Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

 

Я.Х, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Я.Х, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Я.Х, Э.Г нарт холбогдох, 2535000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, Я овогт Я-ын Х,

     - Монгол Улсын иргэн, Т овогт Э-ийн Г,

1. Холбогдсон хэргийн талаар:

 

     Шүүгдэгч Я.Х, Э.Г нар бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн х сумын 1 дүгээр багийн х тоот хашаанд  хохирогч Ц.Б-г шалтаг шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

    - мөн шүүгдэгч Я.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар Увс аймгийн х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт х улсын дугаартай, “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Я.Х, Э.Г нарын бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Я.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолоор:

    - шүүгдэгч Я ургийн овогт Я-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

     - мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

    - шүүгдэгч Т ургийн овогт Э-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

     - шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасах, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тус хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Х-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

    - шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

     - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

    - шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

    4. Шүүгдэгч Я.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

    Миний бие үйлдсэн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгож байна. Миний аав Я эрүүл мэндийн улмаас эмчийн хяналтад байдаг. Зүрхэндээ 2 ширхэг стенх тавиулж, зүрхний агших чадвар буурсан. Иймд миний хувийн амьдралыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

    5. Шүүгдэгч Я.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Би Увс аймгийн х суманд аав ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, аав Увс аймгийн х сумын дулаанд ажиллаж байгаад үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон учир би аавынхаа өмнөөс ажиллаж цалингийн зээлийг нь төлөх зорилготой хөдөлмөрлөж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Миний хувийн байдлыг харгалзаж үзэж хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

    6. Прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Я.Х-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн байдлыг харгалзан үзэж, ял оногдуулсан ба шүүгдэгч Я.Х-т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршигт нийцсэн гэж дүгнэж байна. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

     7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Я.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж ирүүлсэн. Хэргийн зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй, харин хүлээх хариуцлагын хувьд шүүгдэгчийн хувийн байдал мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байгаа зэргийг харгалзан үзнэ үү.

     Түүний аав Увс аймгийн х сумын дулааны станцад галчаар ажиллаж гэр бүлээ тэжээдэг хүн байсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн хяналтад хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд энэ айлын хамгийн том хүүхэд буюу Я.Х аавынхаа ажил хөдөлмөрийг үргэлжлүүлээд явж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон. Одоо хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд аавынхаа ажил хөдөлмөрийг үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангаж, холбогдож байгаа зүйл заалтын хувьд сонгох санкцтай учраас нийгмээс тусгаарлахгүйгээр бусад төрлийн ялаар сольж өгнө үү гэх гомдол гаргасан байгаа,  шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Я.Х-ын гомдлыг үндэслэн, Э.Г, Я.Х нарт холбогдох, 2535000000062 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

    2. Я.Х, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

    3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Я.Х, Э.Г нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг, мөн шүүгдэгч  Я.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэв. 

    3.1. Шүүгдэгч Я.Х, Э.Г нар бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн х сумын 1 дүгээр багийн х тоот хашаанд хохирогч Ц.Б-ийг шалтаг шалтгаангүйгээр зодож, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний булан, дээд зовхи, хамрын уг, өвчүүний дунд хэсэгт цус хуралт, хамрын уг, баруун хацар, өвчүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

     - хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ж.Д-ын хамт Улаангом сум явж ирээд орой нь дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литрийн савтай пиво аваад Ж.Д-ын гэрт М.Б нарын хамт уугаад сууж байтал шөнө дунд гаднаас манай сумын залуу Э.Г орж ирээд намайг дуудаж гэрээс гаргахад гадна манай сумын Я.Х, Т.Ё нар байсан бөгөөд шууд “чи ямар том пиздаа вэ” гэж хэлээд Я.Х намайг хавирч унагаагаад зодсон. Би арай гэж босож ирээд зугтаад гэр рүүгээ явсан. Гэрт очиход манай аав н.Ц байсан. Хэн зодсон талаар асуухад би өглөө хэлье гээд унтаж амарсан юм. Намайг гэрээс Э.Г гаргаж ирээд Я.Х нааш ир пиздаа минь гэж хэлээд хавирч унагаагаад нэг хөл хамар хэсэгт орж ирээд цохиж дээрээс нь намайг өшиглөж хэвлий хэсэгт хавирга руу өшиглөөд байсан. Тухайн үед Я.Х, Э.Г хоёр ээлжлээд намайг цохиод байсан юм. Тэгсэн гэрээс М.Б гарч ирээд дундуур нь орж салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

    - гэрч Б.Ё-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Г Ц.Б-ийг гэрээс аваад гарсан. Араас нь Я.Х гарч удалгүй би гэрээс гарахад гадна хашааны үүдэн дээр Я.Х нь Ц.Б-ийг газарт унагааж толгой, нүүр хэсэгт нь хөлөөрөө дэвсэж байсан. Би очиж дундуур нь орж салгах гэтэл Я.Х “зайл би чамайг ална шүү” гэж хэлэхээр нь би айгаад ойртоогүй. Тэгсэн хажуугаас нь Э.Г орж ирээд нүүр толгой хэсэгт 2 удаа өшиглөж, Ц.Б-ийг босгож ирээд Э.Г хөл гараараа ээлжлээд толгой нүүр хэсэгт нь цохиод байхаар нь би очиж салгасан чинь Ц.Б босож ирээд автомашинаа аваад яваад өгсөн. Би Э.Г-г авч яваад бид хоёр гэртээ харьсан. Харин Я.Х, Ж.Д, Б нар нь гэрт үлдсэн юм. ...Э.Г нь Ц.Б-ийг гэрээс дагуулж гараад Я.Х Э.Г хоёр ээлжлээд зодож байсан ямар нэгэн маргаан гараагүй шууд цохиж эхэлсэн. Би юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. ...Ц.Б-ийн толгой, шүд, хамар хэсэгт Я.Х, Э.Г нар нь хоёулаа ээлжлээд өшиглөж, гараараа цохиж байсан. Тухайн үед Ц.Б нь согтуу байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

    - гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цаг өнгөрч байхад гаднаас Г буюу Г, Я.Х, Э.Г, Ё нар гэрт ороод ирсэн. Тэгсэн шууд Э.Г Ц.Б-ийг харчхаад гэрээс гараад ир гээд дагуулж гарсан. Араас нь Я.Х, Б.Ё нар гарсан юм. Би удалгүй 4-5 минутын дараа гэрээс гарахад хашааны хаалганы хажууд Ц.Б газарт уначихсан Я.Х хажууд нь зогсож байсан. Э.Г Ц.Б-ийг газарт хэвтэж байхад нь хөлөөрөө өшиглөж гараараа цохиод орилж байсан. Э.Г Ц.Б-ийг би чамайг ална шүү гээд дайраад зогсож харагдсан. Та нар боль хүн аллаа хэн цохиод байгаа юм гэхэд Э.Г над руу гүйж ирээд би Ц.Б-ийг ална гээд энэ бид хоёр тооцоотой гээд байсан. Тэр хооронд Ц.Б босоод хашаанаас гараад зугтаад яваад өгсөн. Би та нар яагаад Ц.Б-ийг нийлж, цохиод байгаа юм гэхэд Я.Х чи хэн бэ гээд над руу дайрч, намайг хоёр удаа өшиглөж зодох гээд дайраад байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

    - хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 102 дугаартай “...Ц.Б-ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд нэгдүгээр шүдний сулрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний булан, дээд зовхи, хамрын уг, өвчүүний дунд хэсэгт цус хуралт, хамрын уг, баруун хацар, өвчүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. 

    3.1.1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч Ц.Б-ийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

     3.1.2. Шүүгдэгч нар дээрх гэмт хэрэгт оролцохдоо санаа, зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байх тул  анхан шатны шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.            

      3.2. Шүүгдэгч Я.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар Увс аймгийн х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт х улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

        - гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн х сумын 1 дүгээр багт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд х улсын дугаартай, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч Я.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан. Цагдаагийн хэсгийн байранд авч ирж согтуурал шалгах 6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 2.65% хувийн согтолттой гарсан тул нагац ах Б.Г-т хүлээлгэн өгч, х улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Тоёота приус 20 загварын, х улсын дугаартай тээврийн хэрэгслийг Я.Х жолоодож явсан бөгөөд өөр хүмүүс бас байсан. ...би Я.Х-ын регистрийн дугаарыг “X ковер” төхөөрөмжид хийж шалгахад “В” ангиллын эрх нь хасагдсан гэж гарч ирж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,  

        - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

     - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас/,

     - Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1294 дүгээртэй шийтгэврийн болон 670 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

     - шүүгдэгчийн согтуурлыг шалгасан: “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Я.Х-ыг Алкотест-6820 дугаартай драгер багажаар шалгахад 2.65% тоон үзүүлэлт илэрсэн” гэх агуулгатай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

     - Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

     3.2.1. Шүүгдэгч Я.Х нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1294 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

   3.2.2. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан: “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, энэ талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

      4. Шүүгдэгч Я.Х-ын давж заалдах журмаар гаргасан: “...хувийн байдал, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

   4.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үздэг.

     4.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Я.Х-т зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн шүүгдэгч Я.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар нэг жил зургаан сар хорих ял шийтгэж,

    - шүүгдэгч Я.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан нэг жил зургаан сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, нэмж нэгтэн нийт эдлэх ялыг хоёр жилийн хугацаагаар тогтоосон нь тус тус эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, үндэслэл бүхий байна.

    4.3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Г, Я.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүгдэгч тус бүрт оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон байна. Мөн шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Я.Х-т ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмыг зөв хэрэглэсэн байна.

     4.4. Шүүгдэгч Я.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, удаа дараа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч гэм буруугаа ухамсарлаж гэмшээгүй хувийн байдлыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь шударга ёсны зарчим, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэлээ.

    5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Х-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

    6. Шүүгдэгч  Я.Х-ын  анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 78 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Я.Х-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Я.Х-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 78 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН

                                                                                 ШҮҮГЧИД                              Д.КӨБЕШ

                                                                                                           Н.МӨНХЖАРГАЛ