Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 627

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Р.Энх-Оюун

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808030410814 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 24-ний  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ялгуусан” ХХК-Д гагнуурчин ажилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 46а-86 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , Ш овогт Г.Х.

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи” бааранд А.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 15-ны орой найз Д-н хамт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21-р хороололын Жи бааранд ороод 2 шил пиво аваад сууж байсан чинь миний зүс таньдаг Ч нилээн олон хүнтэй хамт гаднаас орж ирсэн бүжиглэж байсан. Тэгсэн Ч-тай хамт орж ирсэн миний зүс таних Б гэдэг залуу, эхнэр Б-тайгаа хамт надтай уулзаад сонин сайхан зүйл ярилцаад гар барилцсан. Тэр хоёрын араас Ч ирээд юу байна гэж хэлсэнээ гараараа миний толгойг уургалж бариад хүзүү боогоод гаръя гэж хэлсэн. Би араас нь дагаад явж байсан чинь бүжгийн талбай өнгөрч байхад эргэж хараад миний уруул, эрүү хэсэгт 1 удаа цохисон. Миний амаар цус дүүрээд би гараараа дараад гарч гүйгээд нулимсан чинь миний шүд унасан. Би Ч-тай маргалдаж муудалцсан асуудал байхгүй, чи яаж байгаа юм 2 шүд унгаачихлаа гэж хэлсэн чинь “нэг шүд 40.000 төгрөг болдог юм, би дахиад 2 шүдийг чинь хугалаад өгье” гэж хэлээд дайраад байсан. Тэр үед эхнэр нь ирээд хүүхэд уйлаад байна явъя гэж хэлээд Ч-г аваад явсан. Ч-с би өмнө нь 200.000 төгрөг зээлж байсан юм, тэрийгээ өгөөгүй байсан юм, тэрнээс болж уурлаад намайг цохисон юм шиг байна лээ. Миний шүдийг хуга цохисоныхоо дараа тэрийг яриад байсан. Чука миний нүүр, ам хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би Ч-г ерөөсөө цохиж зодоогүй. Ч намайг цохихыг хэн ч хараагүй. Хүдэрчулуун 1 удаа гараараа цохиж учруулсан. Өмнө нь бид хоёр зодолдож байгаагүй. Мөнгө нэхэж хааяа ярьдаг байсан ба маргалдаж байсан удаа байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай найз Х-ы төрсөн өдөр болоод бид нар гэр бүлээрээ найзындаа уулзсан. Тэндээ бага зэрэг архи дарс хэрэглээд баар орж бүжиглэхээр болсон юм. Тэгээд 21-р хорооллын Жи баар  орсон. Бааранд  Д, А, М, Х бид нар орсон. Тэгээд бааранд бүжиглээд байж байсан чинь би танил Д-тай тааралдсан. Би хэнтэй явж байна гэсэн чинь С-тай явж байна гэж хэлсэн. Би С-тай уулзэж гар барьчихаад эргээд бүжгийн талбай руу гарсан. Тэгсэн С, Х хоёр зодолдсон байсан. Би хэзээ яаж зодолдсоныг нь мэдэхгүй байна. Баарны гадаа гараад ирсэн чинь тэр хоёр зодолдсон С-н амнаас цус гоожсон байдалтай байсан. Би та хоёр найзууд байж хоорондоо учраа олохгүй юу даа гэж хэлсэн. Тэр хоёрыг юунаас болж зодолдсон юм гэж асуусан чинь өмнө нь миний төрсөн өдрөөр найзуудаараа шоудаж явж байсан чинь Д-н түрүүвч алга болоод найзууд нэг нэгийнхээ түрүүвчийг хулгайлаад гэж байсан юм. Тэгсэн Д-н түрүүвчинд тэмдэгтэй мөнгө байсан нь С-с гарч ирсэн, тэрийг ярьсан, мөн С Х-с мөнгө зээлсэн байна, өгөөгүй байснаас болсон юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12), 

Гэрч У.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр найз С-тэй уулзаад дүүргийн буудал дээр байдаг караокед орж 2 шил пиво уугаад явж байгаад хорооллын Жи бааранд орж пиво уугаад сууж байсан чинь С  Б, Ч явж байна ш дээ гэж хэлсэн . Б, Ч нар бол миний найзууд байгаа юм. Би тэд нар дээр очоод мэнд асуучихаад гарч тамхилаад гадаа зогсож байсан чинь төрсөн ах Д-тэй тааралдаад намайг  гэр лүү аваад явсан. Миний араас С утасдаад тооцооны 10.000 төгрөг байна уу гэж асуухаар нь би ахтайгаа буцаж ирээд тооцоог хийчихээд гадаа зогсож байсан чинь араас С, Ч хоёр гараад ирсэн ба С амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би юу болсон яасан гээд асуусан чинь С “Чука намайг цохичихлоо” гэж хэлсэн. Би уурлаад Ч-н араас нь очих гэсэн чинь манай ах намайг машиндаа суулгаад аваад явсан. Ч, С хоёрыг юунаас болж маргалдаж зодолдсоныг мэдэхгүй байна. Би зодоон болох үед хажууд нь байгаагүй учраас хэн нь хэнийгээ цохисоныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ч, Б, Д, Д-гийн эхнэр нь бааранд харагдаж байсан, тэд нар зодолдсоныг нь харсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Ө.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Х төрсөн өдөр болоод найзууд нийлж явж байгаад 21-р хорооллын Жи бааранд Б, Д, А, Х бид нар орсон. Жи бааранд ороод бүжиглэж байсан чинь А-г араас нь нэг хүн цочоосон, тэгээд харсан чинь Д байсан. Бид нар Д байна ш дээ гээд байж байсан чинь Э гэдэг найз маань явлаа гэж хэлээд Х-ны куртик, цамцыг нь өгсөн. Би хамт явсан Ж гэдэг залуугийн машины түлхүүрийг гуйж авч машинд нь Х-ны хувцсыг хийчихээд буцаад орж ирсэн. Би Б-с Х хаачсан юм гээд асуусан чинь С-тай хамт гараад явсан гэж хэлсэн. Би араас нь гараад очсон чинь С-ын амнаас нь цус гарсан хоорондоо юм яриад байж байхаар нь би Х-ыг хүүхэд рүүгээ явъя гэж хэлээд дагуулаад явсан. Би Х, С хоёрыг хоорондоо зодолдохыг нь ерөөсөө хараагүй. Юунаас болж зодолдсоныг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө нь би Х-г бос гээд гар луу цохисон чинь гар нь хөхөрсөн хөндүүртэй байсан ба би гараа яасан юм гэж асуусан чинь гар луу С өшиглөсөн гэж хэлсэн. С, Х хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. С Х-с 200.000 төгрөг аваад өгөөгүй байгаа, тэрнээс болж муудалцсан байж магадгүй. Х С-с мөнгө авах гээд их ярьдаг байсан ба С ерөөсөө утсаа авдаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

3. Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №7650 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: Доод уруул хавдсан, уруулд 0.5 см, 0.8 см шархуудад мэс заслын оёдолтой, доод уруулын дотор салтсад 4 см шарханд мэс заслын оёдолтой, шархны орчимд улаан ягаан өнгийн цус хуралттай, дээд зүүн 1, 2-р шүднүүд булгарч унасан, буйл хонхор хүрэн улаан өнгийн цус хуралтай.

ДҮГНЭЛТ

1. А.С-н биед доод уруул, доод уруулын дотор салтстад шарх, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 2 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10% алдагдуулна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 30) , ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 32) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи” бааранд иргэн А.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.С-н ” ...Тэр хоёрын араас Ч ирээд юу байна гэж хэлсэнээ гараараа миний толгойг уургалж бариад хүзүү боогоод гаръя гэж хэлсэн. Би араас нь дагаад явж байсан чинь бүжгийн талбай өнгөрч байхад эргэж хараад миний уруул, эрүү хэсэгт 1 удаа цохисон. Миний амаар цус дүүрээд би гараараа дараад гарч гүйгээд нулимсан чинь миний шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч О.Б-н “...Баарны гадаа гараад ирсэн чинь тэр хоёр зодолдсон С-н амнаас цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12), 

Гэрч У.Д-н “...С-н амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би юу болсон, яасан гээд асуусан чинь С Ч намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Ө.М-ын ”...Би Б-с Х хаачсан юм гээд асуусан чинь С-тай хамт гараад явсан гэж хэлсэн. Би араас нь гараад очсон чинь С-ын амнаас нь цус гарсан хоорондоо юм яриад байж байхаар нь би Х-г хүүхэд рүүгээ явъя гэж хэлээд дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн № 7650 дугаар дүгнэлт, хохирогчийн өргөдөл /хх-3/, шүүгдэгч Г.Х-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.С-н “...уруул, эрүү хэсэгт 1 удаа цохисон. Миний амаар цус дүүрээд би гараараа дараад гарч гүйгээд нулимсан чинь миний шүд унасан...” гэх мэдүүлэг /хх-5-6/,

Гэрч О.Б-н “...Баарны гадаа гараад ирсэн чинь тэр хоёр зодолдсон С-н амнаас цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12), 

Гэрч У.Д-н “...Саруулын амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би юу болсон, яасан гээд асуусан чинь С Ч намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 Гэрч Ө.М-ын ”...Саруулын амнаас нь цус гарсан хоорондоо юм яриад байж байхаар нь би Хүдэрчулууныг хүүхэд рүүгээ явъя гэж хэлээд дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/ зэргээр ч шүүгдэгч Г.Х нь хохирогч А.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрхи хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд Г.Х нь хохирогийн нүүр тус газар нь цохих, өшиглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч  Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч А.С нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Х-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Г.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.