Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 00001

 

   Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би “Буган-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1/2448 дугаартай мэдэгдлээр “Буган-Орд” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож “нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-г нэг талын санаачлагаар цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/440 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол болон нөхөн төлбөр нийт 212.686.500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хэргийн оролцогч нарын ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: ”Буган-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: 1. Аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А/440 дугаар “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгох төсөл сонгон шалгаруулалт зарлах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. 2. Нийт 212.686.500 төгрөгний нөхөн олговор нэхэмжилснээс хариуцагч тал 55.686.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, үлдэгдэл 157.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “Буган-Орд” ХХКомпани татгалзан тус тус эвлэрэн хэлэлцэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, эвлэрлийг баталж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            “Буган-Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дурын үндсэн дээр харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзах замаар эвлэрэн хэлэлцсэн байна. Ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2016/0028/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.4, 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Буган-Орд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун төгрөг/ гаргуулж, нэхэмжлэгч “Буган-Орд” ХХК-д олгосугай.

            3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА