Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01146

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2025/01146

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт Хундаагийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Б.******* миний бие өөрийн танил Х.******* гэгч эмэгтэйд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийг 2025 оны 4 сард буцаан өгнө гэж тохиролцож зээлдүүлсэн. Махны наймаа хийж байгаа одоо мах аваад хавар махаа бөөндөж зараад өгнө гэж хэлж надаас мөнгө авсан. Сарын хүүг 10 хувь гэж тохирсон, их мөнгөний хүү өндөр болно чи тэгээд яг өгөх юм уу? гэж асуухаар тэгэлгүй яахав надад тус болооч гэж гуйгаад байхаар нь нөхөр маань машин авна гэж цалингийн зээл авсан байсан мөнгөнөөсөө өгсөн юм. Эхний сарын хүү 1,500,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яг өгсөн. Дараагийн сарын хүүг хоцроогоод нэхүүлж байж 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд дараагийн сарын хүүг өгөхгүй удаагаад байгууллагуудад махаа өгчихсөн мөнгөө гаргаж өгөхгүй байна гэсэн юм яриад өнөө маргааш өгнө гэж яваад л байсан. Ингээд сүүлдээ бүр өгөхгүй болохоор нь өөр дээр нь очиж чи ер нь худлаа яриад байна одоо надад өгөх мөнгөө хэзээ өгөх юм бэ" гэж ярилцаад 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 7 сарын хүү 10,500,000 төгрөг өгөх ёстой байснаас 2 удаа өгсөн нийт 3,000,000 төгрөгийг хүүг хасаад 7,500,000 төгрөгийн хүү өгөх ёстой байна, үүнийг үндсэн 15,000,000 төгрөг дээр нэмээд 22,500,000 төгрөг өгнө гэдэг тооцоог хоёулаа хийгээд өөрөө 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр маргааш гэхэд 5,000,000 төгрөгийг өгнө, үлдсэнийг нь 7 дугаар сарын 31-ний өдөр гэхэд өгнө гэж өөрийн гараар бичиг хийж өгсөн. Үүнээс хойш 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг өгсөн тэгээд одоог хүртэл өөр мөнгө огт өгөөгүй. Иймээс миний бие Х.*******гаас өөрийн зээлдүүлсэн мөнгийг түүнтэй тооцоо нийлсэн 22,500,000 төгрөгөөс буцааж өгсөн 4,500,000 төгрөгийг хасаад 18,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өнгө үү гэжээ.

2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Х.******* миний бие Б.*******гаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 18,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу

- 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг,

- 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Х.******* гэжээ.

3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй, ******* овогт Хундаагийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.******* нь 18,000,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123,975 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Х.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 123,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ