| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00610/И |
| Дугаар | 303/ШШ2025/00701 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 303/ШШ2025/00701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монхорын *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: "Ажиллаж байсан байдал тогтоолгох" тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
"Миний бие 1965 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 07- ны өдрийн хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын "Хөгжлийн зам" нэгдлийн 5 дугаар хэсгийн сүүн тосны заводод мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү." гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 698 дугаар лавлагаа, 1987-1990 оны цалингийн түүвэр, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч М.******* 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын "Хөгжлийн зам" нэгдлийн 5 дугаар хэсгийн сүүн тосны заводод мастераар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч М.******* 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын "Хөгжлийн зам" нэгдлийн 5 дугаар хэсгийн сүүн тосны заводод мастераар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 698 дугаар лавлагаа, 1987-1990 оны цалингийн түүвэр, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
4.Мөн хүсэлт гаргагч М.******* хөдөлмөрийн дэвтрийг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөл нээж, тус нэгдлийн тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч М.******* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тус тус хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжлийн зам нэгдлийн 5 дугаар хэсгийн сүүн тосны заводод мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Монхорийн *******ын 1987 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжлийн зам зам нэгдлийн 5 дугаар хэсгийн сүүн тосны заводод мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА