| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2018/00808/И |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 147
| 2018 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 207/МА2018/00147 |
*******ийн нэхэмжлэлтэй
хариуцагч *******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01109 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 4,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд 51-66 ОРО улсын дугаартай хонда сивик машиныг авах гээд үзэж байхад зарж байгаа эзэн болох ******* нь миний машин энгийн механик хабрид биш би хот руу 120 милтэй яваад ирсэн. Хөдөө явахад ямар ч асуудалгүй гэж хэлсэн боловч кондейшин байхгүй, хабрид байсныг нь салгасан байсан. Тэгээд кодейшин байхгүй байна гэхэд кондейшингээ хаана байгааг нь мэдэж байгаа юм уу үлээж л байгаа шүү дээ гэсэн. Бид 2 Хөвсгөл, Архангай явах гээд бэлэн машин сонирхож байх үед зүгээр асуудалгүй гэсэн. Тэгээд дахин дахин утасдаад байхаар нь хол явж үзэлгүй авахаар болсон. Баяр наадмын амралт эхэлчихсэн байсан болохоор шилжүүлэхгүй гээд бичиг баримтаа канондож гараар бичиг үйлдэхээр болж бичиг баримтыг нь үзэхэд Нэт Капитал ББСБ-ын нэр дээр эзэмших эрх нь байсан. Тэгэхээр нь за болъё бүтэхгүй юм байна гэхэд ******* нь эхнэр хүүхэдтэйгээ байсан болохоор бид нарт итгээч, бид нар худлаа ярих хүмүүс биш залуу хүмүүс бид нарт итгээрэй бид зээлийн үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөгөө төлөөд шилжүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь тал төлбөрийг нь өгч тал төлбөрийг нь тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг нь шилжүүлж өгөхөөр төлнө гэсэн боловч ******* нь бүтнээр нь авъя, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 4.800.000 төгрөгөө бүрэн авсан. Хамгийн гол нь хабрид гэсэн бичгээ хуулаад хаячихсан байсан. Мөнкондейшингоо аваад оронд нь жанам тавьсан байсан. Астачир нь элэгдэж муудсан, хайгаад олдохгүй байна, ойрхон явж байгаад явахгүй зогсож араас нь түлхэж хашаандаа оруулсан. Маргааш нь *******гийн утас руу нь залгаж та нар үнэнээ хэлчихгүй яасан юм бэ? Бид нар хөдөө явна гэж хэлсэн шүү дээ, машин чинь асахгүй байна. Машинаа буцааж ав, бид 2 мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь мөнгийг чинь зээлэндээ өгчихсөн. Машинаа буцааж авахгүй, битгий залгаад бай гэж хэлээд утсаа салгасан. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Нэткапитал ББСБ-аас зээл төлсөн эсэхийг нь лавлаж асуухад зээл төлөөгүй байна гэсэн. Зээлийн үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөг гэсэн боловч 1.985.000 төгрөг байсан. Эхнэр нь гэрийн хаягаа 1 дүгээр микрт байдаг гэсэн боловч Нэткапитал ББСБ-д бүртгэлтэй хаяг нь 4-18-27 оршин суудаг гэсэн байсан. ******* нь төмөр замд замчинаар ажилладаг юм байна. Эхнэр нь надад Солонгос улс руу явна гэж хэлсэн. Гэтэл нөхөр нь манай нөхөрт Чех явах гэж байгаа гэж хэлсэн байсан. Иймд иргэн *******гаас машины төлбөрт өгсөн 4.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* нь худал хэлж залилан мэхэлж автомашиныг худалдсан гэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн үед буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашиныг авах үед худалдан авагч болох *******т худалд зүйл огт хэлээгүй бөгөөд ******* нь автомашины талаарх мэдээллийг үнэн зөв өгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээнд оролцогчдын чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж *******т автомашины эзэмшлийг шилжүүлэн өгсөн бөгөөд одоо ч автомашин *******ийн эзэмшилд байгаа тэрээр автомашиныг хэрэглэж байгаа юм. Ийнхүү автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашиныг эзэмшилдээ ******* нь авсан тул гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01109 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1,225 дугаар зүйлийн 225.1, 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,800,000 төгрөг гаргуулан *******т олгож, *******ийн эзэмшлээс Хонда Сивик маркийн 51-66 ОРО улсын дугаартай автомашиныг гаргуулан *******д олгож, харилцан буцаалт хийлгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 91,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч нь автомашиныг нэр дээр шилжүүлэх гэсэн боловч Нэт капитал ББСБ-ийн нэр дээр байсан тул энэ тухай хариуцагчид мэдэгдэхэд хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр 1 000 000 төгрөгийг төлж машиныг нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчид автомашиныг эргүүлэн өгч, мөнгөө буцааж авахаар мэдэгдсэн боловч мөнгийг зээлэндээ өгсөн хэмээн татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Нэт капитал ББСБ-аас хариуцагчийн зээлийн талаар лавлахад зээлээ төлөөгүй, 1984 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг мэджээ гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баяр наадмын амралт таарсан болохоор шилжих боломжгүй болохоор бичиг баримтыг нь конандаж гараар бичиг хийхээр болоод бичиг баримтыг нь үзэхэд Нэт капитал ББСБ дээр тавигдсан байсан гэж бичсэн. Нэхэмжлэгч нь ББСБ-ын нэр дээр автомашин бүртгэгдсэнийг гэрээ байгуулах үед буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдэж байсан төдийгүй худалдагч ******* энэ талаар тухайн үед хэлсэн. Ийнхүү нэхэмжлэгч гэрээ байгуулах үед автомашины бүртгэл ББСБ-ын нэр дээр байгааг мэдсэн нь нотлогдож байхад гэрээ байгуулснаас хойш 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олж мэдсэн мэтээр дүгнэсэн нь буруу болжээ.
Нэт капитал финанс корпорацаас авсан байсан зээлийн үлдэгдлийг ******* нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлж зээлийг хаасан бөгөөд зээлтэй холбоотой материалыг үрэгдүүлсэн бөгөөд ББСБ-иас уг асуудалтай холбоотой материалыг авахыг хүссэн боловч Алтанхуяг гэх хүн чиний автомашинтай холбоотой асуудлаар шүүхэд хандсан байгаа тул баримтуудыг гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгч авах шаардлагатай бол холбогдох шүүхийн албан тоотыг үндэслэн олгоно гэж хэлээд баримтуудыг өгөхөөс татгалзсан. Улмаар анхан шатны шүүхэд хандаж дээрх нотлох баримтууд болох зээлийг хэзээ ******* төлж дуусгасан, хэдэн онд зээл авсан зэрэг шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3458 дугаартай "Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар талууд маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшлийн талаар маргаагүй, харин эд хөрөнгийн доголдлын талаар маргаж байна... гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. ******* нь уг автомашиныг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр унаад явж байхад нь нэхэмжлэгч нөхрийн хамт үзэж хараад худалдан авах саналыг өөрөө гаргаж худалдан аваад Орхон аймаг Баян-Өндөр сум хүрэн булаг багийн нутаг дэвсгэрээс унаж явсан. Гэтэл одоо уг автомашин унаад явах буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон мэт зүйлийг ярьдаг мөн шинжээчийн дүгнэлт нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд Алтанхуягийн эзэмшилд уг авто машин 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр очсон үүнээс хойш уг автомашиныг хэрхэн өөрчилж засварласныг хариуцагч талаас мэдэх боломжгүй. Гэтэл шүүх хариуцагчийг биет байдлын болон эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан болох нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 251.3, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д дэх заалтуудыг анхаарч үзээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн автомиашин худалдах худалдан авах гэрээнд үндэслэн тодорхойлжээ.
Зохигчдын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж Хонда сивик маркийн 51-66 ОРО улсын дугаартай машиныг 4.800.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар болж нэхэмжлэгч ******* 4.800.000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлэн өгч, хариуцагч ******* нэхэмжлэгч *******ийн эзэмшилд машинаа шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч ******* 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хонда сивик маркийн машиныг хүлээн авах үед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон автомат хурдны хайрцгийг механик хурдны хайрцаг дискэн холбоогоор орлуулан Hybrid системийг салгасан доголдол нь энгийн харагдах байдлаар мэдэгдэх боломжгүй байсан байх тул автомашины доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч ******* нь автомашины доголдлыг мэдмэгц тухайн доголдлын талаар хариуцагч *******д хэлж машиныг буцааж өгөх талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 зохицуулалтанд нийцжээ.
Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар доголдолтой эд хөрөнгийн доголдлыг арилгах үүрэгтэй ба мөн эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагч аль нь ч гэрээг цуцлах эрхтэй.
Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж эдийн болон эрхийн доголдолтой машин шилжүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч *******гаас 4.800.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ийг машинаа буцаан өгөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн зохицуулалтанд нийцжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
С.УРАНЧИМЭГ