| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00043/И |
| Дугаар | 315/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2026/00110
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 багийн Дөрвөлж гудамжны 700-7 тоотод оршин суух, утас 94874500, Чулуунбаргын *******ын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 багийн Дөрвөлж гудамжны 700-7 тоотод оршин суух, утас 96510966, Должингийн *******т холбогдох
хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* бид хоёр 2004 онд танилцаж, хамт амьдрах болсон. 2005 онд охин *******, 2016 онд хүү ******* нарыг төрүүлсэн. ******* өмнө нь гэрлэлттэй байсан учраас бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, 11 жил хамтдаа амьдарч байна. Хүүхдүүд минь надаар овоглодог. *******той анх танилцахад л архи уудаг байсан. Амьдрал зохиож, үр хүүхэдтэй болохоороо гайгүй болох байх гэж итгэж байсан боловч архи уухаа болиогүй. Архины эмчилгээнд хүртэл явуулж байсан боловч засраагүй. Ажил хийж орлого олдоггүй, хааяа хүн дагаж хөдөө явж олсон мөнгөөрөө архи л ууна. Ар гэр, үр хүүхдээ тэжээн тэтгэдэггүй, бид нарт ямар ч нэмэр болдоггүй, үр хүүхдэдээ ямар ч хайр энэрэл байхгүй. Хүүхдүүд нь та архиа боль гэж хэлдэг ч архиа ууна л гэж хэлдэг. Цаашдаа хүүхдүүдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлөх тул хамтдаа амьдрах боломжгүй байна.
Иймд Д.*******ыг 2005 онд төрсөн охин *******, 2016 онд төрсөн хүү ******* нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдүүдэд минь эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Ч.******* миний бие нөхөр Д.*******т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бид ярилцаад эвлэрсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА