| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2411000080407 |
| Дугаар | 2025/ДШМ/971 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ундармаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/971
2025 08 14 2025/ДШМ/971
А.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ундармаа,
хохирогч П.Б-, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон,
шүүгдэгч А.Э-,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1464 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2411000080407 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-,
А.Э-, Ч.Г-э нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ***** тоотод байрлах байшинг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж устгасны улмаас хохирогч П.Б-д 8,487,026 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э-ийг Ч.Г-тэй бүлэглэж, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор Г-эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдаж, шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Э-өөс 4,243,513 /дөрвөн сая хоёр зуун дөчин гурван мянга таван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан хохирогч П.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Б- нь үлдэх 4,243,513 /дөрвөн сая хоёр зуун дөчин гурван мянга таван зуун арван гурав/ төгрөгийн хохирлоо Ч.Г-ийн хууль ёсны өв залгамжлагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг Ч.Г-этэй бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж устгасны улмаас хохирогч П.Б-д 8,487,026 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэнд гомдолтой байна. Надад тухайн байшинг өөрийн өмч мэт ойлголт төрүүлж нураахыг санал болгосон. Би 100 айлаас байшин буулгах механизм түрээслээд очсон. Байшинг нураах үед хохирогч гэх П.Б- нь алсаас харж нурааж дууссаны дараа ирсэн. Тухайн үед өөрөө энэ үйлдлийг зогсоох боломжтой байсан. Мөн барилгын нураагдсан тоосго, модыг би шөнө 12 цаг хүртэл манаж хоносон бөгөөд өглөө ирэхэд зарсан мэт алга болсон байсан. Шүүхээс 4,243,513 төгрөг гаргуулах, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Ялыг өөрчилж өгөхийг хүсэж байна. Учир нь би сахрын өвчтэй бөгөөд албадан хөдөлмөр хийх боломжгүй тул торгох ялаар сольж өгнө үү. Би ажил хийж хохирогчийн хохирлыг барагдуулмаар байна. ...” гэв.
Хохирогч П.Б- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Хохирогч П.Б-гийн өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн зорилго, зорилттой нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Э-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.Э- нь Ч.Г-этэй бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн ******* тоотод байрлах байшинг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж устгасны улмаас хохирогч П.Б-д 8,487,026 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч П.Б-гийн “...манай нөхөр над руу залгаад “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 5 дугаар гудамжны 0089/Б тоот хашаанд байдаг байшинг үл таних хүмүүс буулгаж байна, хурдан очоод хар даа” гэхээр нь хашааны гадаа очиход ойролцоо портер машин зогсож байсан. ...тэр хүмүүсийг алсаас харж байгаад цагдаа дуудсан. ...” /хх 9/,
хохирогч Э.Б-ын “...манай арын хашааны хүн над руу залгаад “танай хашааг хэдэн хүмүүс нураах гээд техник хэрэгсэлтэй ирсэн байна” гэж хэлсэн. Би эхнэр Б-д “очоод үзээдэх” гэж хэлсэн. ...Манай хашаа, байшинг нураахдаа надаас болон манай эхнэрээс ямар ч зөвшөөрөл аваагүй. ...Ч.Г-э, А.Э- нарыг танихгүй. Манай байшинг нураасны дараа анх удаа очиж уулзаж байсан. ...” /хх 209/
гэрч Ц.М-ийн “...би Г-эд тэр байшинг нураагаад ав гэж хэлж байгаагүй. ...” /хх 15/,
А.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Ч.Г-э “чи надад 400,000 төгрөг өгчих, тэгээд энэ байшинг буулгаад ав” гэж хэлээд утасны дугаараа өгсөн. ...Би маргааш нь Ч.Г-э рүү ярьж байгаад нөгөө нураах байшин дээрээ ковш хөлслөөд очсон. Ч.Г-э рүү ярихад “чи байшинг буулгаад байж бай, би удахгүй очлоо” гэж хэлсэн. Ковшоор тухайн байшинд хүрэхэд бүгд нураад уначихсан. ...Байшинг нураачихаад ачих гээд байж байтал арын айлын нэг ах гарч ирээд “юун байшин нураагаад байгаа юм бэ” гэхээр нь энэ байшинг авчихсан юм гэхэд энэ байшингийн эзний дугаарыг өгсөн. Би тухайн байшингийн эзэн рүү залгаад энэ байшинг буулгаад авч байгаа талаараа хэлтэл “юу яриад байгаа юм” гээд гайхаад байсан. ...” /хх 70/,
Ч.Г-ийн яллагдагчаар өгсөн “...А.Э- гэх залуутай танилцаад ...хүн амьдардаггүй байшин байгаа, тэр байшинг чи хорооных нь болоод хашааных нь эзэнтэй уулзаад нураагаад ав гэж хэлсэн. Тэгтэл А.Э- очоод тэр байшинг нураасан байсан. ...Би байшинг хэний эзэмшлийнх гэдэг талаар мэдэхгүй. ...” /хх 88/ гэсэн мэдүүлгүүд, байшингийн үнэлгээ /хх 16-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:
шүүгдэгч А.Э-ийг Ч.Г-этэй бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хохирогч нарын зөвшөөрөлгүйгээр устгасны улмаас хохирогч П.Б-д 8,487,026 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.Э- нь “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.
Хэдийгээр шүүгдэгч А.Э- нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, цаашид бодитойгоор биелэгдэх нөхцөл байдал зэргийг харгалзан үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн ял шийтгэлийг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1464 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН