| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0333/э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын Б-т холбогдох 000000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1985 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, ХД-00-00 тоодод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т Б-ын Б
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн тоотод оршин суух иргэн Т.Н-ын гэрээс монетон бөгж, хурган дээл зэрэг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 988.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Т.Н-ын: “...Тухайн үед би эгчийнхээ гэр болох Дарь-Эх рүү яваад амарч байгаад 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирээд байж байхад миний 4.2 гр сорьцтой монетон бөгж 1 ширхэг олдохгүй байхаар нь эгч Б-ээс асуухад дүү Б-тай үерхэж найзалдаг байсан манай нэг нутгийн залуу Б-ын Б аваад явсан юм шиг байна лээ гэж хэлсэн. ... Эд зүйлээ шалгаж үзэхэд ногоон торгон гадартай хурган дотортой шинэ дээл алдагдсан байсныг мэдээд тэр даруйдаа Б.Б-тэй түүний 80000000 гэсэн дугаарын утсаар ярьж холбогдоход эхлээд миний бөгж дээлийг аваагүй, хүн гүтгээд байна гэж хэлж байгаад орой нь надаас уучлалт гуйгаад би авсан бөгж нь барьцаалан зээлдүүлэх газарт байгаа, харин дээлийг нь зах дээр 500000 төгрөгөөр явуулын хүнд худалдсан гэрийн түлхүүрийг чинь Т.Буянжаргалаас аваад орсон гэж хэлсэн, тэгээд 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.Б-тэй уулзаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Шинэ гэмтлийн автобусны буудал Б1 давхарт байх барьцаалан зээлдүүлэх газарт очиж Бямбажавын Б нэрээр тавьсан байсан өөрийнхөө монетон бөгжийг өөрөөсөө 266800 төгрөгийг гаргаж төлөөд авсан., надад гомдол санал байхгүй, би хохирлын 1000000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-ийн: “ ... Тэгээд гэр нь эзэнгүй байсан учир нөхөр бид хоёр эргэж очиж үзэхээр 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр санагдаж байна дүү Н-ын гэрт очоод илүү түлхүүрээр хаалгыг нь онгойлгох гэхээд онгойхгүй байхаар нь гайхаад онгойлгохоор оролдоод цоож онгойлгодог хүмүүсийг дуудсан. ... Манай нөхөр тухайн үед намайг дагуулаад гадагшаа гарч автомашиндаа суусан, тэгж байтал мөн дахин гар утас нь дуугарч хүнтэй яриад тасалсан. Нөхөр гэрт нь ороод үзье гээд дахин дүү Н-ын гэрийн хаалыг түлхүүрээр онгойлгоход зүгээр онгойж байхаар нь би гайхаад дотор ороход муухай үнэр үнэртээд хүн байж байгаад гарсан юм шиг болохоор нь энд хүн байсан байна, чамруу түрүүн хэн ярьсан бэ Б.Б үү гэхэд тиймээ Б.Б над руу яриад гэрт байсан гэж хэлсэн, тэгээд намайг эхнэрээ аваад холдож бай гараад явья гэсэн талаар нөхөр надад хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч Т.Б-ын: “ ... би 2018 оны 1 дүгээр сарын дунуур Ховд аймаг явахаар болж гэрт байсан илүү түлхүүрийг Б-т үлдээгээд хаяа усанд орж байгаарай, гэр орон шалгаад байж байгаарай гэж хэлээд явсан. 2018 оны 1 дүгээр сарын 25-ны орчим Б над руу залгаад би танайд усанд орж байя гэж хэлсэн... 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр манай дүү Ц гэрийнхээ эд зүйлийг шалгахад гэрт байсан Н ахын монетон бөгж байхгүй болсон байна гэж хэлж байсан, ... Б надаас Н ахын бөгж, хурган дээлийг барьцаалан зээлдүүлэх төвд тавьж болох уу гэж асуугаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Хэргийн талаар бусад нотлох баримтууд
“Дамно” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-18-332 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
№BD3976 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Н-ын хохирлоо барагдуулж авсан талаарх хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “... Б-ын гэрт усанд оронгоо гэрийг нь эргэх гэж очсон... гэрээс нь гарахдаа шкафан дотор байсан эрэгтэй хүний монетон бөгж, хурган дотортой дээл хоёрыг аваад гарсан. Тухайн үед би барьцаалан зээлдүүлэх төвд өөрийн утас, зүүлт зэрэг эд зүйлийг тавьсан байсан ба хугацаа нь хэтрээд алдах гээд байсан учраас мөнгөний хэрэг гараад авсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй хохирлоо барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргийн талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан одоо нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн тоотод оршин суух иргэн Т.Н-ын гэрээс монетон бөгж, хурган дээл зэрэг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 988.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Н-ын мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Т.Б-ын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, №BD3976 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 44 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-18-332 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Т.Н-д хохирлын 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримт /хх-ийн 46 дугаар хуудас/, хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх, шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.