Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

 

Б.Б, Д.Ө, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

     прокурор Ц.Батзаяа, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Я.Батханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Б.Б, Д.Ө, Б.Н нарт холбогдох, 2335002040314 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, О овогт Б-ийн Б. 

        Монгол Улсын иргэн, Б овогт Д-н Ө. 

        Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ын Н.

1. Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар, Д.Ө нь Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар, Б.Н нь Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн тус газарт “Аврагч-гал сөнөөгч”-өөр ажиллаж байсан Э.З-д 2021 оны 09 дүгээр сард 7 өдөр, 2021 оны 10 дугаар сард 15 өдөр, 2021 оны 11 дүгээр сард 18 өдөр ажилласан, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахгүй байхад нь ажилласнаар цагийн тооцоог гаргуулан цалинг олгож, бусдад давуу байдал бий болгож, Увс аймгийн Онцгой байдлын газрын цалингийн сангийн төсөвт 8,248,068 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/.

        2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

        3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолоор:

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-т  тус тус заасныг журамлан шүүгдэгч О овогт Б-ийн Б, Б овогт Д-н Ө, Ш овогт Б-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      - шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 /гурав/  жил хасаж, 8,000 /найман мянга/  нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолж,

     - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

    - гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний хариуцагч Э.З-ын АТГ-ын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 10,092,400 төгрөгөөс 8,248,068 төгрөгийг  улсын орлогод оруулж, 1,844,332 төгрөгийг иргэний хариуцагч Э.З-д буцаан олгохыг АТГ-т даалгаж,

      - шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

     - портер загварын х улсын дугаартай авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Э.З-д буцаан олгохоор тус тус шийдвэрлэжээ.

     4. Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүх дараах өрсөлдөх хэм хэмжээнд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Үүнд:

      Монгол Улсын Их хурлаас баталсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Короновирус халдвар /ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.1, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.5, 6.2, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 6.2, 11 дүгээр зүйлийн 11.1, Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн найруулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай зарлигийн 8 дугаар зүйлийн 8.1,  8.2,  8.3, 8.4,  8.7 болон албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хуулийг тус тус анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу шүүхийн шийтгэх тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох дээрх өрсөлдөх хэм хэмжээнүүдэд дүгнэлт хийгээгүй байна.

       Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дахь талд иргэний хариуцагч “...Э.З-г 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудад бүтэн ажиллаагүй...” гэж дүгнэсэн байх ба 2335002040314 дугаартай хавтаст хэргийн материалд 2021 оны 9-р сард ажлын 22 хоног ажиллахаас 7 хоног ажиллаж, 15 хоног ажиллаагүй, 10-р сард ажлын 21 хоног ажиллахаас 15 хоног ажиллаж, 6 хоног ажиллаагүй, 11-р сард ажлын 22 хоног ажиллахаас 18 хоног ажиллаж, 4 хоног ажиллаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

     Миний үйлчлүүлэгчийн хувьд Э.З-ын ажилласан цагийн тооцоо бодсоноороо өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгоогүй, өөртөө ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго агуулаагүй, харин ковидын хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан байна. Мөн даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн ба албан тушаалын тодорхойлолтын хувьд алба хаагчдын ажилласан цагийн тооцоог гаргах нь миний үйлчлүүлэгчийн ажил үүрэгт хамааралгүй, мөн бусад өрсөлдөх хэмжээ хэмжээгээр миний үйлчлүүлэгч нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

     Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.Н-ын үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      5. Шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “.... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ бидний маргасан үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг төгссөн цаг хугацааг хэрхэн тодорхойлж, хэзээ төгссөн гэж үзэж, шүүгдэгч нар ямар байдлаар гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх саналын үндэслэлийг хүлээн авахгүй байгаа үндэслэл, няцаалтаа дурдахгүйгээр орхигдуулсан байна.

     Гэмт үйлдэл болон хохирол хор, уршиг хоёрын хоорондох шалтгаант холбооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

       Иймд шүүгдэгч Д.Ө-д холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

     6. Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн. Тухайн гэмт хэрэг гарч байгаа цаг хугацаанд дэлхий дахин нийтээрээ цар тахлын нөхцөл байдал бий болсон цаг үе. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын их хурлаас 2020 оны 4 сарын 29-ний өдөр ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан.

     Тухайн хуулийн хамгийн гол онцлог нь хөл хорио тогтоогоод, онцгой нөхцөл байдал бий болгосонтой холбоотойгоор баталсан. Мөн бусад хуулийн тодорхой үйлчлэлийг хязгаарласан, заримыг нь зогсоосон, тэр байтугай бүүр үндсэн хууль дахь зарим эрх чөлөөтэй холбоотой хязгаарласан асуудлууд энэ хуулиар зохицуулагдсан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т хуулийн зорилгыг тодорхой зааж өгсөн. Үүнд ажлын байрыг хадгалах гэж байгаа. Ажлын байрыг хадгалах гэдэг нь онцгой нөхцөл байдал зарлачихсан учраас чөлөө аваад явчихсан З гэдэг хүний цалинг олгохгүй байж болохгүй гэх агуулга байгаа. Хэрвээ олгохгүй бол хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэж. Тэгэхээр энэ заалт нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хуулийн үйлчлэлийг хязгаарлаж байгааг анхан шатны шүүх авч дүгнэж үзээгүй.

       Цэргийн албаны тухай хууль, цэргийн албаны нийтлэг дүрмээс үзэхэд цэргийн албанд онцгой байдал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх, дотоодын цэрэг, хилийн цэрэг, зэвсэгт хүчин хамаарч байгаа. Эдгээр байгууллагууд нь хамгийн гол нь захирах захирагдах ёсыг хуулиараа ямар эрх хэмжээг нь бий болгосон бэ гэхээр тухайн дарга захирагч нь амаар болон бичгээр тушаал даалгавар өгөх эрхтэй, тухайн алба хаагч түүнийг ёсчлон биелүүлэх үүрэгтэй. Тэгэхээр онцгой байдлын дарга нь Б.Н-ыг дуудаад Э.З-д цалинг нь олгоод яваарай гэж хэлэхэд Б.Н мэдлээ гүйцэтгэе гэж хариулна, бодит байдалд ямар ч алба хаагч би цалинг нь өгөхгүй гэдэг асуудал ярих боломж байхгүй. Тэгэхээр үүнийг шүүх анхаарч үзэхгүй байна.

     Б.Н-ын албан тушаалын тодорхойлолтод Увс аймаг дахь онцгой байдлын газрын алба хаагчдын цагийн тооцоог гаргана гэсэн заалт байхгүй. Б.Н нь өөрт хамааралгүй ажлыг хийж гүйцэтгээд байна гэхээр олон жил ажиллачихсан туршлагатай учраас гаргуулж байсан гэдэг. 2009 оноос хойш ажилласан хариуцлагатай, туршлагатай байдал нь буцаад өөрийг нь хариуцлага хүлээлгэх үндэслэл мөн эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэтэл хамааралгүй ажил хийлгэчхээд яллаад байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж харж байгаа. Үүнд шүүх няцаалт хийж, дүгнэлт гаргаагүй.

     Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах асуудал, цалин хөлстэй холбоотой асуудал юм биш үү гэдэг байдлаар өмгөөлөгчийн хувьд маргадаг. Үүнд мөн шүүхээс дүгнэлт хийгээгүй. Тэгэхээр эдгээр өрсөлдөх хэм хэмжээгээр зохицуулагдчих боломжтой харилцаа байгаа учраас дүгнэлт хийж чадахгүй байгаа юм болов уу гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа.

       Анхан шатны шүүхийн тогтоолын 12 дахь талд байгаа иргэний хариуцагч Э.З-ыг 2021 оны 9, 10, 11 дүгээр сард бүтэн ажиллаагүй гэдэг. Нэг удаа гэм буруугийн хурал хийж 60 хүртэл хоногоор хойшлуулахдаа ажилласан өдрүүдийг нь тодорхойлоогүй байна гэдэг байдлаар буцаасан. Буцаагаад ирэхэд 9 сард 22 хоног ажиллахаас 7 хоног ажиллаж 15 хоног ажиллаагүй гээд 10, 11 сараа ч тодорхой болгоод ирчихсэн байхад шүүх бүтэн 30 хоног ажиллаагүй гэдэг байдлаар дүгнээд байгаа нь зохимжтой эсэх. Үүнд давж заалдах шатны шүүхээс өөрчилж залруулга хийх байх. Шүүхийн шийтгэх тогтоолын 11 дүгээр талаас хийсэн хууль зүйн дүгнэлтэд өмгөөлөгчийн хэлж буй өрсөлдөх хэм хэмжээтэй холбоотой дүгнэлт огт хийгээгүй.

       Давуу байдал гэдэг нэрийн доор хэт туйлширч гэмт хэрэг биш зүйлийг гэмт хэрэг мэтээр харуулж байгаа нь зохимжгүй байна. Мөн тогтоолын 11 дүгээр талд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг гэснийг ойлгохгүй байгаа. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахайн сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гээд бүхэл бүтэн монгол улсын шүүхийн шийтгэх тогтоолд аль гэмт хэргийн шинж яваад байгааг нь ойлгохгүй байгаа.

      Мөн Б.Н-ын хувьд Э.З-ын ажилласан цагийн тооцоо бодсоноороо өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгоогүй, өөртөө ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго агуулаагүй, харин ковидын хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан хамгийн гол субьектив санаа зорилгоо тодорхойлмоор байна. Энэ гэмт хэрэг нь чөлөө өгч явуулснаараа төгсчхөөд байгаа юм уу эсхүл 6 сард төгсчхөөд байгаа юм уу, үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцдэг.

     Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг зарим заалтыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

      7. Шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Гэмт хэрэг гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ёстой, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Шүүгдэгч нарыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд ямар шинжийг хангасан байхыг хуулиар шаардаад байна гэдэг асуудал зайлшгүй яригдах ёстой гэж харж байна. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.1-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад давуу байдал бий болсон байхыг шаардаж байгаа.

     Э.З гэдэг хүнд 6 сарын цалинтай чөлөө олгох шийдвэрийг Б.Б гэдэг хүн гаргасан, тухайн шийдвэр гаргах процесст ямар нэгэн байдлаар шүүгдэгч Б.Н болон Д.Ө нарын зүгээс оролцоо байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол хор уршиг учирсан эсэхээсээ үл хамаараад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгссөнд тооцогддог зүйл анги байгаа.

      Тэгэхээр гэмт хэрэг төгссөн цаг хугацааг хэзээ гэж тодорхойлоод байгаа юм бэ гэдэг асуудлаар анхан шатны шүүхэд маргасан боловч шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу давуу байдал бий болгох үйлдэл хийгдсэнээр энэ гэмт хэрэг маань төгсөх учраас Э.З гэдэг хүнтэй Б.Б дарга уулзаад 6 сарын цалинтай чөлөө өгөх асуудлыг ярилцаад амаар шийдвэрлэснээр гэмт хэрэг төгсчихсөн буюу Э.З-д давуу байдал үүсгэж байгаа юм. Үүнээс үргэлжлүүлээд Э.З 6 сарын цалингаа авсан эсэхээс үл хамаараад Э.З-д үүсээд байгаа давуу байдал нь заавал цалин нь олгогдсон буюу эдийн давуу байдал үүссэн байхыг шаардахгүй, 6 сарын цалинтай чөлөө өгөх асуудлыг амаар Э.З-той яриад шийдвэрлэснээр ямар давуу байдал үүсэж байна гэхээр Э.З ажлаа хийхгүйгээр, ажлаа орхиод явах нөхцөлийг бүрдүүлсэн, үүнээс улбаалаад 6 сарын цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсний үр дагавар нь тухайн 6 сарын цалин олгогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна.

     Д.Ө гэдэг хүний тухайн цалингийн тооцооны баримтад хянаж гарын үсэг зураад байгаа үйлдэл нь Э.З-д давуу байдал олгох санаа зорилгоор хийгдсэн эсэх асуудал зайлшгүй яригдах зүйл. Үүнээс гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан эсэх асуудал гарч ирнэ. Д.Ө яагаад тухайн цалингийн тооцооны баримтыг хянаж гарын үсэг зураад байна вэ гэхээр нэгдүгээрт тухайн цалингийн тооцооны баримт бүх албан хаагчдын цалингийн жагсаалт байгаа, тэгэхээр ганцхан Э.З гэдэг хүнээс хамаараад бусад ажилчдын цалингийн тооцоонд хэн ч гарын үсэг зурахаас татгалзах эрх хэмжээ хуулиараа ч бай, ажлын байрны тодорхойлолтоо ч Д.Ө гэдэг хүнд тийм бүрэн эрх олгогдоогүй.

     Тухайн хянасан гарын үсэг зураад байгаа нөхцөл байдал нь Э.З-д давуу байдал үүсгэх зорилгоор биш газрын даргаас Э.З-ыг 6 сарын хугацаанд цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн буюу 6 сарын цалинтай чөлөөтэй байгаа гэдэг үүрэг даалгаврыг өгсөн учраас чөлөөтэй байгаа гэдэг ойлголтоор тухайн хүн хянаж, гарын үсгээ зурсан нөхцөл байдал байгаа. Энэ гэмт хэргийн үндсэн шинж болох Э.З гэдэг хүнд давуу байдал бий болгох зорилгоор тухайн үйлдлийг буюу хянасан гарын үсгийг зураад байгаа нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг буюу Увс аймгийн онцгой байдлын газрын алба хаагчдын гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд тухайн Увс аймгийн онцгой байдлын газрын бүх албан хаагч нар ерөнхийдөө Э.З гэдэг хүнийг байгууллагын даргаас 6 сарын цалинтай чөлөө аваад чөлөөтэй байгаа юм байна гэдэг ойлголттой байсан учраас бүх мэдүүлгүүд тэгж өгөгдсөн. Эдгээр гэрч нарын мэдүүлэгтэй адилхан тухайн үед хянасан гарын үсгийг зурж байхдаа Д.Ө гэдэг хүн ч гэсэн байгууллагын удирдлагын түвшинд тухайн хүн хууль ёсныхоо дагуу чөлөөгөө авчихсан явж байгаа юм байна гэдэг ойлголтоор л хянаж гарын үсгээ зурж байсан.

      Д.Ө-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг төгссөний дараа хийгдсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж харж байгаа.

     Улсын яллагчийн тайлбарлаад байгаа, цалин олгож дууссанаар гэмт хэрэг төгссөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу хохирол хор уршгийг шаарддаггүй учраас тухайн гэмт хэргийн хохирол хор уршиг учирсан эсэхээс үл шалтгаалаад тухайн 6 сарын цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийг гаргаснаараа гэмт хэрэг төгсчхөж байгаа

    Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжээд Д.Ө-д холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

     8. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй. Тухайн үед Э.З гэх албан хаагч нь өөр аймгаас шилжиж ирээд манайд 2 жилийн хугацаанд ажиллаж байсан. Тэгээд орох гэр оронгүй, айлаар хэцүү байна, энэ нөхцөл байдалд маань тусална уу, би өмнө нь машины ченж хийж байсан, хавар ашиглалтад орох байранд урьдчилгаа хийх гэсэн юм гэх хүсэлтийг гаргасан. Чамд өөр зохицуулах арга байхгүй юм уу гэхэд би явж тэнд байгаа машинуудаа  зарж байж л боломжтой болно гэхэд нь гэр бүлтэйгээ энэ талаар ярьсан юм уу гэхэд ярьсан гэх хариуг өгч байсан. Тэгэхээр нь би наад асуудлыг чинь ерөнхий газар луу явуулъя, шийдэх эсэхийг нь мэдэхгүй байна, хавраас өмнө амжуулаад ирнэ гэвэл чи яваад ир гэж хэлсэн. Тухайн үед би нэг алба хаагчийнхаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж шийдвэр гаргасан. Мөн ерөнхий газар луу албан хүсэлт явуулж шийдвэрлэнэ гэсэн бодолтой байсан. Мөн үед ковидын сүүл үе байсан бөгөөд нэг ч гэсэн алба хаагчийнхаа нийгмийн асуудлыг дэмжих чиглэлээр хойшлуулшгүйгээр шийдвэрлэе гэж бодсон юм.

     Би албан бичиг явуулах гэхэд тухайн үед бичиг хэрэг асуудалтай байсан санагдаж байна, тэгээд явуулж чадаагүй. Энэ шийдвэрийн талаар Э.З-той яриад байж байхад энэ 2 албан хаагч байгаагүй. Сүүлд 10 сар гарсан үед энэ 2 албан хаагчид би албан бичгийг  явуулаад асуудал нь шийдэгдэх байх, тэр хүртэл цагийн тооцоог нь гаргаад явж байгаарай гэх чиглэлийг амаар өгсөн. Энэ шийдвэрийг гаргахын тулд би заавал хүмүүсээс асуугаад байх шаардлага байхгүй. Энэ 2 албан хаагч чөлөө зөвшөөрөл нь ирчих юм байна, ингээд явж байх юм байна л гэсэн ойлголттой үлдсэн. Албан бичиг ирэхдээ эхлээд байгууллагын дарга руу ирж, нягтлан бодогч руу цохолт хийдэг учир энэ 2 хүн чөлөө авсан, шийдэгдсэн талаар мэдэх боломжгүй. Тийм учраас би шийдвэрийг өөрөө гаргасан.

       Б.Н, Д.Ө нарын хувьд миний өгсөн тушаалыг л биелүүлсэн, нөхцөл байдал, учрыг мэдэх боломжгүй байсан” гэв.

    9. Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.З гэх хүнтэй чөлөө, зөвшөөрлийн талаар нэг ч удаа уулзах болон утсаар ярьж байсан тохиолдол байхгүй. Тухайн үед би өөрөө ковидтой байгаад 10 сар гаргаж, ажилдаа ирсэн. Даргаас 6 сарын цалинтай чөлөө олгох тухай хүсэлтийг амаар өгсөн. Би даргын өгсөн тушаал шийдвэрийг нь биелүүлсэн. Мөн өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний тухайд эхнэр болон 4 хүүхдийн хамт амьдардаг. 2 жилийн дараа тэтгэврээ тогтоолгох нөхцөл байдалтай байх тул эрхэм шүүгч та бүхэн миний үйлдэл, оролцоог хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    10. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “Корона вирусийн халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд албан тушаалтанд хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж цалинтай чөлөө олгох эрх зүйн зохицуулалт  тусгагдаагүй .

      2021 оны буюу тухайн цар тахлын үед харин ч онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгож, тухайн иргэн тэр давуу байдлаа ашиглаж хийх ёстой ажлаа хийхгүйгээр төрөөс сул цалин авч байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Э.З нь 2021 оны 9 дүгээр сараас эхэлж Б.Б даргатай уулзаж, ярилцаж, 6 сарын хугацаатай чөлөөний асуудлыг гуйж явсан байгаа. 

     Хэдэн хоног ажилласан, хэдэн хоног ажиллаагүй талаар цагийн тооцооны нэгтгэл бүгд хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тухайн үед цагийн тооцоо гаргах эрх бүхий албан тушаалтан нь Б.Н буюу хүний нөөцийн ахлах мэргэжилтэн цагийн тооцооны нэгтгэлийг нэгтгэж гаргадаг, үүнийг хянах албан тушаалтан нь дэд даргаар ажиллаж байсан Д.Ө, баталгаажуулж даргаар ажиллаж байсан нь Б.Б гарын үсэг зурдаг, энэ цагийн тооцооны нэгтгэлийн хүснэгтийг үндэслэж нягтлан бодогч нар цалин олгодог. Э.З-ыг тухайн үед ажиллахгүй байсан талаар ахлах болон нягтлан бодогч нар мэдэх боломжгүй, цагийн тооцооны нэгтгэлийг үндэслэж цалинг тооцоолж олгодог гэдэг асуудал яригдсан.

      Монгол улсын шадар сайдын 2021 оны 7 сарын 21-ний өдрийн 67 дугаарт тушаалаар батлагдсан онцгой байдлын байгууллагад алба хаах журмын 11.2-т: алба хаагчид ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан ажлын 5 хүртэл хоногийн цалинтай чөлөөг орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын дарга захирагч, ажлын 10-30 хүртэл хоногийн цалинтай, 30-90 хүртэл хоногийн цалингүй чөлөөг ерөнхий газрын даргын тушаалаар олгохоор заагаад зохицуулаад өгчихсөн.

       Тухайн онцгой байдлын ерөнхий газраас авсан албан бичиг мөн хэрэгт авагдсан. Гэтэл  6 сарын чөлөөг өгч, тухайн этгээдэд хууль бусаар давуу байдал бий болгож байгаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байгаа. Тухайн ажилтан нь 2021 оны 9,10,11 сард ирж очоод хагас дутуу ажилласан нөхцөл байдал байгаа. Ингээд 12 сараас 6 сар хүртэлх хугацаанд ерөөсөө ажиллаагүй. Ажлын байрандаа байгаагүй, энэ хугацаанд цалин нь хэвийн олгогдоод явсан. Б.Н, Д.Ө нар тухайн үед мэдээд даргаас асуухад тушаал нь ерөнхийдөө ирчих байх, надад хүсэлт гаргасан, би танилцуулчихсан гэдэг. Ингээд байгууллагын өргөдөл гомдол хүлээн авсан бүртгэлд үзлэг хийхэд, Э.З гэдэг албан хаагчаас гаргасан хүсэлт гомдол байдаггүй, хүсэлт шийдсэн талаарх мөн ямар нэгэн эрхийн акт байдаггүй. Ерөөсөө ямар ч зөвшөөрөлгүйгээр энэ хүн ерөнхий газрын зохицуулсан журам, ерөнхий газрын бригадын генерал, онцгой байдлын газрын даргаас гаргах хамгийн сүүлийн 30-90 хүртэл хоногийн цалингүй чөлөө олгох зохицуулалтыг хэтрүүлээд чөлөө олгоод явуулчихсан. Цэргийн албаны тухай хуульд цэргийн нийтлэг дүрмээр зохицуулсан асуудал, захирагдагч нь захирагчийнхаа амаар болон бичгээр өгсөн шийдвэрийг дагах цэргийн дүрмээр зохицуулсан асуудал гэдэг.

    Гэвч цэргийн дүрэмд ямар нэгэн байдлаар захирагдагчийн хууль бус шийдвэрийг биелүүлнэ гэсэн зохицуулалт байдаггүй. Төрийн албан хаагч тэр тусмаа төрийн нийтийн албан тушаалтан дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

       Хэрвээ Б.Н, Д.Ө нар нь цалингийн нэгтгэлд цагийн тооцоог үнэн зөвөөр гаргасан бол тухайн үед энэ зөрчил таслан зогсоогдох бүрэн боломжтой байсан.

     Мөрдөн шалгах ажиллагаагаар тухайн алба хаагчдын тухайн үед ээлжид гарч байсантай холбоотойгоор гарсан эсэхийг нь тогтоогоод гарын үсгийг нь шалгаад үзэхээр алба хаагч нар маш их хэмжээгээр гарын үсэг зурдаггүй, хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааг сахин биелүүлдэггүй нөхцөл байдалтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Тийм учраас онцгой байдлын удирдлагуудын ажиллаж байх нөхцөл байдал, Э.З гэх хүнд гаргаж байгаа шийдвэр нь илт хууль бус, хууль зөрчиж гаргасан мөн зохицуулсан журам дүрмийг зөрчиж гаргасны улмаас 8,248,068 төгрөгийн цалинг Э.З-д олгож, онцгой байдлын газрын цалингийн санд хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Э.З гэдэг хүн энэ хохирлыг төлж барагдуулсан. Энэ тухай хавтаст хэрэгт материал авагдсан байгаа. Тийм учраас өмгөөлөгч нарын гаргаж байгаа хүсэлт, гомдлууд нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэг үйлдсэн, төгссөн цаг хугацааг 2022 оны 6 сар хүртэлх хугацаа, хамгийн сүүлд 6 сараас цалинг таслаад зогсоосон. Ингэснээр албан хаагчдын тухайн цалингийн олгож байсан асуудлыг таслан зогсоож гэмт хэргийн хугацаа дууссан гэдэг байдлаар анхан шатны шүүхээс мөн улсын яллагчаас тодорхойлж оруулсан. Харин энэ гэмт хэрэг эхэлсэн цаг хугацаа 2021 оны 9 сард анх 6 сарын хугацаагаар цалинтай чөлөө олгох талаар Э.З хөөцөлдөж явж дээд шатны удирдлагаараа дамжуулаад Б.Б даргатай уулзаж явсан байдаг. Ингэхдээ яг тухайн үед 9 сараас эхлээд чөлөө авчихсан юм уу гэхээр үгүй, яг бүтэн ажиллаагүй, хотод явна гэдэг байдлаар 10,11 саруудад ч  хагас дутуу ажилласан. Хот яваад портер машин албандаа бэлэглэнэ гээд аваад ирчихсэн, нөгөө машин нь банк бусын нэр дээр байсан нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдсан. Үүнийг хахууль өгөх гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Хахууль өгөх гэмт хэргийн шинж мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй учраас портер маркийн машиныг иргэний хариуцагч Э.З-д буцааж олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гарсан.

    Тийм учраас өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учир хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга нарын гомдлыг  үндэслэн, шүүгдэгч Б.Б, Б.Н, Д.Ө нарт нарт холбогдох, 2335002040314 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

     2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

      3. Шүүгдэгч  Б.Б нь Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар, Д.Ө нь Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар, Б.Н нь Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газарт “Аврагч-гал сөнөөгч”-өөр ажиллаж байсан Э.З-д 2021 оны 09 дүгээр сард 7 өдөр, 2021 оны 10 дугаар сард 15 өдөр, 2021 оны 11 дүгээр сард 18 өдөр  тус тус ажиллаж, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд огт ажиллаагүй байхад нь дээрх саруудад тасралтгүй ажилласнаар цагийн тооцоог гаргуулан цалинг бүрэн олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

      - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга албан тушаалтан нь алба хаагчаас гаргасан өргөдөл, хүсэлтгүйгээр түүнд 6 сараас дээш хугацаагаар цалинтай чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан биш. Ерөнхий газрын даргын тушаалаар 30 хүртэлх хоногийн хугацааны цалинтай, 90 хүртэлх хоногийн цалингүй чөлөө олгоно гэсэн зохицуулалттай. Аймгийн Онцгой байдлын газрын дарга албан тушаалтан нь алба хаагчдад ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. 5-аас дээш хоногийн чөлөө олгохын тулд Ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авч байж шийдэх ёстой. Алба хаагч чөлөө авахын тулд ямар шалтгааны улмаас чөлөө авч байгаа талаар удирдлагадаа бичгээр өргөдөл хүсэлт бичиж танилцуулах ёстой. Онцгой байдлын алба хаагч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталж ажиллах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаж шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа буруутай этгээдээр төрд учирсан хохирлыг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

       - гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор тасралтгүй 17 жил ажиллаж байна. Э.З нь 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын хооронд манай байгууллагаас цалинжиж ажиллаж байсан. Э.З-ын хувьд манай байгууллагаас чөлөө авч яваад чөлөөний хугацаа хэтэрсэн гэж мэдээд цалинг олгож болохгүй талаар байгууллагын удирдах алба хаагч нарт танилцуулж, цалинг зогсоох шаардлагатай талаар танилцуулсан. Тухайн албан хаагчийн цалинг 2022 оны 6 дугаар сард бүтэн бодогдож олгогдсоны дараа зогсоосон. Би ямар нэгэн байдлаар аймгийн Онцгой байдлын газар болон манай Ерөнхий газраас Э.З-д чөлөө олгосон талаарх тушаал шийдвэрийг харж байгаагүй. Түүнд цалинтай, цалингүй чөлөө олгосон тушаал шийдвэр надад ирж байгаагүй. Би өөрөө гардаж цалин бодохгүй ба цалинг манай тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч Б боддог юм. Тэр цагийн тооцоог үндэслэн цалинг боддог юм. Манай байгууллагын 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх цагийн тооцоонд тэр ажилласнаар ирж байсан. Цагийн тооцоог манай газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Н гаргадаг ба уг цагийн тооцоог нь газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ө хянаж, газрын дарга, хурандаа Б.Б гарын үсэг зурж баталгаажуулан, нягтлан бодогчид ирүүлдэг юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-26, 28 дахь тал/,

       - гэрч Д.Б-ийн 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин өгсөн: “Э.З нь 2021 оны 09 дүгээр сард 3 ээлжээр гурван удаа томилгоонд гарсан байна. Энэ хугацаанд буюу 2021.09.02-наас 03-ны өдөр, 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр ажиллахдаа нэг өдөр буюу томилгоонд дурдагдсан өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, буусан буюу бэлтгэл ээлжийн байдалд 48 цаг буюу 2 өдөр бэлэн байдлыг ханган амарсан. Энэ амарсан хугацаа нь цалин бодогдох үндэслэл болдог юм. Тэгэхээр Э.З нь 2021 оны 09 дүгээр сард нийтдээ 3 удаа 24 цагаар буюу хоногоор ажиллаж, 6 өдөр бэлтгэл бэлэн байдлыг ханган амарсан ба нийт 9 өдрийн цалин бодогдохоор байна. 2021 оны 09 дүгээр сард ажлын 22 өдөртэй ба нийт сарын хоног нь 30 хоног юм. Тэгэхээр нийт ажилласан 9 хоногийг ажлын 22 хоногт бодож тооцвол ажлын 7 хоног ажилласан гээд цалингийн бодоход бохир дүнгээрээ буюу байгууллагаас нийгмийн даатгал төлсөн шимтгэлтэй нийлээд 317,080 төгрөгийн цалин авахаар байна. Манай байгууллагад илүү цаг гэж боддоггүй юм. Учир нь онцгой албаны нэмэгдэл 30 хувиар авдаг юм. Э.З нь 2021 оны 10 дугаар сард 4 ээлжээр таван удаа томилгоонд гарсан байна. Энэ хугацаанд буюу 2021.10.01-нээс 02-ны өдөр, 2021.10.05-наас 06-ны өдөр, 2021.10.09-наас 10-ны өдөр, 2021.10.13-наас 14-ний өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр ажиллахдаа нэг өдөр буюу томилгоонд дурдагдсан өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, буусан буюу бэлтгэл ээлжийн байдалд 72 цаг буюу 3 өдөр бэлэн байдлыг ханган амарсан. Энэ амарсан хугацаа нь цалин бодогдох үндэслэл болдог юм. 2021 оны 10 дугаар сард ажлын 21 өдөртэй ба нийт сарын хоног нь 31 хоног юм. Тэгэхээр Э.З нь 2021 оны 10 дугаар сард нийтдээ 3 удаа 24 цагийн гараагаар хоногоор ажиллаж, 9 өдөр бэлтгэл бэлэн байдлыг ханган амарсан ба нийт 6 удаа томилгоогоор ажиллаад бүтэн сарын цалин авах боломжтойгоос 6 өдрийн ажиллахгүйгээр нийт 15 өдрийн цалингийн бодоход бохир дүнгээрээ буюу байгууллагаac нийгмийн даатгал төлсөн шимтгэлтэй нийлээд 711,811 төгрөгийн цалин авахаар байна. Э.З нь 2021 оны 11 дүгээр сард 4 ээлжээр зургаан удаа томилгоонд гарсан байна. Энэ хугацаанд буюу 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.07-наас 08-ны өдөр, 2021.11.13-наас 14-ний өдөр, 2021.11.17-наас 18-ны өдөр, 2021.11.21-нээс 22-ны өдөр, 2021.11.25-наас 26-ны өдөр ажиллахдаа нэг өдөр буюу томилгоонд дурдагдсан өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, буусан буюу бэлтгэл ээлжийн байдалд 72 цаг буюу 3 өдөр бэлэн байдлыг ханган амарсан. Энэ амарсан хугацаа нь цалин бодогдох үндэслэл болдог юм. 2021 оны 11 дугаар сард ажлын 22 өдөртэй ба нийт сарын хоног нь 30 хоног юм. Тэгэхээр Э.З нь 2021 оны 11 дүгээр сард нийтдээ 6 удаа 24 цагийн гараагааp хоногоор ажиллаж, 18 өдөр бэлтгэл бэлэн байдлыг ханган амарсан ба нийт 7 удаа томилгоогоор ажиллаад бүтэн сарын цалин авах боломжтойгоос 4 өдрийн ажиллахгүйгээр нийт 18 өдрийн цалингийн бодоход бохир дүнгээрээ буюу байгууллагаас нийгмийн даатгал төлсөн шимтгэлтэй нийлээд 815,348 төгрөгийн цалин авахаар байна. 2021 оны 10 дугаар сард 6 өдөр ажиллахгүйгээр 15 өдрийн цалинг бодоход нийгмийн даатгалын шимтгэлтэй нийлээд 711,811 төгрөгийн цалин, 2021 оны 11 дүгээр сард  ажиллаагүй 4 өдрийг хасаад 18 хоногоор бодоход нийгмийн даатгалын шимтгэлтэй нийлээд 815,348 төгрөгийн цалин авахаар байна. Иргэний хариуцагчаар татах тогтоол дээр дурдсан 10,092,307 төгрөгөөс 1,844,239 төгрөг хасагдаж, 8,248,068 төгрөгийн цалин ажиллаагүй байхад нь олгосон байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

      - гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын цалинг сар бүр боддог юм. Намайг амарсан, чөлөөтэй үед ахлах нягтлан бодогч Д.Б боддог юм. Би Э.З-ыг 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар  хүртэлх хугацаанд ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. Учир нь тухайн албан хаагчийг шууд удирдах албан тушаалтан биш юм. Мөн түүний болон бусад алба хаагчдын цагийг өдөр, сараар бүртгэгддэггүй юм. Тэр утгаараа ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би байгууллагын алба хаагчдын цалинг цагийн тооцоог үндэслэн боддог. Уг цагийн тооцоон дээр Э.З-ыг ажилласнаар тооцоо гарч ирсэн тул цалинг бодож олгож байсан. Цагийн тооцоог байгууллагын дарга, хурандаа Б.Б баталж, газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ө хянаж, хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Н гарган ирүүлдэг юм. Тэд цагийн тооцоог сар бүр гарган ирүүлдэг юм. Тэр тооцоог үндэслэн алба хаагчдын цалинг боддог юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,

       - гэрч П.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “Би манай Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.З-ыг танина. 2021 оны 9 дүгээр сард шиг санагдаж байна, өдрөө санахгүй байна. Э.З нь миний өрөөнд орж ирээд надтай 2-3 удаа уулзаж байсан. Ойр ойрхон 2-3 удаа миний өрөөнд орж ирсэн. Э.З нь хэлэхдээ “Надад хувийн ажил байна, би Улаанбаатар хотод жаахан ажил хиймээр байна. Та энэ талаар газрын дарга хурандаа Б.Б-д уламжлаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Миний мэдэх асуудал биш” гэж хэлээд гаргасан. Тэгэхэд тэр дахиж орж ирээд “Та намайг газрын даргад чөлөө авах талаар уламжлаад өгөөч. Би байгууллагад /аймгийн Онцгой байдлын газар/ аж ахуйд зориулж нэг портер маркийн машин авч өгмөөр байна. Та уламжлаад өгөөч гэсэн. Би Б.Б даргад “Э.З нь чөлөө авмаар байна, байгууллагын аж ахуйд нэг портер өгмөөр байна гэж хэлээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б дарга “Э.З-ыг миний өрөөнд оруулчих” гэхээр нь би түүнийг “Даргатай орж уулз” гээд оруулсан. Түүний дараа Э.З нь Улаанбаатар хот руу яваад байгууллагад нэг цэнхэр өнгийн портер машин авч ирж өгсөн. Тэгээд байж байгаад Улаанбаатар хот руу явсан юм шиг байсан. Түүнээс хойш Э.З-той огт уулзаагүй. Түүнд албан ёсоор чөлөө олгосон эсэхийг мэдэхгүй. Учир нь би чөлөө олгох эрх бүхий ажлыг хийж байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

      - гэрч П.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сараас Увс аймгийн Онцгой байдлын газарт 41 дүгээр ангийн салааны захирагчаар ажиллаж байна. Э-ын З 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд миний хариуцаж байсан 41 дүгээр ангийн 1 дүгээр салаанд аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Э.З нь 2021 оны 10 дугаар сард чөлөө авч яваад түүнээс хойш эргэж ирээгүй. Тухайн алба хаагч нь 2022 онд биеэр ирж ажилласан зүйл байхгүй...манай байгууллагын буюу 41 дүгээр ангийн салааны алба хаагчдын ажлын цагийн тооцоог ангийн захирагч нар гаргаж өгдөг. Салааны захирагчийн зүгээс ямар нэгэн бичиг баримт үйлдэхгүй. Э.З нь чөлөө аваад явахдаа байгууллагад цэнхэр өнгийн портер маркийн машин бэлэглэсэн гэж манай байгууллагын ажилчид ярилцдаг” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

       -  Иргэний хариуцагч Э.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр өгсөн:  “Би Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж байсан. Тус газарт аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын эхээр хичээл эхлээд удаагүй байхад газрын дарга, хурандаа Б.Б-тай уулзаад явж байсан. Би ганцаараа газрын дарга Б.Б дээр орж “Чөлөө авах” хүсэлтэй байгаа талаараа амаар танилцуулсан. Тэгээд би даргад өөрийнхөө амьдрал болон чөлөө авах зорилгын талаараа хэлсэн. Тэр үед би “Ажлаас гармааргүй байна, 6 сарын цалинтай чөлөө авах сонирхолтой байгаа, та надад олгож өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд газрын дарга Б.Б намайг “Улаанбаатар хот руу яваад ажлаа хийж байгаад 6 сарын дараа яг хугацаандаа ирнэ шүү, би чамд итгэж байна, итгэл алдахгүй шүү” гэж хэлсэн. Тэр үед дарга Б.Б надад чөлөө олгохоор тушаал гаргаж, хүсэлт бичүүлж аваагүй ба амаар тохиролцоод надад чөлөө олгохоор болсон. Би тэр үедээ Улаанбаатар хот руу яваагүй ба 2021 оны 10 дугаар сард санагдаж байна хот руу явсан. Хот руу явах болсон шалтгаан нь би даргаас чөлөө авахаар уулзаж байхдаа болон чөлөө авах хүсэлтэй байгаа талаараа П.У-т хэлж байхдаа манай газарт аж ахуйн зориулалтай, албанд ашиглах боломжтой супер портер маркийн автомашиныг байгууллагадаа хандив болгож өгмөөр байна гэдгээ хэлж байсан. Тэгээд чөлөө авсны дараа Улаанбаатар хотоос байгууллагадаа супер портер маркийн авто машиныг авч ирэхээр яваад тэнд 1 сар орчим болоод х улсын дугаартай автомашиныг 2021 оны 11 дүгээр сард /өдрийн санахгүй байна/ авч ирж, газрын техник хариуцсан мэргэжилтэн М-д өгсөн. Уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн байдлаар тэмдэглэл үйлдсэн, тушаал гарч хэн нэгэн аваагүй ба машины бүрэн бүтэн байдлыг М шалгаад авсан. Би чөлөө аваад явж байгааг манай Онцгой байдлын газрынхан бүгд мэдэж байсан юм шиг байсан. Би М-д албанд өгч байгаа машин гэж хэлээд өгөхөд тэр бүрэн бүтэн байдлыг нь хараад хүлээгээд авсан. Тэр машиныг авч ирж М-д хүлээлгэж өгчихөөд ажиллахгүй хэсэгт гэрт Увс аймагт байж байгаад 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд түүнээс хойш өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт ирж байна. Би дарга Б.Б-ын хэлснээр амаар чөлөө аваад явсан ба буцаж 2022 оны 5 дугаар сард ажилдаа ирэх болсон байсан боловч тэр хугацаандаа ирж чадаагүй, ажлаасаа гарсан. Харин уг тээврийн хэрэгслийг байгууллагад хэрэгтэй юм байна гэж үзээд хандив болгож өгч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

      - гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сар хүртэл салааны захирагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн сарынхаа 23-ны өдөр 41 дүгээр ангийн захирагчаар томилогдсон. Тэр хугацаанд буюу 2022 онд Э.З биеэр ажиллаагүй. Тухайн алба хаагч нь удирдлагын  түвшинд чөлөө зөвшөөрлийн асуудалтай гэж яригдаж байсан. Би ангийн захирагч болоод Э.З гэх алба хаагч яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар тодруулахад удирдлагын зүгээс чөлөөтэй гэж хариулдаг байсан. Ангийн захирагчийн ажлыг түр орлож байх хугацаандаа Э.З-ыг асууж тодруулахад чөлөөтэй байгаа удахгүй ирнэ гэсэн тайлбарыг удирдлагаас өгдөг байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

     - гэрч Б.М-ын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин өгсөн “Манай Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.З нь Увс аймгийн Онцгой байдлын газрын харуулын томилолтоор 2021.09.02-наас 03-ны өдөр, 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр, 2021.10.01-ний өдөр, 2021.10.05-наас 06-ны өдөр, 2021.10.09-наас 10-ны өдөр, 2021.10.13-наас 14-ний өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр, 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.07-наас 08-ны өдөр, 2021.11.13-наас 14-ний өдөр, 2021.11.17-наас 18-ны өдөр, 2021.11.21-нээс 22-ны өдөр, 2021.11.25-наас 26-ны өдөр хүртэл ажилласнаар нэр орж бичигдсэн ба Гамшгийн цагийн байдлын тухай хоногийн мэдээгээр 2021.09.02-наас 03-ны өдөр, 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр, 2021 10.02-ны өдөр, 2021.10.05-наас 06-ны өдөр, 2021.10.09-наас 10-ны өдөр, 2021.10.13-наас 14-ний өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр, 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.07-наас 08-ны өдөр, 2021.11.13-наас 14-ний өдөр, 2021.11.17-наас 18-ны өдөр, 2021.11.21-нээс 22-ны өдөр хүртэл ажилласнаар хоногийн мэдээнд танилцуулагдсан ба 2021.11.25-наас 26-ны өдөр томилолтод нэр нь орсон боловч 24 цагийн ээлжийн үүрэг гүйцэтгэсэн 7 алба хаагч гэж Э.З-ын нэр бичигдээгүй байна. Тэр 2021 оны 12 дугаар сард томилгоо болон хоногийн мэдээнд огт нэр нь орж байгаагүй байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

      - Увс аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч Д.Б-ийн 2025 оны 4 дүгээр сарын 11-нд гаргасан Э.З-д 2021-2022 онд олгосон цалингийн нэгтгэл, цалингийн тооцоо /4 дүгээр хавтаст хэргийн 120,121 дэх тал/,

    - Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Э.З-ын 2020-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт  /1 дүгээр хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

     - 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн Увс аймгийн онцгой байдлын газрын алба хаагч нараас гаргасан өргөдлийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  /1 дүгээр хавтаст хэргийн 94-99 дэх тал/

       - Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн б/1484 дугаартай Э.З-ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,

      -  Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн б/15 дугаартай Э.З-ыг Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,

      - Э.З-ын 2021, 2020, 2022 оны цалингийн карт, цагийн тооцооны хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 104-142, 184-231 дэх тал/, 

      -  Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажилласан цагийн тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 232-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-11 дэх тал/, 

      -  Увс аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний цагийн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал/,

      -  Увс аймгийн гамшгийн цагийн байдлын тухай хоногийн мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 77-89, 4 дүгээр хавтаст хэргийн 138-151 дэх тал/,

       -   Ээлжийн томилгоот бүрэлдэхүүний мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 90-103, 4 дүгээр хавтаст хэргийн 124-137 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

          4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна. 

       5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна.

       7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хөнгөн ялтай хуулийг хэрэглэн гэм буруутайд тооцон ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг зөв хэрэглэсэн байна.

       Мөн шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байх ба шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч тус бүрийн гэм бурууд тохирсон байна гэж дүгнэв.

        8. Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга  нарын тус тус давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүгдэгч Б.Н, Д.Ө нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус  хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

      8.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарыг бүлэглэн  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

         8.1.1.  Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна гэж тус тус заасан байна.

      Хэргийн баримтаар, шүүгдэгч нар нь тус байгууллагад “Аврагч-гал сөнөөгч”-өөр ажиллаж байсан Э.З-ыг 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудад бүтэн ажиллаагүй, 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд огт ажиллаагүй, ажилдаа ирээгүй гэдгийг мэдсээр байж ажилдаа ирснээр цагийн бүртгэлийн тооцоог гаргаж, тус байгууллагын цалингийн сангийн төсвөөс нийт 8.248.068 төгрөг олгож, төсвийн хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж  бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

      8.1.2. Энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

       Тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн үйлдсэн байна.

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан Б.Б-ын: “Б.З-ыг  ажилд ирснээр бүртгэж бай” гэсэн аман шийдвэр гаргасны дагуу тус газрын хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Н нь цагийн тооцооны бүртгэлийг нэгтгэж гаргахдаа Б.З-ыг ажилдаа ирээгүй байхад ирснээр бүртгэж,

    - тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байсан Д.Ө нь ажилтнуудын цаг бүртгэлийн баримтыг хянан баталгаажуулсан байх бөгөөд уг баримтыг үндэслэн цалин хөлс олгогдож байсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч сэдэлт, зорилгоороо нэгдэж  бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ. Энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

      8.1.3. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт: “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4 дэх хэсэгт: “давуу байдал” гэдгийг “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заасан байна.

       Энэ гэмт хэргийн улмаас  шүүгдэгч нар нь өөртөө давуу байдал бий болгосон гэх үйл баримт тогтоогдоогүй боловч тухайн байгууллагад хамт ажиллаж байсан, ажилтан Э.З-д эдийн ашигтай байдлыг бий болгож, түүнд 8.248.068 төгрөг олгосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бусдад давуу байдал олгосон гэх шинжийг хангасан байна. Энэ гэмт хэргийн шинжийг, нийтийн албан тушаалтан өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон байхаар тодорхойлсон ба зөвхөн өөртөө давуу байдал бий болгосон байхыг шаардаагүй болно.  

      8.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т: “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан байна.

        Шүүгдэгч нарын үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн буюу удааширсан үйлдэлтэй байх тул  уг гэмт хэргийг 2022 оны 6 дугаар сард  төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

        9. Шүүгдэгч Б.Н, Д.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тэдгээрийг  гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  шийдвэрлэв. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч Д.Ө-ийн өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                                                ДАРГАЛАГЧ,

                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН

                                                                                                                   ШҮҮГЧИД                              Ж.ОТГОНХИШИГ

                                                                                                                                     Н.МӨНХЖАРГАЛ