Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 628

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808000000827 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С.М, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Сайхан суманд 1973 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянгол ам бэл 4 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Шүүгдэгч С.М нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй 2 дугаар бага сургуулийн гадна 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байгаа, прокуророос санал болгосон ялыг зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “... Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим ажил руугаа ороход гадна талбайн үйлчлэгч С.М “чи өдөр манай ахад хоёр төмөр шон өгнө гэсэн, худлаа ярилаа” гээд жижүүр дээр сууж байсанаа над руу дайраад байхаар нь би сургуулиас гаръя гээд гарахад надтай заавал зодолдоно гээд зуураад байхаар нь тэгвэл чи өөрөө мэд гэтэл миний баруун нүд рүү цохихоор нь нүдээ дараад доошоо суутал шүд рүү дахин цохьсон юм. Тэгэхээр нь би уур хүрээд зөрүүлээд М-г 1 удаа цохиход хамраас нь цус гараад жижүүр А ирж “та хоёр боль боль” гээд бид хоёрыг салгахаар нь би гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Намайг М гэдэг хүн гараараа баруун нүд рүү 1 удаа, дараа нь мөн гараараа урд үүдэн шүд рүү 1 удаа цохиж, хөлөөрөө цээж нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Нүд аргаж өвдөнө, шүд сийгэж өвдөнө. Өөр зовиур байхгүй. Урд үүдэн шүдийг хийгээд өгвөл гомдолгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5),

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06-р сарын 28-ний өдөр сургууль дээрээ жижүүртэй байхад С М хоёр орой 20 цагийн орчим сургуулийн гадаа сандал дээр сууж байгаад архи ууж байсан. Тэгээд гарч яваад 21 цаг 30 минутын орчим М нилээн согтуу сургуулийн хашаан дотор ороод ирэхээр нь одоо харьж амар гэж хэлээд байж байхад араас нь С орж ирээд тэр хоёр хоорондоо тэврэлдээд бие биенийхээ хөл рүү өшиглөж байснаа сүүлдээ хоорондоо муудалцаад зодоон хийхээр нь би салгаад явуулсан юм. Тэгээд би араас нь дагаад явахад дахин тэр хоёр зодолдоод С нь “М-аа болиоч ээ, миний шүд уначихлаа ш дээ” гээд байсан. С-г гэр нь ойрхон болохоор би хөөгөөд явуулсан юм. Тэр хоёр хоёулаа согтуу хоорондоо мөнгө төгрөг яриад байсанаа гэнэт зодоон хийгээд унасан. Намайг харахад М-г С доороо хийгээд дарчихсан 2-3 удаа цохиод түүний амнаас цус гарсан болохоор нь би салгаад явуулсан. Тэгэхэд дахин байшингийн булан тойроод явсанаа зодоон хийгээд С нь урд үүдэн шүдээ барьчихсан, баруун нүд нь хөхөрсөн одоо больё гээд байж байсан. Урд үүдэн доод шүд нь хугарсан, баруун нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7),

Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8179 дугаар дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарын төвгөр овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу болон баруун нүдний ухархайгаар тэмтрэлтээр эмзэглэлтэй. Доод зүүн 1-р шүд булгарч унасан, буйланд хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун тохой 3x1 см, зүүн даланд 14х8 см, зүүн бугалганы ар дунд хэсэгт 8х6 см, цээжний дунд хэсэгт 5х4 см, ЗхЗ см, баруун тохойнд 4х4 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

ГССҮТ-н 2018.06,28-ны өдрийн эмчийн үзлэгт: онош: цээжний хэнхэрцгийн зөлөөн эдийн няцрал, шүдний хугарал гэжээ.Толгойн КТГ-н шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн боловч хийлгэх боломжгүй гэв.

ДҮГНЭЛТ

1.2.Б.С-н биед баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, баруун тохой, зүүн дал, зүүн бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10), 

Яллагдагч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06-р сарын 28-ны өдөр ажлаа тараад 18 цагийн орчим бид хоёр сургуулийн хашаан дотор нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал шөнийн 22 цагийн орчим манай ах С-с хаалганы төмөр авахаар ирэхэд С “түлхүүр байхгүй, эхнэр аваад явсан” гэхээр нь би түүнд хандаж “чи яахаараа хүнд худлаа ярьдаг юм, хэлсэндээ байхад яадаг юм” гэхэд эхнэр түлхүүр аваад явсан юм чинь одоо яахав дээ гэж С хэлсэн. Тэгэхээр нь би С-т чи зээлсэн архиныхаа мөнгийг одоо болтол өгөхгүй 2 сар болчихлоо гэхэд С намайг дарж доороо хийгээд миний нүүр орчим гараараа 2 удаа цохиход жижүүр А бид хоёрыг салгаад явуулсан. Би С-н араас нь очоод намайг яахаараа боодог юм бэ? гээд түүний нүд орчим руу нь цохиод дараа нь түүний шүд орчим руу нь цохьсон юм шиг байгаа. Би тэрийгээ сайн санахгүй байгаа. С “чи миний шүд рүү цохьчихлоо” гээд нэг шүд харуулаад байсан. Тэгээд би гэр хол учраас сургуулийн жижүүр дээр орж хоносон юм. Маргааш нь над руу утсаар ярьчихаад цагдаад өргөдөл өгсөн байсан. Би нилээн согтуу байсан. Би түүний нүд рүү цохьсоноо бол мэдэж байгаа. Харин шүд рүү цохьсоноо сайн санахгүй байна. Би их согтсон байсан, мөн дээр нь намайг Сүхбаатар боогоод хойшоо гэдийхдээ цохьсон байх. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Хүнд төмөр өгнө гэж хэлчихээд өгөхгүй худлаа ярьсан. Мөн дэлгүүрээс архи зээлж уучихаад мөнгийг нь өгөхгүй 2 сар гаруй болохоор нь түүнийг хэлэхэд уурлаж хэрүүл маргаан зодоон хийх болсон, өөр шалтгаан байхгүй. Надад гомдол санал байхгүй. Би мөнгө өгөөгүй. Шүдийг нь 21 хоногийн дараа хийдэг гэж эмч хэлсэн. Тэгэхээр нь тэр үед нь шүдийг нь хийлгэж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 21-25), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28), Ирээдүй цогцолборын 2 дугаар бага сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 34), тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 35) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.М нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ирээдүй 2 дугаар бага сургуулийн гадна 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.С-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...М гэдэг хүн гараараа баруун нүд рүү 1 удаа, дараа нь мөн гараараа урд үүдэн шүд рүү 1 удаа цохиж, хөлөөрөө цээж нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Нүд аргаж өвдөнө, шүд сийгэж өвдөнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5),

Гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг харахад М-г С доороо хийгээд дарчихсан 2-3 удаа цохиод түүний амнаас цус гарсан болохоор нь би салгаад явуулсан. Тэгэхэд дахин байшингийн булан тойроод явсанаа зодоон хийгээд С нь урд үүдэн шүдээ барьчихсан, баруун нүд нь хөхөрсөн одоо больё гээд байж байсан. Урд үүдэн доод шүд нь хугарсан, баруун нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7),

 Шүүх эмнэлгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн  №8179 дугаар дүгнэлт, өргөдөл /хх-2/, хохирогч, шүүгдэгч нарын гомдол саналгүй, эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-40,41/, шүүгдэгч С.М-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С-н өгсөн “...гараараа баруун нүд рүү 1 удаа, дараа нь мөн гараараа урд үүдэн шүд рүү 1 удаа цохьж, хөлөөрөө цээж нуруу руу 2-3 удаа өшиглөсөн ”, гэрч М.А-н өгсөн “...Тэр хоёр хоёулаа согтуу хоорондоо мөнгө төгрөг яриад байсанаа гэнэт зодоон хийгээд унасан. Намайг харахад М-г С= доороо хийгээд дарчихсан 2-3 удаа цохиод түүний амнаас цус гарсан болохоор нь би салгаад явуулсан ” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч С.М нь хохирогч Б.С-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна .

Хууль зүйн хувьд С.М нь хохирогч Б.Сн цээж, нүүр, нүд, шүд хэсэгт  нь цохих, өшиглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч  Б.С нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.М-г дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч С.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.