Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00025

 

 

Ж.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Сүрэнхоролд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Жадамбын Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сумын 9 дүгээр баг 9-6 тоотод оршин суух Бадамдоржийн Сүрэнхоролд холбогдох

 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

Нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Мягмарсүрэн нь Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Б.Сүрэнхоролын охин Ж.Бямбасүрэнтэй гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн үед Ж.Бямбасүрэнгийн ээж Б.Сүрэнхорол гуай мөнгөний хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч гэж утсаар ярихаар нь өөрийн ах /төрсөн ах дүүсийн хүүхдүүд/ Завхан аймагт амьдардаг Ц.Пүрэвдэмбэрэлээр дамжуулан Б.Сүрэнхоролын Хаан банк дахь 5225274313 гэсэн харилцах данс руу 11.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Б.Сүрэнхорол нь энэ мөнгөөр тухайн үедээ тэтгэврийн зээлээ хаасан гэдэг. Ж.Мягмарсүрэн нь Б.Сүрэнхорол болон түүний хүүхдүүдээс зээлүүлсэн 11.000.000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж хэлээд өдий болтол өгөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс иргэн Б.Сүрэнхоролоос 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Сүрэнхоролын охин Ж.Бямбасүрэн нь Солонгос улс явж ажил хийгээд цалин авдаг талаар нотлох баримтуудаар нотлогдвол асуудалгүй байна. Гэтэл цалин авдаг талаар нотлох баримт байхгүй. Ж.Мягмарсүрэн нь ахынхаа дансаар дамжуулаад Ж.Бямбасүрэнгийн ээжид зээлсэн байдаг. Энэ мөнгө Ж.Мягмарсүрэнгийн мөнгө гэж үзэж байна. Энэ хэргийг Улсын дээд шүүх хянаад зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй гэж үзсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд зээлдүүлсэн мөнгө биш иргэн Б.Сүрэнхоролын дансанд шилжиж орсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Сүрэнхорол шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Сүрэнхорол нь нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнг огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин Ж.Бямбасүрэн нь 6 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сард Солонгос улсад ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж явахдаа цалингийн зээл хийж 8.000.000 төгрөг, мөн ах, дүү нараасаа мөнгө зээлж явсан. Охин Ж.Бямбасүрэн нь Ж.Мягмарсүрэнтэй гэр бүлийн харилцаатай болохыг мэдэхгүй. Ж.Мягмарсүрэн нь миний охиныг Солонгос улсад очоод таньж мэдэх хүнгүй байхад нь ажилд оруулж зуучилж хамтран ажилладаг, мөн туслаж л байсан хүн байх.

Миний охин Ж.Бямбасүрэн ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах Ц.Пүрэвдэмбэрэлийн дансаар дамжуулан ээж Б.Сүрэнхоролын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас Ж.Мягмарсүрэнд итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн өрийг нь төлж барагдуулсан. Миний бие нь тухайн мөнгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй, намайг гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нь Ж.Мягмарсүрэнг танихгүй 11 сая төгрөг зээлээч гэж утсаар яриагүй. Хэрвээ Ж.Мягмарсүрэнгээс 11 сая төгрөг зээлсэн бол зээл төлөх хугацаа, зээлийн хүү тохирох, гэрээ хийж нотариатаар баталгаажуулах гэх мэтээр ярилцаж байж авч өгөлцөх ёстой. Гэтэл нэг жилийн дараа мөнгө зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Ж.Мягмарсүрэн нь Солонгос улсад очсон хүмүүст туслаж ажилд оруулж өгөх нэрийдлээр хүмүүсээс өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж буцаан нэхэж луйвар хийж байна. Миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сүрэнхоролоос зээлийн гэрээний үүргийн 11.000.000 төгрөг гаргуулах тухай Ж.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул миний бие нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 131/ШШ2019/00661 шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Пүрэвдэмбэрэлээс Б.Сүрэнхоролын дансанд шилжүүлсэн 11.000.000 сая төгрөг нь Ж.Мягмарсүрэн нь Б.Сүрэнхоролд зээлдүүлж байгаа эсэх, эсхүл Ж.Бямбасүрэн нь Солонгос улсад ажиллаж олсон мөнгөө Ж.Мягмарсүрэнгээр дамжуулан өөрийн ээж Б.Сүрэнхоролд шилжүүлж байгаагийн аль нь болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий 11.000.000 төгрөг нь Ж.Мягмарсүрэнгийн өмчлөлийн мөнгө гэдэг нь гэрчийн мэдүүлгээр болон түүний шүүхэд гарган өгсөн баримтуудаар тогтоогдон шаардах эрхээ хэрэгжүүлсээр байтал дан ганц гэрчийн мэдүүлгээр нотлохгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т хэргийн нотлох баримт гэдэг ойлголт нь гэрчийн мэдүүлгийг ойлгохоор заасан байтал гэрчийн мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаагаа шүүхийн шийдвэртээ тухайлан заагаагүй байтал дан ганц гэрчийн мэдүүлгээр тогтоохгүй гэсэн өгүүлбэрээр нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн нэхэмжлэлээ тайлбарласан атал зээлийн гэрээний үүрэг хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргий анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Жадамбын Мягмарсүрэнгээс Бадамдоржийн Сүрэнхоролд холбогдуулж 11.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна гэж дүгнээд Б.Сүрэнхоролоос 11.000.000 төгрөг гаргуулах тухай Ж.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэн нь хариуцагч Б.Сүрэнхоролоос зээлийн гэрээний гүйцэтгэлд 11.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Б.Сүрэнхорол нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг огт танихгүй, зээл авч байгаагүй, охин Ж.Бямбасүрэн нь Солонгос улсад ажиллаж байхдаа цалингаа дансаар шилжүүлж байсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэн нь хариуцагч Б.Сүрэнхорол нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнгийн тайлбар, гэрч Ц.Пүрэвдэмбэрэлийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс зээл хүссэн хүн нь хариуцагчийн охин Ж.Бямбасүрэн байх бөгөөд Б.Сүрэнхорол нь охиныхоо цалингийн зээлийг дээрх мөнгөөр хаах зорилготой байсан нь зээлсэн мөнгийг зарцуулсан байдал, зориулалтыг илтгэж байгаа бөгөөд энэ нь Б.Сүрэнхоролыг зээлдэгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Б.Сүрэнхоролоос миний охин Ж.Бямбасүрэн ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах Ц.Пүрэвдэмбэрэлийн дансаар дамжуулан ээж Б.Сүрэнхоролын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас Ж.Мягмарсүрэнд итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн өрийг нь төлж барагдуулсан. Миний бие нь тухайн мөнгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй, намайг гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нь Ж.Мягмарсүрэнг танихгүй 11 сая төгрөг зээлээч гэж утсаар яриагүй гэсэн тайлбар зэргээс үзвэл маргаад байгаа 11.000.000 төгрөг нь Ж.Бямбасүрэнгийн цалин, орлого гэж хариуцагч талаас тайлбарладаг байна.

Маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна. Тухайлбал 11.000.000 төгрөг нь Ж.Мягмарсүрэн, Ж.Бямбасүрэн нарын альных нь мөнгө болох нь тодорхойгүй, Ж.Бямбасүрэн нь ээж Б.Сүрэнхоролдоо явуулсан 11.000.000 төгрөг нь Ж.Бямбасүрэн миний цалин байсан гэж үзэж байгаа бол энэ тухайгаа баримтаа ээж Б.Сүрэнхоролдоо болон шүүхэд гаргаж өгөөгүй. Ж.Бямбасүрэн нь Солонгос улсад ажиллахаар хэзээ гарсан, тухайн улсад ямар хугацаагаар ажиллаж, цалин орлого авч байсан эсэх талаар тодорхой нотлох баримт байхгүй байна.

Маргааны гол зүйл болсон 11.000.000 төгрөгийн талаар Ж.Мягмарсүрэн, Ж.Бямбасүрэн нар хоорондоо юу гэж тохиролцсон тухай өөрсдийнх нь тайлбар байхгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Тухайн 11.000.000 төгрөг нь Ж.Мягмарсүрэнгийн мөнгө гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй, нэхэмжлэлээ Ж.Бямбасүрэнгийн ээж Б.Сүрэнхоролд холбогдуулж гаргах биш, Ж.Бямбасүрэнд холбогдуулж гаргах боломжтой байсан эсэх, нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй, хариуцагч тодорхойгүй нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт дутуу, хариуцагч нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд явагдсан үйл баримт, маргаан нь тодорхой бус зөвхөн нэхэмжлэлд заасан хариуцагчид холбогдуулж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдах гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ж.Мягмарсүрэн нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

Нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 131/ШШ2019/00661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулын давж заалдах гомдлыг хангахгүй орхин, Жадамбын Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй Бадамдоржийн Сүрэнхоролд холбогдох 11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мягмарсүрэнгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуулаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ  М.МӨНХДАВАА

  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР