| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2302008100142 |
| Дугаар | 2025/ДШМ/41 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/41
М.Э, П.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батзаяа, шүүгдэгч М.Э, П.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, П.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Батгэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, М.Э, П.Б нарт холбогдох, 2302008100142 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт М-ын Э.
Монгол Улсын иргэн, З овогт П-ын Б.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Наранбулаг дахь зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалтнаар, шүүгдэгч П.Б нь Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар тус тус ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын “Х” гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д заасан: “...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргагч х улсын дугаартай, х маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.А-ийн зөрчилд холбогдон шалгагдахгүй байх, саатуулагдахгүй байх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхээр түүнийг эрүүлжүүлэх, түр саатуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, түүнд давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
2. Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.Ононгоос шүүгдэгч М.Э, П.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч Т овогтой М-ын Э, З овогт П-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Э, П.Б нарт тус бүрт нь нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Э, П.Б нарт зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.Э, П.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Э, П.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,
- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...М.Э, П.Б нарыг Д.А- г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байхад зохих арга хэмжээг авалгүй албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж түүнд давуу байдал олгосон гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ гэмт хэргийн субьектив талын шинжийг тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдохгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Э, П.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэх сэдэлт, зорилгыг тогтоогоогүй бөгөөд гэм буруутай эсэх нь субьектив шинжээрээ үгүйсгэгдэж байна.
Харин П.Б, М.Э нарын Д.А-г согтуурсан байсан нөхцөл байдлыг өөр бусад хэлбэрээр /тусгай багаж хэрэгсэл/ тогтоож чадалгүй явуулсан үйлдэл нь “Албан үүрэгтээ хайнга хандах" гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байна гэж үзэхээр байна.
Д.А нь цагдаагийн алба хаагч нарыг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эсхүл хэрэглэсэн нь хориглосон хэмжээнээс хэтэрсэн /ЭМС, ХЗДХС-ын 2021 оны А/506, А/176 дугаар хамтарсан тушаал амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ/ байсан эсэх нь эргэлзээтэй.
Гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, талийгаач Д.А нь цагдаагийн алба хаагч шалгахаар дохиур модоор дохиход зогсолгүй замын хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэн явж байгаад 300 орчим метр зайнаас буцаж эргэн цагдаагийн алба хаагч нар дээр очсон нөхцөл байдал тогтоогдсон. Үүнээс үзэхэд М.Э, П.Б нар урьдчилан үгсэж тохиролцсон гэх үйл баримтыг үгүйсгэх бөгөөд талийгаач нь энэ байдлаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн атлаа өөртөө давуу байдлыг бий болгуулах, М.Э, П.Б нар нь түүнд давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж согтуурсан зөрчлийг шалгалгүй санаатайгаар явуулсан гэх гэмт хэргийн субьектив талын шинжийг үгүйсгэж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд: “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараах аргаар шалгана” гээд харилцан ярилцах байдлаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах, өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах, эсхүл зориулалтын тусгай хэрэгслээр шалгана гэж заасан бөгөөд хэрэв шалгуулахаас татгалзвал, шаардлагатай гэж үзвэл шинжилгээнд зориулж дээж авч болохоор заасан.
Энэ бүхнээс үзэхэд, М.Э, П.Б нар нь Д.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу боломжтой хэлбэрээр шалгасан бөгөөд харин тусгай багаж хэрэгслээр шалгаж чадаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.
Өөрөөр хэлбэл, тэдний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байна. Мөн Д.Аг цагдаагийн алба хаагч нар шалгах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хангалттай нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан нь тэднийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна.
Иймд М.Э. П.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч нарт холбогдох үйлдэл, оролцоог хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Шүүх М.Э болон П.Б нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчин, “зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар саатуулна” гэснийг зөрчиж, согтуурсан жолооч Д.А-г саатуулахгүй, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, тухайн үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, торгох шийтгэл оногдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, түүнд эдийн болон эдийн бус давуу байдал бий болгосон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь цагдаагийн алба хаагч нар тухайн үед уг тээврийн хэрэгслийн жолооч болох Д.А-г зогсоож бичиг баримтыг нь шалгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хуйлж үлээлгэж үзэхэд архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, биеэ авч явж байгаа байдал нь хэвийн байсан тул замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулсан байдаг.
Цагдаагийн төв байгууллага болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зүгээс Цагдаагийн албаны тухай хуулийн 14, 15 дугаар зүйлүүдэд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, алба хаагч нарын ажиллах нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлээгүй байна. Тухайн үед Хяргас нуурын орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар нь согтуурал шалгах багажгүй /драгер/ ажиллаж байсан болох нь тогтоогдсон.
Энэ тохиолдолд М.Э, П.Б нарыг бусдад давуу байдал олгох гэмт хэрэг үйлдсэн гэж шууд буруутгах боломжгүй ба тэдний хувьд байгаа нөхцөл боломжоо ашиглаж ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 3-т заасан арга хэмжээ авах урьдач нөхцөл нь мөн хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдсан гэж үзэхээр байх ба М.Э, П.Б нарын хувьд Цагдаагийн албаны тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 32.1.1-т: харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах; 32.1.2. өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах зэргээр шалгасан байна.
Жолоочийн зүгээс шалгуулахаас татгалзсан тохиолдол байгаагүй ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий сэжигтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
М.Э, П.Б нар нь тандагч багажаар согтуурал шалгах шаардлага үүссэн тохиолдолд Наранбулаг сум дахь цагдаагийн хэлтсийн багажийг ашиглахаар байсан байх ба энэ нь өөрсдийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газраас газарзүйн байрлалын хувьд 35-40 км алслагдсан газар байна.
Хэрэв Цагдаагийн албаны тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 32.1.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай хэрэгслээр шалгаагүй буруутай гэж үзвэл тэдний энэхүү үйлдэл нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх боломжтой байна.
Хэрэгт авагдсан баримтаар, М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүй байх ба дээр дурдсан байдлаар тухайн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...1-рт, Шийтгэх тогтоолын 13 дугаар талд: шүүгдэгч П.Б томилогдон ажиллаж байхдаа гэж дурдсан байдаг. Гэтэл тухайн өдөр П.Б-д тухайн нутаг дэвсгэр орчмоор замын хөдөлгөөний зохицуулалт хийх ямар нэгэн томилгоо байдаггүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө гэж цаг хугацааг нь тодорхойгүй байдлаар тогтоосныг шүүх дүгнэхдээ Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ө-ийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай “Д.А нас барах үед цусан дахь спиртийн агууламж 2.1% промиль илэрсэн согтолттой байж, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 5 цаг 59 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 2-4 цаг болсон байх боломжтой” гэх дүгнэлтээр жолооч Д.А нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 59 минутаас 03 цаг 59 минутын хооронд нас барах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ гэх дүгнэлт хийсэн. Гэтэл миний хоёр үйлчлүүлэгчийг яллахдаа 25-наас 26-нд шилжих шөнө гээд байгаа, яг хэдээс хэдэн цагийн хооронд нь тодорхой биш. Энэ хэрэгт талийгаач Д.А согтууруулах ундааны зүйлийг хэзээ хэрэглэсэн бэ гэдэг нь маш чухал.
Улсын ерөнхий прокурорын газраас өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслээд 3 дугаар хавтаст хэргийн 210 дугаар тал дахь яллах дүгнэлтийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаанд буцаасан. Үүнтэй холбоотой Б.Ө шинжээчээс дахин мэдүүлэг авах, талийгаач Д.А согтууруулах ундааны зүйлийг тухайн 2 албан хаагчийг зогсоохоос өмнө хэрэглэсэн үү, зогсоосноос хойш хэрэглэсэн үү гэдгийг тогтоо гэдэг байдлаар буцаасан.
Үүний дагуу Б.Ө шинжээчээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад мэдүүлэг авахад шинжээч тогтоох боломжгүй гэж хариулсан.
Миний хоёр үйлчлүүлэгчийг зөвхөн 4 хүний гэрчийн мэдүүлгийг үндэслээд согтуу байхыг мэдсээр байж давуу байдал олгосон гэж яллаж байгаа.
2023 оны 7 дугаар сарын 25-26 шилжих шөнө миний үйлчлүүлэгч нар ажлаа хийж байхад драгер буюу тусгай хэмжих багаж байгаагүй, албанаас нь энэ багажаар хангаж өгөөгүй. Тэгэхээр согтуурлыг яаж шалгах ёстой, тэр журмаар нь шалгахад хэвийн байсан.
Хамгийн гол нь шүүгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу согтуурал нь илэрхий байсан гэж дүгнээд байгаа. Шүүгч илэрхий гэж дүгнэж болохгүй, заавал тусгай төхөөрөмжөөр үлээлгээд, хуульд заасан шаардлага хангасан нотлох баримттай байж илэрхий гэдэг асуудал яригдана. Магадгүй согтуу байж болно, гэхдээ миний хоёр үйлчлүүлэгч алхаа гишгээ, биеийн хэлэмж зэрэг нь хэвийн байсан болохоор нь явуулсан. Хэвийн байсан юм шиг болохоор нь явуулаад байгаа нь өөр гэмт хэргийн шинж буюу хайнга хандах гэмт хэргийн шинж юм.
Магадгүй цааш нь 40 км авч яваад Наранбулаг суманд драгер үлээлгээд үзэх боломж байсан боловч тухайн боломжийг ашиглаж, ажлыг гүйцэтгээгүйгээс болж осол гарсан байх боломжтой.
Харин согтуу гэдгийг нь мэдсээр байж явуулсан талаар нотлогдсон зүйл хэрэгт байхгүй. Гэрчүүд замдаа согтууруулах ундааны зүйл уусан гэж мэдүүлдэг боловч миний хоёр үйлчлүүлэгч тухайн архи, согтууруулах ундааны зүйл ууж байхыг нь хараагүй.
Машинаас буухад нь төхөөрөмж байхгүй учир ямар хэмжээний согтолттой байсныг нь мэдэх боломжгүй байсан. Алхуулж, үнэртүүлж үзсэн, мөн жолоочийг зогсооход 300 метр зөрж яваад эргэж ирдэг. Үнэхээр тэр хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бол эргэж ирэлгүйгээр тэр чигээрээ цааш явах ёстой байсан.
Амь хохирогч Х.Х-ийн цусанд ч спиртийн агууламж илэрдэг. Энэ бүхнийг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээд бодит нөхцөл байдал юу байсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт нь хангалттай нотлогдсон эсэх, гэрчүүд нь хохирогчид ямар хамааралтай хүмүүс вэ гэдгийг хянаасай гэж хүсэж байна.
Увс аймаг нь нэг аймаг учир бүх зүйл нь алган дээр байгаа мэт тархчихдаг учир хардалт байгаа. Талийгаач нь Увс аймгийн Цагдаагийн газрын даргын хүргэн ах нь учраас согтуу байсан ч гэсэн явуулсан гэдэг хардалт яваад байдаг. Гэтэл хавтаст хэргийн материал дотор ямар нэгэн байдлаар цагдаагийн даргаас нөлөөлөөд, энэ хоёр алба хаагчид дарамт шахалт үзүүлсэн, эсхүл нөлөөлөөд согтуу байхад нь явуулчихсан нөхцөл байдал тогтоогддоггүй.
Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс миний хоёр үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна, ялангуяа субьектив талын шинж байхгүй, харин шалгах боломжийг бий болгож чадаагүйгээс ажлаа дутуу хийсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна гэж харж байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, миний хоёр үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан.
Саналын хувьд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар миний хоёр үйлчлүүлэгчид 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогддоггүй, эргэлзээтэй нөхцөл байдал бий болдог. Э.А гэх түгээгч эхний мэдүүлэгтээ: “би мэдэхгүй байна, согтуу байгаагүй байх” гэж мэдүүлсэн, үүнээс 25 хоногийн дараа мэдүүлэг авахад “согтуу байсан юм” гэж мэдүүлсэн байдаг.
Ер нь мөрдөн шалгах ажиллагаа Увс аймагт яаж явагдаад байгаа юм гэдэг асуудлыг хэлмээр байна. Ийм учраас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд үндэслээд миний хоёр үйлчлүүлэгчийн үйлдсэн үйлдэл өөр гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэв хайнга хандах гэмт хэргийн асуудал яригдвал материаллаг бүрэлдэхүүний асуудал яригдах нөхцөл байдал бий болно.
Ийм учраас миний хоёр үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна.
7. Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан: цагдаагийн албан хаагч нь согтуурсан мансуурсан байдалтай байгаа, нэгэнт согтуурсан мансуурсан байгаа нь илэрхий болох нь тогтоогдсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Цагдаагийн албаны тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байгаа.
Гэтэл цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд согтуурсан мансуурсан байдлыг шалгах, 32.1-д цагдаагийн алба хаагчийн гэмт хэрэг зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан мансуурсан эсэхийг эхлээд шалгахаар заасан.
Тухайн үед драгер буюу согтуурлыг шалгах тандагч багаж байгаагүй, энгэрийн камер байгаагүй, цагдаагийн албаны дотоод хяналтын албаны шалгалтаар тухайн багаж, энгэрийн камер гэдэг зүйлээр нь хангаж өгөөгүй нь тогтоогдсон нөхцөл байдал байгаа.
Алхаа гишгээ нь хэвийн байсан, өөрийнх нь тээврийн хэрэгслийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хуйлаад үлээлгэж үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй нөхцөл байдал байгаагүй гэдэг. Нүүр нь улайчихсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн илт байсныг харах боломжтой байсан гэж дүгнэж байгаа.
Цаг агаарын халуун нөхцөлд, гадаа наранд барилгын ажил хийж байсан учир нүүрний улайлтаас нь шууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үзэж боломжгүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 32.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гээд байгаа. Тухайн арга хэмжээг авахын тулд Цагдаагийн албаны тухай хуулийн 32.1-т заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно гэж заасан.
Гэтэл шалгуулахаас татгалзсан нөхцөл байдал байхгүй, бичиг баримтаа өгсөн, тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг үзүүлсэн, шалгаад цааш замын хөдөлгөөнд зөв оролцохыг нь сануулаад явуулсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 32.3-д заасан илэрхий гэдэг нөхцөл нь цагдаагийн алба хаагч нь согтуурсан, мансуурсан байдалтай байгаа жолоочид дараах арга хэмжээг авна гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 32.3-д заасан 4 үндэслэл бий болоогүй байхад үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаад тус үндэслэлээр нь гэм буруутайд тооцсон.
Илэрхий согтуу гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар цагдаагийн төв байгууллагын үүргийг заасан, 15 дугаар зүйлд орон нутгийн цагдаагийн байгууллага алба хаагч нарыг ажиллах орчин нөхцөлөөр хэрхэн хангах талаар хуульчилсан.
Гэрч нар “бид нарыг шалгаж байхад өөр машин ирээгүй” гэж мэдүүлдэг боловч машиныг шалгуулж байх хооронд ард талд нь цагаан өнгийн приус маркийн машин ирснийг П.Б шалгаад явуулсан байдаг.
Тэгэхээр маш олон амрагчтай, хөл хөдөлгөөнтэй байхад согтуурал шалгах зорилгоор 30-45 километр алслагдсан зайд байх Наранбулаг сум руу очиж драгер багажаар жолооч нарыг шалгаад байх боломж байх уу?, нэг жолоочид тийм байдлаар арга хэмжээ авсныг алагчлах гэж үзнэ гэдэг байдлаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн.
Жолоочийн хөдөлгөөн, биеийн хэлэмж, үнэртэх гэдэг байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь эргэлзээгүй бол Наранбулаг сум руу авч явж шалгадаг. Түүнээс ирсэн машин болгоныг дагаад Наранбулаг сум руу яваад байх боломжтой эсэх, бензиний хангалт нь хүртэл хомс байдаг талаар мэдүүлдэг.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа этгээдийн Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдахгүй байх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор албаны давуу байдал олгосон гэдэг нь үндэслэлгүй, энэ байдлаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байгаа.
Тийм учраас гомдлоо дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Тандагч багажаар шалгаагүй гэм буруутай гэж үзвэл албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ гэмт хэрэг нь хохирол шаарддаг учраас энэ гэмт хэргийн шинжийг хангаж байхыг үгүйсгэхгүй, хохирлын хэмжээ үүсэхгүй учраас 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлоо дэмжиж байна” гэжээ.
8. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: “Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч миний бие Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн М.Э, П.Б нарт холбогдох хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа.
Хэргийн үйл баримтын тухайд, М.Э, П.Б нар нь 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын нутаг Х гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан заалтуудыг зөрчсөн зөрчил гаргагч Д.А-г х улсын дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсныг зөрчилд холбогдуулж шалгасан.
Тухайн үед буюу 2023 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч М.Э, нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа П.Б нар үүрэг гүйцэтгэж байсан.
Өнөөдрийн шүүх хуралдаанд П.Б-ыг томилолтгүйгээр үүрэг гүйцэтгэж байсан тухай өмгөөлөгч ярьж байна. Хэв журмын тасгийн дарга Н.Б түүнийг нэмэлтээр томилоод цагдаагийн дүрэмт хувцастайгаа хэвийн үүрэг гүйцэтгэж байсан талаар мэдүүлсэн. Мөн өөрсдөө болон гэрч нар ч мэдүүлсэн.
2023 оны 7 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө Х.Х, Я.Болор-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Б.Ш, Ц.Э нар тухайн амь хохирогч Д.А-ийн тээврийн хэрэгсэлд сууж Хяргас сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явахдаа “Д.А гэх жолооч архи үнэртүүлсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн. Тухайн хүнийг суучих, би хүргээд өгье гэхээр нь итгээд хамт явсан, талийгаач Д.А нь аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан А-ын хүргэн ах нь байсан. Хяргас сумаас Хар тэрмис хүртэл нэрийг нь мэдэхгүй 4 лааз пиво уусан тухай” гэрч нар тогтвортой мэдүүлдэг.
Өмгөөлөгч нар нь цагдаа шалгаснаас хойш пиво уусан мэт харагдуулах гэж байгаа ч цагдаа шалгахаас өмнө Хяргас сумаас Хар тэрмис хүртэл 4 лааз пиво уусан, Хар тэрмист ирээд пиво авсан тухай гэрч нар мэдүүлсэн. Тухайн үед нь П.Б гэх цагдаа зогсооход хурдтай явж байсан учир зогсож чадалгүйгээр 300 метр орчим өнгөрч яваад буцаж ирсэн.
Шүүх шинжилгээний хэлтсээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр талийгаач 1,4% промиль буюу дунд зэргийн согтолттой гэх дүгнэлт гарсан. П.Б гэх цагдаа түүнийг машинаас буулгаад уулзаж байхад нь М.Э гэх цагдаа ирээд гар бариад, удалгүй Д.А машинаас утсаа авсан, хүнтэй ярьсан үгүйг нь сайн мэдэхгүй, улмаар шалгалгүй явуулсан талаар гэрч нар мэдүүлдэг.
Мөн Хар тэрмисээс бензин авахад нь байсан колонкийн түгээгчээс мэдүүлэг авахад “машинаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, Д.Агаас мөн үнэртэж, нүд нь улайсан байсан, гэхдээ тасрахаар согтуу бол байгаагүй” тухай мэдүүлсэн.
Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ямар нэгэн байдлаар шалгаагүй гэдгийг мөн гэрч нар нотолдог, харин цагдаа буугаад ир гэхэд би “Чандмань” байна гэж хэлсэн. Тухайн “Чандмань” гэх порол нь цагдаагийн албаны даргын албандаа ашигладаг порол.
Цагдаагийн албанд ашигладаг поролийг энгийн иргэн ашиглаад цагдаа нарт шалгуулахгүйгээр хэдэн ч удаа явсныг бид мэдэхгүй. Энэ порол нь манай газрын даргын порол гэх талаар М.Э өөрөө мэдүүлсэн.
Д.А нь зөрчил үйлдсэнээ мэдсээр байж өөрийн үйлдлээ нуун дарагдуулж, давуу байдал бий болгох зорилгоор тухайн поролийг хэлсэн байдаг. П.Б ороод 2 сар болж байсан учир тухайн поролийг нь мэдээгүй, харин М.Э мэдэж байсан.
П.Б жолоочийг “та согтуу байна, буугаад ир” гэсэн шаардлага тавьсныг гэрч нар мэдүүлдэг. Гэтэл М.Э ирээд жолоочийг явуулах нөхцөл байдал бий болсон. Тухайн тээврийн хэрэгслийг шалгах эрх бүхий этгээд нь М.Э байсан, харин П.Б нь шаардлагаа тавьсан.
Гэтэл М.Э-н үйлдэлтэй П.Б нь нэгдэж оролцсон. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгаад зөрчилгүй учраас явуулсан гэдэг. М.Э-н утсанд Улаангомын 22:23 минутад дуудлага ирснийг хэнээс, хаанаас хийсэн тухай удаа дараа тодруулан асуухад “үүнийг би хэлэх боломжгүй” хэмээн хариулдаг. Энэ дуудлага нь тухайн жолоочийг шалгаж байх хугацаанд ирсэн дуудлага байдаг. Улмаар цааш явуулахад замдаа буугаад нэг лааз пиво уугаад, бие засаад явахдаа 180-200 км/цагийн хурдтай явж байгаад тойрог замд дарж чадалгүйгээр автомашин унаж, Д.А болон урд сууж явсан Х.Х нар нь нас барсан. Энэ хэргийг тусад нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж прокурорын шатанд хааж шийдвэрлэсэн.
Цагдаагийн албан хаагчид зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг саатуулах гэхэд газрын дарга нь ярьлаа, цагдаагийн байгууллагаас хэн нэгэн этгээд нөлөөллөө, эсхүл таньж мэддэг хүнд давуу байдал бий болгох гэсэн шалтгаанаар саатуулаад, тухайн зорчигч нарыг буулгахгүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа юм. Тухайн үед 4 машиныг Хяргас сум оруулж шалгаж шийдвэрлэснээс нэг нь хэргийн материалд авагдсан байгаа. Д.А-г мөн адил яагаад Хяргас сум оруулаад шалгаж болоогүй юм бэ, тухайн поролоос болсон уу гэдэг асуудал байгаа.
Тухайн цагдаагийн алба хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас 2 хүний амь нас хохирсон, энэ хүмүүс зөрчлийг таслан зогсоосон бол хүний амь нас хохирох нөхцөл байдал бий болохгүй байсан.
Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар өндөртэй, 2 хүний амь нас хохирсон. Зөрчил үйлдсэн этгээд нь нас барсан учраас прокурорын байгууллагаас тухайн хүнд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тухайн амь хохирогч Д.А нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, дунд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Энэ талаар хийсэн прокурорын яллах дүгнэлт болон Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангасан, үндэслэлтэй байна гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдлыг үндэслэн, М.Э, П.Б нарт холбогдох, 2302008100142 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.Ононгоос шүүгдэгч М.Э, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т овогтой М-ын Э, З овогт П-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч М.Э, П.Б нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
4.1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
4.2. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Наранбулаг сум дахь зохицуулагч М.Э, мөн тус газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаа П.Б нар 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын нутаг “Х” гэх газар цагдаагийн албаны үүрэг гүйцэтгэж байхдаа, х улсын дугаартай, “Х” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Д.А-г зогсоож шалгасан боловч түүнийг түр саатуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэрэгт авагдсан, гэрч Я.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Хяргас сумаас Д.А-ийн автомашинд суух үед талийгаач Д.А нь согтуу байсан ба тэр архи бага зэрэг уусан байдалтай байсан. Бид нар суугаад явах замд машиндаа байсан 4 лаазтай 0,5 литрийн нэрийг нь мэдэхгүй, пивыг ганцаараа уугаад яваад байсан. Тэр пивоныхоо лаазыг машиныхаа цонхыг онгойлгож хаячихаад байсан. Бид нар Хяргас сумаас орой 21 цагийн үед гарсан ба Хар тэрмис амралтын газарт 1 цаг гаруй яваад ирсэн санагдаж байна. Тэр хооронд талийгаач Д.А нь машиндаа байсан 4 лаазтай пивыг ууж дуусгасан. Тэгээд Хар тэрмис амралтын газрын Хяргас талаас орж ирэх талын амралтын газарт очиж зогссон ба тэр амралтын газар руу ганцаараа ороод нэрийг нь мэдэхгүй 0,5 литрийн 3 ширхэг пиво аваад гараад ирсэн. Тэгээд Хар тэрмисийн шатахуун түгээх колонкоос бензин хийж аваад аймаг руу явсан ба замд Хар тэрмист байх 2 давхар амралтын газрыг зөрөөд цаана нь 2 дэлгүүрийн үүдэн тус зам дээр зогсож байсан хоёр замын цагдаа хувцастай хүмүүс зогс гэж дохиур модоороо дохиход зогсохгүй зөрөөд 300 орчим метр газар явж байгаад буцаж эргээд цагдаа нар руу өөрөө яваад очсон. Тэр үед цагдаа нарын нэг нь байсан ба тэр дахиж модоороо дохиход зогссон. Би жолоо барьж байсан талийгаач Д.А-ийн ард талд сууж байсан. Тэр цагдаа зогсоосны дараа талийгаач Д.А нь машинаасаа буугаад зогсоосон цагдааг дагуулаад машиныхаа ард талд гарсан ба тэр үед дэлгүүрийн хажуугаас махлагдуу өндөр цагдаа ирсэн. Тэгээд тэр гурав машины ард талд уулзаад байсан ба талийгаач буцаж ирээд машинаасаа өөрийнхөө утсыг авч гараад утсаараа залгаад цагдаа нарыг яриулаад байсан. Тэгээд талийгаач Д.А нь машинд орж ирчихээд бидэнд хандан “Би аймгийн цагдаа нарт Чандмань гэж хэлээд явчихдаг байхгүй юу. Энэ жижиг цагдаа нь намайг танихгүй, шалгана гэж байна, харин ахалж яваа цагдаа нь намайг таниад дөжгөж /дотно харилцах/ байна. Жижиг цагдаа нь танихгүй байна, шинээр ажилд орсон бололтой нөхөр байна. Тэр намайг та согтуу явж байна гэхээр нь би согтуу биш ээ, би 2 хоног архи уусан, тасарсан явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ахалж явсан том цагдаа нь намайг таниад дөжгөөд, ах сайн уу, ажил тань сайн уу гэж байна. Би аймгийн цагдаа нарт өөрийгөө Ч байна гээд поролдоод явдаг юм. Би тэр 2 цагдааг гурван пиво байна, хуваагаад ууя гэж хэлэхэд ажлаа хийж байна, уухгүй гэж байна шүү” гэж хэлээд инээсэн. Тэгээд цагдаа нараас салаад явсны дараа аймаг руу явах замдаа Хар тэрмисээс авсан 3 ширхэг пивыг уугаад явсан. Тэр аймаг явах замдаа Ш гэх газрын овоог зөрөөд явж байхдаа замын мушгианд машиных нь бөгс нь шидэгдээд хариулж чадахгүй чигээрээ яваад зам тээврийн осол гаргаж машинаа унагааж хэд хэдэн удаа өнхрүүлсэн. Би сэрэхэд машины хажууд хэвтэж байсан ба эгч “Ээж алга байна” гээд орилоод уйлж байсан. Харин Б.Ш, Ц.Э нар зүгээр машинаас буусан эгчийн хажууд байсан. Ийм л зам тээврийн осол болсон юм.
Тухайн үед мэдүүлэг өгч байхдаа мөрдөгч Б.Т-д, бид нар замд явж байхад Хар тэрмис дээр цагдаа нар зогсоосон ба жолоочийг явуулсан гэдгийг хэлж байсан. Мэдүүлэг авсан мөрдөгч Б.Т надаас тэр цагдаа нарынхаа нэрийг мэдэх үү гэж асуухад би жижиг цагдаа нь машин зогсоогоод жолооч талын хаалган дээр ирэхэд Б гэсэн нэр харагдаж байсан гээд түүнийг өндөр нуруутай залуу байсан гэж хэлсэн. Тэр зүйлүүдийг мэдүүлэг дээр бичээгүй байна. Тэр яагаад миний хэлснийг бичээгүйг мэдэхгүй байна. Хяргас сумаас гараад явж байхад тэр хурдтай явахаар нь эгч бид хоёр бидний нэгээр нь машинаа бариулчих гэж хэлэхэд “Та нарт юу гэж машинаа өгдөг юм бэ?” гэж хэлсэн. Мөн талийгаач ээж Х.Х “удаан аятайхан зөөлөн яваач” гэж хэлсэн ба “Би удаан явж байна, энэ машин 200 сая төгрөгийн үнэтэй машин шүү, замаас гарна гэж байхгүй, хурдан явж байгаа юм шиг санагддаг юм” гэж хэлсэн.
Цагдаа нар зогсоон шалгах үед талийгаач Д.А нь илэрхий согтуу байсан, цагдаа нар ч тэр талаар мэдсэн. Тэр өөрөө ирээд “Би цагдаа нарт хэллээ, жижиг цагдаа нь намайг согтуу байна гэхээр нь “би тасарсан байна, 2 хоног архи уусан хүн согтуу байдаг юм уу тасарсан байдаг юм уу” гэж хэллээ гэж хэлсэн. Машиндаа байсан 4 лааз пивыг ганцаараа уусан байсан. Хар тэрмист байгаа цагдаа нар түүнийг согтуу гэдгийг мэдсэн. Талийгаач Д.А утсаараа хүн руү залгаад цагдаа нарын нэгэнтэй нь яриулсан ба тэгээд түүнийг явуулсан. Тэгэхээр нь миний хувьд хадам дүүтэйгээ цагдаа нарыг яриулаад явж байгаа байх гэж бодсон. Учир нь би талийгаач Д.А-ийн компанид 2020 оноос хойш ажиллаж байгаа ба манай аймгийн Цагдаагийн газрын даргаар ирсэн А гэх хүн нь талийгаач Д.А-ийн хадам дүү юм гээд манай ажлынхан ярьж байсныг сонсож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 37-39 дэх тал/,
- гэрч Я.Б-ын хэрэг бүртгэлтийн 233500135 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 111-120 дахь тал/,
- гэрч Я.Б-ын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би жолоочийн ард би, миний хажууд Ц.Э, Б.Ш, Я.С суусан. 2 удаа мэдүүлэг өгсөн юм байна. Жолоочийн уусан зүйл нь пиво байсан гэдгийг бидэнд амсуулсан учраас мэдсэн. Одоо хугацаа их өнгөрсөн учраас урьд мэдүүлэг өгөхдөө санаж байсан зарим зүйлийг санахгүй байна. Цагдаа шалгаад цааш явж байх замдаа 1 пиво уугаад тэрийгээ дуусгаад, 1 удаа бууж бие засаад, цааш явж байхдаа осолд орсон. Осол болоход хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Хар тэрмэсийн амралтын газрын колонкоос бензин аваад явж байхад цагдаа дохьсон. Зогсохгүй явж байгаад буцаж очоод зогссон. Цагдаа жолоочийг “та согтуу байна” гэхэд нэг үг хэлсэн. Жолооч буугаад утсаар яриад байсан, би ард сууж байсан учраас юу ярьсныг сонсоогүй. Жолооч утсаар ярьж байгааг би өөрөө харсан. П.Б жолоочийг явуулахгүй гэхэд цаанаас нь М.Э цагдаа ирсэн. 2 цагдаа явуулахгүй гэхэд жолооч утсаар ярьсны дараа явуулсан. Эхлээд зогсоогоод та согтуу байна явуулахгүй гэхэд жолооч буугаад утсаар яриад явсан. Анх өгсөн мэдүүлгийн үед би шокын байдалтай байсан” гэх мэдүүлэг,
- гэрч Я.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Бид 21 цагийн үед Хяргас сумаас гарсан. Тухайн үед тэр архи уусан боловч архи нь гарсан байдалтай харагдаж байсан. Тэр Хяргас сумаас гараад аймаг руу явах замдаа машиндаа 0,5 литрийн 4 лаазтай нэрийг нь мэдэхгүй пиво авсан байсан ба тэр пивоноос гурвыг нь Хар тэрмис хүртэл явахдаа уугаад ирсэн ба сүүлийн нэг пивыг нь тэнд нэг амралтын газраас нэмж пиво авахаар буухдаа авч буугаад ирэхдээ уусан ирсэн ба шинээр 3 лааз пиво аваад ирсэн. Тэр тухайн үед аймар хурдтай явсан, хэсэг цааш явж байгаад хариу буцаж эргээд цагдаа нар дээр өөрөө яваад очсон. Тэгэхэд хоёр цагдаагийн нэг нь болох туранхай, өндөр цагдаа нь жолооч Д.А дээр ирээд “Яасан хурдтай явж байна, бичиг баримтаа шалгуул” гэж хэлсэн. Тэгэхэд Д.А нь бичиг баримтаа авч буугаад машиныхаа ар талд гарч цагдаатай уулзсан ба цаанаас нэг өндөр махлагдуу цагдаа ирсэн. Тэр үед Д.А буцаж ирээд авто машинаасаа гар утсаа аваад цагдаа нар дээр очсон ба удахгүй буцаад ирсэн.
Тэр авто машинд ороод ирэхээр нь ээж Х.Х түүнээс “Юу болов?” гэж асуухад тэр “Зүгээр, зүгээр” гээд хөдлөөд явсан. Цагдаа нар зогсоогоод 10 орчим минут болсон байх. Тэр хэлэхдээ, “Энэ 2 цагдаагийн жижиг цагдаа намайг танихгүй байна, үлээлгэнэ гэж байна. Тэр намайг та согтуу явж байгаа юм уу гэхээр нь би ах нь согтуу биш ээ тасарсан явж байна гэж хэллээ” гэж хэлээд инээсэн. Тэгээд “Цаанаас ирсэн офицер нь намайг таниад дөжгөөд байна. Би тэр 2 цагдаад 3 пиво байна уух уу гэж хэлсэн чинь үгүй гэж хэлж байна” гэж хэлсэн. Ээж “Цагдаа нар явуулчихсан уу” гэж хэлэхэд бид нарт хандаад “Миний порол “Ч” ш дээ. Би цагдаа нарт Ч гэж хэлээд явчихдаг” гэсэн утгатай зүйл хэлсэн.
Цагдаа нар биднийг зогсоох үед талийгаач А нь илэрхий согтуу байсан ба түүнийг зогсоон шалгахаар машинаас буулгасан, өндөр нуруутай, ахлагч цолтой цагдаа нь түүнийг согтуу байгааг нь мэдсэн ба та согтуу байгаа юм биш үү гэж хэлээд бичиг баримтаа аваад буугаад ир гэж хэлсэн.
Тэр цаашаа яваад дахиад хурдан явахаар нь дүү Я.Б бид хоёр “Та бид нарт авто машинаа өгчих” гэж хэлэхэд тэр “Та нарт юу гэж машинаа өгдөг юм бэ?. жолоогоо шилжүүлэхгүй” гээд уурласан байдалтай хэлэхээр нь дахиж хэлэхээ больсон. Цагдаа нар зогсоосны дараа хэсэг хурдаа багасгаад 80 км/ц орчим хурдтай явж байгаад гэнэт хурдтай нэлээн явсан ба замд байдаг цэнхэр карьерын хажууд би нарыг бие засах юм уу гээд зогссон. Бид нар бие засаад машинд ороод ирэхэд Хар тэрмисээс аваад ууж байсан 3 пивоны үлдсэн 2 пивыг уусан байсан. Бие засаад суухдаа хамгаалах бүсээ зүүгээгүй явж байхад зам тээврийн осол болж онхолдсон. Зам тээврийн ослын улмаас миний нүүр бүхэлдээ хавдаж хөхөрсөн ба зүүн талын эгмийн яс нь хугарсан. Тэгээд би хохирогчоор өөрөө ирж мэдүүлгээ өгсөн. Тэгэхдээ цагдаа нар зогсоосон боловч түүнийг явуулсан талаар хэлсэн. Тухайн үед хоёр цагдаа машин дотор сууж байгаа бид нарыг болон ачаа тээшийг шалгаж, биднээс танай жолооч согтуу явж байгаа юм уу гэж асуусан удаа байхгүй ” гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
- гэрч Я.С-ийн хэрэг бүртгэлтийн 233500135 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 106-108 дахь тал/,
- гэрч Я.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Хар тэрмис рүү очиход 22:00 цаг болж байсан байх. Хяргас сумаас зогсохгүй явсаар Хар тэрмист очсон. Хар тэрмисийн амралтын газарт очиж дэлгүүрээс пиво аваад зам дээр гараад явж байхад цагдаа зогсоох гэхэд зогсохгүйгээр зөрж өнгөрөөд хэсэг явж байгаад буцаж эргээд цагдаа зогсоох гэсэн газарт очсон. Д.А машинд ахлагч л байна гэж хэлээд байж байхад 1 цагдаа ирээд та бичиг баримтаа авчих гэхэд Д.А бичиг баримтаа аваад буусан. Буцаж ирээд гар утсаа аваад болчихлоо гэж хэлээд машинтайгаа хөдлөөд явсан. Пивоны нэрийг нь мэдэхгүй Д.А-ийн машинд байсан. Замдаа өөрөө уугаад яваад байсан. Эхний уусан пиво Heineken байж магадгүй. Гэхдээ сайн санахгүй байна. Пиво байсан. Би итгэлтэй байна. Жолооч тухайн пивыг ээжид задалж өгөхөд уугаагүй. Одоо тухайн хэрэг гарсан өдөр болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Цагдаа ирээд яасан хурдтай явдаг юм бэ?. Бичиг баримтаа аваад буугаад ир гэхэд бичиг баримтаа аваад машинаас буусан. Жолооч өөрөө бууж бичиг баримтаа шалгуулаад эргэж ирээд машиндаа суугаад бид хөдөлсөн. Осол 23:00 цаг өнгөрч байх үед болсон юм шиг байсан. Я.Б-ын эхнэр лүүгээ бичсэн мессежний цагийг харахад 23:00 цаг гэж байсан. Цагдаагаас салаад удаан яваагүй учраас 23:00 цаг гэж бодож байна. Эхэндээ 180 километр цагийн хурдтай явахад болиоч, хурдаа хасаач гэж хэлсэн. Сүүлдээ 200 километр цагийн хурдтай явсан. Хар тэрмисээс хөдлөөд 80 километр цагийн хурдтай явж байсан. Жолооч өөрөө удаан явж байна. Нэмье, хурдтай явж байгаа нь мэдэгддэггүй юм гэж хэлсэн. Бид яах юм бэ, хэрэггүй 80-100 километр цагийн хурдтай яв гэж хэлээд нэг анзаарахад аюултай гэсэн самбар харагдсан. Хурд хэмжигч рүү харахад 180 километр цагийн хурдтай явж байсан. Тэгээд осол болсон” гэх мэдүүлэг,
- насанд хүрээгүй гэрч Ц.Э-рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Бид нар Д.А гэх хүний машинд суух үед Д.А гэх хүн согтуу унтаж байгаад босож ирсэн гэсэн, халамцуу байсан. Хяргас сумаас явах үед машинд нь нэрийг нь мэдэхгүй 4 лааз пиво байсныг Хар тэрмис амралтын газарт очих хүртэл явахдаа ганцаараа уугаад дуусгаад очсон. Хар тэрмисийн амралтаас дахиад 3 ширхэг нэрийг нь мэдэхгүй лаазтай пиво авч ирээд нэгийг нь задлаад уугаад явж байтал Хар тэрмис гэх амралтын газарт байх 2 давхар байшин зөрөөд явж байтал нэг цагдаа зогсоохоор дохиур модоороо бидний сууж явсан машиныг дохисон. Тэгэхэд машин 100 км/ц гарсан нэлээд хурдтай явж байсан тул зөрөөд явсан. Тэгээд явж байгаад жолооч өөрөө буцаж эргээд цагдаа нар дээр яваад очсон. Буцаад яваад очиход тэр цагдаа бичиг баримтаа шалгуулчих гэж хэлэхэд жолооч Д.А гэх хүн урдаас нь “би Ч байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр цагдаа нь ойлгохгүй “Юу гээд байгаа юм бэ, буугаад ир” гэж хэлсэн. Тэр үед Д.А гэх хүн: “Энэ цагдаа миний хэлсэн дохиог ойлгохгүй байна” гээд инээгээд буусан. Тэгээд буугаад машины арын хэсэг рүү эргэх үед цаанаас нь нэг махлаг цагдаа ирээд жолооч Д.А-тай гар бариад инээгээд юм яриад байсан. Тэр жолооч цагдаад шалгуулахаар буух үедээ хариу буцаж ирээд машинаасаа утсаа авсан. Тэгээд тэр хоёр цагдаатай юм ярьж байгаад ирээд машинаа бариад аймгийн төв явсан. Түүнийг анх шалгасан цагдаа согтуу байсныг мэдсэн тул бичиг баримтаа аваад буугаад ир” гэж хэлсэн. Д.А машинд орж ирчихээд “Энэ жижиг цагдаа нь намайг танихгүй байна. Тэр намайг согтуу байна гэхээр нь би согтуу биш тасарсан явж байна гэж хэлсэн. Цаанаас ирсэн цагдаа нь намайг таниад дөжгөөд /дотно харилцааг илтгэх аялга үг/ байна” гэж хэлсэн. Хяргас сумаас Хар тэрмис хүртэл аймаар хурдан явсан. Нагац ах Я.Бадрал, эгч Я.С нар түүний машиныг барина гэхэд хүнд машинаа бариулахгүй гэж хэлсэн. Эмээ Х.Х жолоочид зөөлөн, удаан яваарай гэж хэлсэн боловч үгийг нь тоохгүй хурдаа хасахгүй яваад байсан.
Цагдаа нар түүнийг зогсооход би баярласан. Тэгэхэд цагдаа нар тэр хүнийг согтуу байсныг мэдсэн боловч явуулсан. Машинаас пиво үнэртэж байсан. 180 км/ц-ийн хурдтай явж байгаад мушгиа /эргэлттэй/ зам дээр машинаа эргүүлж чадахгүйгээр зам тээврийн осол гаргасан. Жолооч хурдан яваад байсан тул би айгаад унтаж чадахгүй, сэрүүн яваад байсан. Жолооч Хар тэрмисээс авсан пивоо уугаад яваад байсан. Ослын дараа би эмээ дээр очоогүй. Машинаас буусны дараа үлдсэн хүмүүсийг харах гэхээр айгаад явж чадахгүй, Б.Ш ах, С эгч нарын хамт байсан. Я.Б ах замаар явж байсан машин зогсоож дуудлага өгнө гээд явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
- насанд хүрээгүй гэрч Ц.Э-ын хэрэг бүртгэлтийн 233500135 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128-130 дахь тал/,
- насанд хүрээгүй гэрч Ц.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Жолооч хурд хэтрүүлээд явж байхад 2 цагдаа зогсоосон. Хэсэг хугацааны дараа жолооч цагдааг утсаараа хүнтэй яриулаад цааш 200 гаруй километр цагийн хурдтай согтуу машинаа барьж байгаад осолд орсон. Цагдаа зогсоохын өмнө дэлгүүр орж пиво аваад машин руу авч орж ирсэн. Цагдаа машины цонхон дээр ирээд бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тэр “ч” гэж хэлсэн. Цагдаа “та нарыг одоо явуулахгүй” та буугаад ир гэхэд Д.А гэх хүн бууж явж ирснээ л явахаар болоод л цааш явсан. Би ихэнх зүйлээ мартсан байна” гэх мэдүүлэг,
- насанд хүрээгүй гэрч Б.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Бид нар Д.А гэх хүний машинд суух үед Д.А ах согтуу халамцуу машинаа жолоодож ирсэн. Тэгээд бид нар Хяргас сумаас явах үед нэрийн мэдэхгүй байна, 4 ширхэг лаазтай пиво машинд нь байсан ба уг 4 ширхэг пивыг Хар тэрмис амралтын газарт очих хүртэл ганцаараа уугаад очсон. Тэгээд Хар тэрмист нэг амралтын гадна очиж зогсоод жолооч Д.А сүүлийн пивоо уугаад машинаас буусан ба дахиад 3 ширхэг нэрийн мэдэхгүй лаазтай пиво авч ирээд нэгийг нь задлаад уугаад явж байтал Хар тэрмис гэх амралтын 2 давхар байшин зөрөөд явж байтал нэг цагдаа зогсоохоор модоороо дохисон боловч тухайн үед машин хурдтай явж байсан тул зогсоогүй ба жолооч Д.А ч зогсоох үйлдэл хийхгүйгээр явж байгаад буцаад өөрөө эргэсэн.
Тэр үед цагдаа нар зогсоохоор дохисон боловч зогсохгүй байхад бидний араас хөөгөөгүй. Жолооч өөрөө буцаж эргээд анх улаан модоор дохисон цагдаагийн хажууд яваад очсон. Тэр дохисон цагдаа нь өндөр туранхай залуухан ах байсан. Яваад очиход тэр цагдаа “Бичиг баримтаа шалгуулчих” гэж хэлэхэд жолооч Д.А урдаас нь “Би Ч байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр цагдаа нь “Юу гээд байгаа юм бэ, та согтуу байгаа юм уу, бичиг баримтаа аваад буугаад ир” гэж хэлсэн. Тэр үед Д.А “Энэ цагдаа миний хэлсэн дохиог ойлгохгүй байна” гэж хэлээд инээгээд буусан. Тэгээд машинаасаа буугаад явж байхдаа буцаж эргэж ирээд машиныхаа гол хэсэгт тавиур дээр байсан гар утсаа аваад явсан. Тэгээд тэр цагдаа дээр очих үед цаанаас нь нэг махлаг цагдаа ирээд жолооч Д.А-тай гар бариад инээгээд юм яриад байсан. Тэр хоёр цагдаатай юм ярьж байгаад ирээд машинаа бариад аймгийн төв рүү явсан. Цагдаа нартай уулзах үед машинаа асаалттай үлдээсэн байсан. Түүний бичиг баримтыг анх шалгасан өндөр цагдаа нь түүнийг согтуу байсныг мэдсэн ба түүний хэлсэн “Ч” гэдэг үгийг нь ойлгохгүй байсан. Д.А гэх хүн машинд орж ирчихээд бид нарт: “Энэ жижиг цагдаа нь намайг танихгүй байна. Тэр намайг согтуу байна гэхээр нь би согтуу биш тасарсан явж байна гэж хэлсэн. Тэгэхэд хажууд нь байсан том цагдаа нь намайг таниад дөжгөөд байна” гэж хэлсэн. Тэр хэлэхдээ “Би цагдаа нарт Чандмань байна гээд хэлээд явдаг юм. Энэ жижиг цагдаа /анх зогсоосон өндөр нуруутай туранхай ах /намайг танихгүй байна даа” гэж хэлж байсан. Талийгаач Д.А ах машинаа жолоодоод Хяргас сумаас Хар тэрмис гэх газарт ирэхдээ цаанаас аймаар хурдан яваад ирсэн. Тэр зам нь шороотой мушгиатай зам байсан ба хамт сууж явсан ах Я.Б, эгч Я.С нар түүний машиныг барина гэж хэлэхэд тэр машинаа хүнд бариулахгүй гэж хэлсэн. Засмал замаар явж байхдаа тэд машиныг нь барина, эсхүл удаан яваарай гэж хэлэхэд бариулахгүй яваад байсан. Мөн талийгаач Х.Х эгч уг жолоочид зөөлөн, удаан яваарай гэж хэлсэн боловч үгийг нь тоохгүй хурдаа хасахгүй яваад байсан. Цагдаа нар зогсоох үед нь уг нь бид нар баярласан. Учир нь согтуу байсан ба сумаас Хар тэрмист ирэхдээ их хурдтай ирсэн. Тэгээд дахиад пиво уухаар авсан байсан. Тэгээд цагдаа нар одоо явуулахгүй байх гэж бодож байтал цагдаа нар явуулсан. Талийгаач Д.А-г согтуу машин жолоодоод явж байгааг цагдаа нар мэдсэн боловч явуулсан. Цагдаа нар зогсоосны дараа машин дотор явсан бид нарыг болон машины ачаа тээшийг шалгаагүй. Анх зогсоосон цагдаа машин дээр ирэх үед машины цонхыг онгойлгох үед машинаас пиво үнэртэж байсан. Тэгээд цагдаа нараас салаад аймаг явах замдаа машинаа аймар хурдтай жолоодсон.
Цагдаа нар зогсоох үед жолоо барьж байсан талийгаач Д.А нь замдаа 4 пиво уусан илэрхий согтуу байсан ба түүнийг зогсоон шалгахаар машинаас буулгасан /талийгаачийн хэлдгээр жижиг цагдаа гээд байсан/ өндөр нуруутай залуухан царайтай ах түүнийг согтуу байгааг нь мэдсэн. Түүний үг яриа, нүүр, нүднээс согтуу байгаа нь мэдэгдэж байсан, мөн согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
- насанд хүрээгүй гэрч Б.Ш-ийн хэрэг бүртгэлтийн 233500135 дугаартай хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 123-125 дахь тал/,
- гэрч Б.Ш-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бид Хяргас суманд барилга дээр ажиллаж байсан. 2 өдөр тог тасрана гэсэн учраас аймаг руу эгч, ах нартайгаа ирэх шаардлагатай болсон. Probox маркийн машинаар явах байсан ч захирал явна гэхээр нь Хяргас сумаас 22:00 цагийн үед хөдөлсөн. Жолооч согтуу байсан. Хар тэрмисийн баазаас жолооч 3 пиво уусан. Хар тэрмист цагдаа зогсоох гэхэд зөрж яваад буцаж эргээд ирж зогсоод цагдаа ирэхэд ч гэж хэлсэн. Танихгүй байгаа юм байна гэж хэлэхэд цаанаас нь 1 цагдаа ирээд жолооч буусан. Цагдаа нар биднийг явуулсан. Цааш явах замд манай эгч жолоочийг жолоогоо өгчих гэхэд та нарт өгөхгүй гээд цааш явж байгаад осолд орсон. Хэдэн удаа мэдүүлэг өгснөө санахгүй байна. 2-3 удаа байх. Жолоочийн ууж байсан зүйл пиво байсан. Энергийн ундаа бол биш, хараад л мэднэ. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Пиво байсан. Жолооч согтуу байсан, нүд нь сонин болсон байсан ба хуртай яваад байсан. Хэл яриа нь согтуу байна гэж сонсогдож байсан” гэх мэдүүлэг,
- гэрч Э.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Таны асуултыг сонсоод би тухайн үеийг санаж байна. Тува улсын иргэд гэхээр нь саналаа . 2023 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай Хар тэрмис амралтын газрын Тэс петролиум ХХК-ийн шатахуун түгээх станц дээр Оросын холбооны улсын Тува улсын 2 иргэн тухайн улсын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэд нар 100 рубль өгөөд бензин хийгээд өг гэсэн. Уг мөнгө нь монгол төгрөгөөр бодвол 4000 төгрөг болж байсан. Тэр Тува улсын иргэд надад өөрийнхөө хэтэвчийг дэлгэж үзүүлээд байгаа мөнгө нь 100 рубль гэхээр нь би өөр улсын мөнгөн дэвсгэртээр бензин хийж өгөхгүй гээд түгээгүүрийн хажууд зогсож байтал таны асууж байгаа талийгаач Д.А /У/ гэх зүс таних залуу ард талдаа тэвштэй, нэрийн мэдэхгүй байна, Бикап шиг загвартай жийп машинтай ирсэн.Тэр ирээд машиныхаа банк дүүргэчих гэхээр нь би түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд бензин хийж өгсөн. Бензин хийж өгч байхад тэр машиныхаа жолооч талын цонхоо онгойлгоод надтай харьцсан ба би түүний хажууд зогсож байсан. Тэгэхэд түүнд энэ хоёр Тува улсын иргэн 100 рубльд бензин авна гээд байна гэж хэлээд тэр бензин авахаар надад өгсөн 100 рублийг талийгаач У-д үзүүлсэн. Тэгэхэд талийгаач энэ Тува хүмүүсийн машинд 20,000 төгрөгт бензин хийгээд өгчих, би мөнгийг нь төлнө гэж хэлсэн.Тэгээд тэдний өгсөн 100 рублийг буцаагаад өгчих гэхээр нь би Тува залуучуудад 100 рублийг буцааж өгөөд 20,000 төгрөгт бензин хийж өгсөн. Талийгаач тэр үед өөрийнхөө болон Тува хүмүүсийн машинд хийлгэсэн 20,000 төгрөгийг нэмээд миний эзэмшлийн Хаан банкны х тоот данс руу 210,00 төгрөгийг 0956 гэх утгаар хийсэн. Тухайн үед талийгаач Д.А нь машинаасаа буугаагүй ба түүнтэй машиных нь цонхоор харьцахад тэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нүүр нь улайсан, нүд нь нэг сонин болсон, согтууруулах ундаа машинаас нь түүнээс үнэртэж байсан. Гэхдээ нэг их согтсон гэж хэлэхээр харагдаж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Талийгаач Д.А нь бензин авсан мөнгийг интернет банк ашиглаж хийсэн. Тухайн үед талийгаач Д.А нь машинаасаа буугаагүй Талийгаач надтай цонхоор толгойгоо гаргаж байгаад юм яриад байсан ба цонх онгойлгох үед машинаас нь архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
- гэрч Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хар тэрмисийн Тэс петролиум бензин колонкод ажиллаж байсан. Тэр шөнө Д.А ирж бензин аваад тооцоогоо хийгээд явсан. Тухайн үедээ өдөрт багадаа 60-70 машин ирж үйлчлүүлж байсан болохоор эхний мэдүүлгийн тухайд тийм машин ирж бензин авсан эсэхийг би санахгүй байна гэдгээ хэлсэн. 2 дахь мэдүүлэгт дахиж дуудаад, хажууд нь 2 тува хүн ирээд бензин авсан юм байна. Бензинийх нь мөнгийг Д.А төлсөн юм байна гэхээр нь би санасан. Хажууд нь 2 тува ирээд бензин авъя гээд 100 рубль өгсөн. Манайх рубль авдаггүй, их бензин ирэхгүй гэж би хэлсэн. Д.А тийм ч их согтуу байгаагүй. Жолооч өөрөө бууж ирээд тооцоогоо хийсэн. Архи үнэртэж байсан. Тухайн үед Д.А-г согтуу байсныг мэдсэн, гэхдээ хэтэрхий согтуу биш байсан учраас бензин өгсөн” гэх мэдүүлэг,
- гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хяргас сумын төвд И нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би Д-ийн А гэх хүнийг зүс танина. Тэр хүн манай Хяргас суманд 2023 оны зун сургуулийн барилга барьж байсан юм. Тэр утгаараа уг хүнийг барилгын эзэн гэж зүс таньдаг болсон. Тэр хүн барилга бариулж байх үед манай дэлгүүр барилгын ажилчдад хоолны материал /гурил, будаа, ногоо/ нийлүүлж байсан удаатай. Д.А талийгаач 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр манай дэлгүүрт өдөр орж ирж гүйлгээ хийхдээ ганцаараа орж ирж байсан. Түүнийг манай сумынхан улаан өнгийн жийп загварын үнэтэй машин авч ирсэн гэж ярьж байсан. Гэхдээ би тэр машиныг нь харж байгаагүй. Тэр өдөр манай дэлгүүрт машинтай ирсэн эсэхийг мэдэхгүй. Талийгаач Д.А нь эхний удаа орж ирж хиам, талх авч байхдаа эрүүл байсан. Харин сүүлийн 2 удаа гүйлгээ хийхээр орж ирэхдээ бага зэрэг архи уусан байдалтай гадна талаас нь харагдаж байсан. Түүний нүүр улайгаад архи уусан хүмүүс гаднаас нь харахад мэдэгддэг, тийм байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ө-ийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 51 дугаартай: “Амь хохирогч Д.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Д.А нь нас барах үедээ дунд зэргийн согтолт /цусанд 2.1 промили илэрсэн/-той байжээ. Амь хохирогч Д.А нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-154 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар Д.А гэгч нь 2023 оны 7 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө х улсын дугаартай, “Х” загварын тээврийн хэрэгсэл жолоодон Хяргас сумын нутгаас гарч х сумын нутаг “Х” гэх газраар дайран Улаангом сумын чиглэлд явж байхдаа зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас жолооч А болон хамт зорчиж явсан Х гэх хүний амь нас хохирсон, зорчигч Я.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тухайн осол болох гарах үед жолооч Д.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуу байсан, Хар тэрмис гэх газар түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад тухайн газар, орчинд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч М.Э, П.Б нар тээврийн хэрэгслийг зогсоож, шалгасан боловч үргэлжлүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч явуулсан зэрэг үйл баримт тус тус тогтоогдсон байна.
4.3. Цагдаагийн албан хаагч М.Э, П.Б нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.А гэгчийг зогсоож, түүнийг машинаас буулган бичиг баримтыг шалгах үед тэрээр согтуурсан байсан нь нүүр царай, хэл ярианы байдлаараа илт мэдэгдэхүйц байсан, цагдаагийн албан хаагч нар тухайн үед хоёулаа жолоочтой уулзаж ярилцаж, 10 гаруй минутын хугацаа болсон, түүнчлэн анх тээврийн хэрэгслийг зогсоож, жолоочтой уулзсан цагдаагийн алба хаагч Б нь жолоочид хандан “Бичиг баримтаа шалгуулчих” гэж хэлэхэд жолооч Д.А урдаас нь “Би Ч байна” гэж хэлсэн. Тэгэхэд тэр цагдаа нь “Юу гээд байгаа юм бэ, та согтуу байгаа юм уу, бичиг баримтаа аваад буугаад ир” гэж хэлж байсан, мөн жолооч эргэж ирээд машинаасаа гар утсаа аваад цагдаа нарыг гар утсаараа яриулаад байсан талаар гэрчүүд мэдүүлсэн,
- түүнчлэн жолооч Д.А нь тухайн цаг хугацаанд Хар тэрмист үйл ажиллагаа явуулдаг бензин түгээгүүрийн газар зогсож бензин авах зуур түүнтэй харилцан ярилцсан түгээгч Э.А-ын:“...түүнтэй машиных нь цонхоор харьцахад тэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нүүр нь улайсан, нүд нь нэг сонин болсон, согтууруулах ундаа машинаас нь түүнээс үнэртэж байсан” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд М.Э, П.Б нар нь тээврийн хэрэгслийг зогсоон шалгаж, түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгийг мэдсэн атлаа тухайн зөрчил үйлдсэн этгээдийг түр саатуулах, жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан албаны бүрэн эрх, үүргээ зориуд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг тухайн үед дагаж мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан бөгөөд цагдаагийн алба хаагч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Д.А-ийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авахгүйгээр, түүнд гаргасан зөрчилдөө шалгуулахгүй байх, улмаар дээрх хуульд заасан хариуцлага хүлээхгүй байх хууль бус давуу байдлыг бий болгосноор зам тээврийн осол гарч, хүний амь, эрүүл мэндэд хохирол учирсан үр дагавар бий болсон байна.
4.4. Шүүгдэгч М.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1796 дугаартай тушаалаар Увс аймгийн Цагдаагийн Газрын замын цагдаагийн тасгийн Наранбулаг сум дахь зохицуулагчаар, шүүгдэгч П.Б нь Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар тус тус томилогдон ажиллаж байхдаа 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө х сумын нутаг дэвсгэр Х гэх газар албан үүргээ гүйцэтгэж байсан байх ба тэд Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
4.5. Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч М.Э, П.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э, П.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэв.
6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл нарын тус тус давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.1-32.3.4-т, Цагдаагийн алба хаагч нь согтуурсан, мансуурсан байдалтай байгаа жолоочид:
- тээврийн хэрэгслийг түр саатуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ул мөрийг бэхжүүлэх,
- тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баримтжуулах зорилгоор тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, хуульд заасан үндэслэл байгаа бол эрүүлжүүлэх, түр саатуулах, эсхүл баривчлах,
- жолоочийн бичиг баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах,
- тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулах, эсхүл түүний хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг тус тус авна” гэж хуулиар үүрэг болгосон ба шүүгдэгч нар нь хуульд заасан дээрх албан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Э, П.Б нар нь жолооч Д.А-ийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шалгаж, дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, бусдад давуу байдал бий болгосон гэх шинжийг хангасан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.2. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангажээ.
7. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Э, П.Б нарыг гэм буруугүйд тооцох болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН