Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/822

 

 

 

 

 

        2025           07            08                                        2025/ДШМ/822

 

 Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ш.Чанцал

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ш.Чанцал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Б-д  холбогдох эрүүгийн 2506027200556 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б  нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Б-н  гэр болох **** дүүргийн *** хороо **** тоотод байхдаа хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хоёр ширхэг монетон бөгж авч 1.638.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Д.Б-г  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г  6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д  оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б  би мөрдөн шалгах ажиллагаа болох шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, болсон хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгч, мөрдөгч прокурор болон шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй ирсэн. Мөн миний бие муутай 70 настай ээж Да  үе мөчний 2 удаагийн том хагалгаанд орж, үе мөчний өвчтэй болж тэргэнцэртэй буюу байнгын хүний асаргаанд байдаг. Би эхнэр, хүүхэд болон ээжийгээ асарч, халамжлан хамт амьдардаг. Би барилгын компанид дотор засал, чимэглэлийн ажил хийдэг ба эхнэр минь нялх хүүхэдтэй тул ажил хийх боломжгүй гэртээ хүүхдээ хардаг. Өрх гэрийнхээ санхүүг би хариуцдаг. Анхан шатны шүүх хуралд би өмгөөлөгчгүй оролцсон ба хохирогчид хохирол төлбөрийг төлөх нь чухал ач холбогдолтой гэдгийг ойлгоогүй. Миний хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байсан. Би ар гэрийнхээ хүмүүсээр дамжуулан хохирогчид хохирол төлбөр болох 1.638.500 төгрөгийг нөхөн төлсөн. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Миний бие Д.Б  гэм буруугаа маш сайн олгож, дахин гэмт хэрэг холбогдохгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид зөв замаар явж, муу зүйлээс хол байж, ухаантай амьдарч чадна гэдгээ илэрхийлж байна. Би гэмт хэргээс учирсан хохирлыг төлсөн ба энэ удаагийн явдлаас ямар муу үр дагаварт хүрдэг гэдгийг маш сайн олгож, гэмшиж ухаарсан тул миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Ш.Чанцал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл шударга ёсны зарчим, 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан. Д.Б-н үйлдсэн энэ гэмт хэргийн хувьд дээрх шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Д.Б  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, хохирлын хэмжээний хувьд 1,638,500 төгрөгийн хохирол учруулсан зэргээс харахад эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй. Мөн Д.Б-н хувийн байдлын хувьд 1 нас 8 сартай бага насны хүүхэдтэй, байнгын асаргаанд байдаг ээжийн хамт амьдардаг, өрх гэрийнхээ амьжиргааг залгуулдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг буюу барилгын дотор засал чимэглэлийн ажил хийдэг, хохирол төлбөрөө төлөх боломжтой, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, 6.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий шинжгүй байна гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар хуульчилсан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж, мөн тус хуулийн 39.9 дүгээр зүйл 1.4 дэх хэсэгт хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэж заасан байна. Тиймээс гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, Д.Б-н хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч шударга ёсны зарчмын тухай ярьж байна. Анхан шатны шүүх шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан. Хохирогч Б.Б  нь  Д.Б-с  бөгжийг хаана ломбардад тавьсныг асууж, өөрөө очиж авсан. Анхан шатны шүүх Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг, хор уршигт тохирсон шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Д.Б  нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр **** дүүргийн **** хороо, **** тоотод байрлах хохирогч Б.Б-н  гэрээс хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хоёр ширхэг монетан бөгж авч, түүнд 1,638,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н  "...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Алтан тэвш хотхоны 60а байрны 30 тоот гэртээ засвар хийхээр болоод засвар хийх хүн хайгаад байж байтал манай багын найз Д.Б  нь ирж засвар хийхээр болсон. ...би гэртээ засвар хийж байхдаа өөрийн монетан хоёр бөгжийг тайлаад тавьчихсан байсан. Тухайн үед манай найз Д.Б  нь миний бөгж тайлж тавьсан газар утсаа гар утсаа цэнэглээд зогсож байсан. Тэгээд тэр өдрөө засвараа хийж дуусаад 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бөгжөө тайлж тавьснаа санаад тавьсан газраа харахад алга болсон байсан. Тэгэхээр нь би Д.Б-н фейсбүүк рүү нь залгаад манай гэрээс бөгж авсан уу гэж асуухад аваагүй гэж хэлсэн. Өмнө нь багаасаа би Д.Б тай нийлдэг байсан учраас эд зүйл хулгайлчихдаг гэдгийг нь мэддэг байсан учраас Д.Б-г  авсан гэж бодсон. Тэгээд би Д.Б  руу бөгж авсан бол өгчих гэж олон удаа хэлэхэд Д.Б  нь би танай гэрээс чиний 2 ширхэг монетан бөгжийг аваад **** дүүргийн **** хороо, **** тоотод байдаг “Big money” нэртэй ломбардад 1,300,000 төгрөгөөр тавьчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ломбардад тавьсан бичгээ өгчих гээд  Д.Б-с  ломбардын бичгийг нь аваад тухайн ломбардад очиж өөрийнхөө бөгжийг авах гэтэл тавьсан барьцаанд тавьсан хүн нь авна гэж хэлэхээр нь би Д.Б-н иргэний үнэмлэхийг нь дүүгээр нь авчруулаад би өөрөөсөө 1,400,000 төгрөг ломбардын хүүтэй нь хамт төлж авсан." /хх 10/,

“Д” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаар “Хөрөнгө үнэлгээний дүгнэлт” /хх 17-20/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б-г  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г  6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн байна.

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ш.Чанцал нараас “...хорих ялыг өөрчилж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирлын хэмжээ, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Б-н  зүгээс гомдол, саналгүй, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д  700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-н 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 56 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар /56х8=448/ тооцож, түүний 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 448 цагийг биелүүлсэнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1250 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ш.Чанцал нарын гаргасан гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1250 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г  700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-н 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор /56х8=448/ тооцож, нийт эдлэх ялаас хасаж, биелүүлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 252 цагаар тогтоосугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж тус тус нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-г  нэн даруй сулласугай.

5. Шүүгдэгч Д.Б  нь 1,638,000 төгрөгийг хохирогч Б.Б-д  төлсөн болохыг дурдсугай.

 6. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                       ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ