Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2017/01289

 

 

2017 05 31

1289

 

 

Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01200 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Дамбад холбогдох

Даатгалын нөхөн төлбөр, нотариатын зардалд 1 595 790 төгрөг гаргуулах тухай хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн О.Дамба нь 2013 оны 10 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутагт өөрийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер маркийн УНС 00-88 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Тэнгэр Даатгалын даатгуулагч Д.Дэлгэрнямын Тоёота приус 20 маркийн УНС 67-93 дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ. Ослын улмаас Тоёота Приус 20 маркийн автомашинд 1 577 790 төгрөгийн хохирол учирсан. Иргэн О.Дамба нь МУ-н ЗХД-ийн 7.6 дахь заалтыг зөрчин өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан болох нь ЗЦГ-ын зам тээврийн ослын актаар нотлогдож байгаа болно. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу Тэнгэр Даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 1 577 790 төгрөгийг даатгуулагчид олгосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Хуулийн холбогдох заалтаас үзэхэд буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлөх шаардах эрх нь даатгалын нөхөн төлбөр олгосноор Тэнгэр Даатгал ХХК-д шууд шилжсэн байна. Тэнгэр Даатгал ХХК нь өөрийн даатгуулагчид олгосон даатгалын нөхөн төлбөр 1 577 790 төгрөг, нотариатын зардал 18 000 төгрөг, нийт 1 595 790 төгрөгийг О.Дамбаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Дамбын гаргасан хариу тайлбарт: Д.Дэлгэрнямын Тоёота приус 20 маркийн УНА 67-93 дугаартай автомашинд гарсан гэмтлийн төлбөр болох 1 577 790 төгрөгийн хохирлыг би төлөх үндэслэлгүй. 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хашааны үүдний хаалганы дэргэд орох гээд дохио өгөөд зогсож байхад уг машин замын хашлага даван орж ирээд миний машины баруун урд дугуй, шаврын хаалтын хэсэгт мөргөж зогссон. Тэр хүмүүс өөрсдийн таньдаг даатгалыг дуудаж, цагдаа ирсэн. Тэд бид яарч байна, даатгалтай тохирно гээд явсан. Замын цагдаад очиж тайлбар бичиж өгөхөд 100 000 төгрөгөөр торгуулсан, мөн тэр жолооч ирж тайлбар бичиж өгсөн. Цагдаа миний бичиг баримтыг өгөөд, асуудал байхгүй гээд явуулсан. Тухайн үед миний машины обуд, хамгаалагч, шаврын хаалт эвдэрч 1 680 000 төгрөг болсон. Би хохирол нэхээгүй. Энэ хэрэгт миний бие буруугүй бөгөөд тухайн гарсан зөрчлийн талаар Замын цагдаагаас торгууль ногдуулж шийтгэсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Дамбад холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр, нотариатын зардалд 1 595 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

2004 оны 10 сарын 28-ны өдрийн 22/80 дугаартай Тээврийн Прокурорын газар, Замын цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын газарт хийж гүйцэтгэх үйл ажиллагааг журамласан. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын газарт үзлэг хийх, баримтжуулах ажиллагааны журам", 2 хавсралтаар хэрэг, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл, зам орчны байдал, тормосны мөр, хэрэг, ослын бүдүүвч зураг үйлдэх загварыг тус тус баталсан.

Хэрэгт нотлох баримтаар "Зам орчны байдал" баримт авагдсан бөгөөд уг баримтын тусгай тэмдэглэлд иргэн О.Дамба нь Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 зүйлийн 7.6-д заасныг зөрчсөн тул зохих журмын дагуу арга хэмжээ авч 100 000 төгрөгөөр торгосон. Үүнийг хариуцагч О.Дамба нь хариу тайлбартаа хүлээн зөвшөөрдөг.

Хариуцагч О.Дамба торгуулийн арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрч торгуулийн төлбөрийг төлсөн. Захиргааны арга хэмжээг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, торгуулийн арга хэмжээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй. Иргэн О.Дамбын Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6-г зөрчиж зам тээврийн осол гаргасан буруутай үйлдэл нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдож байна.

О.Дамба замын хөдөлгөөнд оролцож явахдаа иргэн Д.Дэлгэрнямын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, ослын улмаас Д.Дэлгэрнямын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Хэрэгт иргэн О.Дамбыг Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасан заалтыг зөрчсөн тухай Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тусгай тэмдэглэл, иргэн О.Дамбад захиргааны шийтгэл ногдуулсан тухай хариуцагчийн тайлбар, зам тээврийн ослын улмаас иргэн Д.Дэлгэрнямд хохирол учирсан эсэхийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоосон атлаа иргэн О.Дамбыг буруутгасан шүүхийн шийдвэр байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Шүүх цагдаагийн байгууллагын эрүүгийн журмаар шалгасан зам тээврийн ослын хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргана, прокурорын байгууллага нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Эрүүгийн хэрэг үүсгэхэд хохирлын хэмжээ хүрэхгүй байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага нь захиргааны шийтгэл ногдуулдаг.

Иргэн О.Дамба нь захиргааны шийтгэлийг эс зөвшөөрсөн бол захиргааны арга хэмжээ авсан албан тушаалтны дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр өөрийн гэм буруугүй эсэхийг тогтоолгох эрхтэй байсан.

ИХШХШтХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигчийн үүргийг хуульчилсан бөгөөд О.Дамба нь түүнд ногдуулсан захиргааны шийтгэлийг хүчингүй болгуулсан эрх бүхий албан тушаалтан эсвэл шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны иргэн О.Дамбын Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 7 зүйлийн 7.6-г зөрчсөн буруутай үйлдэлд оногдуулсан торгуулийн арга хэмжээ нь хүчинтэй байна гэж үзнэ.

"Тэнгэр Даатгал" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж нөхөн олговор нэхэмжилж байгаа болон шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу даатгуулагч Д.Дэлгэрнямд 1 577 790 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзсэн. Шаардах эрх нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу нөхөн төлбөр даатгуулагчид олгосноор шилждэг бөгөөд шүүх "Тэнгэр Даатгал" ХХК-ийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэж байна.

Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх ёстой.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй, захиргааны зөрчлийн хэрэг дээр гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийг шаардсан, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь дотроо зөрчилдсөн агуулгатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК хариуцагч О.Дамбад холбогдуулж даатгалын нөхөн төлбөр, нотариатын зардалд 1 595 790 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 14, 18 дугаар талд авагдсан зам орчны байдлын тэмдэглэл, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний баримтуудад хариуцагч О.Дамба 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дунд замд 00-88 УНС улсын дугаартай Ланд круйзер маркийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6 дахь заалтыг зөрчиж, иргэн Д.Дэлгэрнямын 67-93 УНА улсын дугаартай тоёота приус маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Д.Дэлгэрнямын эзэмшлийн автомашины урд буфер, зүүн урд крыло, зүүн урд шанаа, зүүн урд хаалга, зүүн урд их гэрэл, урд хамгаалалт төмөр, урд хөөсөнцөр, копут, шаврын хаалт, шарнер гартайгаа, амортизатор, цахилгааны масс зэрэг эд ангиуд эвдэрч, 2 241 200 төгрөгийн хохирол учирсан талаар тусгагдсан байна.

 

Хариуцагч О.Дамба нь зам тээврийн осол болсон, тухайн ослын улмаас 100 000 төгрөгөөр торгуулсан үйл баримтын талаар маргаагүй боловч осол гарахад өөрийгөө буруугүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нь даатгуулагч Д.Дэлгэрнямтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 1 577 790 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр төлсөн баримт байхгүй, Тэнгэр даатгал ХХК-ийн Эрсдлийн хорооны тогтоол, нөхөн төлбөрийн мэргэжилтний дүгнэлт, тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягт гэх баримтууд авагджээ.

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тэнгэр даатгал ХХК нь хариуцагч О.Дамбын буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээд буюу даатгуулагч Д.Дэлгэрнямд тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрийг төлсөн тохиолдолд өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хуульд заасан журмын дагуу нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Түүнчлэн хариуцагч О.Дамбыг Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6 дахь заалтыг зөрчсөн талаар хошууч Х.Баатаржавын үйлдсэн зам орчны байдлын тэмдэглэлд дээрх зам тээврийн осол хэзээ болсон, зам орчны байдлын тэмдэглэл үйлдсэн он, сар, өдөр болон тэмдэглэл үйлдсэн албан хаагч хаана, ямар алба эрхэлдэг нь тодорхойгүй, уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

А.МӨНХЗУЛ