Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/00372/и |
Дугаар | 001/ХТ2017/00372 |
Огноо | 2017-04-04 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2017/00372
М.Бямбажаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалтай,
М.Бямбажаргалын нэхэмжлэлтэй,
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Бямбажаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан тайлбарт: “2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст нярваар, 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн архивчаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед бүтцийн өөрчлөлт болж Улсын бүртгэл, Статистикийн газар болж өөрчлөгдсөн. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэл статистикийн газрын архивчнаар ажилд эгүүлэн тогтоосон. Намайг шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б/18 тушаалаар ажилд томилсон боловч уг өдрөө Б/19 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А25 тушаалыг үндэслэсэн. Ажил олгогч бие даан шийдвэр гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй учраас дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авсан. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай 2 тушаал байгаа. Тушаал дээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, А25 дугаартай тушаалыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байна. Орон тоо цомхтгосон бол ажилтанд урьдчилан мэдэгдэж, тушаалыг гардуулан, ажлыг хүлээж авах ёстой. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрээр ажилд авсан дүр үзүүлсэн боловч энэ хүнийг ажилд авахгүйгээр дараагийн тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах тухай тусгасан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтаныг өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь авна гэж заасан. Өмнө нь эрхэлж байсан орон тоо цомхтгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд томилон ажиллуулах үүрэгтэй. Нэхэмжлэл гаргасан огноо 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэдэг ч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа тул энэ нэхэмжлэлийг хугацаандаа гаргасан гэж үзэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. Ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан. Мөн А25 дугаартай тушаал хүчингүй болсон. Аливаа байгууллагын нэршил, байршил өөрчлөгдсөн нь ажилтны ажлын байранд нөлөөлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдоогийн гаргасан хариу тайлбарт: “Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэстэй нэгдэх тухай 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан тогтоол байдаг. Дарга С.Чинзориг манай 3 архивчийг мэргэжлийн бус байна гэж үзсэн учраас ажлаас нь чөлөөлсөн. М.Бямбажаргал шүүхээр явж 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад ажилд аваагүй вэ гэдгийг нь би мэдэхгүй байна. 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл М.Бямбажаргалыг ажилд аваагүй нь үнэн. Уг өдөр ажилд аваад ажлаас чөлөөлсөн шалтгаан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас аймгуудын Улсын бүртгэл, Статистикийн хэлтсийн ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж холбогдох тооцоог хийж дуусгахыг даалгасан албан тоот ирсэн. Өмнө нь 3 архивч байсан бол шинэ бүтцээр 2 орон тоо болж ирсэн. Хуулийн этгээд дээр өмнө нь архивч байдаггүй байсан. Тухайн үед байсан удирдлагууд архивч байх хэрэгтэй гэж үзээд орон тоо нэмэгдүүлж М.Бямбажаргалыг авсан. Төсөв санхүүтэй холбоотойгоор ачаалал багатай орон тоог хассан. Ажилгүй болсон учраас 2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буюу 993.824 төгрөг олгохыг зөвшөөрч байгаа. Ажлын байр нь байхгүй учраас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1.021.274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбажаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулж, улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, тус тушаал гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.Бямбажаргалын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Бямбажаргал нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 29.060 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Бямбажаргалыг тус газрын хуулийн этгээдийн бүртгэлийн архивчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.870.608 төгрөг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.” 2 дугаар заалтыг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.Бямбажаргалын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газарт даалгасугай.”, 3 дугаар заалтын “29.060” гэснийг “60.879” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдоогийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. …Нэхэмжлэгч өөрийн ажлаас чөлөөлсөн тухай Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг мөн оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан. М.Бямбажаргал нь ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг үл зөвшөөрч, Дархан- Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэл, статистикийн газрын даргын /хуучнаар/ 2016 оны 08 дугаар сарын 19 ний өдрийн Б/19 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “...", энэ хуулийн 129.3-т “...", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “...” гэж тус тус заасан. ...анхан шатны шүүх нь нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаанд нэхэмжлэлээ өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1481 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч үл зөвшөөрч ...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дүгнэж үзэхэд: ...шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчин хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад хэрэг үүсгэн шийдвэрлэсэн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлал, нэхэмжлэгчийн хүсэлт, гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч М.Бямбажаргал нь хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\19 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулах, хуулийн этгээдийн архивчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, архивчийн орон тоо хасагдаж, ажлын ачааллыг харгалзан хуулийн этгээдийн улсын бүртгэгчид, хуулийн этгээдийн архивчийн ажлыг давхар хариуцуулж, өмнө нь 3 архивч байсныг 2 болгож цөөрүүлсэн, цалинг тухайн буруутай албан хаагчаас нэхэмжлэх, цомхотголд хамрагдаж байгаа Төрийн үйлчилгээний албан хаагчдад 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох бололцоотой гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Бямбажаргалыг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б\12 тоот тушаалаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг шүүхэд гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 942 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.393.907 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Харин шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б\18 тоот тушаалаар нэхэмжлэгч М.Бямбажаргалыг ажилд нь буцаан томилсон боловч мөн өдрөө Б\19 тоот тушаал гаргаж, түүнийг ажлаас чөлөөлөхдөө Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А\25 тоот тушаалыг үндэслэжээ.
Дээрх А\25 дугаар тушаалд, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан “Аймаг, нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. /хх- 8/
Дараа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4\9679 дүгээр “Чиглэл хүргүүлэх тухай" албан бичигт тус газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай" А\25 дугаар тушаалаар ...ажиллаж буй төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, албан хаагчдын цалин хөлс болон холбогдох бусад асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг чиглэл болгосон тухай баримт хэрэгт авагджээ. /хх-12/
Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аймаг, Нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б/37 дугаар тушаал гарч, хавсралтаар хуулийн этгээдийн архивчийн орон тоо хасагдсан гэж хариуцагч тайлбарлах боловч нэхэмжлэгчийг энэ тушаал гарахаас өмнө ажлаас чөлөөлсөн байна. /хх-22/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг хэзээ өгсөн нь тодорхойгүй байхад хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халсан тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх” үүргээ хариуцагч хэрхэн хэрэгжүүлснээ нотолсон тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг үндэслэж байгаа талаараа тушаалдаа тодорхой заах үүрэгтэй ба хууль баримтлаагүйг хуульд заасан үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн" бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн..." байхаар хуульчилсан байдаг.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар М.Бямбажаргалыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалыг үндэслэн, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох тухай чиглэлийг өгсөн байхад М.Бямбажаргалыг үүний дагуу ажлаас халсан тушаалыг хүчингүй болгоогүй, ажилд нь эгүүлж томилоогүй, мөн ажилтныг ажилд нь буцаан тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ дүр үзүүлж ажилд томилж, ажлаас чөлөөлөх гэх зэргээр нэг өдөр хоёр өөр тушаал гаргасан, 2016 оны Б/19 дүгээр тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН