбогдуулсан “...хойд эцэг Б.Ж тайгаа “тогоо руугаа шээлээ, гал голомтдоо шээсэн” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн...”, “...улмаар түүнийг түлхэж унагах, хөлөөрөө өшиглөх, жижиг модон сандлын тавцангаар гар, мөр, гэдэс орчимд нь цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн үйл явдлыг нотолж буй гэх
2023 оны 02 дугаар сарын 9-ний өдөр Ж.Г аас сэжигтнээр өгсөн мэдүүлгийг /хэргийн 1-р хавтас 98-100 дахь тал/ шүүх ямар хэрэгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч байгаагаа тайлбарлаагүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэл буюу “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэснийг,
2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Ж.Г аас яллагдагчаар өгсөн мэдүүлгийг /хэргийн 1-р хавтас 133-135 дахь тал/ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэл буюу “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Ж.Г ийн дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн мэдүүлгүүдийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нотлох баримтаар тооцохгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин мөрдөгч дээрх мэдүүлгүүдийг Ж.Г аас авахдаа эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүдэн шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх” заалтыг хэрэглэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан.
Шүүгдэгч Ж.Г ийн сэжигтнээр 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдөр мэдүүлсэн, мөн 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “амь хохирогч В.Ж ыг хоолны тогоо руугаа шээсэн гэх шалтгаанаар түлхэж унагааж зодсон” гэх мэдүүлгийг нотолсон өөр баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Гэрч Д.У , гэрч Ш.Н , В.Ш , Д.Ц нар нь өөрсдийн мэдэх 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хамт байсан цаг хугацаанд В.Ж ы биед гадна харагдах байдлаар шинжээчийн дүгнэлт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд байсан шиг гэмтлүүд учраагүй байсанг мэдүүлсэн байх ба “...хохирогч В.Ж *** дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамжны *** тоотод байх гэртээ хэзээ харьсан болохыг, Ж.Г болон хохирогч В.Ж нарын хооронд ямар харилцаа болсон болохыг, гэрт ямар үйл явдал болсон, хохирогч В.Ж гэртээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр гэмтлийг авсан...” гэж үзэх үйл явдлын талаар мэдүүлээгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ж, гэрч Д.Б, нар нь Ж.Г, В.Ж нарын амьдралын түүх, хоорондын харилцаа, зан байдал, олон хоногоор архи согтууруулах ундаа хэрэглэдэг амьдралын хэв шинжийн талаар мэдүүлсэн байх бөгөөд тэднийг хоорондоо зөрчилддөг, зан байдлын хувьд таарамжгүй байсан гэх нөхцөл байдлыг мэдүүлээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн хийсэн “...шүүгдэгч Ж.Г ийн “амь хохирогч В.Ж ыг тогоо руугаа шээлээ” гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал нотлогдохгүй байх тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, Ж.Г ид холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадваргүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ж.Г ийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг одоо нэмж хийснээр 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөрт болсон үйл явдалд шинээр тогтоогдох баримт, нөхцөл байдал байхгүй буюу:
хохирогч В.Ж ы 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хэдэн цагт гэрээсээ гарсан, аль замаар-замдаа юу хийж яваад Д.У гийн дэлгүүр хүрсэн, дэлгүүрээс гараад аль замаар-хэрхэн яваад Ш.Н тэй таарч гэрт нь очсон, Ш.Н-с гараад аль замаар-хэрхэн явж гэртээ хэзээ харьсан зэрэг үйл явдлын маршрутыг цаг хугацааны хувьд болон зам мөрийн хувьд нэгэнт нөхөн тогтоох боломжгүй,
хохирогч В.Ж ыг хэрэг болсон гэх өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн талаар гэрч Д.У , гэрч Ш.Н , В.Ш , Д.Ц нар зөрүүгүйгээр мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр “...нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. ...” гэж /1-р хх-ийн 63-67 тал/ тогтоогдсон ба В.Ж ы амь хохироогүй байхдаа хэрэглэсэн архи нь түүний биед ямархуу байдлаар нөлөөлсөн, энэхүү хэрэглэсэн архины хэмжээ нь түүний хөдөлгөөн, биеэ авч явах байдалд хэрхэн нөлөөлөх зэргийг нөхөн тогтоох боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд прокурор Б.Тогтохын бичсэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2025/ШЦТ/1498 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Тогтохын бичсэн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ