Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/821

 

 

 

 

     2025            07           08                                        2025/ДШМ/821

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,  

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2308006161530 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Д.Б  нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр *** дүүргийн *** дүгээр хороо, “Су” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаалуулагч иргэд барьцаанд тавьсан эд зүйлээ хүлээн авч, зээлийг хаасан байхад зээлийн үлдэгдэлтэй мэтээр бүртгэх, барьцаанд байхгүй эд зүйлсийг барьцаалсан мэтээр бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэх зэргээр зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 94.510.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д.Б г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б гээс 73.010.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ц  нь 2.200.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Б гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эд мөрийн баримтаар хураан авсан компакт диск 3 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт ...зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллагад буцаан олгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 08 дугаартай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан болохыг дурдаж, хэрэгт Д.Б  урьд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хүү, охин хоёрын хамт гэр хорооллын түрээсийн хашаа байшинд амьдарч олон жил явсан. Гэтэл Солонгос улс руу гэрээний ажилчин явуулах хүн бүртгэж байгаа талаар сонсож, хүүтэйгээ хоёулаа бүртгүүлсэн боловч намайг нас хэтэрсэн гээд хасагдсан. Гэвч хүү маань шалгалтанд тэнцэж, 4 жил 6 сараар ажлын гэрээгээр 2019 оны 4 дүгээр сард Солонгос улс руу явсан. Түүнээс хойш хүү маань авсан цалин мөнгөө хурааж байгаад 2020 оны 07 дугаар сад *** дүүргийн *** дугаар хороо, *** байрлалтай *** хотхон д 50.4 м.кв 2 өрөө байр захиалсан билээ. Уг байраа захиалахад хүү маань өөрөө байхгүй болохоор миний нэрээр захиалга өгсөн боловч урьдчилгаа төлбөр болон уг компанитай хийсэн хүүгүйгээр сар бүр төлөх төлбөрийг хүү Г.Г  төлдөг байсан. Энэ бүхэн баримтаар нотлогдоно. Одоо хүү маань Солонгос улсад визний зөрчилтэй, хараар амьдарч байгаа. Хоригдсоноос хойш өсвөр насны ганц охиноо айлд орхиод орж ирсэн. ... Миний бие аудитын дүгнэлтэд үнэхээр сэтгэл дундуур байгаа билээ. ... Жишээ нь би 3.600.000 төгрөгийн зээл авсан байлаа гэж бодоход сарын 6 хувь, алданги нь хоног тутамд 0,2 хувиар боддог. Зээлийг 4 удаа сунгахад падаан дуусаад хаадаг. Энэ падаан дуусахад би нийт  хүү нь 1.080.000 төгрөгийн хүү төлж байгаа юм. Тэгээд шинэ падаан гаргаад үндсэн 3.000.000 төгрөгөө бичээд дахиад үргэлжлүүлэн үндсэн мөнгөө төлж дуустал хүү төлөөд явна. Цаашаа бас хүү төлөх өдрөө төлж чадаагүй бол алданги бодогддог. Энэ маягаар би 2 жил гаран 3 сая төгрөгийн зээлийг төлбөр байсан. Би 26 сар зээлийг төлсөн байя гэж бодоход 6.088.000 төгрөгийг төлсөн байна. Энэ бол зөвхөн хүү, үндсэн зээл нь төлөгдөөгүй байгаа. Миний 31 баримт дотор байгаа. Тэр үед ковид гарсан тул би хүү төлж чадахгүй олон сар өнгөрсөн тул хүүгээ дахин зээл болгож бичсээр өөрөө дахин дахин өрөнд оруулаад их мөнгийг бэлнээр аваад байгаа мэт харагдуулаад байна. Өөрийнхөө хийсэн буруу зүйлээ нуун дарагдуулах маягаар ийм их хэмжээний өрөнд орсон билээ. ... Ингэж өөрөө өөртөө хий бичилт хийж өрөнд орсоор өнөөдрийн энэ өр бий болсон юм. Үүнийг би Ц  гуайд ч хэлсэн боловч тоогоогүй, гэхдээ тэр хүнийг хамгийн сайн ойлгож байгаа. Хавтаст хэрэгт байгаа 31 баримтууд бүгд анхан шатны баримтууд биш, Ц  гуай надаар сүүлд гарын үсэг зуруулсан баримтууд юм. Би анхан шатны шүүх хуралд орохдоо хуулийн мэдлэг дутуугаасаа болоод аудитын дүгнэлт болоод 1 шатлалтай, 2 шатлалтай оролцох эсэхээ мэдэхгүй орсон. Энэ тухай шүүх хурлын дараа эсрэг талын өмгөөлөгчөөс тайлбарлуулж мэдсэн. Хэрэв энэ тухай эрт мэдсэн бол миний 2 өмгөөлөгч хэлж өгсөн бол байдал арай өөр байх байсан. ... Би учрыг нь олохгүй шүүх хурал дээр 2 талын мэтгэлцээн болж, миний өрнөөс хасагдах юм байна гэж ойлгож байсан боловч миний бодсон шиг болоогүй, аудитын дүгнэлтийг ярих нь бүү хэл дээр нь 11.720.000 төгрөгийн өр нэмэгдсэнийг ойлгоогүй. ... Эсрэг талын өмгөөлөгч манай 2 өмгөөлөгчийг 2 шатлалтай хурал явуулах юм уу гээд байхад үгүй гэсээр шүүх хурал дууссанд маш харамсаж байна. Надад хугацаа өгсөн бол ах дүү нараасаа ямар нэгэн аргаад гуйгаад ч болов ядаж талыг нь төлж болох байсан. Миний өмгөөлөгч нар хүний амьдралыг, хоёр хүүхдийн минь хувь заяаг шийдэх гэж байж ийм хайнга хандсанд үнэхээр харамсаж байна. Та бүхэн миний энэ холион бантан болсон юмны учрыг ойлгохыг маш их хүсэж байна. Хохирогчид ажил удаж байгаад уучлалт гуйж байна. Би өөрийн ах дүү нараас нууж байсан одоо үнэнээ хэлсэн тул тэд нар маань надад туслахаа хэлж, илэрхийлсэн байгаа. Мөн би өөрт байгаа боломж бололцоогоо ашиглан хохирлоо төлж барагдуулна. Хэрэв бүх зүйлээ шавхаад бага хэмжээний өр төлбөр үлдвэл би ажлаа хийж байгаад төлж барагдуулна. Та бүхэн энэ бүх зүйлийг маань ойлгохгүй бол ядаж хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Б гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие давж заалдах шатнаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас өмгөөллийн үгээ хэргийн материалд хавсаргаж өгөх хүсэлтэй байна. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлуулах хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон зүйлгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч, шүүгдэгч хоригдсоны дараа хэргийн талаар байгууллага болон шүүгдэгчийн хамаатнууд мэдэж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийг төлсөн учраас эрүүгийн хариуцлагыг сонгох санкцтайгаар оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг учраас гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх, санхүүгийн гэмт хэрэг учраас шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэхийг, шинжээч томилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн эсэхийг хянаж өгнө үү. “Н.А” ХХК нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 136 дугаар талд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13/1137 дугаартай албан бичиг авагдсан. Тус албан бичигт 13 ширхэг баримтын талаар дурдаж, санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй гэж буцаасан атлаа 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 168 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Тус шинжээчийн дүгнэлтийг гаргахад шинжээчид хууль тайлбарлаагүй, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, баримт үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргасан санхүүгийн баримтын дээд хэсэгт байгаа 5000, 5385, 5500 дугаар байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 203-210 дугаар талд энэ баримтуудын зургийг дарж хавсаргасан. 5000 эхэлсэн, 4800-тай баримтууд эд мөрийн баримтаар авагдаагүй. Санхүүгийн шинжилгээ хийгдсэн баримт, эд мөрийн баримтын 1 хувь хэрэгт байх ёстой. Эдгээр баримтууд хэрэгт ямар ач холбогдолтой болоод авсан бэ, хэрэгт ач холбогдолтой байсан бол 1 хувь нь үдэгдсэн байх ёстой. Гэтэл энэ баримтууд авагдаагүй. “Н.А” ХХК-ийн дүгнэлт дээр дахин шинжээч томилсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8-10 дугаар асуултын хариуг харахад бие дааж шинжилгээ хийсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, “Н.А” ХХК-ийн дүгнэлтүүдийг дурдаж, 2 өөр байр суурь илэрхийлсэн. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэн эхлээд санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй гэж үзэн шинжилгээ хийхээс татгалзаж, дараа нь 31 баримтад ямар үндэслэлээр шинжилгээ хийсэн нь тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг батлагдахаас өмнө барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа МS35274-2003 “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-аар зохицуулагддаг байсан. Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журамд анхан шатны бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, хугацаа сунгах, цуцлахдаа нарийвчилсан бүртгэх хийх талаар зохицуулсан. Мөн цахим бүртгэл хийж, цахим бүртгэлд татварын хяналт, шалгалт хийдэг. Шинжээч дүгнэлт гаргахдаа барьцаалдан зээлүүлэх үйл ажиллагаа явуулахдаа цахим санд хэрхэн бүртгэгдсэн байсныг нягталж үзээгүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд өмнөх өмгөөлөгчид дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй боловч эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Мөн эдийн засгийн шинжилгээний объектод анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргасан. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү, мөн нотлох баримтад дүгнэлт хийж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, хохирол төлбөр, гэм буруугийн асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан торгох ял оногдуулахтай холбоотой асуудалд тусгайлсан санал гаргаагүй. Шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тиймээс давж заалдах гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч “би асуудлыг ойлгоогүй, гэм буруу дээрээ маргаж оролцох байсан. Өмгөөлөгч нар тайлбарлаж өгөөгүйгээс хохирлыг дүнг хүлээн зөвшөөрсөн” гэх агуулгаар гомдол гаргасан байна. Миний бие 2025 оны 02 дугаар сараас эхлүүлэн тус хэрэгт хяналт тавьж эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлүүлэн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа авч оролцсон болох нь харагдана. Тиймээс хууль зүйн үр дагаврыг ойлгож, оролцсон гэж үзэж, анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч мөнгөн дүн дээр маргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч “шинжээчийн дүгнэлт шаардлага хангаагүй” гэж тайлбарлаж байна. Тус хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн дүгнэлт гаргаж, мөн аудитын дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 94.510.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хэрэгт санхүүгийн баримтууд авагдаж, шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий гараагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж байна. Эрүүгийн хариуцлага, ял шийтгэл хүлээлгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Анхан шатны шүүх 94.000.000 төгрөгөөс төлөгдсөн 20.500.000 төгрөгийг хасаж, 73.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд анхан шатны шүүх хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Б  нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр *** дүүргийн *** дүгээр хороо, “Су” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаалуулагч иргэд барьцаанд тавьсан эд зүйлээ хүлээн авч, зээлийг хаасан байхад зээлийн үлдэгдэлтэй мэтээр бүртгэх, барьцаанд байхгүй эд зүйлсийг барьцаалсан мэтээр бүртгэж, хуурамчаар шинэ зээлдэгч үүсгэх зэргээр зээл гаргаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас нийт 94.510.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

“Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний ажилтны дагаж мөрдөх дотоод журам /1хх 29-39/,

“Ба ” барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /1хх 179-194/,

хохирогч И.Ц гийн “...2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагадаа тооллого хийсэн чинь 32 ширхэг зээл гаргасан баримтын барьцаа байхгүй байхаар нь шалгатал хуурамчаар баримт дээр зээл гарсан мэтээр бичилт хийж нийт 29 хүнээс мөнгө авч манай компанид нийт 120,137,230 төгрөгийн хохирол учруулсан байсан. Энэ талаар Д.Б тэй ярилцахад би байгууллагад 80,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, хохирлыг барагдуулна, хүүг сар сард нь төлнө гэж өөрийнхөө гараар бичиг хийж өгсөн. Мөн би баримтаар тулгаж үзэхэд 29 хүнээс нийт 96,940,000 төгрөгийн зээл гаргасан байх ба зээлийн хүү 23,197,230 төгрөгийн хохирол учруулсан байсан. ... Зээл гаргахдаа болон авахдаа бэлнээр эсхүл тухайн зээл гаргаж байгаа ажилтны хувийн дансаар шилжүүлэг хийдэг. Манай байгууллага Хаан банкны 595....875 тоот дансыг ашигладаг, уг дансыг өдөр тутамд зээл гаргахдаа ашигладаггүй юм. Тухайн ажилтнаас өдөр тутам тайлан авдаг, тухайн тайландаа бичилт хийсэн талаар нь би шалгаж тулгадаг. Д.Б гийн хувьд нийт 32 ширхэг баримтыг хуурамчаар бичиж зээл хаагдсан байхад сунгалт хийж баримт бүртгүүлсэн.” /1хх 43/,

дахин “Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Д.Б  нь 32 ширхэг баримт хуурамчаар үйлдэж манай байгууллагад 96,940,000 төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн бөгөөд үүнээс 1 баримтынх нь эзэн гарч ирээд зээлээ хаасан. 5 ширхэг баримтыг цагдаагийн байгууллагад өгөлгүй үлдээсэн бөгөөд энэ 5 ширхэг баримтын мөнгийг Д.Б  өөрөө олж өгнө гэсэн учир цагдаагийн байгууллагад өгөөгүй. Тэгсэн Д.Б  ажлаасаа гараад дээрх 5 баримтад дурдсан хүмүүсээ ч олж өгөөгүй өдийг хүрэхээр нь өмнө өгсөн 31 ширхэг баримт дээрээ нэмээд 36 ширхэг болгоод аудитын байгууллагад өгсөн. Ингэж хохирлоо тооцуулсан. Д.Б  манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа 31 ширхэг баримт хуурамчаар үйлдэж, 96,710,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Д.Б  нь Ч , Д , Э , Э , О  гэх 5 хүнд 8,000,000 төгрөгийн зээлийг барьцаагүй гаргасан бөгөөд тэр хүмүүс нь зээлээ төлөхгүй ямар нэг байдлаар холбоо барихгүй алга болсон. Манай байгууллагын дотоод журмаар барьцаагүй зээл олгосон тохиолдолд өөрөө хариуцдаг журамтай учраас нийлээд 104,710,000 төгрөгийн бодит хохирлыг учруулсан. Харин хүү, алдангаа нэмэхээр 128,513,120 төгрөг болж байна...” /1хх 45-47, 2хх 71, 73/,

 гэрч Ө.У-н “...Би 2021 оноос хойш ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Тэрнээс хойш ямар нэгэн эд зүйлс тавиагүй. Танихгүй хүнд хэзээ ч барьцаагүй мөнгө өгөхгүй. Миний хувьд дээрх ломбардаас барьцаагүйгээр 1,000,000 төгрөг авсан зүйл байхгүй миний нэрийг ашиглаж мөнгө авсан юм шиг байна.” /1хх 49/,

 гэрч Д.А-н “...Би 2022 онд ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сард байх 2,000,000 төгрөг зээлээд эд зүйлээ ломбардад тавиад хугацаандаа мөнгөө төлөөд эргүүлээд авч байсан. Тэрнээс хойш ямар нэгэн эд зүйлс тавиагүй. Дээрх эд зүйлсийг ломбардад тавиад 2,000,000 төгрөгийн зээл аваад эргүүлээд зээлээ төлөөд эд зүйлсээ авсан. Одоо бөгжөө зүүгээд явж байна. Харин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр алтан бөгж тавьж 800,000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй ломбардын бичгийг үзлээ. 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эд зүйлс тавьж 2,000,000 төгрөгийн зээл авсан баримт дээр байгаа гарын үсэг минийх мөн байна. Харин 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр алтан бөгж тавьж 800,000 төгрөг зээлсэн гэх баримт дээр байгаа гарын үсэг минийх биш. Би мөнгөө яаж өгснөө санахгүй байна ямар ч байсан зээлсэн мөнгөө хүүтэй нь өгөөд эд зүйлсээ авсан. Хэрэв өгөөгүй бол яалаа гэж миний эд зүйлсийг эргүүлж өгөх билээ.” /1хх 51/,

 гэрч М.Д-н “...Би 2022 онд ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр монетан ээмгээ 330.000 төгрөгт тавьсан байгаа. Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,8 граммтай алтан бөгж тавьж 500.000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. Таны үзүүлсэн баримтад туссан гарын үсэг миний гарын үсэг биш байна шал өөр бичиг байна. Надад алтан бөгж байдаг одоо зүүгээд явж байна. Энэ бөгжөө өмнө нь тус ломбардад тавиад авч байсан удаа бий.” /1хх 53/,

гэрч П.М-н “... Би 2021, 2022 онуудад ганц нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Би 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ямар нэг барьцаагүйгээр “Ба ” ломбардаас 3,000,000 төгрөгийн зээл авсан асуудал байхгүй. Д.Б  манай хадам ээжийн төрсөн дүү байгаа юм. Яагаад миний нэр дээр зээл авсан талаар мэдэх зүйл алга. Би өмнө нь юм тавьж байсан болохоор тэр мэдээллийг ашигласан байна.” /1хх 55/,

гэрч С.Э-н “...Би 2022 онд нэг удаа мөнгөний хэрэг гараад эд зүйлсээ тавьж байсан. Би 2022 оны 7 дугаар сар санагдаж байна өөрийнхөө хашаа байшингийн гэрчилгээг тус ломбардад тавьж 2,900,000 төгрөгийг зээлж аваад 2023 оны 01 дүгээр сарын 03, 05-ны өдрийн хооронд бэлэн мөнгө аваачиж өгөөд барьцаанд тавьсан гэрчилгээгээ авч байсан. Таны үзүүлсэн баримтад туссан гарын үсэг миний гарын үсэг мөн байна харин бичигдсэн он, сар биш байна. Энэ зээлийг ёстой мэдэхгүй байна...” /1хх 57/,

гэрч Н.Э-н “...Би 2020 оноос хойш өнөөг хүртэлх тус ломбардаар үйлчлүүлж байгаа. Хамгийн сүүлд 400,000 төгрөгийг хүүгийнхээ нэр дээр аваад одоо хааж чадаагүй сунгуулаад явж байгаа. Би 2020 оноос хойш нэлээн олон удаа энэ ломбардаар үйлчлүүлж байгаа гэхдээ ийм өндөр хэмжээний зээл авч байгаагүй. 18 дугаартай ломбардын бичигт туссан миний мэдээллээс миний регистрийн дугаар буруу байна мөн миний гарын үсэг байхгүй байна. Тэгэхдээ энэ баримт миний мэдээллийг хагас дутуу ашигласан хуурамч баримт байна. Би 2023 оны эхээр хүүхэд өвдөөд Д.Б гээс гуйж байгаад барьцаагүй 400.000 төгрөгийн зээл авсан. Одоо энэ зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа өөр зээл байхгүй. Би Д.Б тэй 2018 онд танилцаад тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон.” /1хх 59/,

гэрч Б.М-н “...Би 2021 оноос хойш өнөөг хүртэл тус ломбардаар үйлчлүүлж байгаа. Хамгийн сүүлд 2023 оны 3 дугаар сард байх эд зүйлс тавиад авсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр монетон эд зүйлс барьцаанд тавьж 500,000 төгрөгийг дээрх ломбардаас зээлж аваад 4 хоногийн дараа мөнгөө өгөөд барьцаанд тавьсан эд зүйлсээ буцаагаад авсан. 29 дугаартай ломбардын бичигт туссан миний гарын үсэг болон мэдээлэл үнэн зөв байна. Би одоо дээрх байгууллагатай ямар нэг тооцоо байхгүй. Д.Б  гэх хүнийг танихгүй.” /1хх 61/,

 гэрч Ц.Э-н “...Энэ байранд 2022 оны 09 сард орсон юм. Манай төрсөн охин Т.З-н нэр дээр байдаг Ү2-Г дугаартай гэрчилгээ гарсан байгаа, уг байр, хоёр өрөө 59.89 мкв байр юм. Анх Э эсхүл Э болов уу ийм нэртэй хүн захиалга өгч байсан гэж хэлсэн. Одоо охиных нь нэр дээр байгаа.” /1хх 65/,

 гэрч Л.Ч ын “...надад мөнгөний хэрэг гараад ломбардад тухайн үедээ эхнэрийнхээ ашигладаг байсан зөөврийн компьютерыг 500.000 төгрөгөөр тавиад буцаад авч чадахгүй 2-3 сар хүүг нь сунгуулаад явсан. Би одоо яг хэзээ тавиад хэд хэдэн сард хүү төлж сунгасан талаараа санахгүй байна. Ингэж байгаад манай байгууллагын цалин буугаад захирал Энхтөрөөс 500,000 төгрөг авч ломбардад төлсөн. Ингэхээ тухайн 500.000 төгрөгийг Д.Б гийн дансанд хийж байсан. Харин ингээд төлсний дараа Д.Б  надад чи урьд өмнө надаас мөнгө зээлж байсан учраас би тэр мөнгөндөө энэ 500.000 төгрөг суутгаж авлаа шүү гэсэн. Тэгэхэд би хэрэггүй ээ одоо ломбардаас зөөврийн компьютерыг авмаар байна. Тэгэхгүй бол хэд хоноод хүү төлөөд байх хэцүү байна гэсэн. Тэгээд одоог хүртэл зөөврийн компьютерыг авч чадаагүй...” /1хх 69-70/,

гэрч Ц.О ын “...Би 5097 дугаартай баримтыг харлаа дээрх мэдээлэл худлаа байна. Би өрөөсөн ээмэг тавьж байгаагүй. Би ломбардад эд зүйл тавихдаа дандаа хосоор нь тавьдаг байсан. Мөн миний гарын үсэг биш байна миний гарын үсгийг дуурайж зурсан байна. ...Надад тухайн ломбардтай холбоотой ямар нэгэн тооцоо байхгүй. Тухайн ломбардад миний насны буюу 40-50 орчим насны эмэгтэй хүн суудаг байсан. Нэрийг нь одоо санахаар Б гэж байсан санагдаж байна.” /3хх 142/,

гэрч Б.Э ын “...Би одоогоос 5-6 жилийн өмнө буюу 2020 оны хавар Баянхошууны тойргийн Су төвийн 2 давхарт байрлах ломбардад өөрийнхөө эзэмшлийн зөөврийн компьютероо 300.000 орчим төгрөгт барьцаанд тавиад 1 сарын дотор мөнгөө төлөөд буцааж авч байсан. Би өөрөөр бол тухайн Баянхошууны тойргийн Су төвийн 2 давхарт байрлах ломбардад эд зүйл барьцаанд тавьж байгаагүй. Би 5406 дугаартай баримтыг харлаа уг 5406 дугаартай баримт хуурамч баримт байна. Тухайн Баянхошууны тойргийн Су төвийн 2 давхарт байрлах ломбардад огт бөгж барьцаанд тавьж байгаагүй. Миний гарын үсэг биш байна.” /3хх 144/,

 гэрч Л.Ч ын “...2022 оны 01 дүгээр сарын үед надад мөнгөний хэрэг гараад Д.Б гээс 500.000 төгрөгийн зээл авч байсан ба зээл авахдаа би өөрийн “А” маркийн зөөврийн компьютероо барьцаанд тавьж байсан юм. Би хүүг нь 2-3 сар төлөөд байж байтал Д.Б  надад хандаж зээлийн чинь хугацаа болчихсон зээлээ төл гэхээр нь би тухайн үед Д.Б гийн ах Энхтөр дээр ажил хийж байсан тул би цалингаасаа шууд Энхтөрөөс Д.Б  рүү 500.000 төгрөг шилжүүлэн өгч байсан юм. Тэгээд дараа нь би Д.Б гээс зөөврийн компьютероо авах гээд ломбард дээр нь очиход би хүүгийндээ аваачаад тавьчихсан гээд надад өгөөгүй ба би хэд хэдэн удаа Д.Б гээс зөөврийн компьютероо авъя гэхэд Д.Б  надад хандаж чи надаас өмнө нь мөнгө зээлж байсан биз дээ гээд өгөхгүй байхаар нь би хаячихсан байсан юм. Би тухайн “А” маркийн зөөврийн компьютероо 2020 онд 650.000 төгрөгөөр худалдан авч байсан юм.” /3хх 148/,

Д.Б гийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 4 дүгээр сард “Т.Т ” ХХК-ны “Ба ” нэртэй ломбардад ажилд орсон. Ингээд ажиллаж байх хугацаанд 2020 оны намар санагдаж байна Ц  эгчээс 3,000,000 төгрөг зээлж байсан үүний дараа 2021 оны 07 сард манай эгчийн хүүхэд осолд орж мөнгөний хэрэг гарсан тул тэрний эмчилгээний зардал гэж энэ ломбардад эд зүйлсээ тавьсан хүмүүсийн нэрсийг ашиглан хуурамч баримт бүрдүүлэн мөнгө авч эхэлсэн. Энэ үйлдэл 2022 оны 10 сар хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд хуурамч баримт бүрдүүлж зээл авсан баримтуудын зарим дээр нь хүүг нь төлөөд явж байсан сүүлдээ хүүг нь төлж чадахаа байгаад аргагүйн эрхэнд Ц  эгчид энэ болсон үйлдлээ хэлсэн. Би тухайн ломбардаас 50 орчим сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн авсан бөгөөд үлдсэн 40 гаруй сая төгрөгийг дээрх мөнгөний хүүг төлөх гэж мөн авсан байдаг. Би 2023 оны 9 дүгээр сард өөрийн учруулсан хохирлоос 3,6 сая төгрөг төлсөн энэ баримтууд нь дансны хуулгаар нотлогдоно. Өөрөөр мөнгө төгрөг төлөөгүй байгаа. Ер нь цаашид жижиг баримтуудаас нь хаагаад явна гэж бодож байгаа. Би 2020 оны 7 дугаар сард *** *** дүгээр хороонд байдаг *** хотхоны *** дугаар байрны *** дугаар орц *** тоотын 50,04м2 байрыг захиалгын гэрээгээр худалдан авсан бөгөөд 2022 оны 10 сард нүүж орсон. Харин 2023 оны 01 сард би уг байрнаас гараад тухайн байрыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Ц  эгчид шилжүүлсэн. Ц  эгч надад хэлэхдээ сарын 750.000 төгрөгөөр түрээсэлсэн гэсэн. Түүний хэлсэн үнэн бол 02 дугаар сарын 01-ээс хойш 8 сарын мөнгө болох 6 сая төгрөг төлөгдсөн гэж үзэж болно. Би тухайн ломбардад ажиллаж байхдаа өөртөө 50 орчим сая төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн авсан харин үлдсэн 40 гаруй сая төгрөгийг энэ авсан мөнгөний хүүг төлөх гээд дахин хуурамч баримт бүрдүүлж авсан мөнгө. Энэ аудитын дүгнэлтээс Ц.О , Л.Ч , Ц.Д , Т.Э , Э  нарын авсан 8 сая төгрөгийг хасаад би “Т.Т ” ХХК-д 96.710.000 төгрөгийн хохирлыг учруулсан байна. Харин энэ 5 хүний авсан зээлийг би аваагүй. Харин би зээл өгөхдөө барьцаагүй өгчихсөн юм. Гэхдээ энэ хүмүүс нь одоо зээлээ өөрсдөө төлөхөө илэрхийлсэн...” /1хх 150-151/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1669 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Ба ” барьцаат зээлийн үйлчилгээ №...” гэсэн нийт 31 ширхэг баримтууд дээрх гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Б гийн гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна.” /1хх 73-121/ гэсэн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 168 дугаар “Шинжилгээнд хэргийн 2 хавтас (471 хуудас), 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны “Т.Т ” ХХК-ийн "Ба " барьцаалдуулан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын санхүүгийн 30 хавтас (1,056 хуудас) өөрийн хэвлэмэл 10 хавтас (4.861 хуудас) маягтыг ирүүлсэн байна. Тухайн 10 хавтас (4,861 хуудас) маягтыг Д.Б  нь хөтлөхдөө зээлдэгчийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, зээлдэгчийн утас, олгосон зээл хүү, нийт тушаах мөнгөн дүн, барьцаа олгосон хуний гарын үсэг, сунгалтын оноо сунгалтын хүү, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг зараг үндсэн мэдээллийг бүртгэж өдөр тутмын үйл ажиллагааны орлого, зарлагыг гар бичвэрээр хөтөлж байсан нь санхүүгийн анхан шатны шаардлагыг хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарт нийт 96,109,300.00 төгрөгийн хохирол, үүнээс 93,310,000.00 төгрөгийн бодит хохирол 2.799.300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү байна. Тухайн зээлийн хүүг “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний маягт”-д тусгасан тооцооллыг үндэслэн тооцсон болно. Мөн маягтад хугацаандаа төлөөгүй алдангийг тооцох зүйл заалт, тооцох хувь хэмжээг тусгаагүй учир алдангийн хэмжээ хэд болох талаар тооцох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Н.А” ХХК нь “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын тооцооллыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 14-ний хугацаанд хийж, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Тухайн хугацаанд “Ба ” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбар нь нийт 96,109,300.00 төгрөгийн хохирол, Үүнээс 93,310,000.00 төгрөгийн бодит хохирол, 2,799,300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү байна. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоодоггүй. “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарт нийт 96.109.300.00 төгрөгийн хохирол, үүнээс 93,310,000.00 төгрөгийн бодит хохирол, 2.799.300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын 10 хавтас (4.861 хуудас) гэрээний маягт нь “Ба ” барьцаат зээлийн үйлчилгээний санхүүгийн гар бичвэрийн журналтай таарч байна. “Т.Т ” ХХК-ийн “Ба ” барьцаалан зээлдүүлэх газрын тусгай зөвшөөрлийг шинжилгээнд ирүүлээгүй байна. “Н.А” ХХК-ийн захирал З.Ц  аудитын менежер Ж.Батнасан нар нь “Т.Т” ХХК-ийн “Ба ” барьцаалдуулан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахдаа нийт 128,516,120.00 төгрөгийн хохирол үүнээс 104,710,000.00 төгрөгийн бодит хохирол, 2,924,300.00 төгрөгийн зээлийн төлөгдөөгүй хүү 20.446.820.00 төгрөгийн хугацаандаа төлөөгүй алданги байна гэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Т.Т ” ХХК-ийн "Ба " барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын 5589, 5622 дугаартай нийт 3,502,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний маягт нь зээлдэгчийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, зээлдэгчийн утас, олгосон зээл, хүү, нийт тушаах мөнгөн дүн, барьцаа олгосон хүний гарын үсэг, сунгалтын огноо, сунгалтын хүү, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг бүрэн зурагдсан байх тул тухайн хүний гарын үсэг мөн биш эсэх 5508, 5334, 5218, 5335, 5059 дугаартай нийт 11,742,000.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний маягт нь журнал дээр тэмдэглэгдсэн боловч гэрээний маягт шинжилгээнд ирүүлээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Дэлгэрэнгүй тооцоог хүснэгт 2-оор харуулав” гэсэн дүгнэлт /3хх 128-132/,

Хүснэгт-2: “Т.Т” ХХК-ийн “Ба ” барьцаалдуулан зээлдүүлэх үйлчилгээний 3-р салбарын зээлийн гэрээний маягттай холбоотой тооцоолол /3хх 132-135/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Б гийн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б г “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Д.Б гээс “... надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол, саналгүй, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй талаар гаргасан тайлбар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б д 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Б гийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Д.Б гийн цагдан хоригдсон 76 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /76*15=1140/ тооцож, түүний 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгийн торгох ялын 1,140,000 төгрөгийг биелүүлсэнд тооцож, торгох ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1250 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б гийн гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1140 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 14,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б гийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй /15х1000/ тэнцэх хэмжээний буюу 1,140,000 төгрөгөөр тооцон нийт эдлэх ялаас хасаж, биелүүлэх торгох ялыг 12,860,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б г нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч Д.Б  нь 73,010,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ц д төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ