| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2235001930010 |
| Дугаар | 2025/ДШМ/43 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 28.3.1., 10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/43
М.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, Б.Лхагважав, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, М.М-т холбогдох, 2235001930010 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт М-ын М.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь Хилийн цэргийн х ангийн салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас байлдагч Б.С нь Хилийн цэргийн х ангийн салбарын малын суурингийн үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хайж яваад Увс аймгийн х сумын 4 дүгээр багийн нутаг “Б” гэх газарт амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн,
- мөн Хилийн цэргийн х ангийн салбарын малын сууринд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцан зодож, хүч хэрэглэсэн,
- мөн эрүүгийн 2335001930010 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөөд өг гэж ятгасан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батцоожоос шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Т овогт М-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан “Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нэгтэн, түүний эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 /нэг/ жил зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.М-т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож,
- шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.М нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
- шүүгдэгч М.М-т урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
- Иргэний хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас 7,100,845 /долоон сая нэг зуун мянга найман зуун дөчин тав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын 101,530,075 /нэг зуун нэг сая таван зуун гучин мянга далан тав/ төгрөгийн, хохирогч П.Ч-ын 8,000,000 /найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж,
- шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж дүрс бичлэг бүхий 2 /хоёр/ ширхэг CD дискийг хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч М.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх намайг “үхэр чононд хазуулсан” гэх шалтгаанаар цэргийг дарамталж, амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэсэн. Гэтэл тэр үхэр чононд хазуулсан болохыг талийгаач цэрэг Б.С болон миний бие хэн хэн нь мэдэхгүй байсан. Өглөө бэлчээрт явсан үхрийг хурааж ирэхээр Б.С 15:00 цагийн орчимд явсан, тухайн цэргийн сэтгэл санаа хэвийн байсан. Үхэрт явах үед Н.З болон миний бие хамт байсан, ямар нэгэн дарамталсан зүйл байхгүй. Талийгаач цэрэг үхэрт явснаас хойш 40 орчим минутын “Хариг зар мэдээ” гэх фейсбүүк хаягаас чононд хазуулсан гэх үхрийн зургийг харсан боловч хэний үхэр болохыг таних боломжгүй байсан учир би өөрөө газар дээр нь очиж харсан. Тэгээд албаны үхэр гэдгийг нь мэдсэн. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М нь амь хохирогчийг удаа дараа зодож цохиж байсан, энэ нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогджээ гэж дүгнэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан дээрх хохирогч нарын мэдүүлгийн баримтуудаар амь хохирогчийг удаа дараа зодож цохьсон асуудал байдаггүй. Харин ч сайн ханддаг байсан талаар мэдүүлэгт дурдсан байгаа ба хохирогч Б.Б-ийн /2 хх 211-212/, хохирогч П.Ч-ын /2 хх 198- 199/, гэрч Б.Ж-ын /4 хх 119-221/-т тус тус гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй байгааг анхаарч үзээгүй, уг мэдүүлгүүдэд тулгуурласан, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.
Учир нь хэргийн бодит үнэн байдлыг сэргээн дүрслэхэд, анхдагч мэдүүлгийн нотлох баримтууд чухал ач холбогдолтой байдгаас гадна, мөрдөгчийн дахин дахин тулгасан, хөтөлсөн, залхаасан асуултад хариулж буй байдлаас харж болохоор байна. Тодруулбал тодорхой нөлөөлөлд орж анхны мэдүүлгүүдийг илтэд өөрчилж, М.М-ыг буруутгаж мэдүүлэг өгсөн байгаа нь сүүлд өгч буй мэдүүлгүүдээс тодорхой харагддаг учир ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж үзэж байна.
2022 оны 7 дугаар сард М.М-ыг малын суурийн хэсэгт байхгүй байх хугацаанд 228-р салбарын сургалтын орлогч н.Б нь “мал алга болбол 3 нугалж төлүүлнэ” гэж загнаж, дарамталсан үйл баримт хохирогч нарын мэдүүлэг болоод түүний мэдүүлгээр хангалттай нотлогддог. Харин М.М-ын хувьд, амь хохирогч Б.С-г байнга дарамталж байсан, зодож байсан үйл баримт хэрэгт тогтоогддоггүй.
Мөн сэтгэл зүйн судалгааг цэргийн алба хаагч нараас байнга авдаг байсан ба 2022 оны 7 дугаар сард авсан социологийн судалгаа, сүүлд буюу хэрэг учрал болохын өмнөх өдрүүд болох 2022 оны 9 дүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд авсан сэтгэл зүйн судалгаа, халамжлан хүмүүжүүлэгч н.Б нарын мэдүүлэг зэргээр Б.С-ийн сэтгэл санааны байдал хэвийн байсан талаар хангалттай тогтоогдсон. М.М-ын ээлжийн амралттай байх 2022 оны 8 дугаар сарын эхэн үеэс 9 дүгээр сарын сүүл хүртэлх хугацаанд өөр алба хаагч ажил үүрэг гүйцэтгэж байсан ба амарч ирснээс хойш хугацаанд аливаа хэлбэрийн харилцаа М.М-ын зүгээс хийсэн зүйл байхгүй, ирснээс хойш цэргийн алба хаагч нартай зүй бус харьцсан, амь хохирогчийг зодсон, дарамталсан зүйл огт болоогүй нь тогтоогддог.
Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2022 оны 7 дугаар сард зодсон гэж дүгнэсэн хугацаанаас хойш 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл М.М нь амь хохирогч Б.С-тай цэргийн дүрмийн бус харьцаж, байнга зодож, айлган сүрдүүлж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үйл баримт хоорондын шалтгаан холбоо байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.
Амь хохирогч Б.С нь сайн цэрэг, шүүгдэгч М.М түүнд сайн ханддаг, тэрээр сайн байсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн. Үхрийг 1 цэрэг л хариуцдаг буюу Б.С ганцаараа хариуцаж байсан нь тодорхой харагддаг. Үхэр алга болсон асуудлыг Б.С мэдэж явсан асуудал хөтөлбөргүй тогтоогдсон зүйл байхгүй. Урьд өдөр нь байсан үхрээ бүгдийн олоогүй, эрлийн багийнхан түүнийг С гэх газрын хойноос хэрэг болсны маргааш өглөөний 6 цаг орчимд олсон нь тогтоогддог. Амь хохирогч Б.С-ийн хувьд өөрийн хариуцаж байсан үхрээ олоогүй, мал хоргодвол 3 нугалж төлдөг гэх 228-р салбарын сургалтын орлогч н.Б-ийн хэлсэн үгнээс айдаг байсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогддог ба тухайн үед хариуцаж байсан үхрүүдээ олоогүй дутсан гэх айдас, 3 нугалж төлүүлнэ гэх айдас зэрэг сэтгэхүйн хувьд өөрөө өөртөө бий болгосон дарамтаас гарч чадаагүйгээс шалтгаалан амиа хорлосон гэж үзэж байна.
Учир нь малын суурийн хэсгийн үхэр чононд хазуулсан гэх өдөр М.М-ын хувьд өөрийн үхэр байсныг мэдээгүй, очиж үзэж байж мэдсэн ба уг мэдүүлэг нь түүний эхнэрийн болоод гэрч Н.З нарын мэдүүлгээр давхар нотлогдсон буюу амь хохирогч Б.С нь өөрийн үхэр чононд хазуулсан талаар мэдээгүй явсан, уг асуудалтай холбоотой дахин М.М болон амь хохирогч Б.С нар харилцан яриа үүсгэж амжаагүй, станцаар дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй талаар М.М-тай хамт байсан гэрч Н.З болоод тухайн өдөр эрэл хайгуулд оролцсон цэргийн ангийнхан, холбоочин зэрэг алба хаагч нарын мэдүүлгээр давхар нотлогддог.
- Мөн малын суурийн цэргүүдийн хувьд онцлог нь өөрсдийн хариуцаж буй малыг уламжлалт аргаар бэлчээрлүүлэн маллагааны ажил хийж гүйцэтгэх чиг үүрэгтэй. М.М-ын хувьд малын суурийн цэргүүдийг ахалж байгаагийн хувьд тухайн мал маллах ажил үүргээ хийж хэрэгжүүлэх талаар албан шаардлага тавьж буй зарим асуудлыг байнга айлган сүрдүүлдэг, зоддог байсан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн М.М нь нэр бүхий малын сууринд ажиллаж байсан цэргүүдээс үнэн бодит байдлыг хэлээд өгөөч гэж хэлснээс биш худал мэдүүлэг өгсөн гаж ятгасан асуудал байхгүй, малын суурины цэргүүд болох хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарын мэдүүлгийг амь хохирогчийн эгч Н.Э тухайн оролцогч нарыг мэдүүлэг өгөхийн урд буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж, ингэж ярьсан гэж илтэд тулган тайлбарлаж буюу чухал гэрч нарт нөлөөлж нэг цаг хугацаанд мөрдөгчөөр мэдүүлэг авхуулсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичүүлж авсан гэх хүсэлтийг М.М-ын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, хүсэлт бичүүлсэн гэх асуудал нь Хилийн цэргийн байгууллага дотооддоо материалжуулан авч байсан баримт болох нь оролцогч нарын тайлбарласан мэдүүлгээр нотлогддог.
Иймд анхан шатны шүүхээс хэргийн хүрээнд хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу холбогдох өөрчлөлтийг оруулж, зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Шүүгдэгч М.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 оны 4 сард малын суурийн ахлагчаар томилогдож очоод, 2022 оны 6 сард малаа хүлээж аваад тэр үед цэргүүд маань ирсэн. Нарийн салаа гэх газарт манайх нүүж очсон байтал 32 тооны адуу алга болсон. Тэр адууг 14 хоног хайгаад хээр хоноод өглөө ирэхэд манай цэргүүд унтаж байсан, хотонд нь нэг мал үхчихсэн, мал нь бэлчээртээ гараад явчихсан байсан, 7 дугаар сард яг хэдний өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна, тухайн үед адуу алга болоод би хайж яваад ирэхэд тэд зүгээр байсан тул цэргүүд үүргээ ингэж гүйцэтгэдэг юм уу гээд жоохон бухимдлын байдалтайгаар П.Ч, Б.Б хоёрыг шавхардсан асуудал байгаа, үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн 10.4-р зүйлийн 1 дэх хэсэгт гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл би тухайн үед талийгаач Б.С-г зодож, айлган сүрдүүлж дарамталсан ямар нэгэн зүйл байдаггүй.
Мөн 8 дугаар сарын 3-нд би ээлжийн амралтаа аваад 9 сард ирсэн. Ирсэн байх хугацаандаа заставт малын хашааны өвөлжөө барих ажлуудаар явж байгаад 9 сарын 25-ны үед малын суурьт ирсэн. 26-нд нь урлагийн тоглолт ирээд цэргүүдийн сэтгэл санаа судлаад явсан. Тухайн үед талийгаач цэрэг маань уйлсан байсан, тэгээд тухайн цэргээсээ “чиний сэтгэл санаа зүгээр үү” гэж асуухад хэвийн зүгээр байна гэсэн, бас мэргэшсэн дарга нар маань нүцгэн биеийн үзлэг хийж, сэтгэл санааг нь судлаад явсан.
2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэртээ малын суурьт ирэхдээ би дэслэгч Н.З-ийн хамтаар ирсэн. Гэрт ирээд Ж гэдэг цэрэг маань гэртээ, талийгаач цэрэг маань хонины хажууд байсан.
Талийгаач цэрэг маань 6 сараас хойш надтай байнга хамт байсан болохоор маргааш нь нүүх гэж байсан учраас газар орноо сайн мэддэг юм чинь үхэртээ явуулъя, уналгын морь малаа бэлдээд нүүх бэлтгэлийн ажлыг хангая гээд талийгаач цэргийг үхэр лүү явуулсан.
Өглөө бэлчээрт явсан үхрээ орой болгон хурааж ирдэг байсан талийгаач цэрэг маань, тийм болохоор би талийгаач цэргээ үхрээ хураагаад ир гээд үүрэг өгөөд л явуулсан. Явуулсны дараахан манай эхнэр надад хэлсэн, хариг зар мэдээ гээд фэйсбүүк чат хуудсанд үхэр чононд хазуулсан гэсэн зураг байна, А гэж хүн ирж хэлсэн тэрийг би чамд хэлэхээ мартсан байна гэж хэлсэн. Би орж харахад нэг шар цоохор зүсмийн чоно зуусан учир таних боломжгүй байсан.
Тухайн үед тэр цэрэгт үхэрт явах үүрэг өгөхдөө дарамталж зодож, ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж явуулаагүй, хоёрдугаарт цэрэг маань ч гэсэн тэр үхэр чононд хазуулсан байгааг нь мэдэхгүй явсан. Талийгаа цэргийг би ямар нэгэн байдлаар зодсон, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, тэр бол миний хамгийн их итгэл хүлээсэн сайн цэрэг байсан болохоор үхэрт явуулсан гэв.
7.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхээс хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн нэг л дүгнэлтийг хийсэн. Амь хорлох нөхцөл байдалд зориуд хүргэсэн, байнга дарамталсан, зодсон, айлган сүрдүүлсэн гэдэг асуудал байгаа. Гэтэл хохирогч нарын анхны мэдүүлгүүд болоод яг хэрэг болсны дараа өгөгдсөн гэрчийн мэдүүлгүүдийг анхаарч үзээгүй.
Малын суурийн хэсэгт ажиллаж байсан Галсанбаяр болоод Ж Ц нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт цэргийн алба хааж байсан тухайн үеийн 225 дугаар ангийн цэргийн алба хаагч нартай холбоотой маш олон хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлгүүдээс цэргийн алба хааж байхдаа малын суурин хэсэгт ажилласан Г, Ж, Ц нарын мэдүүлгийн гол агуулга нь талийгаач сэтгэл санааны хувьд ямар байдлаар яагаад амиа хорлосныг мэдэхгүй байна, алба хааж байхдаа хэвийн байсан, зодож цохисон зүйл байдаггүй, бид нарт дарамталсан зүйл байдаггүй гэсэн.
Хохирогч нараас удаа дараа авсан цохисон эсэх, зодсон эсэх асуултуудаас болж М.М-ын эсрэг мэдүүлэг өөрчлөгдсөн. Зодсон, цохисон асуудлаа ярихад тулгасан айлгасан, залхаан цээрлүүлж хөтөлсөн байдлаар мэдүүлэг авагдсан асуудал нь анх өгч байгаа хохирогч нарын мэдүүлэгтэй ялгаатай байдлыг анхан шат шүүх дүгнээгүй.
Мөн малын суурийн хэсэгт хийсэн офицеруудын сэтгэл санааны судалгаа буюу мөн халамжлан хүмүүжүүлэгч Б нарын мэдүүлгийг үнэлээгүй. Үүнээс цэргийн алба хааж байсан амь хохирогчийн хувьд сэтгэл санаа ямар байсан эсэх, 9 сарын 02-ноос 07-ны хооронд ажилласан судалгаа нь цэргийн алба хааж байгаа хүмүүс мөн ахлагч нь ямар байдлаар харьцаж байгааг ажигласан. Энэ нь цэргийн алба хааж байгаа хүмүүс янз бүрийн дарамт шахалтад орж байгаа эсэхийг шалгаж байгаа судалгаа. Б талийгаачийг амиа хорлох 28-ны өдөр явахаас өмнө хүртэл уулзаад мэдүүлгээ өгчихсөн байгаа.
Цэргийн алба хаагчийн үүднээс ямар нэгэн байдлаар М.М-ын зүгээс дарамт шахалт байгаагүй юм байна гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх харамсалтай нь яллах дүгнэлтийг тэр чигт нь хуулаад тавьчихсан. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар шинжлэн судалсан цагаатгах талын баримтуудыг шийтгэх тогтоолд дурдаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. М.М-ын хувьд 8 сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа аваад 9 сарын сүүлээр буцаад малын сууринд ирсэн. Энэ хугацаанд ямарваа нэгэн байдлаар дарамталсан асуудал байхгүй, малын суурийн цэргүүд мэдүүлэхдээ зөвхөн 7 сард болсон асуудлыг ярьж байна. 7 сард болсон асуудал 9 сард болсон асуудлуудын хооронд шалтгаант холбоо байхгүй.
М.М-ын фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэлд зар мэдээ тавигдсан цаг минутыг харж болж байгаа, М.М малын сууринд З-тэй хамт тухайн өдөр ирээд чи үхрээ хураагаад ирээрэй гээд явуулдаг. Манай үхэр мөн эсэхийг мэдэхгүй явж байгаа нь нотлогдож тогтоогдож байгаа. Сар уул гэдгийнхээ баруун болон зүүн хэсгээр явж байгаа. Тэгэхээр М.М амь хохирогч нар хоорондоо таараад дарамталсан асуудал байх боломжгүй мөн холбоочныг гэрчээр асуухад станцаар М.М, амь хохирогч 2 хоорондоо холбогдсон асуудал сонсогдоогүй гэдэг. Үүнээс станцаар айлган, сүрдүүлж, дарамталсан асуудал огт байхгүй гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа. Эдгээр баримтуудад шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь харагдаж байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй боловч анхан шатны шүүх хурлаас М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлээр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч М.М-ын үйлдэлд амь хохирогчийг амиа хорлоход хүргэх ямар шалтгаант холбоо байгааг нь тогтоогдоогүй. Шалтгаант холбоо байдаггүй.
Хугацаат хэргийн албан хаагчийг томилогдож очсон өдрөөс нь хойш цэргийн албан тушаалтан буюу асран хамгаалагчид хүлээлгэж өгч байсан ба амь хохирогчийн асран хамгаалагч нь Б гэж хүн байсан. Б мөрдөн байцаалтын шатанд нэг удаа мэдүүлэг өгсөн, шүүх хуралд ирж гэрчээр өөрөө мэдүүлгээ өгч оролцохдоо амь хохирогчийг ирсэн өдрөөс нь хойшоо нас барахаас нэг хоногийн өмнө хүртэл уулзаж, сэтгэл санааны байдал болон амьдрал ахуй, хувийн байдал, ар гэрийнх нь талаар, цэрэгт алба хааж байх явцад дарамт байгаа эсэх бүгдийг нь харилцан ярилцаад тэмдэглэл хөтлөөд өөрийн дээд албан тушаалтанд мэдээлдэг журамтай гэдгээ хэлж байсан.
2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тухайн малын сууринд цэргүүдийн концерт болсон. Үүнд Б очиж амь хохирогчтой уулзахад айж түгшсэн, ямар нэгэн цэргийн албанаас шантарсан, малын суурины ахлагч намайг дарамталж байна гэдэг зүйлийг яриагүй гэдгийг гэрчээр мэдүүлсэн.
М.М-ын хувьд амь хохирогчийг дарамталж байгаагүй гэдэг нь амь хохирогчийг нас барахаас нэг хоногийн өмнө гэрээс нь илгээмж ирдэг, илгээмжид гутлын үдээс, тамхи ундаа чихэр зүйлүүд ирсэн. Ингээд эгчтэй нь яриулахад таны илгээмжийг авлаа, би цэргийн албаа хааж байна, ямар нэгэн асуудал байхгүй талаар ярьдаг. Тухайн орой буюу 2022 оны 9 сарын 27-ны шөнийн 1 цагийн үед энгийн иргэн Ц гэж хүний утсаар аавтайгаа ярьсан байдаг. Тэгэхдээ энэ талаар ямар нэгэн шахалт дарамтад орсон талаар хэлээгүй. Харин ч би ер нь цэргийн албандаа улираад үлдэх саналтай байна, цэргийн алба дажгүй байна гэдэг зүйлийг ярихад аав нь миний хүү ямар ч байсан эхний ээлжид хугацаат цэргийнхээ албыг хаачхаад үлдэх эсэхээ дараа ярилцъя гэдэг зүйлийг хэлж байсан.
М.М-ын харьцаанаас болж амиа хорлоход хүргэсэн нөхцөл байдал шалтгаан тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Улсын яллагчийн зүгээс байнгын дарамтад оруулж сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан талаар ярьж байна. Тухайн үйлдэл нь 7 сард болсон явдал. М.М амь хохирогчийн сэтгэл санаанд нөлөөлөхүйц, үхэлд хүргэх зүйл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
9. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д хил хамгаалах ерөнхий газраас 7,845,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ерөнхийдөө тухайн мөнгийг төлөгдсөн гэж үздэг. Хил хамгаалах байгууллагаас нийт 70,681,160 төгрөг гарсан бөгөөд үүнээс хилийн цэргийн 0257 дугаар анги буюу Хөвсгөлийн хилийн отрядаас 3,513,600 төгрөг, хилийн цэргийн х анги буюу Увсын хилийн отрядаас 7,700,000 төгрөг, хил хамгаалах ерөнхий газраас 62,981,160 төгрөгийг амь хохирогчийн ар гэр, үйл ажиллагаанд гаргаж өгсөн, энэ нь нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар хэрэгт авагдсан. Гэтэл үүнээс гадна хил хамгаалах байгууллагаас түүний салбар нэгж, хилийн заставуудаас ар гэрийн хүмүүсийг хүлээж авах, хохирогчийг оршуулах үйл ажиллагаанд нийт 20 гаруй сая төгрөгийн материал гарсан. Энэ тухай хэрэгт нотлох баримт хавсрагдаагүй. Гэвч энэ талаар бид асуудал болгож яриагүй, хангалттай мөнгө төгрөгийг гаргаж өгсөн байтал дахин 8 сая гаруй төгрөг нэхэмжилж, үүнээс анхан шатны шүүх 6,845,000 төгрөгийг манай байгууллагаас гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, давхардсан байна гэж үзэж, энэ 7 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иймд шийтгэх тогтоол хэсгийн 8-д заагдсан хил хамгаалах газраас гаргахаар заагдсан 7,845,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргах ёстой гэсэн нь давхардаж байгаа гэж үзэж байгаа учраас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, хоёрдугаарт манай хил хамгаалаах байгууллагын тэргүүний албан хаагч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд зааснаар ялласан нь манай байгууллагын дотоод үйл ажиллагаатай асуудлыг М.М авсан мэтээр үнэлж дүгнэж байгаа байдлыг харгалзан үзэж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
10. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.М-ын хувьд хохирогч нарыг удаа дараа зодож хүч хэрэглэж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн үзэх шалтгаан болсон гэж үзэж байгаа, энэ нь нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдсон.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар, шүүгдэгч М.М нь хохирогч нартай цэргийн дүрмийн бус харьцсан, удаа дараа цохиж зодсон, шавхуурдсан, дарамталж байсан нөхцөл байдал, мөн цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дараагаар хохирогч гэрч нарыг мэдүүлгээ өөрчлөөд мэдүүлэх талаар ятгасан хүсэлт бичүүлсэн зэрэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг үлдээж, шүүгдэгч М.М, өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд амь хохирогчийг өөрөө өөртөө үүсгэсэн дарамтаас гарч чадахгүй амиа хорлосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч, А нарын мэдүүлгээр цаг хугацааны хувьд амь хохирогчийн үхэрт явснаас өмнө тухайн үхрийг өөрийн үхэр мөн гэдгийг мэдэж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.
Иймд шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна, иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.М-т холбогдох, 2235001930010 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Прокуророос шүүгдэгч М.М-ыг Хилийн цэргийн х ангийн салбарт малын суурийн ахлагчаар ажиллахдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа хүн болох хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас байлдагч Б.С-г амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,
- мөн Хилийн цэргийн х ангийн салбарын малын сууринд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцан зодож, хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт,
- эрүүгийн 2335001930010 дугаартай хэрэгт шалгагдаж байх үедээ хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
3. Давж заалдах шатны шүүх М.М-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад, шүүгдэгч М.М нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчаа зодсон, мөн хэргийн гэрч, хохирогч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж дүгнэв.
3.1. Шүүгдэгч М.М нь Хилийн цэргийн х ангийн захирагчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаар Хилийн цэргийн х ангийн хилийн цэргийн салбарын малын суурийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа 2022 оны 7 дугаар сард тус заставын малын суурьт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарыг “өглөө 6 цагт босохгүй унтлаа” гэх шалтгаар тэдгээрийн нүүрний хэсэгт 1 удаа цохисон, мөн Б.С, Б.Б нарыг “малаа сайн хариулж чадсангүй, мал үхүүллээ” гэх шалтгаанаар 1 удаа цохисон, байлдагч П.Ч, Б.Б, Б.С нарыг “адуунд яваад ирэхэд унтлаа” гэж зодсон, мөн өдрөө “хурга үхүүлсэн” гэх шалтгаанаар Б.С, Б.Б, П.Ч нарын нүүр хэсэгт гараараа цохисон, П.Ч-ыг антены цагаан өнгийн хуванцар утсаар нуруу, бөгс хэсэг руу шавхуурдаж цохисон, “П.Ч-ыг би малын сууринаас буумаар байна” гэж хэлсэн шалтгаанаар Б.С, Б.Б, П.Ч нарыг өшиглөж зодсон, хурга засах /хөнгөлөх/ үед уг зан үйлд хэрэглэдэг гурил, арцны хольмогийг асгасан гэж шалтаглан байлдагч Б.С, П.Ч нарын хамар хэсэгт нэг, нэг удаа гараараа цохиж зодсон үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2022 оны 1 дүгээр ээлж буюу 5 дугаар сарын 01-ний өдөр цэрэгт татагдаж Хилийн х ангид хуваарилагдаж ирээд 45 хоногийн крантинд хамрагдаад 2022 оны 6 дугаар сарын 15-ны үеэр хилийн цэргийн салбарт очоод 11 хоног сургалтад суусан 2022 оны 6 дугаар сарын 25-нд шилүүстэй байнгын хилийн манаанд харуулд гараад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс байлдагч Б-тэй солигдож малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр болсон.
Намайг очиход Ч, Б, талийгаач Б.С нар байсан. Бид дөрөв малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм. Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс байлдагч Ж-тай ээлж солилцож малын суурингийн хэсгээс буусан. Би малын суурийн хэсэгт 2 сар гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн.
2022 оны 7 дугаар сард малын суурийн ахлагч М нь бид нарыг унтаж байхад орж ирээд Б-ыг “чи цэргүүдийг цагт нь сэрээсэнгүй” гээд уурлаад гараараа нэг удаа нүүрний хэсэгт цохисон, түүний дараагаар намайг нойрмог байхад нэг удаа цохисон, мөн 7 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, бороо орох гэж байсан өдөр ахлагч М ямаа, хонио услаад ир гэж үүрэг өгөөд Ч, бид хоёр хонь ямаагаа туугаад услахаар явж байхад бороо орсон ба нэг ямаа осгоод үхэж байсан. М ахлагч Ч, бид хоёрыг “Малаа сайн хариулж чадсангүй, мал үхүүллээ” гээд уурлаад миний баруун талын шанааны хэсэгт гараа атгаад 1 удаа цохисон, өвдөөгүй, Ч-ыг мөн шанаа руу нь гараа атгаад 1 цохисон.
Л.Б болон малын суурийн ахлагч М.М нар адуунд явж ирэхэд малын суурийн цэргийн гэрт Ч, талийгаач С бид гурав унтаж байхад, М орж ирээд “Та нар ингээд хэвтэж байдаг юм уу?” гээд Ч, талийгаач Б.С бид гурвын нүүр лүү нэг нэг удаа цохисон. Миний хувьд цохилт нь зөөлөн мэдрэгдсэн. Тэгээд ахлагч М үлдэгдэл адуундаа явах гээд морины уяан дээр байсан, бид мөн малаа бэлчээх гээд морины уяан дээр байхад М уурлаад загнахаар Ч нь “Малын сууриас буумаар байна” гэхэд М ахлагч “Буулгахгүй” гээд уурлаад гэрийнхээ хажууд байсан DDISH-ний антены цагаан өнгийн хуванцар утсаар Ч-ыг 3-4 удаа цохисон. Намайг нэг удаа бөгсөн хэсэгт цохьсон, өвдөөгүй, талийгаач Б.С-г мөн цохисон. Хэрхэн яаж цохисон талаар анзаарч хараагүй. Л.Б-ыг цохиогүй, хамт үлдэгдэл адуугаа авч ирэхээр явж байсан юм. Мөн түүний дараа хурга засаж байхад малын суурийн цэргийн гэрт би, П.Ч, амь хохирогч Б.С бид нар байхад ахлагч М ямар шалтгааны улмаас уурласан болохыг мэдэхгүй байна, бид нарыг цохисон. Намайг тэр үед нүүрний хэсэгт шанаа руу гараараа нэг удаа зөөлөн цохисон. Тухайн үед өвдөөгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
- хохирогч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын сүүлээр малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэхээр байлдагч Б, Б, талийгаач Б.С нарын хамтаар очсон. Ингээд бид дөрөв малын суурийн хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм.
2022 оны 7 дугаар сарын эхээр “Нарийн салаа” гэх нэртэй газар руу малын суурийн хэсэг нүүсэн. Тэнд очоод удалгүй бид нарыг унтаж байхад малын суурийн ахлагч М цэргийн гэрт орж ирээд “Өглөө цэргүүдийг тогтоосон хугацаанд 6 цагт босгоогүй байна” гээд Б.Б-ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд талийгаач, мөн Б.Б, бид гурвыг тус бүр нэг нэг удаа цохисон.
Дараа нь 2022 оны 07 дугаар сард хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна бороо орох гэж байсан өдөр ахлагч М ямаа, хонио услаад ир гэж үүрэг өгөөд Б.Б-ийн хамтаар бид хоёр хонь ямаагаа туугаад услахаар явж байхад бороо орсон ба малын суурийн ахлагч М ирээд осгоод үхэж буй ямааг харчихаад “ингэж мал хариулдаг юм уу, бороо орохоор буцаад малаа туугаад ирэхээ мэддэггүй юм уу?” гээд намайг нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, дахиад эрүүний хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед Б.Б хонь, ямааны дэргэд байж байгаад ирэхэд нь нүүрний хэсэгт нь нэг удаа цохисон. Би М.М ахлагч намайг цохисон талаар Б.Б-д хэлсэн юм.
2022 оны 7 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна, Л.Б, малын суурийн ахлагч М нар адуу хайгаад ирсэн ба Б.С, Б.Б бид гурвыг унтаж байхад “Адуу хайгаад ирж байхад ингээд унтаж байдаг юм уу?” гээд нүүрний хэсэгт нэг удаа цохисон, тэгээд хонио гаргаж бэлчээхээр болоод талийгаач Б.С хонь, ямаагаа бэлчээхэд хотонд хурга үхчихсэн байсан. Гэтэл ахлагч М “Ингэж мал хардаг юм уу” гээд талийгаач Б.С-ийн нүүр лүү нь гараараа цохиод , түүний дараа нь миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд үлдэгдэл адуундаа явахаар малын суурийн ахлагч М, байлдагч Л.Б нар морины уяан дээр байхад бид малдаа явах гээд очиход М ахлагч Б.С-г загнаад гараараа цохисон, дараа нь антены цагаан өнгийн хуванцар утсаар миний нуруу, бөгс хэсэг руу 3-4 удаа ороолгосон. Б.Б-ийн бөгсний хэсэгт мөн нэг удаа ороолгож шавхуурдаж цохисон. Тэгэхээр нь ахлагч М-т хандаж, “Би малын сууринаас застав руу буумаар байна” гэхэд М ахлагч “Чамайг бууна гэж хэлэхээр буулгачихна гэж бодоо юу” гээд намайг нөгөө антены цагаан хуванцар утсаар шавхуурдаж өшиглөж цохисон. Мөн түүний дараа хурга засаж байхад малын суурийн цэргийн гэрт би, Б.Б, амь хохирогч Б.С бид нар байхад ахлагч М.М гурил, аарц хольсон зүйлийг асгалаа гээд талийгаач Б.С бид хоёрыг нүүрэн тус газар цохиж өшиглөсөн. “Энийг та нар асгачихдаг юм уу” гээд уг гурил, аарцтай зүйлийг асгалаа гээд уурлаад цохиж өшиглөсөн, хэдэн удаа цохиж өшиглөсөн болохыг одоо санахгүй байна. Сүүлдээ С бид хоёрыг номхон зогсоож байгаад хамар луу нэг, нэг удаа гараараа цохисон ба бид хоёрын хамраас цус гарсан. Б.Б гэрт байсан ” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
- хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би малын суурийн хэсэгт Ч, Б, талийгаач Б.С нарын хамтаар очсон. Бид малын суурийн хэсэгт хуваарилагдаж очоод удалгүй “Нарийн салаа” гэх газар луу цэргийн гэр болон малын суурийн ахлагч М-ын гэрээр малаа аваад нүүгээд тэндээ очиж байрласан. Тухайн газарт очоод удалгүй 1, 2 хоносны дараа өглөө 07 цаг болох гэж байхад ахлагч М цэргийн гэрт орж ирсэн ба тэнд Ч, Б, Б.С нар унтаж байсан. Гэтэл ахлагч М орж ирээд намайг “Цэргүүдээ яагаад цагт нь сэрээхгүй байгаа юм бэ?” гээд миний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон. Түүний дараагаар Б, Ч, С нарыг мөн нүүрний хэсэгт гараараа нэг нэг удаа цохьчихоод гараад явчихсан.
Түүний дараагаар 7 дугаар сард нэг азарга адуугаа олохгүй байсан тул ахлагч М бид хоёр мориор 1 хоногоор адуугаа хайж яваад хээрээр хоноод өглөө нь 06 цаг өнгөрөөд 7 цаг болж байхад очиход малын суурингийн цэргүүд унтаж байсан. Ахлагч М надад морио өгчихөөд цэргийн гэр рүү орсон, би морио уячихаад араас нь цэргийн гэр лүү ороход ахлагч гэрээс гараад ууртай өөрийн гэр лүгээ явсан. Би яваад ороход Ч, Б, С нар ахлагч М нүүрний хэсэгт нэг нэг цохилоо гэж хэлсэн. Би гэрээс гараад хонийг бэлчээрт нь гаргахад хонины хотонд 1 тооны хурга үхчихсэн байсан. М дарга үхсэн хурганы зургийг авч застав руу явуулчхаад гэр лүүгээ орсон. Тэрний дараагаар Б, Ч, талийгаач С нар мал руугаа явах гээд морины уяаны газарт ирсэн ба М дарга гэрээс гарч ирээд үхсэн хурганы хажууд байсан ddish-ний цагаан өнгийн хуванцар залгуураар Б, Ч нарыг ороолгосон Ч ахлагч М-т хандаад “Би малын сууринаас буумаар байна” гэж хэлж байсан. Би С-г гараараа цохисон, эсхүл цагаан өнгийн хуванцар зурагтын утсаар ороолгосон эсэхийг хараагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
3.1.1. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т: Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана, мөн Цэргийн дотоод албаны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т: “ цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд албан хаагчид хоорондоо харилцахдаа Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан захирах, захирагдах зарчмыг мөрдөнө” гэж тус тус заасны дагуу ахлагч цолтой М.М нь хугацаат цэргийн алба хаагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарын хувьд захирагч байх бөгөөд захирагч нь хугацаат цэргийн алба хаагч буюу захирагдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарын эрх чөлөөнд халдаж, зодож буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
3.1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
3.2. Шүүгдэгч М.М нь эрүүгийн 2335001930010 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг өөрийн шалгагдаж буй хэрэгт зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Б.Б-ийн 2023 оны 6 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: “...малын суурийн ахлагч М.М нь бид нартай нийт 2 удаа ирж уулзсан. Эхэлж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид нарыг Хилийн цэргийн х анги дээр байхад бэлтгэл заставын булангийн өрөөнд бидэнтэй нэг нэгээр нь дуудаж уулзсан. Тухайн үед ахлагч М.М нь намайг дуудаж уулзахдаа надад “би тэр цэргийг тэгтлээ их дарамталж зодож байсан биш дээ, би ял авч магадгүй юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих, би шоронд явах гэж байна, та нарыг зодож цохиогүй гээд хэлээд мэдүүлэг өгчих” гэж хэлээд гуйсан. Мөн тэр өдөр надаас “Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа янз бүрээр зодож цохиж, дарамт шахалт үзүүлсэн үү, чи мэдүүлгээ юу гэж өгсөн юм бэ?” гэж асуусан. Тэгэхэд нь би болсон явдлын талаар өгсөн мэдүүлгээ ахлагч М.М-т хэлж өгсөн. Тэгээд ахлагч М.М яваад өгсөн.
Хоёр дахь удаагаа 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна ахлагч М.М нь дахин бидэн дээр ирж уулзаад надад хандаж “Чамд тэр мөрдөгч янз бүрийн дарамт үзүүлж байсан уу?” гэж асуусан. Тэр үед нь би М ахлагчид “Л ахмад намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах үед би хохирогчоор тогтоосон тогтоол дээр гарын үсэг зурахгүй байж болох уу? гэж асуухад Л ахмад надад болохгүй, чамайг хохирогчоор тогтоож байгаа хохирогчоор тогтоосон тогтоол, уншиж танилцаад гарын үсэг зур” гэж хэлсэн талаар хэлсэн. Тэгээд тэр талаар надаар цаасан дээр бичиг бичүүлж аваад явсан юм. Ахлагч М нь “Ял авах гээд байна, чи намайг зодож цохиогүй талаараа надад бичээд өгөөч” гээд намайг гуйгаад надаар бичиг бичүүлж авсан юм” гэх мэдүүлэг /24-р хавтаст хэргийн 113-114, 5-р хавтаст хэргийн 17 дахь тал/,
- хохирогч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ахлагч М тухайн хэрэг болсноос хойш Ж, Л.Б, Б.Б бид нартай 2 удаа уулзсан. Тухайн үед эхлээд 2023 оны 1 дүгээр сарын 05, 06-ны үеэр байх Хилийн цэргийн х ангийн амрах өрөөнд орж ирээд бид нарыг аж ахуйн өрөөнд оруулж ирээд уулзсан. Тухайн үед М нь надад хандаж “Чи цагдаад юу гэж ярьсан бэ?, тэрийгээ хэлчих. Би 9 жилийн ял авахаар болж байх шиг байна, чи мэдүүлгээ зөөлрүүлээд өгчих. Тэр үед би та нарыг зодож байхдаа галзуурчихсан явж байжээ, уучлаарай” гэж хэлсэн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр ахлагч М дахин ирж уулзаад “Мэдүүлгээ цаасан дээр бичээд өгчих, цагдаад юу гэж ярьсныгаа бичээд өгчих. Цагдаа та нараас мэдүүлэг авахдаа дарамталж авсан уу, үгүй юү?. Тийм юм байвал бичээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мэдүүлгээ товч бичиж өгсөн юм. Тухайн үед намайг зодож цохиогүй” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
- хохирогч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ахлагч М нь эхлээд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны үеэр бид нарыг х ангийн цэргийн амрах байранд байхад орж ирээд бидэнтэй нэг нэгээр нь уулзсан. Тухайн үед М ахлагч надтай уулзаад “Би яллагдагчаар татагдсан, 9 жилийн ял авах юм шиг байна” гэж хэлсэн, дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаж надад хандаж “Чи мэдүүлгээ буцаамаар байна. Чи зодуулаагүй гээд хэлчих. Чи өмнөх мэдүүлэг өгөхдөө юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна гэж хэлчих. Өмгөөлөгч суугаад, би сууж байгаад мэдүүлэг авна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авна. Тэгэхээр чи зодуулаагүй, цохиулаагүй гээд мэдүүлэг өгчих. Тэгвэл миний ял багасаж магадгүй” гэж хэлж намайг ятгасан. Тухайг үед ахлагч М намайг ятгаж надаар цаасан дээр “Цохиулаагуй, бага ангийн боловсролтой болохоор юун дээр гарын үсэг зурсан гэдгээ мэдэхгүй байна” гэсэн утгатай зүйл бичүүлж аваад явсан. Уг бичүүлж авсан зүйлийг ахлагч М намайг ятгаад байсан учраас би цаасан дээр худал бичиж өгсөн. Миний урьд хохирогчоор өгсөн мэдүүлэг бол үнэн зөв мэдүүлэг, харин цаасан дээр бичсэн зүйлийг ахлагч М надад нөлөөлж, худлаа зүйл бичүүлж авсан юм. Тухайн бичгийг ахлагч М надтай уулзаж намайг ятгаж байгаад надаар худал бичиг бичүүлж аваад явсан юм” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 110-111 дэх тал/,
- гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ахлагч М нь 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хилийн цэргийн х ангид байхад бид нартай ирж уулзсан. Тухайн үед М надад “Би хэргээс болоод 2 зүйл ангиар яллагдаж байгаа. Би мэдүүлэгтэй чинь танилцсан. 8,9 жилийн ял авах юм шиг байна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах юм шиг байна, мэдүүлгээ өөрчлөөд өгчих” гэж хэлж ятгасан. Дараа нь 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирж уулзаад “Малын суурин дээр ямархуу байдалтай байсан талаар бичээд өгчих” гэж хэлээд надаар бичиг бичүүлж авсан. Тухайн үед М ахлагч намайг ятгаад гуйгаад байсан учраас би тухайн бичигт “Талийгаач Б.С-г өөр зүйлээс болж амиа хорлосон байх. Мөн ахлагч М-ыг бидэнтэй эелдэг харилцдаг байсан” гэж бичиж өгсөн. Тухайн өдөр ахлагч М намайг дарамталж, айлган сүрдүүлж бичүүлээгүй, намайг тэр өдөр ятгаад байхаар нь би түүнийг өрөвдөөд тийм бичиг бичиж өгсөн. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв” /4-р хавтаст хэргийн 119-121 дэх тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
3.2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т: “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн...” гэж тухайн гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлж заасан ба энэ нь гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэм буруутай этгээд гэрч, хохирогчид ямар нэгэн идэвхтэй үйлдлээр хууль бусаар нөлөөлсөн байхыг шаардахаар байна.
Шүүгдэгч М.М-ын, өөрийн холбогдон шалгагдаж байсан хэргийн хохирогч, гэрч нарыг өмнө өгсөн мэдүүлгийг өөрчлүүлэх, өөрт ашигтай байдлаар худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “би ял авах юм шиг байна, урьд өгсөн мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж удаа дараагийн үйлдлээр очиж уулзах, хэрхэн мэдүүлэг өгөх талаар зааж, зөвлөсөн, заримаас нь мэдүүлгийг бичүүлж авах зэргээр хийсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т: “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан...” гэх шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг энэ зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.2.2. Хохирогч Б.Б, П.Ч, Л.Б Б.Ж нар нь шүүгдэгч М.М-ын үйлдсэн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх ба тэдгээрийн мэдүүлгүүдэд тусгагдсан мэдээлэл нь хоорондоо агуулгын зөрүүгүй байх тул мэдүүлгийг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
3.3. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн, тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан ял шийтгэл нь тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.
4. Харин шүүгдэгч М.М-ыг албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй гэж дүгнэлээ.
4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт авагдаагүй буюу шүүгдэгч нь амь хохирогч Б.С-г амиа хорлох нөхцөл байдалд гарцаагүй хүргэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол ...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ.
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн обьектив шинж нь “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн идэвхтэй үйлдлээр, давтамжтай шинжтэй хийсэн байхыг шаардах бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.
4.2. Хэрэгт авагдсан, хохирогч Б.Б, П.Ч, Л.Б нарын мэдүүлгээр М.М нь малын суурийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа 2022 оны 7 дугаар сард тус заставын малын суурьт хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарыг дээр дурдсан /магадлалын 3.1/ шалтгаар тус тус цохиж зодсон үйл баримт тогтоогдож байгаа боловч дээрх үйлдэл нь амь хохирогч Б.С-г 2022 оны 09 сарын 28-ны өдөр амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь:
- хэрэгт авагдсан, Хилийн х ангийн 2 дугаар заставын сэтгэлзүйн хангалтын орлогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...би Б.С-тай 3 удаа уулзаж байсан. Малын суурийг шалгаад очихдоо цэргүүдтэй ганцаарчлан уулзаж сэтгэл санааг нь судалдаг байсан. Б.С-тай ганцаарчлан уулзахад сэтгэл санаа нь хэвийн байдаг байсан, санал хүсэлтийг сонсоход малын суурин дээрээ цаашид ажиллах сонирхолтой гэж хэлдэг байсан...би талийгаачтай 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулзсан. Тэр үед сэтгэл санааны байдал тогтвортой хэвийн, анхаарал татсан зүйл байхгүй байсан” /2-р хх-ийн 87-88-р тал/ гэж,
- амь хохирогч Б.С-ийн эцэг Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний үед цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, хүү Б.С надтай гар утсаар яриад “би сайн байгаа, халагдаж очиход минь 3 шинэ тохом оёж тавиарай” гэж хэлсэн.Түүний дараагаар 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай охин Ш-тай гар утсаар яриад “надад илгээмж ирсэн байна, та нар явуулсан юм уу, хэн явуулсан болохыг мэдэх гээд хэлэхэд нь манай охин Шинэбаяр “ бид нар илгээмж явуулсан” гэж хэлэхэд за за би тэрийг тодруулах гэсэн юм гэж ярьсан байсан. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны шөнө 01 цагийн үед манай хүү Б.С надтай утсаар ярьж, “би сайн байна, сайн явж байна, таны бие сайн уу” гэхэд нь би “сайн байна” гэж утсаар ярьсан. ..Сүүлд ярихдаа сэтгэл санааны байдал хэвийн байдалтай байсан. Ямар нэг байдлаар сэтгэл санаа гутарсан зүйл ажиглагдаагүй” /2-р хх-ийн 18-19-р тал/ гэж,
- Хилийн цэргийн х ангийн салбарт эрүүл мэндийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч ажилтай гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...би хавар татагдсан цэргүүдээс байлдагч Б.С, Б нарын халамжлан хүмүүжүүлэгчээр хуваарилагдсан ... 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө Улаангом сум руу явж байхдаа малын суурин дээр очиж Б.С-тай уулзсан. Тухайн өдөр Б.С сэтгэл санааны хувьд хэвийн байсан. Надад тэр өдөр ямар нэгэн зүйл хэлээгүй, бусдад зодуулсан гэх ул мөр байгаагүй” /3-р хх-ийн 3-4-р тал/ гэж тус тус мэдүүлсэн нотлох баримтууд авагдсан байна.
Дээрх гэрчийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтаар, шүүгдэгч Б.М-ын 2022 оны 7 дугаар сард байлдагч Ц.С-г зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд ямар нэг гэмтэл учирсан, эсхүл сэтгэл санааны хямралд орсон, айдас түгшүүртэй байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, амь хохирогч Б.С 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хилийн цэргийн х ангийн салбарын малын суурийн үхрийг хайж яваад тус аймгийн х сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт амиа хорлосон үйл баримт тогтоогдсон боловч энэ өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.М нь амь хохирогч Б.С-г доромжилсон, айлган сүрдүүлсэн, зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
5. Шүүгдэгч М.М-ыг “албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгах хангалттай үндэслэл хэрэгт тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 85 наян тав хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасан албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтын шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсон, мөн зүйл хэсгээр ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан нэг жил зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.М-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Н.МӨНХЖАРГАЛ