Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 24

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяадаргалж, нэхэмжлэгч ******* аймгийн сумын иргэн Ш.ы нэхэмжлэлтэй, тус аймгийн  даргад холбогдох 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулан, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүү гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, ******* аймгийн Засаг даргын 2009 оны 07 сарын 06-ны өдрийн 185 тоот захирамжаар тус аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн ажил албан тушаалд томилогдсон. Тус аймагт 2014 онд дахин сонгууль болж аймгийн иргэдийн Хуралд Ардчилсан нам олонхи болж, аймгийн Засаг даргаар О.******* дарга томилогдсон. Томилогдсоны дараа аймгийн Засаг дарга өрөөндөө дуудан уулзахдаа манай нам ялсан тул ажлаа хүлээлгэн өг, чамтай өөр яриа байхгүй, бид хүчээр авна гэж дарамталсан. Энэ байдлыг сонсоод төрийн албаны шалгалтад албан ёсоор тэнцсэн төрийн албан хаагч намын харьяалал хамаагүй гэхэд хөөж гаргасан. Дараа нь аймагт байдаг 22 агентлагын ажлыг энэ мэтээр авсан. Энэ талаар сошиал мэдээ их бий. Би ажлаа хийж байтал дарамт ирсэн. Цагдаагийн газраас дуудаж мэдээллээр гэж шалгаж эхэлсэн. даргыг мөн цагдаагаар мөрдүүлсэн. Ардчилсан нам даргаар тавьсан Т.******* таны ажлыг ав гэж Засаг дарга ******* дарамтлаад байна, хэл амгүй өгөхгүй бол болохгүй, өргөдлөө өг гэсэн. Нөхцөл байдал хүнд, дарамт их байсан, бусад дарга нар ажлаа өгч байсан. Би ажлаа сайн дураар өгөхгүй гэхэд бусад удирдлага ажлаа өгсөн, бид засгийн эрх барьж буй тул хохирно шүү, бусдаа дага гэсэн. Аргагүй шахалтаар жилийн чөлөө олгоно уу суралцана гэсэн өргөдөл бичиж өгөхөд дарга Т.******* өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж миний өргөдлийг өөрийн гараар цэнхэр балаар засаж өргөдлөө өг гээд над өгсөн. Энэ үед төрийн алба намаар ялгаварлаж улс төржсөн байсан тул ажиллахад хүнд дэмжлэггүй байсан. Би аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон атал дарга тушаалаар чөлөөлсөн, дарамтаар шахаж чөлөөлсөн тул ******* аймгийн даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/07 тоот тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулан, хүчингүй болгож эрхэлж байсан Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажил албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар илт хууль бус актад тооцуулах нэхэмжлэл тул хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хохирол болон цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Тухайн акт нь Төрийн албаны тухай хууль зөрчиж гарсан бол илт хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэж шийдвэрлүүлэхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ш. нь ******* аймгийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 186 дугаар захирамжаар, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Тэгээд 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Энэхүү тушаалын үндэслэл нь Ш.ы өргөдлийг үндэслэсэн байна. Ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдөл гэж юу байдаг вэ? гэхээр ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийнхөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн өргөдөл байдаг. Гэтэл энэ хүнийг өргөдөл бичихэд нөлөөлсөн болох нь тухайн үед дарга байсан *******ын хавтаст хэрэгт авагдсан тайлбараас маш тодорхой харагдана /хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа *******ын тайлбар/-ыг уншив. Өнөөдөр хүн ажлаасаа чөлөө аваад суралцах байсан ч гэсэн ажлаа хийгээд хажуугаар нь суралцах боломжийг Төрийн албаны тухай хуулиар зөвшөөрсөн байдаг. Ш. нь өргөдлөө суралцах гэж гол үндэслэл болгон өгсөн байдаг. Гэтэл 2014-2016 оны хооронд Ш. гэдэг хүн ямар нэгэн сургуульд сурсан зүйл байдаггүй юм. Тухайн үед манай аймгийн хэмжээнд Ардчилсан нам ялсан болохоор намын харьяаллын асуудал их байсан. Одоо ч гэсэн намын харьяалал гэдэг асуудал байсаар байгаа. Ардчилсан намын эрх барьсан хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагч нарын асуудал шүүхээр явсан. Өнөөдөр Монгол Ардын нам ялсан учраас тухайн үед дарга байсан ******* гэдэг хүн бас л солигдоод, өөрчлөгдөөд явж байгаа. Ийнхүү намын харьяаллаар жирийн ажлаа хийгээд явж байгаа хүний эрхэд халдаад байгаа учраас нэхэмжлэлээ гаргасан. *******ын тайлбар дээр 3-4 удаа будилаад байхаар нь гэж бичсэн байдаг. Энэ хүн ямар учраас будилсан байх уу? ямар нэгэн нөлөөлөл орсон учраас л будилсан байгаа. Хэрвээ энэ хүн өөрийн хүсэл сонирхлоор ажлаасаа чөлөөлөгдөхөөр байсан бол намайг ажлаас чөлөөлж өгнө үү гээд л будилж, дахин дахин янзлах шаардлагагүйгээр бичээд өгчих байсан. Иймд Ш.ы эрх ашгийг маш ноцтой хөндөж тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа учраас даргын тушаалыг хууль бусад тооцож, зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ш. нь 2009 онд Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн сонгон шалгаруулалтанд орж аймгийн Засаг даргын захирамжаар туршилтын хугацаагаар түр томилогдсон. 2014 оныг хүртэл жинхэлсэн захирамж гараагүй. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнгээр Ш. нь хойгуур байрт орж нэр дэвшигдсэн ба шалгаруулалтын дүнгээр 1-рт *******, 2-рт ******* эмч гарч байсан. Ш.ыг аймгийн удирдлагуудтай уулзаж ямар яриа, тохиролцоо хийснийг миний бие мэдэхгүй. Миний хувьд Ш.тай тухайн үед найз нөхөр, олон жил хамт ажилласны хувьд дотно яриа, зөвлөгөө байсныг үгүйсгэхгүй, түүнээс чи ажлаа өг, ******* шахаад байна гэж дарамталсан, хүний нэр барьсан зүйл байхгүй, тийм төлөвшил, хандлага байхгүйг хариуцлагатайгаар хэлж байна. Засаг дарга бид хоёрын тухайд ажлын шугамаар нэг, хоёр удаа уулзаж ярилцсан. Энэ үеэр Засаг дарга надад Ш.тай уулзсан, ажлаа өгөхөөр болсон, дараагийн даргыг та сайн чадварлаг хүн сонгоод танилцуул гэсэн үүрэг өгсөн. Тэгээд Ш.тай уулзаж ярилцсан. Миний хувьд эрүүл мэндийн удирдлагын курст суралцахаар болсон. Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгье гэж өөрөө бичиж өгсөн. Тэр үедээ Ш. хэрвээ боломж байвал би мэс заслын зөвлөх эмчээ хийгээд 8 сарын 01-нээс шинэ стандарт хэрэгжихээр Нэгдсэн эмнэлэгийн стратеги, гадаад харилцаа хариуцсан орлогч хийх хүсэлтэй байна гэж ярилцаад өргөдөлдөө бичсэн байгаа. Би зөвшөөрч томилогдсон даргад нь ярьж хэлье гэсэн. /Шинэ стандарт хэрэгжих нь хойшилсон/

Бичсэн өргөдлийг нь авч үзэхэд чөлөө олгоно уу гэсэн утгатай байсан санагдаж байна. Тэгээд би асуусан: Чи өөрөө ажлаа өгье гэж өргөдөл бичсэн гэж би ойлгосон? гэхэд, тийм гэсэн. Тэгвэл чи ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэсэн. Тэгээд 2-3 удаа худлаа будилж бичээд байхаар нь миний хувьд засаж өгсөн санагдаж байна. Түүнээс миний тухайд хүн дарамтлах хэмжээний эрх мэдэл, сэтгэл зан чанар байхгүй гэдгийг салбарынхан гадарлах байх. Нэхэмжлэгч Ш. нь өөрөө өргөдлөө бичиж өгсөн хүсэлтийг үндэслэн 2012 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2 дахь заалтын дагуу Нэгдсэн эмнэлэгийн удирдлагыг тухайн Засаг даргатай зөвшилцөж, дарга чөлөөлж, томилно гэсэн заалтыг үндэслэсэн. 2012 оноос өмнө Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар чөлөөлж томилдог байсан. Ийм учраас даргын хувьд хуулийн хүрээнд ажлаа хийсэн гэж ойлгож байна. Иймээс нэхэмжлэгч Ш.ы гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.ы нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө бичиж өгсөн. Энэ өргөдлийг бичихэд тус аймгийн Засаг дарга болон даргын шахалт шаардлага байгаагүй гэж үзэж байгаа. Мөн иргэн Ш. нь 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдөр тус аймгийн Засаг даргын 186 дугаар захирамжаар тухайн албан тушаалд томилогдсон байдаг. Тухайн албан тушаалд томилогдохдоо 186 дугаар захирамжийн нэгдэх хэсэг дээр иргэн Ш.ыг 2009 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн нэг жилийн туршилтын хугацаагаар томилсугай гэсэн заалт байгаа. Энэ өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл иргэн Ш.ыг жинхлэн томилсон тушаал гараагүй. Үүнийг тайлбарлавал: Төрийн албаны тухай хуульд зааснаар нэг жилийн туршилтын хугацаа өнгөрмөгц тухайн албан тушаалтныг жинхлэн томилоогүй бол жил, жилээр сунгагдаад яваад байдаг. Тиймээс Ш. нь тухайн албан тушаал дээр туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Тухайн хүнийг жинхлэх асуудлыг 2011 оны Эрүүл мэндийн тухай шинэчилсэн хуулиар Нэгдсэн эмнэлгийн газрын даргыг, дарга тус аймгийн Засаг даргатай зөвшилцөж томилно гэж заасан. Тийм болохоор Ш. нь нэгдүгээрт өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, хоёрдугаарт томилж, чөлөөлөх эрх нь даргад олгогдсон, гуравдугаарт Ш. нь туршилтын хугацаагаар ажиллаж байсан. 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ажлаас илт хууль бусаар чөлөөлөгдсөн юм бол яагаад өмнө нь гомдлоо гаргаагүй өнөөдрийг хүрсэн юм бэ? Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах 30 хоногийн хугацаа дуусчихсан байж байгаа. Ийм учраас манай байгууллагаас гаргасан Б/07 дугаар тушаал хүчинтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш. нь ******* аймгийн нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр ажиллаж байгаад тус аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 сарын 19-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөний улмаас хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж маргаан үүсгэжээ.

Ш. нь ******* аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 сарын 19-ныөдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзсан тул шүүх түүний Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн эсэхийг тогтоолгох шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэг. ******* аймгийн даргын 2014 оны 02 сарын 19-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь даргын 2014 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг илт хууль бусад тооцуулах үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тодорхойлсон байна. Захиргаа иргэдийн эрх, эрх чөлөөнд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд халддаг. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргаж зохицуулах эрх уг захиргааны байгууллагад эрх зүйн хэм хэмжээгээр тусгайлан олгогдсон байхыг шаарддаг.

******* аймгийн дарга нь нэхэмжлэгч Ш.ыг ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоол, Ш.ы 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өргөдлийг тус тус үндэслэсэн байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Б/07 дугаар тушаал гарах үед Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэсэн зохицуулалт үйлчилж байсны дагуу аймгийн дарга нь нэгдсэн эмнэлэгийн дарга /ерөнхий эмчийг/-ыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш. тухайн үед би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй, дарамт шахалтаар жилийн чөлөө олгоно уу суралцана гэсэн өргөдөл бичиж өгөхөд дарга Т.******* өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэж миний өргөдлийг өөрийн гараар цэнхэр балаар засаж өргөдөл бичүүлсэн. Энэ үед төрийн алба намаар ялгаварлаж улс төржсөн байсан тул ажиллахад хүнд, дэмжлэггүй байсан гэж маргажээ.

Ш.ы ажлаас чөлөөлөгдөх өргөдөл /хэргийн 142-р хуудас/ хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгчийг хууль бусаар шахаж, дарамталж ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч түүнийг ажлаас чөлөөлсөн 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/07 дугаар тушаалд тухайн үед гомдол гаргаагүй, уг тушаалын эрх зүйн үйлчлэл бий болж тушаалын 2 дахь заалтаар ******* нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан байна. Түүний дараа 2016 оны 04 дүгээр сарын 27-нд О.Бат-Эрдэнэ, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс Б.Ундрах нар тухайн албан тушаалд тус тус томилогдон ажиллажээ.

Ш. нь гэрч *******, ******* нарын мэдүүлэг, тухайн үед цахим ертөнцөд гарч байсан мэдээллүүдээр албан тушаалтнуудыг намын харьяаллаар улс төрийн шалтгаанаар ажлаас халж байсан нь нотлогдож байгаа. Тиймээс намайг мөн улс төрийн шалтгаанаар ажлаас халсан нь тогтоогдож байгаа гэж үзжээ. Гэрч *******ын /хэргийн 106-р хуудас/ Нэгдсэн эмнэлэгийн дарга Ш. солигдоод ******* нэгдсэн эмнэлэгийн даргын ажлыг хүчээр авсан. ******* дарга ажлаа авсны дараа намайг ажлаа өг гэж байнга шахаж дарамталдаг байсан. Дээрээс аймгаас шахаад байна та ажлаа өг гэдэг байсан. Би тэтгэвэрийн насны хүн учир ямар нэгэн гомдол гаргахгүйгээр ажлаа өгсөн гэсэн мэдүүлэг, ******* /хэргийн 137-р хуудас/ Ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаа өг гэсэн. Дахин сонгууль болж нам солигдсонтой холбоотойгоор би хамгийн түрүүнд ажлаа өгсөн. Бүх дарга нарын ажлыг авна хэнийг ч орхихгүй ажлыг солино гэсэн нь тодорхой байсан болохоор хэл амгүй ажлаа өгсөн. Ер нь дарамт үүсгэсний үндсэн дээр ажлаа өгсөн гэсэн мэдүүлэгээс харахад тухайн үед *******, ******* нар өөрсдийгөө дарамт шахалтын үндсэн дээр ажлаа өгсөн талаар мэдүүлсэн боловч энэ нь Ш.ы ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийг бүрэн дүүрэн нотолж гэрчлээгүй байна.

Нэхэмжлэгч нь ******* аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.*******ын талаар цахим сайтуудад гарсан мэдээллийг /хэргийн 76-90 дүгээр хуудас/ хэрэгт нотлох баримт болгон гаргаж өгсөн байна. Энэ нь ******* аймгийн Засаг дарга О.******* төрийн албан хаагчдыг улс төрийн зорилгоор хомроголон халж байгаа талаар хувь этгээдийн мэдээлэл, О.*******ын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага байх бөгөөд цахим сайтад тавигдсан уг мэдээлэл нь Ш.ыг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг шууд нотлох баримт биш байна.

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үед даргаар ажиллаж байсан Т.*******ын тайлбараар өргөдлийг шахалт, хавчлаганд орж бичсэн нь тогтоогдож байгаа гэж маргажээ. Гэвч Т.*******ын тайлбараар /хэргийн 13-17 дугаар хуудас/ харин ч нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үгүйсгэсэн байгааг дурьдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс Ардчилсан намын нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөр бүхий танилцуулгыг нотлох баримтаар гаргаж өгөөд уг танилцуулга дахь 2 дугаар тойрогт нэр дэвшигч ******* нь сонгогдсоныхоо дараа нэгдсэн эмнэлэгийн даргаар томилогдсон байгаа нь улс төрийн зорилгоор албан тушаалд томилогдож байсан нь харагдаж байгаа юм гэж тайлбарлажээ.

Гэвч *******ын нэгдсэн эмнэлэгийн даргаар томилогдоод чөлөөлөгдсөн байдал нь Ш.ы ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаарх нотлох баримтыг, мөн нэхэмжлэгч Ш. нь хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ талаарх нотлох баримтыг шүүх үнэлж дүгнэх шаардлагагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг 2009 оны 7 сарын 04-ний өдөр тухайн албан тушаалд томилогдохдоо 1 жилийн туршилтийн хугацаагаар түр томилогдсон, 2014 оны 2 сарын 19 хүртэлх хугацаанд жинхлэн томилогдоогүй учир хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөөгүй хэмээн маргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дээрх байдлыг үндэслээгүй, Ш.ы анх томилогдсон тушаалд гомдол гараагүй учраас шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд ******* аймгийн даргын Б/07 дугаар тушаалыг илт хууль бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.ы ******* аймгийн даргын 2014 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хууль зөрчигдсөн болохыг тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш. цалингийн зөрүү гаргуулах, ******* аймгийн даргын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА