Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/37

 

 

                               Б.Г-т холбогдох

                                эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

   прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Г-т холбогдох, 2535000050047 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Б-н Г,

1. Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Х.Г-ийн эзэмшлийн “Toyota Corolla” загварын, х улсын дугаартай автомашин жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн төвийн баруун талын замын гэрэлтүүлгийн шон мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Н.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор:

    - шүүгдэгч Т ургийн овогт Б-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

     - шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

     - Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с 4,562,034.5 төгрөгийг, иргэний хариуцагч Х.Г-с 4,562,034.5 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

    - иргэний нэхэмжлэгч Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

    - шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

    4. Прокурор Э.Цэвээнгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Б.Г-ыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: “хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэж тус тус заасан.

    Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв” гэсэн дүгнэлт хийсэн атлаа тогтоолын тогтоох нь хэсэгт шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тусгаагүй байна.

    Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тодорхой тусгаж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

   Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

     5. Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  гомдол гаргаж байна. Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулахаар давж заалдаж байна.

     Анхан шатны шүүхээс Б.Г нь 2024.11.15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Х.Г-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөн зөрчсөний улмаас Улаангом сумын 12-р багийн гэрэлтүүлгийн шон мөргөж, зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинд зорчиж явсан хохирогч Н.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцогдож, ЭХ-ийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

     Шүүгдэгч Б.Г нь Э.М 10 настай, Э.М 6 настай, 2 хүүгийн хамтаар амьдардаг ба эхнэр Э-тэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй амьдарч байсан ба тусдаа амьдраад удаж байгаа, 2 хүү нь ээжээрээ овоглогддог ч аав Б.Г-ын асаргаанд амьдардаг, одоогоор авга ах, бэргэн эгчийн асран хамгаалалтад түр харгалзан дэмжүүлж байна. Б.Г-ыг шийтгэх тогтоолоор цагдан хоригдсоноос хойш 2 хүү эцгийгээ санаад сэтгэл санааны хувьд хүнд байгаа ба Б.Г-ын ах дүү нар нь шийтгэх тогтоолоор ЭМД-ын санд нөхөн төлүүлэхээр гаргасан 4.562.034.5 төгрөгийн төлбөрийг Б.Г-ын нэрийн өмнөөс төлсөн байгаа.

     Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж байгаа хувийн байдал болон хүүхэд хамгааллын эрх зүйн байдлын хүрээнд Б.Г-т оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэжээ.

     6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгахаар хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, түүнд эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэсэн дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгт нь шүүгдэгч Б.Г-т холбогдуулан оногдуулсан хорих ялыг эдлэх хорих байгууллагын дэглэмийг тусгаагүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна.

     Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна” гэжээ.

     7. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч Б.Г нь 6, 10 насны 2 хүүхдийнхээ хамт амьдарч байсан. Хувиараа гэрийн мод хийж амьжиргаагаа залгуулдаг. 2 хүүхэд нь эцэг Б.Г-р албан ёсоор овоглодоггүй боловч аавынхаа асран хамгаалалтад амьдарч байсан. Б.Г-ыг цагдан хоригдсоноос хойш 2 хүүхэд нь хүүхдийн байгууллагын түр хамгаалах байранд хэд хоног байрласан, энэ хугацаанд аавтайгаа хамт баймаар байна гэдгээ илэрхийлж байсан. Одоогийн байдлаар Энхтуяа гэх эгчийнхээ хажууд байгаа боловч тэнэж явсан байдалтай байгаа.

     Б.Г нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нь түүний ээж, ах дүү нар нийлж төлсөн, мөн цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, эсхүл тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналтай байна” гэжээ.       

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Б.Г-т холбогдох, 2535000050047 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

    2. Шүүгдэгч Б.Г  нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ х улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, тус автомашинд зорчиж явсан хохирогч Н.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

    - хохирогч Н.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Х.Г-ийг машинаараа гэр лүүгээ харих гэж байна гэж бодож машинд нь суусан. Намайг автомашинд орж суухад Б.Г жолооны ард суучихсан байсан. Жолоочийн хажуу талд Х.Г, арын суудалд Г.А бид хоёр суусан. Манай хашааны гаднаас Б.Г ах жолоо барьж хөдлөөд хар зам руу гараад 12 дугаар багийн төвийн дээд талын хар зам дээр шон мөргөж зогссон. Би түр зуур ухаан алдаад сэргэхэд миний баруун талын мөр мултарчихсан байсан. Мөн цагдаагийн алба хаагч, эмч нар ирчихсэн байсан. Миний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-66 дугаар тал/,

     - гэрч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед А гэх залуутай хамт хорооллын гудамжинд явж байгаад Б.Г ганцаараа алхаж явахтай нь таарсан. Тухайн үедээ Б.Г архи уусан эсэх нь мэдэгдэхгүй байсан. Би Б.Г-ыг автомашиндаа суулгатал Жигжид гэх хүний гэр лүү намайг дагуулаад явсан....Н.Ж-ийн гэрийн гаднаас Б.Г миний автомашиныг жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Харин арын суудалд Г.А, Н.Ж 2 сууж явсан. Н.Ж-ийн гэрийн гаднаас хөдлөөд хар зам дээр гараад 12 дугаар багийн төвийн ойролцоо ирээд Б.Г замын эргэлттэй хэсэгт замын баруун тал руу гарч, гэрлийн шон мөргөсөн. Б.Г бид хоёр автомашинаас хамт буугаад би Б.Г-т хандаж, “чи автомашин жолоодож яваад шон мөргөчихлөө” гэж хэлэхэд тэр ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин автомашин дотор байсан Н.Ж босож чадахгүй “ёо ёо” гээд байсан. Би 103-т дуудлага өгч, эмнэлгийн машинд суулгаад явуулсан. Тухайн үед Б.Г архи уусан эсэх нь мэдэгдэхгүй байсан, би түүнийг архи уугаагүй гэж бодоод жолоо барихыг зөвшөөрсөн, мөн тэр өөрөө машин жолоодно гээд жолоодсон юм. Түүнийг машин барьж явахад саад учруулсан хүн байхгүй. Г бид 2 суудлын бүсээ зүүсэн байсан. Тухайн үед Г-ын унаж явсан х дугаартай автомашин нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар тал/,

    - гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 11 дүгээр сарны 15-ны өдөр Х.Г манай дүүгийн гэрт ирсэн. Х.Г бид хоёр автомашинтай дүүгийн гэрийн гаднаас хөдөлж байтал авга Б.Г таарсан юм. Тухайн үед Н.Ж, Х.Г бид 4 хамт байсан юм. Н.Ж-г гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Н.Ж-ийн гэрт ороод 0.5 литрийн нэг архи гаргаж ирээд задлалгүй Н.Ж-д үлдээгээд, “та наад архи уугаад амарчих” гэж хэлээд бид 3 тэдний гэрээс гараад автомашиндаа суусан. Харин тэгтэл Н.Ж гэртээ үлдэхгүй, бид гурвын араас гарч ирээд автомашины арын суудалд орж суусан. Автомашин хөдлөхөд Б.Г ах “би автомашин жолоодно” гэж хэлээд жолооны ард суусан. Харин жолоочийн хажуу талын суудалд Х.Г сууж, арын суудалд Н.Ж бид хоёр суусан. Б.Г ахын банз авах гэж байгаа айл руу явсан юм. Хар зам дээр гарч ирээд 12 дугаар багийн төвийн ойролцоо, эргэлттэй зам дээр Б.Г ах баруун тал руу замаас гарч, гэрлийн шон мөргөж осол гаргаж зогссон. Авга ах Б.Г, Х.Г хоёр автомашинаас бууж, Н.Ж-ийг автомашинаас буулгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар тал/,

    - зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-16 дугаар тал/,

    - эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тухай тэмдэглэл, согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6, 34 дүгээр тал/,

    - Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

    - Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 44 дүгээр: “Н.Ж-ийн биед хүзүүний 2 дугаар нугалмын их бие болон баруун талын үе дайрсан зөрүүгүй хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэн зөрүүтэй хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэн зөрүүтэй хугарал, 6 дугаар нугалмын зүүн хажуу массын зөрүүгүй хугарал, 6 дугаар нугалмын хагас мултрал гэмтлүүд тогтоогдлоо. хүзүүний 2 дугаар нугалмын их бие болон баруун талын үе дайрсан зөрүүгүй хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын арын сэртэн зөрүүтэй хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын баруун талын хажуугийн сэртэн зөрүүтэй хугарал, 6 дугаар нугалмын зүүн хажуу массын зөрүүгүй хугарал, 6 дугаар нугалмын хагас мултрал гэмтлүүд нь хүний амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” дүгнэлт /хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

    3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

    4. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан: “Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн тус дүрмийн 12.3-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөнөөс хохирогч Н.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  нь тогтоогдсон  байх ба түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

    5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

   6. Шүүгдэгч Б.Г дээрх гэмт хэрэг үйлдэх үедээ Х.Г-ийн эзэмшлийн х улсын дугаартай, “Toyota Corolla” загварын автомашиныг  жолоодож явсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Г-ийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар тогтоосон байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч болон автомашины эзэмшигч Х.Г нар хамтран хариуцах үндэслэлтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна. 

    7. Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар  давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал болон гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн байгаа  зэргийг харгалзан үзэж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

    7.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

    Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн  гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-т нэг жил хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, үндэслэл бүхий байна.

    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон гэж дүгнэв.

    7.2. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарт,  Б.Г нь бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг гэх боловч хэргийн баримтаар энэ нөхцөл байдал хангалттай нотлогдоогүй. Хэрэгт, Увс аймгийн Улаангом сумын  х багийн Засаг даргын 2025-04-18-ны өдрийн 587 дугаар тодорхойлолт /Б.Г ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх/ авагдсанаас өөрөөр шүүгдэгчийн гэр бүлийн байдал буюу гэрлэлтийн байдал, хүүхэдтэй эсэх, эсхүл бага насны хүүхдийн эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон байсан эсэх, түүний асрамжид бага насны хүүхэд байдаг эсэх талаар талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

    8. Харин прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “... анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв гэсэн дүгнэлт хийсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгт, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг тусгаагүй гэх агуулга бүхий  эсэргүүцэл үндэслэлтэй байна.

    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэх талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгалгүй орхигдуулсан нь хэргийн баримт /2-р хх-ийн 8 дугаар тал буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсэг/-аар нотлогдож байна. 

    Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, хорих ял эдлэх дэглэмийг тодорхой зааж тусгаагүй боловч тодорхойлох хэсгийн эрүүгийн хариуцлагын хэсэгт, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй талаар дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасан эрх хэмжээний хүрээнд тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.           

    9. Шүүгдэгч Б.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 82 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 82 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ  

                                                                                ШҮҮГЧ                               Д.КӨБЕШ

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН