Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 211

 

Н.Од холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                     

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 46 дугаар магадлалтай, Н.Од холбогдох 1907001240072 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ж овогт Н.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Оын өмгөөлөгч Д.Даваадорж, Ө.Учрал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж нар хамтран гаргасан гомдолдоо: “Өмгөөлөгч Д.Даваадорж, Ө.Учрал бид Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай буюу гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэргийг тогтоож хэргийг шийдвэрлэх байтал хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгоо хийж эхэлсэн, эхлэх гэж байгаа үйлдэл үзүүлээгүй, хохирогчийн хууль бус үйлдэл, аюултай дайралтаас өөрийгөө хамгаалсан гэх үйл баримт тогтоогдохгүй гэсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Н С /N S/ нь Н.Оын сэтгэл санаа, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь халдсан, дарамт учруулсан буюу тухайн цаг хугацаанд Н.О руу чиглэсэн энэхүү үйлдэл нь үргэлжилсэн, төгсөөгүй байсан. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн этгээдийг тулгарсан довтолгоон эхлээгүй байхад аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх нь учир дутагдалтай гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүх "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг гарсан цаг хугацаанд Н.О нь Н С /N S/-д зодуулсан, мөн Н С нь Н.Оыг “гэрлэлт цуцлуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, буцааж авахгүй бол чиний нүцгэн зураг, бичлэгийг нийтэд тараана" гэж сүрдүүлсэн тухай мэдүүлсээр байхад Н Сийн хийсэн дүрс бичлэг /компьютер болон hard disk/, гар утас зэргийг хураан авч үзлэг хийж, хэрэгт нотлох баримтаар бэхжүүлээгүй нь мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүх "Мөрдөн шалгах ажиллагааны үед камерын бичлэгийг бүрэн эхээр нь аваагүй гэж дүгнэх боломжгүй" гэж хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

Өөрөөр хэлбэл Н.О нь “Биеэ хамгаалах зорилгоор нулимс асгаруулагчийг авсан” гэж мэдүүлсээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.3, 1.6-д заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал хэлсэн саналдаа: “...Хэрвээ шүүх аргагүй хамгаалалт биш гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.О нь өөрийн нөхөр болох Австри улсын иргэн Н Слын нүд рүү бие хамгаалах тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хийг цацаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

Гэмт хэрэг гарах үед хохирогчийн зүгээс шүүгдэгчийн биед халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгээр нотлогддог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Н.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, 80 дугаар байрны 30 тоотод өөрийн нөхөр болох Австри улсын иргэн Н Стай маргалдах үедээ түүний нүд рүү бие хамгаалах тусгай хэрэгсэл болох нулимс асгаруулагч хийг цацаж эрүүл мэндийг түр сарниулах гэмтэл учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шүүгдэгч Н.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэрэг гарахад гэр бүлийн баталгаа бүхий шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа нөлөөлсөн хэдий ч шүүгдэгч Н.Оын хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд түүний үйлдэлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “…амьд явах, халдашгүй чөлөөтэй байх…” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой тул Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдөж, гэмт хэрэгт тооцдоггүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлдӨөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй ба аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан хэдий ч нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч Н Сын зүгээс Н.Оын амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар халдаагүй, эсхүл аюултай аргаар довтлохоор завдаагүй байхад шүүгдэгч Н.О нь эхэлж хүч хэрэглэж хохирогчийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх тул түүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх, өөрөөр хэлбэл гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж байхгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд шүүгдэгч Н.Од холбогдох хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байжээ.

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Н.Оыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 46 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, Д.Даваадорж нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР