| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0108/э |
| Дугаар | 000117 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 000117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Иргэний хариуцагч Ч.Сэлэнгэмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хулан
Шүүгдэгч Г.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З-д холбогдох эрүүгийн 1825000790102 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний их сургуулийн оюутан, ам бүл-3, эмээ, ахын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Г-ийн З.
Шүүгдэгч Г.З нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 23 цагаас 00 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Мэнд-Амар худалдааны төвийн урдаас 88-10 ОРО улсын дугаартай авто машинаар Рашаант багт хүргүүлэхдээ машинд хамт зорчиж явсан Ө.О-ын гээгдүүлсэн Huawei маркийн гар утсыг авч, бусдын гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Ө.О-ын ...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Мэнд-Амарын урд талаас 88-10 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хорооллын “Талын булаг” эмнэлгийн хойд талд буухад миний куртикны зүүн халаасанд байсан Huawei маркийн гар утас алга болсон байсан. Миний баруун гар талд нэг эгч, зүүн талд 16-19 насны эрэгтэй хүүхэд, би голд нь сууж явсан. Таксинаас буугаад утсаар ярих гээд үзтэл миний утас байхгүй байсан. Миний хулгайд алдсан гар утас тухайн үед өмсөж байсан улаан өнгийн хүрэмний зүүн талын энгэрийн халаасанд байсан. Би алдсан гар утсаа эргүүлэн авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 06-12 ху/,
Шүүгдэгч Г.Згийн ...2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой би Мэнд-Амар худалдааны төвийн урдаас цагаан өнгийн таксинд суугаад гэр лүүгээ явсан. Уг таксинд жолоочоос гадна 4 хүн байсан бөгөөд эдгээр хүмүүс эцсийн буудал орохоос өмнө замд бууцгаасан би ганцаараа таксинд үлдсэн. Тэгээд эцсийн буудал дээр очоод би тэр таксигаар гэртээ хүргүүлсэн. Гэрийн гадаа буух гэтэл суудал дээр алтан шаргал өнгийн Нuаwei маркийн утас байсан бөгөөд би уг утсыг аваад буусан.Тэгээд гэрлүүгээ орох гээд явж байхад уг утсанд гаднаас дуудлага ирсэн бөгөөд би дуудлагыг нь таслаад симийг нь авч хаяад гэрлүүгээ орсон. Тэгээд 14 хоногийн дараа Улаанбаатар хотод очоод Өнөболд утасгүй байгаа гэхээр нь утастай болтлоо түр хэрэглэж байгаад өгөөрэй гэж хэлээд түүнд утсыг өгсөн гэх мэдүүлэг, /хх 33ху /
-Эд зүйлийн үэнлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/7-0037 дугаартай Huawei Y5 маркийн гар утас 380.000 төгрөг гэсэн дүгнэлт /хх 20-22 ху/
- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 28 ху/
-Г.Зг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31-33 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Г.Згийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны орой 23 цагаас 00 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Мэнд-Амар худалдааны төвийн урдаас 88-10 ОРО улсын дугаартай авто машинаар Рашаант багт хүргүүлэхдээ машинд хамт зорчиж явсан Ө.О-ын гээгдүүлсэн Huawei маркийн гар утсыг авч, бусдын гээгдэл хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Таксинаас буугаад утсаар ярих гээд үзтэл миний гар утас байхгүй байсан. Миний хулгайд алдсан гар утас тухайн үед өмсөж байсан улаан өнгийн хүрэмний зүүн талын энгэрийн халаасанд байсан. Би алдсан гар утсаа эргүүлэн авсан гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2018/э-0037 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ө.Отгонтэнгэр нь би алдсан гар утсаа эргүүлэн авсан тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ