| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00667/И |
| Дугаар | 303/ШШ2025/00717 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 303/ШШ2025/00717
Зохигчийн эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын *******,
Хариуцагч: *******гийн *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашин болон багажны үнэ 6,900,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 438,000 төгрөг, нийт 7,338,000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хурган дотортой дээлний үнэ 2,000,000 төгрөг, 3 грамм алтны үнэ 1,500,000 төгрөг, машин засварын үнэ 6,000,000 төгрөг, машины 6,000,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөг гаргуулах тухай тус тус шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ж.*******т холбогдуулан автомашин болон багажны үнэ 6,900,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 438,000 төгрөг, нийт 7,338,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.******* миний бие нь 2022 онд *******тай танилцаж түүнээс хойш хоёулаа хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдрах хугацаанд ******* нь өөрөө ланд 100 маркийн машинтай байсан бөгөөд энэ машинаа солихоор болоод мөнгө дутахаар нь би 2023 оны 10 дугаар сарын 20-д Төрийн банкнаас 6000.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч *******т өгч тэрээр өөрийнхөө ланд 100 маркийн машин дээрээ надаас авсан 6000.000 төгрөгөө нэмж өгч кровн маркийн машин авсан. Машины мөнгийг машин авсан хүн болох Б.Лхамцэдэн гэдэг хүн рүү би шилжүүлсэн. ******* нь машин засвар ажиллуулдаг бөгөөд засварын газраа багаж төхөөрөмж хэрэгтэй гээд Улаанбаатар хотоос машин оношилдог багаж 900.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь би шилжүүлсэн. Энэ багаж түүний засварын газар хэрэглэгдэж байгаа. Улмаар би 2024 оны 11 дүгээр сард Солонгос улс руу 5 сарын хугацаатай яваад ирсэн. Тэнд байх хугацаанд нэг хэсэг ******* холбогдохоо болиод алга болсон. Тэгэхээр нь би чатаар нь ороод хартал өөр хүүхэнтэй харьцаж уулзаж байгааг нь мэдсэн. Солонгосоос ирээд бид 2 хоёр тийшээ болоод 2 сар болж байна. ******* тэр эмэгтэйтэйгээ одоо амьдарч байгаа. Тиймээс *******аас хамтран өмчилж байсан машины үнэ болох 6000.000 төгрөг, багажийн үнэ 900,000 төгрөг нийт 6,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Миний хувьд *******аас үндсэн нэхэмжлэлээрээ хамтран өмчилж байсан машин болон багажны үнэ 6900.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү 6900.000 төгрөгний 6000.000 төгрөгийг миний хувьд банкнаас зээл авч зээлийн хүүгийн хамт төлж барагдуулсан тул 6000.000 төгрөгний хүү болох 438.000 төгрөгийг *******аас нэмж нэхэмжилж байна. Тиймээс иргэн Ж.*******аас 438.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасан. Үүнд: О.******* нь надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие 2022 онд *******тай танилцаж хамтран амьдарч байсан 2025 оноос хамтран амьдрахаа больсон. Хамт амьдарч байх хугацаандаа миний олж ирсэн мөнгө, цалин эдлэл хэрэглэлийг үнэтэй цайтай бүгдийг нь ******* захиран зарцуулж байсан. Иймд дараахь зүйлүүдийг *******гаас нэхэмжилж байна. Үүнд: 2024 оны 1 сард цагаан сар болох гэж байхад манай ээж Дунгаа нь надад 2000000 төгрөгөөр хурган дээл хийж бэлэглэсэнийг *******гийнд үлдээсэн бөгөөд түүнийгээ авая гэтэл өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа. Хэд хэдэн удаа дээлээ авая гэж хэлж очиж байсан бөгөөд тухайн хурган дээлний үнэ 2 сая төгрөгийг *******гаас нэхэмжилж байна. 2023 онд би хүнээс алт авсан байсныг ******* ээмэг хийлгэнэ гээд аваад явсан. Тухайн алт нь 3 грамм алт байсан бөгөөд ******* өөртөө ээмэг бөгж хийлгэж зүүсэн. Тухайн алтны граммын үнэлгээг 1 граммыг 500000 төгрөгөө тооцож, нийт 1500000 төгрөгийг *******гаас гаргуулах. Миний өөрийн хэрэглэдэг алтны дэнс гэрт нь үлдсэн бөгөөд тухайн дэнс нь надад хэрэгтэй тул түүнийг гаргуулж өөрт олгуулах. ******* нь 2022 оны 5 сард миний өөрийн 0117 БНА улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явж байгаад 2 удаа осол гаргасан. 3161 БНА улсын дугаартай автомашиныг мөргөхөд нь 2500000 төгрөгний сэлбэг авч тавьж, өөрийнхөө машиныг болон 5181 БНА улсын дугаартай автомашины засвар сэв гаргуулах бүтэн будганд оруулахад 3500000 төгрөг нийт 6 сая төгрөг би өөрөөсөө зарцуулсан. Иймд түүнээс тухайн мөнгийг гаргуулах, 2023 оны 12 сард би өөрийн 6295 ЗАА улсын дугаартай автомашиныг зарах гэж байхад, манай танил дүү Ч.Буяннэмэх нь унаж яваад юм мөргүүлсэн Улмаар би Ч.Буяннэмэхэд зарахаар болж надад боломжтой болохоороо машины мөнгийг өгөөрэй гэж хэлсэн. Ч.Буяннэмэх нь миний данс битүүмжлэгдсэн байдгыг мэдээд бэлнээр 3 сая төгрөгөөр нэг удаа 1500000 төгрөгөөр 2 удаа нийт 6 сая төгрөгийг 2024 оны 1 сараас 2024 оны 4 сарын хооронд өгснийг би *******д бэлнээр өгсөн. Өөр бусад зүйл зөндөө л өгч байсан. Түүнээс гадна өөрийнх нь машиныг хүртэл янзлуулж будганд оруулж өгч байсан. Энэ бүгдийг тоочоод бичихээр цаг хугацааг тодорхой санахгүй байна. Иймд тус 6 сая төгрөгийг *******гаас гаргуулах хүсэлттэй байна. Иймд *******гаас хурган дотортой дээлний үнэ 2 сая төгрөг, 3 грамм алтны үнэ 1500000 төгрөг, осол гаргаад машин засварласны үнэ 6 сая төгрөг, машин зараад өгсөн 6 сая төгрөг 15500000 төгрөг гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч О.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
*******ын сөрөг нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна ******* нь надаас 5 зүйл нэхэмжилсэн байна өгнө. 2.000.000 төгрөгийн үнэтэй хурган дээл нэхэмжилсан байгаа бөгөөд энэ дээл нэхий оруулгатай ээжийнх нь хуучин дээл байсан учраас би өөрөө 8 ширхэг хурганы арьсаар сэлбэж өнгө татаж өгсөн. Энэ дээл нь манайд байгаа ******* банкнаас зээлүүлсэн мөнгө надад өгвөл би дээлийг нь буцааж өгнө. Алтны үнэ 1500.000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ алтыг ******* өөрийнхөө хайгчаар 2 найзтайгаа хамт Өлзийт сум явж олж ирсэн. Миний хувьд тухайн алтыг *******ын хамт дэнсэлж үзэхэд 1.5 гр болж байсан бөгөөд энэ нь бодож үзэхэд 680.000 төгрөг болж байсан тэгээд би алтыг нь авсан. Удаачгуй ******* ахиад алтанд явлаа бензиний мөнгө хэрэгтэй гээд нэхээд надаас алтны 680.000 төгрөгөө авсан. Тиймээс бид хоёрын хооронд алтны тооцоо байхгүй. Хэрвээ ******* энэ үнэлгээ болон 680.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрөхгүй бол би холбогдох байгуулагаар нь шалгуулна. Алтны дэнсээ манайд байгаа авна гэсэн байна. ******* нь хайгчаа авахдаа дэнсээ хамт өөрөө аваад явсан, надад дэнсний хэрэг байхгүй бөгөөд хэрэглэж мэдэхгүй. 2 машин янзлаад нийт 6000.000 төгрөг болсон гэсэн байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд миний хувьд *******ын төрсөн дүү Гантөгсд 2022 оны 05 дугаар сарын 27-д 3000.000 төгрөг зээлүүлсэн байсан болохоор энэ мөнгөөр машинаа янзал гэж хэлээд янзлуулсан түүнээс ******* мөнгө гаргаагүй. Буяннэмэхээс надад машины мөнгө бэлэн аваад өгсөн гэсэн байна, ийм мөнгө надад өгөөгүй би санахгүй байна гэжээ.
5. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч О.******* үндсэн нэхэмжлэлийн 6,900,000 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 438,000 төгрөг, нийт 7,338,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,838,000 төгрөгийг Ж.*******аас нэхэмжлэхээс татгалзаж, үлдсэн 3,500,000 төгрөгийг хариуцагч Ж.******* 2026 оны 5 сарын 15-ны өдрийн дотор надад төлөхөөр харилцан тохиролцов.
Харин Ж.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хурган дотортой дээлийг биет байдлаар О.*******гаас хүлээн авч бусад нэхэмжлэлээс татгалзаж харилцан тохирч эвлэрэв. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх журмын ойлгож мэдлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ж.*******т холбогдуулан Автомашин болон багажны үнэ 6,900,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 438,000 төгрөг, нийт 7,338,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ж.******* нь хурган дотортой дээлний үнэ 2,000,000 төгрөг, 3 грамм алтны үнэ 1,500,000 төгрөг, машин засварын үнэ 6,000,000 төгрөг, машины 6,000,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч О.******* нь нийт 7,338,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3,838,000 төгрөгөөс, мөн хариуцагч Ж.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 15,500,000 төгрөг гаргуулахаас 13,500,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Ж.******* нь 3,500,000 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч О.*******д, нэхэмжлэгч О.******* нь 2,000,000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой дээлийг биет байдлаар нь хариуцагч Ж.Болдбаатарт тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,140 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 35,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д, нэхэмжлэгч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.*******т тус тус олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч О.******* нь нийт 7,338,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3,838,000 төгрөгөөс, мөн хариуцагч Ж.******* нь 15,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 13,500,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч Ж.******* нь 3,500,000 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч О.*******д, нэхэмжлэгч О.******* нь 2,000,000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой дээлийг биет байдлаар нь хариуцагч Ж.Болдбаатарт тус тус төлөхөөр харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,140 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 35,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д, нэхэмжлэгч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ж.*******т тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА