| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0618/э |
| Дугаар | 631 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 631
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808014860834 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г.Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ах, эгч нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 30-09 тоотод оршин суух бүртгэлтэй, 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Үнэгтийн шанд” дэлгүүрийн гадаа төрсөн өдөрт ирээгүй гэх шалтгаанаар дунд сургуулийн ангийг хамт төгссөн Д.Б-г нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэрэг үнэн зөв шалгагдсан. Би гэм буруугаа хүлээж байгаа, прокуророос санал болгосон ялын саналыг зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойт хотхоны гэртээ байж байтал 10 жилийн найз М манайд ирсэн. Бид хоёр жоохон юм ярьж байгаад гарч миний автомашинд сууж байгаад 1 том нийслэл пиво хувааж, тэгтэл 10 жилийн найз Б залгаад “баярын мэнд, хаана байгаа юм” гэхээр нь байгаа газраа хэлсэн чинь удалгүй ангийн хүүхэд болох Э-тай хамт хүрээд ирсэн. Б намайг “залгахаар чи утсаа авахгүй юмаа” гэж хэлээд ангийн найз Б-нд очоод ирье гэхээр нь машинаа Э-р бариулаад би арын суудал дээр Б-н хамт суусан. Б-нд очиход байгаагүй, тэгээд ойролцоо дэлгүүр орж нэг шил архи авсан. Б, Э хоёр хэрүүл өдөөд намайг үгээр идэж эхэлсэн, ажил төрөлтэй болчихоороо уулзахаа байчих юмаа гээд байсан. Тэгсэн Б хажууд заамдаж аваад хацарт 2-3 удаа алгадсан, тэгсэн Э урд жолоочийн сандал дээр сууж байснаа эргэж хараад нүүрэнд гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хамарнаас цус гарч эхлэх үед би машинаас гарсан. Б дэлгүүрээс ус авч өгөөд цусаа угааж байтал хажуунаас Э нэмж нүүрэнд болон цээжинд хөлөөрөө өшиглөсөн. Б болио гээд салгасан. Намайг уулзсангүй, төрсөн өдрөөр минь ирсэнгүй гэх шалтгаанаар Б, Э хоёр үгээр идэж байгаад эхлээд Б намайг заамдаж аваад миний хацарт 2-3 удаа алгадсан. Тэгсэн Э урд сууж байснаа эргэж хараад нүд, хамар хэсэг гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хамарнаас цус гараад машинаас гараад цусаа угааж байх үед Э хөлөөрөө нүүр, хамар, цээжинд хөлөөрөө өшиглөж зодсон. Намайг зодуулж байхад хажууд М хараад байж байсан, өөр хүн байгаагүй. Э-д зодуулсандаа гомдолтой, эмчилгээний зардал нэхэмжилж байна. Шүүх хуралд оролцохгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-12),
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах биллъярдын газар тоглож байтал нэг ангид хамт байсан Э ирсэн. Хамт тоглож байгаад орой 22 цагийн үед нэг ангид хамт сурч байсан цэргийн алба хаасан Б-д баяр хүргэх гэж утсаар залгасан чинь гэрийнхээ гадаа нэг ангийн найз М-тай хамт машиндаа пиво уугаад сууж байна гэж хэлсэн. Би Э-тай хамт Б дээр очсон, очихоосоо өмнө биллъярданд бага зэрэг архи уучихсан халамцуу очсон. Би очоод бас Б нэртэй ангийн найзынд хамт очъё гэж хэлээд Э Б-н машиныг бариад, би арын суудал дээр Б-тай хамт суугаад, тэндээс Б-н гэрт очсон чинь Б гарч ирээгүй. Бид дөрөв буцаад явж замаараа нэг шил архи авч түүнийгээ хувааж ууж байхдаа би Б-тай бага зэрэг маргаанаас болж маргалдаж сүүлдээ барьцалдаж авсан, би Б-ын хацарт 1-2 удаа гараараа цохиод салтал Э урд жолоон дээр сууж байснаа эргэж хараад Б-н нүүрэнд гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод авахаар нь би болио гэж хэлээд салгасан. Б-н хамарнаас цус гараад машинаас гараад цусаа угааж байтал Э нэмээд нүүр цээжинд 2-3 удаа хөлөөрөө өшиглөж зодсон, би битгий гээд салгаад Б-г гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
Шүүх эмнэлгийн 2018 оны 03 сарын 23-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 3842 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: 2 нүдний доод зовхинд хөх ногоон цус хуралт, хавантай. Хамарт 2х2 см цус хуралттай. Цээжинд 5х5 см, хоолойн зүүн хажуу талд 4х4 см талбайд цоохортож цус хурсан. ДҮГНЭЛТ
1.Д.Б-н биед 2 нүдний зовхи, хамар, цээжинд цус хуралттай гэмтэл топгоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),
Яллагдагч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 жилийн найз Б-н хамт биллъярд тоглож байтал Б найз Б-тай утсаар яриад уулзахаар болсон. Ббайрныхаа гадаа байна гэхээр нь бид хоёр биллъярдны газраас 22:00 цагийн үед гараад Б-н амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ толгойт хотхонд яваад очсон чинь Б М-ны хамт машиндаа пиво уугаад сууж байсан. Бид нар тэндээс мөн 10 жилийн нэг найз болох Б-ын гэрт очиход байгаагүй, буцаад явах замдаа дэлгүүр орж М нэг шил архи аваад түүнийгээ ууж амжаагүй байтал Б, Б хоёр арын суудал дээр сууж байснаа хоорондоо маргалдаад ноцолдсон. Би урд суудлаас тэр хоёрыг салгах гээд Б-н гарнаас татсан чинь миний толгой руу гараараа цохиод авахаар нь би уур хүрээд зөрүүлээд Б-н нүүрэнд нь гараараа 2 удаа цохисон. Б-н хамарнаас цус гараад машинаас буугаад цусаа гоожуулаад тонгойх үед нь би нүүрэнд нь нэг удаа хөлөөрөө нэмж өшиглөсөн. Ийм л асуудал болсон. Би Б, Б хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна, нэг мэдсэн хоорондоо арын суудал дээр ноцолдоод эхлэхээр нь салгах гээд Б-н гарнаас татсан чинь та хоёр намайг нийлж зодох гэлээ гээд миний толгой руу гараараа цохиод авахаар нь би уур хүрээд зөрүүлээд Б-н нүүрэнд 2 удаа гараараа цохисон, машинаас буух үед нь нүүр хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, өөр нэмж цохиж зодоогүй. Бид хоёрын дунд өр авлага өс хонзон байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32),
Шинжээч эмч С.О-н мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Үнэгтийн шанд” дэлгүүрийн гадаа төрсөн өдөрт ирээгүй гэх шалтгаанаар дунд сургуулийн ангийг хамт төгссөн Д.Б-г нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э урд сууж байснаа эргэж хараад нүд, хамар хэсэг гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хамарнаас цус гараад машинаас гараад цусаа угааж байх үед Э хөлөөрөө нүүр, хамар, цээжинд хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-12),
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э бас үг өдөж байгаад Б-н нүүрэнд 2-3 удаа цохиод хамраас нь цус гаргасан, цусаа угааж байтал нэмж гадаа байхад нүүр, цээжинд нь өшиглөөд зодсон. Э архи уудагтүй эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15),
Шүүх эмнэлгийн 2018 оны 3 сарын 23-ны өдрийн шинжээчийн №3842 дугаар дүгнэлт, хохирогчийн өргөдөл /хх-7/, ял шалгах хуудас /хх-78/, хохирогч, шүүгдэгч нарын гомдол саналгүй эвлэрсэн гэх хүсэлт /хх-86, 87/, шүүгдэгч Г.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б-н өгсөн “...Э урд сууж байснаа эргэж хараад нүд, хамар хэсэг гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хамарнаас цус гараад машинаас гараад цусаа угааж байх үед Э хөлөөрөө нүүр, хамар, цээжинд хөлөөрөө өшиглөж зодсон...”, гэрч Ц.Б-н өгсөн “...Э бас үг өдөж байгаад Б-н нүүрэнд 2-3 удаа цохиод хамраас нь цус гаргасан, цусаа угааж байтал нэмж гадаа байхад нүүр, цээжинд нь өшиглөөд зодсон...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Г.Э нь хохирогч Д.Б-н цээж, нүүр, хамар хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.Б нь өөрт учирсан хохирлоо төлүүлж авсан, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Энхмандуулд дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.