Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 115/2019/0018/з |
Дугаар | 105 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 105
У.Ц-ын нэхэмжлэлтэй,
ДГА-ийн ЦГД-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Б.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “У.Ц-ыг албанаас халах тухай” Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэрээр: Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, 81.4.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Ц-ын Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан тус Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “У.Ц-ыг албанаас халах тухай” Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн бага, дунд цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 5.2.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Албанаас чөлөөлөх, халах журам”-ын 911.6.1, “Сахилгын шийтгэл ногдуулах” журам, мөн даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын даргын тушаал гаргах журам”-ын 136.4.2-ын “б” дэх заалтыг тус тус үндэслэл болгосон.
4. Дээрх тушаал нь хуульд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалтныг ажлаас халахын тулд холбогдож болох бүх хууль зүйн актыг үндэслэл болгож болохгүй. Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуульд тус тус нийцсэн, ажилтны хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх ёстой байтал энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Жишээ нь: шүүхийн шийдвэрт “мөн маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдалд хамааралгүй, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.15 дахь заалтыг баримталсан нь буруу бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... ёс зүйн дүрэм нь цагдаагийн байгууллагаас тогтоосон үйл ажиллагааны журамд хамаарах тул дээрх 12.15 дахь заалтыг давхар баримталсан” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэр гаргахдаа эдгээр алдааг харгалзан үзээгүй.
5. Мөн маргаан бүхий тушаал нь захиргааны акт учраас тэрхүү актыг гаргахад Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-нд хамаарах байсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-г хэрхэн явуулсан талаарх баримт байхгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан талаарх баримт бичиг байхгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, мөн хуулийн 27.3.2-т зааснаар захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт зэргийг нэхэмжлэгч мэдээгүй байна.
6. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах эрхийг, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхийг ноцтой зөрчсөн учраас нэхэмжлэгч гомдол гаргасан Баярмаа гэгчийн “би даргатай чинь уулзсан, 3 сая төгрөг надад өгөхгүй бол чамайг комисс томилж шалгаад ажлаас чинь халуулна” гэж дарамталсан үйлдлийн ашиг сонирхлыг нягтлан шалгаж амжаагүй.
7. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Нөгөөтэйгүүр, сонсох ажиллагааны зорилго нь тухайн шийдвэрийг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг буюу тодруулбал, нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргасан үйл баримтыг тогтооход чиглэгдэнэ” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Угтаа бол сонсох ажиллагааны гол үзэл баримтлал нь тухайн зөрчил гаргагч этгээд эрхээ хамгаалах хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж байсан эсэх, Захиргааны байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан эсэх нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.
8. Мөн нэхэмжлэгч У.Ц-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон тухайн зөрчлийг хавтаст хэрэгт авагдсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны болон албаны шалгалтын материалаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд судалж үзэхдээ үр дагавар, хор уршгийг хэрэгт авагдсан нотлох баримтгүйгээр, хийсвэр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, төрийн тусгай албан хаагчийн нэр хүнд ашиг сонирхолд ямар хор уршиг учирсан болохыг тогтоосон баримт байхгүй.
9. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр сарын 40.2.5 дахь хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах хуулийн шаардлагыг хангаагүй байхад шүүх Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг хуулийн дагуу гарсан гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
10. Иймд, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгч У.Ц-аас “Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “Зөвлөлийн хурлын гишүүдийн санал болон зөвлөлийн хурлын шийдвэрийг үл харгалзан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй, шийтгэл нь хүндэдсэн бөгөөд эрх зүйн байдлыг дордуулсан, сонсох ажиллагаа явуулаагүй, тушаалын зүйл заалт тушаалын агуулгатай зөрчилдсөн” гэж тайлбарлажээ.
13. Маргаан бүхий Б/102 дугаар тушаалаар “У.Ц- нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, иргэн Д.Баярмаагийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан” гэж үзэн, цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, цагдаагийн дэд ахлагч цолыг хураасан байна.
14. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.5-д “цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж цагдаагийн алба хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул хариуцагчаас маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчилд холбогдуулан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм болон Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан “тухайн харилцааг зохицуулсан тусгай хууль байгаа бол түүнийг хэрэглэх” хууль хэрэглээний ерөнхий зарчимд нийцсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эрх зүйн үндэслэлгүй тушаал байсан, хамааралгүй хууль хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
15. Нэхэмжлэгч У.Ц-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.2-т “Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-т “Өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх” гэх үндэслэлээр буруутгасан байх бөгөөд хэрэгт цугларсан зөрчил шалгах ажиллагааны нотлох баримт, илтгэх хуудас, гэрчийн мэдүүлгээр, нэхэмжлэгч нь “2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Баярмаагийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан” гэдэг нь тогтоогдсон, ямар нэгэн бодитой хохирол учирсан байхыг шаардахгүй юм.
16. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үр дагавар, хор уршгийг хэрэгт авагдсан нотлох баримтгүйгээр, хийсвэр дүгнэсэн, төрийн тусгай албан хаагчийн нэр хүнд ашиг сонирхолд ямар хор уршиг учирсан болохыг тогтоосон баримт хэрэгт байхгүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
17. Цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй байх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд “албан үүргээ гүйцэтгээгүй байсан, алгадаагүй түлхсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, бусадтай зохисгүй харьцсан байдал нь цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшлах үйлдэл мөн байна.
18. Мөн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралд нэхэмжлэгчийг биечлэн оролцуулж холбогдох тайлбарыг авсан байх тул “маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, сонсох ажиллагааг явуулсан талаарх баримт бичиг байхгүй” гэх гомдлыг хангах боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хуралдаанд тайлбар гаргах боломжоор бүрэн хангагдаагүй” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч нь зөрчил шалгах ажиллагааны явцад тайлбар хэлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.
19. Иймд, дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 115/ШШ2019/0020 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ