| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2235001280204 |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
Ч.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батзаяа, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ч.Б-д холбогдох, 2235001280204 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Ч-ын Б.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутагт байрлах гэртээ амь хохирогч Х.Б-ийг “хоолой боолоо” гэх шалтгаанаар сандлаар цохиж, биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Ц ургийн овогт Ч-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9 /ес/ жил хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
- шүүгдэгч Ч.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр,
- шийтгэх тогтоолоор нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг хуванцар сандал, 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Ч.Б нь амь хохирогчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг санаатай довтолгоо хийсэн гэж үзэх үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдоогүй юм. Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Болгоомжгүй гэмт хэргийг хууль зүйн хувьд мэдсэн /ухамсарласан/ болон мэдээгүй /мэдэх ёстой, мэдэх боломжтой/ гэж ангилан авч үзэхээр байгаа бөгөөд дээрх тохиолдолд миний үйлчлүүлэгчийн хувьд хууль бус шинжтэй үйлдэл гэж ухамсарласан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.
Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн субъектив санаа нь гэмт этгээд үйлдлээ ухамсарлаж, хүсэж хэрэгжүүлсэн, хор уршигт зориуд хүргэсэн байдаг бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Тухайлбал Ч.Б нь амь хохирогчийн амь нас хохироохыг хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой боловч хэт хайхрамжгүй хандсаны улмаас тэрээр амь хохирогчийн тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хуванцар сандлаар зүүн гарын шуу хэсэгт цохих явцад хувцасны модон шкаф толгойн ар дагзаараа цохиж, гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтэл авч улмаар нас барсан болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл амь хохирогч X.Батцоож нь эхнэртэйгээ маргаж агсам тавих явцад Ч.Б-г унтаж байхад түүнийг эхнэр Б.Ц сэрээж, Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн амь хохирогчийн үйлдлийг таслан зогсоох явцдаа түүний довтолгоог зогсоох, өөрийн хоолойг боосон гарыг тавиулах явцад гарыг нь хуванцар сандлаар зохих явцад хүнд зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсны улмаас амь насыг нь хохироосон үйл баримт хэрэгт тогтоогдсон гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүх нь Ч.Б-г хууль бус довтолгооныхоо хүчийг нэмэгдүүлэх зорилгоор сандал ашигласан буюу амь насанд аюултай аргаар довтолсон, уг довтолгооны улмаас амь хохирогч X.Б-н биед баруун зулай ясны урд хэсэгт зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн “Л” хэлбэрийн салаалсан, дотогш бага зэрэг хонхойсон хугарал учруулснаар хохирогч нас барсан гэж шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив талын шинжийг бүрэн агуулсан гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Ч.Б-ийн үйлдэл, амь хохирогчийн амь нас хохирсон хор уршгийн шалтгаант холбоо, тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөл, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг харгалзан үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.
Иймд 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дугаартай Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Ч.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ялыг багасгаж өгнө үү” гэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна.
Хэрэгт авагдсан баримтаар Ч.Б-г бусдын амь насыг санаатай хохироосон гэдэг үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хөдөлбөргүй баримтаар тогтоогдсон, модон сандлаар Ч.Б нь амь хохирогчийн толгойг цохиж хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг хийсэн. Гэтэл тухайн хэрэгт авагдсан баримтаар Ч.Б амь хохирогчийг модон сандлаар цохиж гавал ясны хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй, харин амь хохирогчийн эхнэр Ууганзаяа модон сандлаар цохиход сандал газарт унасан, толгойн хэсэгт цохигдоогүй гэдэг үйл баримт тогтоогддог.
Тухайн үед гэр бүлийн хэрүүл маргаан үүсэж, Ч.Б амь хохирогчийг гэртээ ирэхэд нь архи задлаад агсам согтуу тавьж байхад нь байдал биш байна гэдэг ойлголтоор гэрээсээ гараад өөрийнхөө ээжийн гэрт очоод амарч байгаад, орой хүрч ирэхэд хоорондох хэрүүл нь намжчихсан байсан.
Ч.Б унтаж байхад амь хохирогч нь эхнэртэйгээ хэрүүл үүсгэж, хоорондоо зодолдож байхад Ч.Б-ийн эхнэр Б.Ц Ч.Б-г сэрээж тухайн 2 хүний зодолдож байгаа үйл явцыг таслан зогсоогооч гэхээр нь орноосоо босоод амь хохирогчийг салгах явцад түүний хоолойг боосон учраас тухайн амь хохирогчийн үйлдлийг таслан зогсоохын тулд хуванцар сандлаар амь хохирогчийг гар луу нь цохьсон.
Амь хохирогч согтуу, биеэ удирдах чадваргүй байсан учраас гар дээр цохихоор тухайн цохилтын улмаас гар нь тавигдаад хойшоо унахдаа хувцасны шүүгээг толгойгоороо мөргөж унаснаас болж тухайн гэмтлийг авсан байхад шүүх Ч.Б-г бусдын амь насыг санаатай хохироосон гэж зүйлчилж ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Ч.Б хувь хүнийхээ хувьд айлын ганц залуу, амь хохирогчийг алъя гэсэн санаа зорилго агуулж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаа хүний үйлдлийг зөв зүйлчлэх ёстой гэж үзэж байгаа.
Амь хохирогчийн хууль бус довтолгоог таслан зогсоохдоо аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж үзэх боломж байгаа боловч хэргийн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар гэрч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байгаа.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч амь насаа алдсан гэдэг зүйл хэсгээр зүйлчлэх боломжтой байна. Давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ялыг багасгаж өгнө үү гэх үндэслэлээр гомдол гаргасан, энэ байр сууриа дэмжиж байна, зүйчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
6. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гэмт хэрэг 2022 оны 02 сарын 05-аас 06-нд шилжих шөнө гэр бүлийн хамааралтай болон найз нөхөд болох 4 хүний хооронд үйлдэгдсэн. Тухайн гэмт хэрэг нь хожуу буюу 5-6 сарын дараа гомдол, мэдээллээр бүртгэгдэж, шалгагдсан. Амь хохирогчийн эхнэр болон шүүгдэгчийн хоорондын мессеж чатаар харилцаж байсан, “чи алсан биз дээ, чамайг бид нар ингэж хамгаалж өдий хүрсэн...” гэх мессеж илэрснээр гэмт хэргийн талаар гомдол гаргасан байдаг.
Шинжээч эмчийн дүгнэлт болон шинжээч эмч Н.Т-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тухайн үед Ч.Б нь сандлаар амь хохирогч Х.Б-ийг цохиж дух буюу гавал ясанд нь гэмтэл учруулсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон тул хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзсэн.
Эдгээр нөхцөл байдал нь нотлох баримтуудаар тогтоогддог, хэдийгээр намайг боож унагахад нь би сандлаар цохьсон гэдэг боловч аль сандлаар цохьсон гэдэг нь тодорхойгүй ба хэргийн үйл баримт, амь хохирогчийн биед үүссэн гэмтэл зэргүүдээс амь хохирогч нь хойшоо буюу ард дагзаараа модон шкаф мөргөж унахад үүссэн гэмтэл биш гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Харин сандлаар цохихдоо урд дагз хэсэгт цохисноос гэмтэл үүссэн гэдэг нь тогтоогдсон.
Амь хохирогч нь эхнэр Б.У-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн гэж мэдүүлдэг боловч, сандлаар цохихдоо Б.У нь хөл орчим руу нь цохисон, үүнээс ямар нэгэн гэмтэл учраагүй талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагддаг. Энэ талаар гэрчүүд өөрсдөө мэдүүлсэн байдаг. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлийг тухайн нотлох баримтад авагдсан баримтуудаар, мөн гэрч нарын өгч байгаа мэдүүлэг зэрэгт үндэслэж шинжлэн судалж үзэхэд амь хохирогчийн толгойн урд дагз хэсэгт буюу дух хэсэгт нь цохисноос амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл учирсан байна гэдэг нь шинжээчийн дүгнэлт, мөн шинжээч эмчийн мэдүүлэг, тухайн нөхцөл байдалд тогтоогддог.
Хэдийгээр амь хохирогч нь эхнэртэйгээ маргалдах явцад Ч.Б салгасан гэдэг үйл баримтыг үндэслэн эхнэрийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч гэмтэл тогтоогдоогүй. Харин намайг бооход нь би салгах зорилгоор сандлаар цохисон гэх үйлдэл нь санаатай хүнийг гэмтэл учруулж болохуйц гэдгийг ухамсарлаж, бусдыг үхэлд хүргэх санаатай үйлдлийн улмаас амь хохирогч биедээ хүнд гэмтэл авч тухайн гэмтлийн улмаас нас барсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Гэрч Б.У, Б.Ц, яллагдагч Ч.Б нар нь эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд байнга өгч байсан. Яагаад гэвэл эдгээр хүмүүс нь хоорондоо ах дүү, хамаатан садны хүмүүс учир анхнаасаа гэмт хэргийг нуун далдалж ирсэн. 4-5 удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортой өгдөггүй. Ч.Б нь амь хохирогчийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч болгоомжгүй үйлдлээр хүний амь нас хохироосон гэж маргадаг. Гэтэл сандал аваад хүний духанд цохиод тухайн хүнийг гэртээ хонуулаад маргааш нь гэр лүү нь зөөвөрлөөд, дараа ар гэрийнхэнд нь бөөлжөөд нас барчихлаа гэдэг байдлаар танилцуулаад оршуулгын зан үйл явагдсан. Талийгаачийн ар гэрийнхэн шүүгдэгч болон амь хохирогчийн хоорондын чат мессежийг олж илрүүлж, гомдол мэдээлэл гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлж, цогцост задлан шинжилгээ хийснээр энэ гэмт хэрэг илэрсэн.
Тийм учраас энэ гэмт хэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатын шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
7. Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болсон явдалд маш их харамсаж байна. Хэдийгээр миний буруутай үйлдэл байгаа ч гэсэн амь хохирогч нь эхнэрээ цохиод байхаар нь манай эхнэр намайг дуудаж салгаач гэхээр нь би босоод салгах зорилгоор очсон.
Амь хохирогч миний хоолойг бооход нь тавиулж чадахгүй болохоор айж сандраад гартаа таарсан хуванцар сандлаар гар руу нь цохиж тавиулсан. Өөр санаа зорилго надад байгаагүй, миний цохилтоос болж бэртэл гэмтэл авна гэдгийг мэдээгүй. Иймд миний зүйл ангийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн, Ч.Б-д холбогдох, 2235001280204 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын х багийн нутагт байрлах гэртээ амь хохирогч Х.Б-той маргалдах явцдаа түүний гавал тархинд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-ийн: “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн хүү Х.Б нь эхнэр Б.У болон хоёр хүүхдийнхээ хамтаар манай гэрт ирээд цагаан сар хийсэн ба хоёр хүүхэд нь манай гэрт үлдэнэ гэхэд талийгаач хүү маань зөвшөөрч, 2 хүүхдээ манай гэрт үлдээгээд явсан. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр багийн эмч н.Д манай бэрийн гар утаснаас эхнэр Н.Я-тай яриад: “танай хүүгийн бие муу байна, та нар ирэхгүй бол болохгүй юм шиг байна” гэхээр нь “яасан юм шиг байна” гэхэд “даралт харвалтын шинжтэй юм шиг байна” гэж хэлсэн. ...Сүүлд манай охин Х.Б нь Ч.Б-ийн эхнэр Б.Ц болон манай бэр Б.У нарын “талийгаачийг цохисон, хувцасны тавилга мөргүүлсэн” талаар харилцсан мессенжер чатыг Б.У-ийн фэйсбүүк хаяг руу ороод харсан байсан. Түүнийг хараад миний хүү Х.Б нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
- гэрч Х.Б-ийн “...Талийгаачийн бие яагаад муудсан талаар асуухад манай бэр эгч Б.У нь “манайд 4 айлын хүмүүс ирж цагаан сар хийгээд явсан, тэр хүмүүст 4 шил архи задалж уугаад тэгээд тасраад унасан, хамгийн сүүлд Ч.Б-н авга ах Б ирээд явсан” гэж хэлсэн. Мөн “орой унтаад өглөө босож ирээд малаа хашаанаас нь гаргаад 11 цагийн үед мал бэлчээртээ гарлаа, бос гэхэд хурхираад гар, хөл нь хөрчихсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би хажууд ойролцоо байдаг А-ийнх руу залгахад эхнэр нь гар утсаа аваад “нөхөр байхгүй байна” гэж хэлсэн. Түүний дараа Ч.Б-нх руу гар утсаар залгаж яриад Ч.Б-г дуудахад ирээд талийгаачийг газарт хэвтсэн байдалтай байсныг гэрийн орон дээр өргөж хэвтүүлсэн. Талийгаачийг өргөж тавихад хувцас нь норсон байдалтай байсан ба Ч.Б “энэ хүн бие засчихсан юм биш үү” гэхээр нь би ус уух гэж байгаад асгачихсан байна гэж хэлсэн. Тэгээд багийн эмч дуудсан” гэж хэлсэн.
...Бэр эгч Б.У урьд нь өөрийнхөө чат руу миний мессенжерээс орж байсан ба би 2022 оны 05 дугаар сарын 25-нд бэр эгч Б.У-ийн мессенжер рүү орж харахад Б.У өөрийнхөө “B” гэх хаягаас “Б” гэх хаяг руу “юу байна” гэж бичсэн байсан ба Ч.Б-н хаягаас хариу ирээгүй болохоор Б.У өөрийн хаягаас “гөлөг минь ээ хариу өгдөггүй юм уу” гэж мессеж бичсэн байсан.
Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө тэр талаар төрсөн ээж, аавд хэлсэн ба 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө гэр барьж байхад тухайн хаяг руу орж харахад Ч.Б-с “юу болов оо, утас хүүхэд авчихсан байсан юмаа” гэсэн чат ирсэн байсан. Гэр барьж дууссаны дараа дахин орж харахад хоорондоо харилцсан бичвэрүүдийг устгачихсан байсан. Би эд нар хоорондоо чатаар харилцаад ингээд устгаад байдаг юм байна гэж бодсон. Би гэр барилцчихаад буцаад явчихсан. Түүний дараагаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өглөө би бэр эгч Б.У-ийн мессенжер чат руу ороход “Ts” гэх хаягаас “чи алаа биз дээ” гэсэн бичвэр бичигдсэн байхаар нь ороод эхнээс нь харсан ба 2022 оны 06 дугаар сарын 07-ны 10 цаг 30 минутын үед орж харахад Б.Ц-тай бичсэн чатыг устгачихсан байсан. Тийм учраас би ээж, аавтай ярилцаад цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-47 дугаар тал/,
- гэрч Н.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад тус аймгийн х сумын хойд талын хэсэгт байрлах гэрт байхад манай охин надад утаснаасаа манай ахыг Ч.Б болон Б.У нар цохисон талаар харилцсан бичвэр байна гээд үзүүлсэн. Тэгээд нөхөр Х малаас ирсний дараагаар бид нар ярилцаад цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон. ...Талийгаачийн зүүн гарын тохойны дотор хэсэгт хүн хазсан мэт хөхөрсөн шарх байсан. Цээжний баруун талын хэсэгт 2 ширхэг хумсаар маажсан байсан. Энэ яасан юм гээд Б.У-с асуухад орой айл руу явна гэхээр нь би явуулахгүй гээд чирэлдэж байгаад маажигдсан юм шиг байна гэж хэлсэн. Гар нь яасан юм гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Толгойд ямар гэмтэл байсан эсэх талаар тодорхой анзаарч хараагүй, урд талын хэсэгт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Харвалттай хүнийг хөдөлгөж болохгүй гээд толгойнд нь хүрээгүй. Нас барсны даргаа юун толгой, биеийг нь шалгаж үзэх, гашуудлын байдалд орсон. Толгой нь их халуун байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-51 дүгээр тал/,
- гэрч А.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед х сумын 02 дугаар багийн иргэн Б.У утсаар яриад нөхөр нь ухаангүй болчихсон байна гэж дуудлага өгсөн. Багийн эмч н.Д-тэй холбогдож үзүүлээд эргээд над руу яриарай гэж хэлсэн. ...13 цагийн үед багийн эмч Д гар утсаар залгаад “харвалт өгсөн шинжтэй, даралт 180 орчим, орчны харьцаа байхгүй, асуусан асуултад хариулахгүй, дотор амьсгалтай, тархинд цус харвачихсан байх шиг байна” гэж ярьсан. Би эм тариа бэлдээд сумын төвөөс эмнэлгийн автомашинтай 15 цагийн үед гараад 16 цаг өнгөрч байхад талийгаачийн гэрт очсон. Талийгаачийн гэрт очиход талийгаач гэрийн зүүн талын орон дээр хэвтчихсэн, ширүүн амьсгалтай, цээж хэржигнэсэн байдалтай, зүүн талдаа өгсөн командыг биелүүлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй, баруун талын гарын хуруу, хөлийн хуруу бага зэрэг хөдөлсөн байдалтай, миний нүдээ нээ, амаа ангай гэх командыг биелүүлэхгүй, үзлэгээр даралт нь их байсан. Би яасан талаар асуухад түүний эхнэр Б.У нь архи уугаад орой 2 цагийн үед унтсан гэсэн. Хүзүүний хэсэгт маажигдсан шархтай байсан бөгөөд баруун болон зүүн гарын аль нэг хэсэгт нь бага хэмжээний хөхөрсөн шархтай хавдаж овойсон зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,
- гэрч А.У-ийн дахин өгсөн: “...Одоо миний санаж байгаагаар амь хохирогч Х.Б-ийн зүүн талд байх сайн санахгүй байна хүзүүнд нь маажигдсан гэмээр 1-2 см орчим хэмжээтэй зураас маягийн шарх байсан, мөн аль гарыг нь мэдэхгүй байна гарын булчингийн хэсэгт жижигхэн эрхий хурууны дайны гэмээр хөхрөлттэй байсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 169 дүгээр тал/,
- Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Лхагва-Очир, Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шинжээч эмч Н.Т, Б.Б, Б.Х нарыг байлцуулан цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/,
- амь хохирогч Х.Б-ийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай:“...Талийгаач Х.Б-ийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост учирсан дээр гэмтэл нь шинэ гэмтэл байх ба цогцос ялзарч муудсан тул цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчин тогтоох боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр цогцсоос авсан гэх цусанд 1.4 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба цогцос ялзарч муудсан, ялзралын эцсийн бүтээгдэхүүн ялгарч эхэлсэн тул согтолтын зэрэг тогтоохгүй. Шүүх биологийн шинжилгээгээр цус нь гемолиз болсон, хайлсан, бүлэг тогтоох боломжгүй байна гэжээ. Талийгаачийн нас барсан хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 118-131 дүгээр тал/,
- шинжээч эмч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмтлээс харахад баруун зулай хэсгийн хугаралд анх хүч үйлчилсний улмаас гавлын зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал үүссэн. Тухайлбал толгойн баруун хэсгээр модон тавилга мөргөх, цохигдохын аль ч үед үүсэх боломжтой. ...Тархины битүү гэмтэл учирснаар хурхирч унтрах, бөөлжих, нүд цэхийж харах тохиолдол үүсдэг. ...уг гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд, бие даан явах боломжтойг тогтоох боломжгүй. Х.Б-ийн хувьд тархины эд ялзарч муудсан, байхгүй болсон тул тархинд ямар гэмтэл учирсныг, мөн эмнэлгийн тусламж дариу аваад амь нас аврагдах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 143-144 дүгээр тал/,
- шинжээч эмч Б.Х-ын: мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь зөвхөн модон тавилга биш мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохилт үйлчилсэн хэсэг буюу анхны хугарлын шугам үүссэн хэсэг болох баруун чамархайд анх цохилтын хүч үйлчилсэн. Тархины битүү гэмтэл авч, тархины тухайн хэсгийн эд сэргэшгүй өөрчлөлтөд орж, комын байдалд орсон үед нүдний алимны чичэрхийлэх хөдөлгөөн багасч, гүн амьсгаадалт буюу хурхиралт өгдөг. Амь хохирогч Б-ийн хувьд, тархины эд тараг шиг шингэн болж, эдийн бүтцээ алдаж муудсан тул тархины аль хэсэгтээ гэмтэж, цус хуралт үүссэнийг тогтоох боломжгүй. Гавлын ясанд үүссэн гэмтлүүд нь зөрүү багатай хугарал байсан. Харин тархины эдэд үүссэн гэмтлийг нарийн тогтоох боломжгүй. Зөвхөн тархинд цус харвалт үүссэнийг шинжилгээний явцад тархины эдээс гарч ирсэн цусан бүлэнгээр тогтоосон. Иймд гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины эдэд цус харвалт үүсэж нас барсан байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 146-147 дугаар тал/,
- шинжээч эмч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн шарилд шинжилгээ хийх үед баруун зулай ясны урд хэсэгт “Л” хэлбэрийн салаалсан, дотогш бага зэрэг хонхойсон хугаралтай, уг хугарлаас дээш зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд модон сандлын гурвалжилсан ирмэг, мөн модон тавилгын ирмэг хэсгийг мөргөх зэргийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой байна. Харин гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй.
...гэмтэл авснаас хойш тархины эдэд няцрал, цус харвалт, цусан хураа үүссэн тохиолдолд толгой өвдөх, тэнцвэр алдагдах, унтаарах, бөөлжих, огиулах, хурхирах, амин үзүүлэлтүүд буурах, зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Талийгаачийн шарилд шинжилгээ хийх үед тархины эд ялзарч муудсан, хар ногоон өнгийн тараг мэт урсаж гоожсон байдалтай байсан тул тархины эдэд тухайн нас барах үед ямар гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 189 дүгээр тал/,
- гэрч Х.Б-ийн эзэмшлийн Redmi 9A загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 6-12 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ч.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Ч.Б-н амь хохирогч Х.Б уруу халдсан үйлдлийн улмаас амь хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал бүхий амь насанд аюултай гэмтэл учирсан, уг гэмтлээс шалтгаантайгаар хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон, тодруулбал, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь хэргийн баримтаар нотлогдож тогтоогдсон.
6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-д ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байх ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан есөн жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй талаар гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...Ч.Б нь өөрийн хоолойг боосон амь хохирогчийн гарыг тавиулах явцад гарыг нь хуванцар сандлаар цохиж амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байхад анхан шатны шүүх хүнийг алах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
8.1. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой, зөв тогтоожээ.
8.2. Анхан шатны шүүхээс Ч.Б-д холбогдох хэрэгт хийсэн үйл баримтын болон түүнд өгсөн эрх зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгч Ч.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйчлэлийг өөрчлөх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
8.2.1. Аливаа болгоомжгүй үйлдэл нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан хэлбэрээр илэрдэг.
Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, шүүгдэгч Ч.Б өөрийн үйлдлийн хор аюулын шинж чанарыг ухамсарласан, түүний үйлдэл хүний амь нас хохирсон үр дагаварт хүргэсэн байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Тодруулбал, хохирогчийн эсрэг чиглэсэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийн улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл учирснаар амь хохирсон байна.
8.2.2. Мөн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь амьсгалын боолтод орсны улмаас аргагүй хамгаалалт хийсэн” гэх агуулга бүхий гомдол, тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Аргагүй хамгаалалт нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг ба хэргийн үйл баримтаар, хохирогчийг агсам тавьлаа гэх шалтгаанаар маргаан үүссэн нь нотлогдсоноос бус хохирогч нь шүүгдэгчийн хоолойг боож, амь насанд нь аюул учруулсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Ч.Б-г аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
9. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэх гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэж, түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
10. Шүүгдэгч Ч.Б-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 112 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт нэг зуун арван хоёр /112/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Н.МӨНХЖАРГАЛ