Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2017/02304

 

 

 

 

 

 

2017 11 06

2304

 

 

Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02390 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00356 тоот захирамжаар Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас 43 658 337 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Д.Оюунгэрэлийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Төмөр замын 57 байрны 60 тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 82 850 000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь болох 57 995 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Энэ 2 өрөө байр нь 1981 онд ашиглалтад орсон ч хотын A зэрэглэлийн бүсэд байрладаг, худалдаа үйлчилгээний болон төмөр замын зорчих үйлчилгээний төвтэй ойролцоо байдаг учир одоогийн зах зээлийн үнэ нь 130 000 000 төгрөгөөр үнэлэгддэг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханшаас хэт доогуур 82 850 000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь болох 57 995 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00356 дугаар захирамжаар Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас 43 658 337 төгрөгийг гаргуулж 2017 оны 01 дүгээр сарын 30-ны дотор Голомт банкинд төлж барагдуулах, дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 57 дугаар байрны 60 тоотод байрлах, Ү-2205021450 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 148/1, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 148/2, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 148/3 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 2 өрөө орон сууцыг 100 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Төлбөр төлөгч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа, төлбөр авагч Голомт банкинд үнэлгээчний үнэлсэн үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3/13656 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Уг мэдэгдлээр төлбөр төлөгч Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнэ 82 850 000 төгрөгийн 70 хувь 57 995 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн. Уг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргах ёстой байдаг ч уг хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, мөн хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 470 685.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 187 652 төрөг, нийт 43 658 337.01 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Ү-2205021450 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот хаягт орших, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авах тогтоол үйлдсэн. Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийг худалдан борлуулах үнийн дүнд тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээчин томилж, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний дүгнэлт гарсан. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх хөрөнгийн үнэлгээг танилцуулан, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг 57 995 000 төгрөгөөр тогтоох болохыг мэдэгдсэн.

Гэтэл Д.Оюунгэрэл нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьд нь өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж буцсан нэхэмжлэлээ дахин гаргаж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Энэхүү гомдолд иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Д.Оюунгэрэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээний Баян Модот ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2017-06 тоот үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн маргаан бүхий орон сууцыг 82 850 000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь болох 57 995 000 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг авсан даруйд шүүхэд хандсан боловч шүүх онцгой ажиллагааны журмаар гаргасан гэж үзэж уг гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Бид шүүхэд анх хандахдаа хариуцагчаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг татаагүй алдаа гаргаснаа сүүлд мэдсэн. Ер нь хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шүүх бидний нэхэмжлэлийг хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдож байна. Иймд бидний гомдлыг хүлээн авч дээрх шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааны талаарх дүгнэлт буруу байна.

 

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7718 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Уг захирамжийг нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч дахин 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нөхцөлд захирамждаа нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө гэсэн байна. Нэхэмжлэлийг буцаах нь цаашид нэхэмжлэлээ гаргах эрхэд нөлөөлөхгүй. Нэхэмжлэгч ийнхүү алдаагаа залруулж дахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Харин нэхэмжлэгчийн үнэлгээний талаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 356 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Оюунгэрэл, Ц.Халиунаа нараас 43 658 337 төгрөг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шийдвэр болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 03 дугаар сарын 17ы өдрийн 3788 дугаартай захирамж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 452 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Д.Оюунгэрэлийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Төмөр зам, 57 дугаар байр, 60 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 148/1 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 148/2 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 82 850 000 төгрөгөөр тогтоосон байна. Тэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 57 995 000 төгрөгөөр тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Баян модот ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, үнэлгээ хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ