Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0328

 

2018 оны 06 сарын 07 өдөр   

  Дугаар 221/МА2018/0328

Улаанбаатар хот

 

 

О.Д-ын нэхэмжлэлтэй

                       захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч О.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 113/ШШ2018/0007 дугаар шийдвэртэй, О.Д-ын нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 113/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “О.Д-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгч О.Д давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Үндэсний аудитын газраас ирсэн 183 дугаар албан бичгээр данс хаагаагүй, гүйлгээ хаахыг мэдэгдсэн байсан байна. Гэтэл төрийн сангийн үйл ажиллагааны журмын данс хаах заалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тухайн журамд аудитын шаардлага буй албан бичгийг үндэслэн дансны гүйлгээг хаахыг хориглосон заалт байхгүй. /7,13/Төрийн сангийн үйл ажиллагааны 24 дүгээр журамд данс хаах эсэхийг төв төрийн сан шийдвэрлэн данс хаасан шийдвэр гаргаж хариу мэдэгддэг. Мөн хаагдсан данснаас гүйлгээ хийгдэх боломжгүй байдаг. Гэтэл дээрх үндэслэлээр арга хэмжээ авсныг шүүх нягтлан үзэлгүйгээр зөвтгөн шийдвэр гаргасан байна. Байгууллагын 7 хоногийн 1 дэх өдрийн өглөө хийдэг шуурхай дээр Санхүүгын албаны дарга У.Чулуунцэцэг “аймгийн Үндэсний аудитын газраас ОНХсан болон Эрүүл мэндийн төвийн дансыг хаах бичиг ирсэн” гэж мэдэгдсэнийг төрийн сангийн мэргэжилтэн надад хандаж албан ёсоор үүрэг даалгавар өгсөн хэмээн үзэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан үндэслэлгүй юм. Засаг даргын Тамгын газрын дотоод журамд шуурхай дээр яригдсан аливаа зүйлийг Тамгын газрын дарга албажуулж үүрэг даалгавар өгөх ёстой. Гэтэл Тамгын дарга данс хаагдсан гүйлгээ хийхгүй шүү гэж үүрэг даалгаврыг надад өгч албажуулаагүй учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчөөгүй. Миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу ЭМ төвийн бүртгэлийн дансаар орлого, зарлагын гүйлгээг төрийн сангийн системд бүртгэн гүйцэтгэж, хяналт тавьсан бөгөөд ажлын байрны үндсэн зорилтын 2, 3.1-д заасан чиг үүргийг хийж гүйцэтгэсэн. Гагцхүү аймгийн Үндэсний аудитын газраас ирсэн албан бичгийг надад албан ёсоор үүрэгжүүлж, албажуулж өгөөгүй бөгөөд Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу бүгдийг шалгаж, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан.

              Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн эрүүл мэндийн төвийн дансыг хаасан тухай шийдвэрийг үл хайхран, хариуцлагагүй хандаж, хаалттай дансны гүйлгээг хийсэн зэрэг зөрчил гаргасан гэж үзэн О.Д-т албан тушаалын үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Анхан шатны шүүх О.Д 2017 оны 10 дугаар 30-ны өдөр Эрүүл мэндийн төвийн данснаас гүйлгээ хийсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн төдийгүй ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй буюу албан үүргээ биелүүлээгүй тул түүнд томилох эрх бүхий албан тушаалтан болох Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлтэй талаар зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.2-т “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заасантай нийцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.13-т зарлагын гүйлгээ гаргахыг хориглосон тохиолдлуудыг журамласан бөгөөд уг зохицуулалтад төрийн сангийн бүртгэлийн дансыг хаасан тохиолдолд гүйлгээ хийхийг хориглосон заалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 5.4-т заасан 4 нөхцөлөөр төрийн сангийн бүртгэлийн дансыг хаасан тохиолдолд ямар нэгэн гүйлгээ хийх боломжтой гэж үзэхгүй.

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар албан бичгээр тухайн сумын орон нутгийн хөгжлийн сан, эрүүл мэндийн төвийн бүртгэлийн дансны гүйлгээг хаасан талаар Шивээговь сумын Санхүүгийн албаны даргад мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...журамд аудитын шаардлага буюу албан бичгийг үндэслэн дансны гүйлгээ хаахыг хориглосон заалт байхгүй. Харин журамд данс хаах эсэхийг төв төрийн сан данс хаасан шийдвэр гаргаж хариу мэдэгддэг” хэмээн дурдсан ч дээрх 183 дугаар албан бичиг хууль бус гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байхгүй төдийгүй тухайн асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж маргаагүй тул уг гомдлыг хүлээн авахааргүй байна.

Мөн нэхэмжлэгч “...данс хаасан талаар мэдэгдсэн бичгийг надад албан ёсоор үүрэгжүүлж, албажуулж өгөөгүй бөгөөд Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу бүгдийг шалгаж, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан” хэмээн давж заалдах гомдолдоо дурдсан ч Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 183 дугаар албан бичгийг Шивээговь сумын Санхүүгийн албаны дарга хүлээн авч Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөгөөний хуралд танилцуулсан нь тус хурлын тэмдэглэлээр нотлогдох бөгөөд тэрхүү хуралд нэхэмжлэгч О.Д оролцжээ.

Хэдийгээр данс хаасан талаар мэдэгдсэн 183 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулан үүрэгжүүлээгүй ч дээрх шуурхай зөвлөгөөний хурлаар данс хаасан талаар мэдсэн тул түүнийг Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан төсвийн байгууллагын орлого, зарлагын гүйлгээг төрийн сангийн системд бүртгэж гүйцэтгэх, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэх зөрчлийг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 113/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.5   дахь  хэсэгт  зааснаар  давж  заалдах  шатны  шүүх   хэрэг   хянан

шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                 О.НОМУУЛИН

          ШҮҮГЧ                                                                Ц.САЙХАНТУЯА