Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00668

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Миний бие 1971 онд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл, 1991 оны 10 дугаар сараас 1992 оны 6 дугаар сар хүртэл, 1993 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2219 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, түүний хавсралт, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, цэргийн батлахын 688421 дугаартай дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Хүсэлт гаргагч С.*******ын 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч С.******* нь 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2219 дүгээр лавлагаа, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, түүний хавсралт, сар бүр авч байсан цалин хөлсийг тэмдэглэсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, хамт ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Хэдийгээр гэрч *******, ******* нар нь малчин, шуудан зөөгчөөр хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт гэрчийн мэдүүлгийн эх сурвалж буюу тухайн цаг хугацаанд хүсэлт гаргагчийг малчнаар ажиллаж байсан байдлыг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул гэрчийн мэдүүлгийн энэхүү хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, хүсэлт гаргагч С.*******ын малчнаар ажилласан талаарх баримт архиваас гараагүй байх тул түүний 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

5.Харин хүсэлт гаргагч С.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Баянхонгор аймгийн архивын байгууллагаас гарсан баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

6.Иймд хүсэлт гаргагч С.*******ын 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Дэжид овогт *******гийн 1987 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА