| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0289/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/308 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/308
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч ********
Шүүгдэгч ******** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 1818006130342 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 08 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** 1986 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 18 дугаар байрны 09 тоотод өөрийн төрсөн дүү болох ******** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 18 дугаар байрны 09 тоотод өөрийн төрсөн дүү болох ******** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний дүү ******** нь хэрэг гарахаас 3 өдрийн өмнөөс эхлэн намайг “2 хүүхдээ аваад зайл” гэж хөөж эхэлсэн. Хэрэв би орох оронтой байсан бол 2 хүүхдээ аваад явна шүү дээ. ******** нь байнгын 2 хүүхдийг минь “наад 2 шээсээ аваад зайл" гэж хэлдэг, орой харанхуй болохоор 2 хүүхдийг минь гадаа хөөгөөд гаргачихдаг. Ер нь бол тиймэрхүү асуудлаас болж би ******** г зодсон. Манайх аав, ээжийн өмчлөлийн 1 өрөө байранд амьдардаг бөгөөд ******** нь гэр орноо цэвэрлэхгүй, завааруулж, хөглөрүүлж хаячхаад гараад явчихдаг. Би дүүгийнхээ гаргасан үйлдлийг бодохоор дэндүү гомдож байна. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч ******** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… ******** намайг байнгын “зайл, гичий, янхан” гэж элдвээр дууддаг. Гэртээ ороход байнгын хэрүүл маргаан хийдэг учраас би гэртээ орох дургүй. Би архи уудаггүй, хамгийн ихдээ 4 пиво уудаг. Би гэртээ 4 пиво ууж орсон нь үнэн. ******** намайг элдвээр хэлж, би тэсэхээ байгаад өөрийнх нь хэлсэн үгийг өөрт нь хэлдэг. Өөр хэлэх зүйл байхгүй.
…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би яг зодоон болох үед нь хажууд нь байгаагүй ээ. Харин уг зодоон болсоны маргааш нь ******** эгч манай гурван шард байдаг хөдөө гэрт ирсэн бөгөөд ******** нь өөрөө манай ах ******** , ээж ******** бид гурав байхад өчигдөр өглөө 09-10 цагийн үед хуучин хорооллын 18-09 тоот гэрт байхад ******** намайг зодсон гэж хэлж байсан. Ингэж зодуулснаас болж толгойнх нь ар дагз хагарч гурван оёдол тавиулсан гээд харуулсан. Мөн түүний баруун гуяны гадна тал, баруун хөлийн шилбэний гадна талд бага зэргийн хөхөрч, цус хурсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Тухайн өдөр ******** толгойнхоо ар хэсгийг гараараа оролдоод байсан бөгөөд түүний гарын хуруу нь цус болоод байсан. Бөөлжих гээд огиулаад байсан. Тэгэхээр нь би түүнийг эгчдээ бага зэрэг зодуулах нь зүгээр гэж бодоод юм дуугараагүй. Тухайн өдөр ******** нь ******** эгч намайг зодсон гэж хэлж байсан. Тэгэхдээ яг зодоон болох үед хуучин хорооллын гэрт тэр хоёроос өөр хүн байгаагүй. Манай бага охин ******** нь өөрөө их ааштай охин байгаа юм. Эгч ******** нь 1 жилийн өмнө нөхрөөсөө салсан бөгөөд одоо 5 настай охин, 3 настай хүүтэй юм. Тэгээд эгч ******** нь дүү ******** гэрээ цэвэрлэсэнгүй гээд шаардлага тавихаар үгэнд нь орохгүй чи өөрөө хоёр хүүхдээ аваад зайл гээд байдаг юм. Энэ талаар тухайн зодоон болохоос 1-2 хоногийн өмнө “хоёр хүүхдээ аваад зайл гэж ******** намайг хөөж элдвээр хэллээ” гэж ******** надад хоёр удаа хэлж байсан. Эгчийнхээ өөдөөс хэрүүл хийж хөөж туугаад байхаар нь аргагүй эрхэнд л эгч нь түүнд гар хүрсэн байх. Түүнийг сайн хаширтал нь зодох нь зөв л гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-“.. ******** нь толгойн ард язарсан шархтай, шилбэ, сарвуунд арьс шалбарсан.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 18/,
- ******** гийн биед тархи доргилт, хуйхны шарх, баруун сарвуу, баруун хөлийн шилбэн дэх зулгаралт, баруун гуя, зүүн сарвуу, 2 хөлийн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ******** гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/,
-“ ******** ын биед баруун гуя, зүүн гуян дахь цус хуралт, зүүн бугалган дахь зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 825 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 35-36/,
-Хохирогч ******** гийн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх баталгаа /хэргийн 65/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч ******** нь шүүгдэгч ******** ын төрсөн дүү учир Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч ******** ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******** гийн эрүүл мэндэд “тархи доргилт, хуйхны шарх, баруун сарвуу, баруун хөлийн шилбэн дэх зулгаралт, баруун гуя, зүүн сарвуу, 2 хөлийн шилбэний цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ******** ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******** гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 21/ нотлогдож байх бөгөөд хохирогч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******** нь нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******** тоотод өөрийн төрсөн дүү болох ******** тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 35-36/, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 795 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/, болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******** ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ******** ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч ******** ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** ******** ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******** ийн ******** ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч ******** ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ******** ад анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ