Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

Б.Би, Б.Р, Б.Б

                                                             нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд  явуулсан шүүх хуралдаанд:

    прокурор Ц.Батзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Б.Р-ын өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Би, Б.Р, Б.Б нарт холбогдох, 2435001150315 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Б-ийн Б.

       Монгол Улсын иргэн, И ургийн овогт Б-ийн Б.

       Монгол Улсын иргэн, А ургийн овогт Б-ын Р.

1. Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олж авах зорилгоор Увс аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Завхан сумын Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Б.Б-д хууль бусаар нөлөөлж, түүнтэй болон Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Р нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, өөрийн албан үүргийг урвуулан ашиглаж, тус төвийн хэрэгцээнд эмнэлгийн зориулалттай дөрвөн ширхэг орыг нийлүүлсэн мэтээр санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн, орны төлбөрт 3,400,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэл, технологийн инженер ажилтай Ж-н Б-ийн Хаан банкны х тоот дансаар дамжуулан хүлээн авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

       - шүүгдэгч Б.Би нь Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б-д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй болон Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.Р нартай санаатай нэгдэж, өөрийн албан үүргийг урвуулан ашиглаж, Завхан сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай орыг нийлүүлээгүй байхад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн төвийн 2023 оны батлагдсан төсвийн “Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ” зардлын “эдийн засгийн тавилга” ангиллын зардлаас 3,400,000 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр “эмнэлгийн орны үнэ” гүйлгээний утгаар шилжүүлэг хийлгэж Б.Б-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

      - шүүгдэгч Б.Р нь Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б-д эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор түүнтэй болон Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Би нартай санаатай нэгдэж, өөрийн албан үүргийг урвуулан ашиглаж, эмнэлгийн зориулалттай орыг бусдаас худалдан аваагүй байхад төвийн дарга Б.Б-н хууль бус үүргийг хэрэгжүүлж, хийх ёсгүй үйлдлийг хийж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн төвийн 2023 оны батлагдсан төсвийн “Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ” зардлын “эдийн засгийн тавилга” ангиллын зардлаас 3,400,000 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтгүйгээр “эмнэлгийн орны үнэ” гэх гүйлгээний утгаар шилжүүлэн Б.Б-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Батзаяагаас шүүгдэгч Б.Би, Б.Р, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

     3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолоор:

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Ц ургийн овогт Б-ийн Б, И ургийн ургийн овогт Б-ийн Б, А ургийн овогт Б-ын Р нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

     - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

     - шүүгдэгч Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

     - шүүгдэгч Б.Р-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан: шүүгдэгч Б.Б, Б.Р нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор,

     - шүүгдэгч Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргээр тус тус тогтоож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4 ширхэг модон орыг Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн өмчлөлд үлдээж,

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын хоногоор тооцож, дүйцүүлэн солихыг мэдэгдэж,

     - шүүгдэгч Б.Б-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,

     - шүүгдэгч Б.Б, Б.Р нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

    - шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

      4. Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл, ойролцоо төрлийн гэмт хэргийг ялган зүйлчлэх талаар болон гэмт хэргийн шинжид дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

      Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад, Б.Б нь Завхан сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Би болон Б.Р нарыг ажлаас гарах талаар мэдэж байсан, тэдгээрт эмнэлгийн зориулалтын ор нийлүүлнэ гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж мөнгө авсан.

     Орыг нийлүүлэхээс санаатай зайлсхийж байсан зэргээс харахад энэ үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ. 

      5. Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байгаа. Тухайн үед Завхан сумын Эрүүл мэндийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Б.Би нь ажлаа өгөөд, орлон гүйцэтгэх даргагүйгээр 8 сар болж, Б.Би нь Улаанбаатар хот руу резидентийн сургалтад сурахаар шаардлагаа хангасан буюу шалгалтад ороод тэнцчихсэн байсан. Тэгээд явахтай нь зэрэгцэж эмнэлгийн зориулалт бүхий ор авна гэдэг асуудал яригдаад, дахин нэхэж шаардсан зүйлгүйгээр 8 сар орчим болсон. Улмаар шинэ дарга нь ирээд ажил хүлээж аваад ор нэхэгдсэн. Тухайн үед нь зориулалтын ороор нь хангаж чадаагүй буруутай үйлдэл гаргасандаа их харамсаж байна” гэв.

     6. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Мөрдөгч, прокурор хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэт шалгаж тогтоох үүрэгтэй. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 2.1-т заасан, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг эсэхийг ялгаж зүйлчлэх талаас нь анхаарч, мөрдөн байцаалтын шатанд тодорхой ажиллагаа хийгдээгүй.

     Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Б.Б нь тухайн үед албан тушаалын байдлаараа Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалд хамаарч байсан нь үнэн. Шүүхээс Эрүүл мэндийн төвүүдэд хяналт шалгалт хийдэг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангадаг байсан гэж дүгнэсэн боловч хэргийн материалд ингэж дүгнэх хэмжээний нотлох баримт байгаагүй. Б.Б-г Б.Б-д шууд нөлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэж ойлгож болохгүй.

      Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т: давуу байдал гэж нийтийн албан тушаал албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан. Ор нийлүүлнэ гэж мөнгө авсан учир эдийн бус ашигтай байдал яригдахгүй, харин эдийн ашигтай байдал нь яригдана. Үүнийг ярихын тулд тухайн эд зүйлийг нийлүүлэхдээ бусдаас илүү давуу байдал үүссэн эсэх, мөн нийлүүлж байгаа эд зүйл нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр байж их хэмжээний ашиг олсон байдлыг ойлгоно.

      Ор нийлүүлээд эдийн давуу байдал бий болгосон гэж бодоход хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.1, мөн 18.3, 35.2.1, 35.2.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6-д заасан шаардлагыг хангаагүй, үнэлж байгаа орны бодит зураг байхгүй, хаанаас ямар зураг харьцуулсан нь тодорхой бус байдлаар шинжээч дүгнэлт гаргасан. Б.Б нь ямар давуу байдал үүсгэж, хэр ашиг олсон талаарх тооцоог хавтаст хэрэгт хийж чадаагүй. 

     Ор нийлүүлэх мөнгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр авсан. Үүнээс хойш 10 сарын дараа эхний 2 орыг, 1 жилийн дараа үлдсэн 2 орыг нь нийлүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлсний дараа Б.Би 10 дугаар сард Улаанбаатар хот руу явж, 11 дүгээр сард Б.Р ажлаасаа гарсан. Б.Б эрүүл мэндийн газрын боловсон хүчин хариуцаж байсан хүний хувьд тухайн асуудлыг мэдэж байсан. Тухайн үед эмнэлгийн зориулалттай ор гэж худлаа хэлээд мөнгийг нь авчихъя, ингээд мартагдах байх гэсэн байдлаар авсан. Иймд хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэхээр Ж.Б гэх хүний дансыг ашиглаж, залилах арга хэрэглэж мөнгө авсан болох нь гэрч нарын мэдүүлэгт маш тодорхой байдаг.

    Б.Р гэх хүн нь Б.Б-г огт танихгүй, харин Б.Би нь таньж мэддэг. Б.Би мэдүүлэгтээ, надад эмнэлгийн зориулалттай ор өгнө гэж хэлж анх мөнгө авсан, тэгээд намайг явсны дараа өгөхгүй удаж байгаад модон ор өгсөнд итгээгүй гэсэн. Тэгэхээр Б.Р болон Б.Би нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд заасан хэргийг хамжиж байгаа бус Б.Б-д урьдын харьцааны итгэл үнэмшилд тулгуурлан, үгэнд нь итгэж, төөрөгдүүлж мөнгийг нь шилжүүлсэн гэж харж байгаа.

       Иймд Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэгдэх нь хууль ёсны зарчмыг хангана гэж үзэж байна. Гэмт хэрэг хийгээгүй гэж маргаагүй, харин зүйлчлэл нь зөв байх ёстой.

      Б.Б-ийн үйлдлээс 2 хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учир давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж өгнө үү гэж гомдол гаргасан” гэв.

    7. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах гомдолтой холбогдуулаад тайлбарлахад, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг гэдэг агуулгаар гомдол гаргасан байсан. Нэгэнт гомдол гарсан учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах байх. Завхан сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай орны хэрэгцээ шаардлага байсан.

    Миний үйлчлүүлэгч Б.Б-ийн хувьд Б.Б-тай уулзаад эмнэлгийн зориулалттай орны хэрэгцээ шаардлага байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн газарт албаны даргаар ажиллаж байсан Б.Б “надад тийм ор байгаа” гэж харилцан ярилцаад Б.Би нь Б.Б-д эмнэлгийн зориулалттай ор байгаа юм байна, тухайн орыг нийлүүлэх юм байна гэдэг ойлголтыг авсан байдаг.

      Гэтэл Б.Б-д ор байгаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Б.Б өөрт нь байхгүй зүйлийг байгаа мэтээр хэлцэл хийж байгаа үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

      8. Шүүгдэгч Б.Р-ын өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл авсан.

       Шүүгдэгчийн эхнэр 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүүхэд төрүүлсэн, хүүхэд нь одоо 9 сартай, хөхөөр хооллодог, эхнэр нь төрснийхөө дараа аарцаг түнхний гэмтэл авч Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд сарын дараа дахин үзүүлэх ёстой байсан боловч тухайн үед хүйтний улирал эхэлсэн, хоёрдугаарт хүүхэд бага сартай байсан учраас Улаанбаатар хот руу явж эмчилгээндээ хамрагдаж чадаагүй. Одоо өвдөлт зовуурь нь ихдээд байгаа учраас хамгийн сүүлд 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэс заслын тасагт үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношилгоо шинжилгээнд хамрагдах, мөн аарцаг түнхний имрай хийлгэх шаардлагатай гэх онош тавигдсан, эхнэр хүүхдээ аваад Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлага гарсан.

     Иймд шүүгдэгч Б.Р-т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.

     9. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нийтийн албан тушаалтан буюу Б.Р, Б.Б, Б.Би нар  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа.

     Б.Б нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр давхар ажиллаж байсан нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон. Завхан сумын Эрүүл мэндийн газрын дарга, нягтлан нарыг шууд удирдах бүхий эрх албан тушаалтан болох нь тогтоогддог.

      Тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдлийн аргын хувьд Б.Би 2023 оны 9 дүгээр сарын үед мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ Б.Б-тай уулзсан, эмнэлгийн зориулалттай 4 ширхэг ор нийлүүлж авах талаар Б.Б-д хэлсэн, үүнтэй холбоотой Б.Б танай төсөвт эмнэлгийн зориулалттай орны хэдэн төгрөг байгаа вэ, энэ оны төгсгөлд ор нийлүүлж өгч болно гэдэг байдлаар ярьж, 3,400,000 төгрөг байгааг мэдээд “би ор нийлүүлье, мөнгөө над руу шилжүүлчих” гэдэг байдлаар ярьж тохиролцсон. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б.Б-тай хамт Эрүүл мэндийн газарт ажилладаг программист мэргэжилтэй Ж.Б гэдэг хүний данс руу 3,400,000 төгрөгийг “орны үнэ” гэдэг утгаар шилжүүлсэн. Найз нөхөд хоорондын гүйлгээ хийж байгаа асуудал биш, Завхан сумын Эрүүл мэндийн газрын бараа материал худалдан авах төсвийн хөрөнгөөс шууд шилжүүлсэн байдаг.

      Хувь хүний данс руу шилжүүлж байгаа үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Бараа материал худалдаж авч байгаа тохиолдолд, эсвэл тендер зарлах, тендер зарлахгүйгээр гэрээ хийж гэрээний үндсэн дээр бараа материалыг худалдан авч, байгууллагын төсөвт үндсэн хөрөнгөд бүртгэж авах ёстой.

     Гэтэл хувь хүний данс руу 4 ширхэг орны үнэ гээд шилжүүлж байгаа нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Б.Б, Б.Би нар нэг суманд өссөн, найз нөхдийн холбоотой, нэгнийгээ таньдаг болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

      Энэ хүрээнд Б.Б, Б.Би хоёр ярилцан тохиролцож, тухайн мөнгийг төсвийн байгууллагын данснаас хувь хүний данс руу шилжүүлж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Б.Би Улаанбаатар хот руу суралцахаар явж байсан бөгөөд энэ хүний данс руу 3,400,000 төгрөгийг өнөөдөр яаралтай шилжүүл гэж нягтлан бодогч Б.Р-т үүрэг өгөхөд Б.Р мөнгийг шилжүүлсэн, ингэхдээ төрийн сангийн мэргэжилтэн нь сумын төрийн сангийн даргыг гуйж байгаад анхан шатны баримт бүрдүүлэлгүй, нэхэмжлэл бусад гэрээ хэлцэл, анхан шатны баримтгүйгээр мөнгийг нь шилжүүлсний дараа бараа материалаа авна гэдэг байдлаар шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд, мөн шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог.

      Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 8 сарын хугацаанд эмнэлгийн зориулалттай орыг нийлүүлээгүй. Нягтлан бодогч Б.Р-ын  эхнэр нь Улаангом суманд ажилд орсонтой холбоотой Улаангом руу шилжин томилогдсон. Ингэхдээ 4 ширхэг орыг Б.Б-аас авч нийлүүлэх ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, зөвхөн орны баримт, өр авлагын зарлага үүсгээд орхичихсон гэдгийг Б.Р мэдүүлдэг. Тухайн үеийн шилжиж ирсэн шинэ дарга, нягтлан бодогч нар бүгд энэ орны асуудлыг хөөцөлдөж, Б.Б-тай 2-3 удаа ярьсан байдаг.  

      Мөнгө шилжүүлснээс хойш 8 сарын дараа эмнэлгийн зориулалттай бус  ахуйн, энгийн модон ор 2 ширхэгийг  өгсөн. Эмнэлгийн зориулалттай, эрүүл мэндийн стандарт, нормын шаардлага хангасан орыг авах саналтай байснаа илэрхийлж, зөвшөөрсөн гэдгийг Б.Би мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд  мэдүүлсэн.

      Гэвч энгийн модон материалаар хийсэн ор өгсөн, дахин 4 сарын дараа 2 ширхэг модон орыг нийлүүлсэн, ингээд 4 ширхэг модон ор Завхан сумын эмнэлэгт  байгаа. Яагаад эмнэлгийн зориулалттай ор гэсэн боловч модон ор өгсөн бэ гэхэд Б.Б нь Завхан сумын эрүүл мэндийн төсөв татагдах нөхцөл байдал үүссэн учраас зориулалтын ор өгч чадаагүй гэдэг. Анх ярихдаа, эрүүл мэндийн шаардлага хангасан, эмнэлгийн зориулалттай ор нийлүүлье гэж тохирсон атлаа төсвийн мөнгийг зориулалтын бусаар гаргаж зарцуулсан нөхцөл байдал байгаа юм.

      Эмнэлгийн зориулалттай ор авах хэрэгцээ шаардлага байсан бол тендер сонгон шалгаруулалт зарлахгүй юмаа гэхэд гэрээ хэлцэл хийсний үндсэн дээр хувь хүнээс, эсвэл аж ахуйн нэгж байгууллагаас авах бөгөөд хэрхэн, ямар журмаар авах талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан асуудал.

      Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Би, Б.Р нар үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй байна.

      Иймд анхан шатны шүүхийн зүгээс гэмт хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн,  ямар нэгэн байдлаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, хууль ёсны шаардлага хангасан шийтгэх тогтоол гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын гомдлыг үндэслэн, шүүгдэгч Б.Б, Б.Би, Б.Р нарт холбогдох, 2435001150315 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

    2. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Би, тус төвийн нягтлан бодогч Б.Р нартай бүлэглэн тус төвд эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй атлаа 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  Увс аймгийн Завхан сумын эрүүл мэндийн төвийн төсвийн хөрөнгө худалдан авах зардлаас  3,400,000 төгрөгийг шилжүүлэн авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

      - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн төвд 4 ширхэг ор худалдан авахдаа худалдан авах ажиллагааны зарчмын дагуу нээлттэй, ил тод худалдан авалт хийх ёстой байтал аймгийн Эрүүл мэндийн газар, Завхан сумын эрүүл мэндийн төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ ашиглан хоорондоо хуйвалдаж, эрүүл мэндийн төвийн төсвийн мөнгийг өөрсдөө авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна гэж харж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэр хэмжээний хохирол тогтоогдоно, уг мөнгийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

       - гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн газраас тус суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотой аймгийн Засаг даргаас байгуулагдсан ажлын хэсэг тус суманд ажилласан. Тухайн сумын Эрүүл мэндийн төвийн даргаар н.Б гэх Ховд аймгийн хүн томилогдсон байдаг ба уг хүнийг тус сумын Засаг дарга А.Я томилсон байдаг. Тухайн томилгоог тус Эрүүл мэндийн төвийн хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж гомдол гаргаад байгаа. Тэр гомдлын дагуу ажиллахад хэд хэдэн асуудлыг хөндсөн байсан  тул ажлын хэсгийн гишүүд энэ талаар ярилцаад, 3.4 сая төгрөгөөр эмнэлгийн ор худалдаж авсан гэх асуудлыг шалгуулахаар танай байгууллагад хандсан ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дугаар тал/,

     - гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн газрын дарга Б.Б нь эд материал өгөөгүй байж 3’400’000 төгрөгийн гүйлгээг хийлгэж авсан байсан. Б.Би эмч Улаанбаатар хот руу сургуульд явсан байхдаа нярав Я.Ц-тэй утсаар яриад орны мөнгө шилжүүлж, орлогод авч падааныг нягтлан бодогчид өг гэж хэлсэн байсан бөгөөд ямар учиртай ор болох талаар тодруулахад Эрүүл мэндийн газрын дарга Б.Б “загнаад, уурлаад байна, яаралтай мөнгийг нь шилжүүл” гэж хэлсэн тул  мөнгө шилжүүлсэн байсан. Би энэ асуудлыг л мэдэгдсэн. Намайг ажлаас гарах хүртэл тэр ор нь манай эмнэлэгт ирээгүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,

     - гэрч Я.Ц-ийн /Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн ариутгагч, няравын ажлыг давхар хариуцаж байсан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Р надтай утсаар яриад эмнэлэгтээ 4 ширхэг ор авах гэсэн юм, надад орлогын баримт бичээд чатаар явуулчих гэж хэлсэн. Нэг бүр нь 850’000 төгрөгийн үнэлгээтэй 4 ширхэг орыг нийтдээ 3’400’000 төгрөгөөр авахаар болсон юм. Тэгэхээр нь би түүнээс ор нь хаана байгаа талаар асуухад  тэр “ор байгаа, Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн дарга Б.Б-аас авах гэж байгаа” гээд нэг бөөрөнхий зүйл яриад дуугүй болсон. Энэ талаар дарга Б.Би мэднэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би түүнтэй утсаар ярьж дуусаад дарга Б.Би руу утсаар залгахад тэр утсаа аваагүй. Тэр өдөр Б.Би Улаанбаатар хотод байсан ба нягтлан бодогч Б.Р аймагт байсан юм. Би дарга Б.Би руу хэд хэдэн удаа залгаад утсаа аваагүй юм. Тухайн үед миний хажууд вакцинатор Б.Н байсан. Тэр надтай Б.Р-ын ярьсан зүйлийг сонссон. Мөн Б.Н бид хоёр байх үед жолооч Ч.Г ах орж ирэхээр нь би “ нягтлан бодогч Б.Р 4 ширхэг ор авна гээд ярилаа” гээд түүнд хэлсэн юм.  ...Тэр өдөр Б.Р дахиж над руу залгахаар нь би түүнтэй утсаар яриагүй.

     Таны надад үзүүлж байгаа 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн 73 дугаартай нийлүүлэгч Б Ж гэх нэрээр эмнэлгийн ор 4 ширхгийг нэг бүрийн үнэ 850’000 төгрөгөөр тооцож, нийт 3’400’000 төгрөгийг манай Завхан сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн гэх баримтыг миний бие 2023 оны 10 дугаар сарын 10-ны үед нягтлан бодогч Р аймгийн төвөөс ирсний дараа намайг өрөөндөө дуудаж байгаад бичүүлж авч байсан. Тухайн үед нягтлан бодогч орны гүйлгээ хийгдсэн орлогын баримт бичиж өг гээд орлогын баримт дээрх зүйлүүдийг надад өөрөө хэлж өгөөд бичүүлсэн. Миний бие хүлээн авсан гэх хэсэгт өөрийнхөө гарын үсгийг зураад хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг яах юм бэ гэж нягтлан бодогч Б.Р-с асуухад тэр намайг хүлээлгэн өгсөн дээрх гарын үсгийг зурчих гэхээр нь би таталдуулсан байдалтай, уншигдах боломжгүй гарын үсгийг зурж байсан. Ерөнхийдөө энэ орлогын баримт дээрх гарын үсгүүд болон бусад зүйлүүдийг миний бие Б.Р-ын хэлснээр бичиж түүнд өгсөн. Энэ ор манай Завхан сумын эрүүл мэндийн төвд 2023 онд ирээгүй ба 2024 оны 06 дугаар сард жолооч Ч.Г аймгийн төв рүү явахдаа 2 ширхэг модон орыг авч ирсэн. Тэр хаанаас авч ирсэн талаар мэдэхгүй байна. Үлдсэн хоёр орыг нь 2024 оны 10 дугаар 25-ны өдөр аймгийн төвөөс жолооч Ч.Г ах авч ирсэн. Одоо нийтдээ манай эмнэлэгт 4 ор ирсэн байгаа. Миний хувьд нягтлан бодогчийн хэлснээр энэ орыг орлогоор авч бүртгэлд оруулсан. Миний хувьд орлогын баримт дээр нийлүүлэгчээр нэр нь бичигдсэн Ж.Б гэх хүнийг танихгүй, тэрнээс ор худалдаж авахаар уулзсан, утсаар ярьсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,

      - гэрч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би тэдний өрөөнд ороход Я.Ц надад хандан нягтлан бодогч Б.Р эсхүл дарга Б.Би ярилаа гэж байсан ч билүү, тэр хоёрын нэгэнтэй нь ярьсан юм шиг байна лээ. Манай эрүүл мэндийн төвд 4 ширхэг ор ирэх гээд байгаа юм шиг байна, ороо авч байж орлого авмаар байна гэсэн зүйлийг хэлж байсан. Уг 4 орыг хэнээс авч байгаа талаар хэлээгүй. Түүний дараа манай эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, эмчлэгч эмчээр ажиллаж байсан Д.Ж би аймгийн төв рүү өвчтөн хүргэхээр явах үед /гэхдээ ямар өвчтөн байсныг санахгүй байна/ 2024 оны 07 дугаар сарын эхээр байх, Эрүүл мэндийн газраас 2 ширхэг ор аваад ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би аймагт ирээд буцах гэж байхдаа Эрүүл мэндийн газар орж асуухад тус газрын жолооч /ногоон Hunter автомашинтай/ Б, мөн түүний хажууд зүс таних 30 орчим насны өндөр бор царайтай залуу хоёр надад гражид байх хоёр модон орыг гаргаж ачилцаж өгсөн. Уг хоёр орыг хүлээн авахад надад ачиж өгсөн жолоочоос өөр хүн байхгүй, тухайн орыг авахдаа ямар баримт дээр гарын үсэг зурсан, авсан удаа байхгүй. Мөн баримтаар хүлээлгэн өгөөгүй. ...Цуг ирсэн статистик эмч А-тай утсаар яриад нөгөө Д.Ж эмчийн хэлсэн орыг хаанаас авах юм бол гэж хэлэхэд энд байгаа гэж байна, та хүрээд ир хоёулаа очиж авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-ын хэлснээр түүнийг Эрүүл мэндийн газар дээрээс аваад А нэг хүнтэй утсаар ярихад тэр хүн нь Т дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь тэр дэлгүүрийн тэнд очиход эрүүл мэндийн газарт ажилладаг Б гэх залуу нэг хашаа руу ороод надад модон материалтай 2 орыг ачуулсан. ...тухайн дөрвөн орыг Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга ажилтай Б.Б нийлүүлсэн ба Б.Би уг орны мөнгийг нь авалгүйгээр орыг шилжүүлсэн юм шиг байна лээ. Тэр талаар надад няраваар ажиллаж байсан Я.Ц хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар тал/;

       - гэрч Д.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  ...би аймгийн төвд өвчтөн авч ирээд явж байхдаа Эрүүл мэндийн газар руу ороход хэлтсийн дарга ажилтай Б.Б надтай таарсан. Тэр надад “танай Эрүүл мэндийн газарт очих ёстой 2 ор байна, та энэ орнуудыг аваад яваарай” гэхээр нь би түүнд хандан ямар ор бэ, тооцоог нь хийсэн юм уу гэхэд тооцоо хийгдсэн, танай эрүүл мэндийн төвд очих ор гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр өдөр жолооч Ч.Г, нягтлан А нарын хамтаар тухайн орыг аваад явсан. Тэр орыг няраваар ажилд орсон н.Ширнэнд хүлээлгэж өгч байсан. Сүүлд авсан орыг хаанаас яаж авсан талаар мэдэхгүй. Харин эхний 2 орыг эрүүл мэндийн газраас авч байсан. Тэр газрын яг хаанаас нь ачсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

       - гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Санхүүгийн баримтаас харахад 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр манай Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс Ж-ийн Б гэх хүний Хаан банкны х тоот данс руу 3,400,000 төгрөгийг “Эмнэлгийн орны үнэ” гэх утгаар шилжүүлсэн байсан. Тухайн мөнгөөр нэг бүр нь 850’000 төгрөгийн үнэлгээтэй 4 ширхэг ор авахаар шилжүүлсэн байсан. Тухайн мөнгийг манай байгууллагын тавилгын зардлаас гаргасан байсан. 2023 оны 10 дугаар 02-ны өдөр “орлогын баримт 73” гэсэн дугаараар “эмнэлгийн ор 4 ширхэг, нэг бүрийн 850,000 төгрөг нийт 3,400,000 төгрөг” гэж нярваар ажиллаж Я.Ц нь хүлээн авсан тэмдэглэл дээр гарын үсэг зурсан байсан. Я.Ц нь манай Эрүүл мэндийн төвийн халдваргүйжүүлэгчээр ажилладаг ба тэр үед нярвын ажлыг давхар хавсарч байсан. Би 2023 оны 12 дугаар сард хөрөнгийн жил эцсийн тооллого хийж байхдаа энэ гүйлгээг харж энэ мөнгөн дүнгийн дагуух ор хаана байгаа юм бэ гэж асуухад Я.Ц “ор нь ирээгүй, мөнгийг нь шилжүүлсэн байгаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

       - гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хаан банкны х тоот дансыг эзэмшдэг. Энэ миний хувийн данс юм. ...Эрүүл мэндийн газарт Хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл, хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Б.Б нь надад “данс руу чинь 3,400,000 төгрөг орно, энэ мөнгийг над руу шилжүүлээд өг” гэхээр нь би шилжүүлж байсан удаатай. Уг мөнгийг миний дансанд орж ирэхэд нь хаанаас ямар дансаар гүйлгээ хийгдэж орж ирсэн талаар лавлаж хараагүй ба мөнгө шилжиж ирсний дараа тэр өдрөө Б.Б-ийн данс руу шилжүүлж байсан санагдаж байна. Би Б.Б-ийн хэлсний дагуу түүний данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгийг хаанаас ямар учраас миний дансанд орж ирсэн талаар лавлаж хараагүй. Мөн Завхан сумын Эрүүл мэндийн төвд эмнэлгийн ор нийлүүлсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

     - гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие анх даргаар ажилд орсны дараа байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байхдаа эмнэлгийн өвчтөн хэвтдэг орнууд нь модон материалтай ахуйн хэрэглээний орнууд байсан. Тэгэхээр нь би эмнэлгийн зориулалтай /нэг үйлдэлтэй, эвхэгддэг/ орнуудыг авах шаардлагатай юм байна гэсэн зүйлийг хэлэхэд хажууд байсан ахлах сувилагч н.Б надад хандан, Б.Би эмчийн үед манай эмнэлэгт эмнэлгийн зориулалтай 4 ор ирэхээр болж, эмнэлгээс мөнгийг нь шилжүүлсэн боловч тухайн ор нь одоог хүртэл ирэхгүй байгаа гэх зүйлийг хэлсэн. ...07 дугаар сард ажилдаа эргэж ороход манай ажилчид тухайн орноос 2 ширхэг нь ор нь ирсэн. Гэхдээ эмнэлгийн зориулалтай бус модон ор ирсэн гээд надад харуулсан. Тэр хоёр орыг өвчтний жижиг өрөөнд оруулж тавьсан байсан. Тухайн 2 орыг харахад модон материалтай, падушик муутай ор байсан. Тэр хоёр ор нь энгийн хэрэглээний ор байсан. Тухайн орыг манай байгууллагын ажилчид хэл ам хийж байгаад авсан талаар ярьж байсан. Би энэ оны 10 дугаар сарын дундуур сургалтад явсан ба намайг байхгүй үед манай эмнэлэгт 2 ширхэг модон ор нэмж ирсэн байсан. Сүүлд ирсэн 2 ор нь эмнэлгийн зориулалтай биш ч гэсэн падушик сайн, модон ор байсан. Мөнгө гарсан баримтыг нь харахад эмнэлгийн ор гэж байсан.

       Тухайн 4 ор нь бүгд эмнэлгийн зориулалтай бус ахуйн хэрэглээний ор байсан ба бүгд шинээрээ ирсэн. Тэр орнуудыг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Өмнө нь байсан орнуудаас эмнэлгийн зориулалтай 2 ширхэг ор байсан ба тэр орнуудын нэг нь ашиглах гэхээр эвдрэлтэй байгаа тул ашиглахгүй байгаа. Б.Б даргын нийлүүлсэн гэх 4 орыг эмнэлэгт өвчтөн хэвтэх өрөөнд ашиглаж байгаа. Тэр хоёр орноос сүүлд ирсэн 2 орыг нь төрөхийн тасагт, эхэнд ирсэн 2 орыг нь дотрын тасагт ашиглаж байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50 дугаар тал/,

      - гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн сумын төрийн сангийн системд байгууллагын дарга, нягтлан бодогч нарын 1, 2 дугаар гарын үсгийн баталгаа орсон байх ёстой. Тухайн гарын үсгийн баталгаанууд орсон үед дарга, нягтлан бодогч нар нь цахим гарын үсгээ зураад гүйлгээг хийх боломжтой.

      Энэ талаар Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.10-д Төсвийн байгууллага төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор Төрийн сангаас батлагдсан загварын дагуу ТТ-1 /төлбөрийн хүсэлт/, ТТ-2 /бэлэн мөнгөний хүсэлт/ маягтын мэдээллийг цахим хэлбэрээр бэлтгэж урьдчилан илгээж болно гэсний дагуу цахимаар гүйлгээг хийж болно. Таны асууж байгаа гүйлгээ нь цахимаар хийгдэхдээ төрийн сангаас  батлагдсан загвар ТТ-1 /төлбөрийн хүсэлт/ маягтын дагуу хийгдэн. Мөн журмын 8.4-д цахим хэлбэрээр шивсэн гүйлгээг гүйцэтгэж болохоор заасан байдаг.

      Харин цахимаар гүйлгээг тухайн байгууллагын нягтлан бодогч хийхдээ дээрх журмын 7.8-д заасны дагуу нэхэмжлэл, бараа материалын орлого, зарлагын баримттай байвал төрийн сангийн мэргэжилтэн гүйлгээг хянаж, санхүүгийн албаны дарга нь баталгаажуулна. Би төрийн сангийн цахим системээс таны асууж байгаа 2023 оны 10 дугаар 02-ны өдрийн 3’400’000 төгрөгийн гүйлгээг харахад тус гүйлгээг байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн хянаж, баталгаажуулсан байна. Энэ нь миний дээр хэлсэн дээрх журмын 7.8-д заасныг зөрчсөн гүйлгээг хянаж баталгаажуулсан байна. ...Манай хэлтсээс 2023 онд Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс илгээсэн цахим гүйлгээнд хяналт шалгалт хийгдээгүй. Харин 2024 онд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түүврийн аргаар явуулж байсан удаатай.

     Таны асууж байгаа 2023 оны 10 дугаар сарын байдлаар миний дээр хэлсэн Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам” хэрэгжиж байсан. Харин энэ журам 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн батлагдсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 51 дүгээр тал/;

      - гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Завхан сумын Эрүүл мэндийн төв нь ойрын хэдэн жил ор, тавилга авагдаагүй байсан ба 2023 онд тухайн байгууллагын төсөвт тавилгын зардал суугдсан. Тус төсөв батлагдсаны дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр надтай сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Б.Би нь уулзаад эмнэлгийн зориулалтай ор авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би төсөв чинь татагдахаас өмнө энэ орнуудаа аваарай гэдгийг хэлж байсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа буюу таны асууж байгаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Р нь надтай утсаар яриад “манай эмнэлэг хувь хүнээс эмнэлгийн ор авахаар боллоо, тэр хүн мөнгөө шилжүүлж байгаад ороо ав гээд байна, би гүйлгээг цахимаар илгээж, төрийн сангийн мэргэжилтэн Б.Б-т хэлж хянуулсан, та энэ гүйлгээг баталгаажуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ороо яаралтай аваарай гэж хэлээд гүйлгээг нь баталгаажуулсан. Тухайн гүйлгээ нь орлого, зарлагын баримт дутуу байсан ба тэр орыг авчих байх гэж бодоод баталгаажуулалт хийсэн. ...Түүний дараа буюу 2024 оны эхээр манай Завхан сумын Эрүүл мэндийн төвийн ажилчид энэ 4 орны талаар маргаан гаргаад байгааг сонсоод одоо нягтлан бодогчоор ажиллаж байгаа С.А-д тэр 4 орыг хөөцөлдөж байгаад аваарай гэж хэлж байсан. Тэр үед буюу 2023 оны 11 дүгээр сард нягтлан бодогч Б.Р, дарга Б.Би нар ажлаасаа гараад явсан байсан тул тэдэнтэй энэ орны талаар холбогдоогүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 164 дүгээр тал/,

       - гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар 02-ны өдөр надтай Б.Р нь утсаар ярьсан. Тэр ярихдаа “би аймагт явж байна, манай Эрүүл мэндийн төв хувь хүнээс эмнэлгийн зориулалтай ор авах гэсэн юм. Уг орыг тухайн хүн нь мөнгө шилжиж гүйлгээ хийгдсэний дараа 4 орыг өгнө гээд байна, мөн нярав Я.Ц орлогын баримт бичиж өгөхгүй байна, чи миний явуулсан цахим гүйлгээг хянаад өгөөч, би Санхүүгийн албаны дарга Д.Б ахад хэлж байгаад гүйлгээг баталгаажуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний хэлснээр хянаж өгсөн юм. Тэр бид хоёр сумын Төрийн банканд хамт теллерээр ажиллаж байсан юм Тэр худал хэлээд байдаггүй тул түүний хэлснээр итгээд дээрх гүйлгээг хянасан. Харин миний хянасан гүйлгээг дарга Д.Б баталгаажуулсан байсан. Санхүүтэй холбоотой хууль, журмаараа бол анхан шатны баримт дутуу гүйлгээг хянаж, баталгаажуулахгүйгээр буцаах ёстой. Би энэ үйлдэлдээ харамсаж байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 149 дүгээр тал/,

     - 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 94 дүгээр тал/;

       - Увс Завхан сумын Эрүүл мэндийн төвийн Төрийн сангийн данснаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ж.Б-ийн Хаан банк дахь х тоот данс руу 3,400,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлтийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 96 дугаар тал/,

     - Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн №73 дугаартай “Орлогын баримт”-ын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 97 дугаар тал/,

      - Ж.Б-ийн Увс Завхан сумын Эрүүл мэндийн төвөөс 3’400’000 төгрөг нэхэмжлэх хуудасны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 98 дугаар тал/,

     - Завхан сумын Эрүүл мэндийн төвийн дансны зарлагын дэлгэрэнгүй хуулганы хуулбар /1 дэх хавтаст хэргийн 99-103 дугаар тал/,

        - Хаан банк дахь гэрч Ж.Б-ийн х тоот дансны хуулганд, гэрч Э.Э-ийн 5031292263 тоот дансны хуулганд, Хас банк дахь шүүгдэгч Б.Б-ийн х тоот дансны хуулганд тус тус үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн дансны хуулганууд /1 дэх хавтаст хэргийн 173-199 дүгээр тал/,

      - Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 06/16719 дугаар албан бичгээр ирүүлсэн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны батлагдсан төсвийн талаарх баримтууд /1 дэх хавтаст хэргийн 143-144 дүгээр тал/;

      - Шүүгдэгч Б.Б-г Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 147-152 дугаар тал/,

      - Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч Б.Р-ыг Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилсон тушаалын хуулбар, шүүгдэгч Б.Би-г Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 162, 165, 167 дугаар тал/,

      - Шүүгдэгч Б.Б-ийн Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлсэн гэх 4 ширхэг модон оронд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 250 дугаар хуудаснаас 2 дахь хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

     3.  Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

      4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

       5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-г шүүгдэгч Б.Би, Б.Р нартай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, шүүгдэгч Б.Би, Б.Р нарыг шүүгдэгч Б.Б-тай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

       5.1. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна гэж тус тус заасан ба шүүгдэгч нар нь Увс аймгийн Завхан сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй, санхүүгийн анхан шатны баримтгүй, төрийн сангийн гүйлгээ , шилжүүлэг хийх үндэслэл бий болоогүй байхад ор нийлүүлсэн мэтээр төсвийн мөнгийг бусдын дансанд шилжүүлж хуулиар олгосон албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад болон өөртөө давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

       5.2. Энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

       Тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

      5.3 Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байх ба шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч тус бүрийн гэм бурууд тохирсон байна гэж дүгнэв.

      6. Шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “...анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл, ойролцоо төрлийн гэмт хэргийг ялган зүйлчилж чадаагүй. Б.Б нь Завхан сумын эрүүл мэндийн төвийн дарга Б.Би, нягтлан бодогч Б.Р нарыг ажлаас гарах талаар мэдэж байсан бөгөөд тэдгээрт ор нийлүүлэн гэж хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж мөнгө авсан ба ор нийлүүлэхээс санаатай зайлсхийж байсан зэргээс үзэхэд  албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн үйлдсэн гэж үзэхээр байна” гэх агуулга бүхий гомдол гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

       6.1. Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б,  Б.Би, Б.Р нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлсон байна.

      6.2. Шүүгдэгч Б.Б нь өөрийн албан тушаалын байдал буюу Увс аймгийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр  ажилладаг байдлаа ашиглан Увс аймгийн Завхан сумын эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалттай ор нийлүүлээгүй атлаа хууль тогтоомж зөрчиж, орны үнийг гаргуулан авахаар тус төвийн дарга Б.Би-д хандаж, улмаар Б.Би нь нягтлан бодогч Б.Р-т мөнгө шилжүүлж өгөх талаар чиглэл өгч тус эрүүл мэндийн төвийн төсвөөс 3,400,000 төгрөгийг иргэн Ж.Б-ийн дансаар дамжуулан өөртөө авсан байдал нь албан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө эд хөрөнгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Б.Б-г бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

     Хэрэгт авагдсан баримтаар, шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэрэг бусдыг залилан мэхлэх аргаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйл баримт, нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

       Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    7. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянгын: “Миний үйлчлүүлэгч Б.Р-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан байгаа. Гэтэл түүний эхнэр Улаанбаатар хот уруу яаралтай явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай болсон бөгөөд  9 сартай хүүхэд нь хөхөөр хооллож байгаа тул Б.Р зайлшгүй эхнэртэйгээ хамт Улаанбаатар хот явах шаардлагатай байна. Иймд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжтой байна.

     Өмгөөлөгч Т.Уянга нь тус шүүхэд гаргасан саналдаа, шүүгдэгч  Б.Р-ын ар гэрийн нөхцөл байдалтай холбоотой буюу эхнэр Б.Б нь Улаанбаатар хот руу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай болсон талаарх амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон түнхний үений соронзон томографийн түүх бүхий 9 хуудас баримтыг гаргаж өгсөн тул өмгөөлөгчийн гаргасан санал баримтаар нотлогдсон гэж үзэж, шүүгдэгч Б.Р-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг: “шүүгдэгч Б.Р-т шийтгэх тогтоолоор авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ,

                                                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН

                                                                                            ШҮҮГЧ                            Д.КӨБЕШ

                                                                                            ШҮҮГЧ                           Н.МӨНХЖАРГАЛ