Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч А.Б,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э-ын М-д холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1991 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн удирдлага мэргэжилтэй, “Миний дэлгүүр” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, хадам эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Дунд Наран 0-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, М овогт Э-ын М 

Холбогдсон хэргийн талаар  

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ийн  хажуу талд байрлах спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад А.Б-тэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.М-ээс: “...Би найзуудтайгаа тогтмол тэр биеийн тамирын зааланд тоглодог байсан. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сагс тоглох гэж очиход 2 танихгүй залуу ирсэн байсан. Тэгээд тоглож байгаад хохирогчийг тохойлдсон болохоор хохирогчоос уучлалт гуйхад яадаг муу, хогийн бацаан вэ гэхээр нь өөдөөс нь бөмбөг шидсэн. Тэгэхэд над руу жийж орж ирээд нэг удаа шанаан тус газар нэг удаа цохисон. Тэгэхэд хохирогчийн Т гэдэг найз нь миний хажуу талаас нэг удаа шанаан тус газар цохисон. Тэгээд би зүүн талаас баруун тал руу зугтааж байгаад А.Б-ийг нэг удаа цохисон. Хохирогчийн хамарнаас нь цус гараад ариун цэврийн өрөө орсон. Өөрөөр маргалдаагүй, хэл амаар доромжлоогүй гэв.

Хохирогч А.Б-ээс: “...2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр найзын хамт сагс тоглосон.Тоглож байгаад маргалдсан. Яагаад маргаан гарсан бэ гэхээр миний бөөр жоохон муу юм. Тэгээд миний бөөр лүү байнга тохойлдоод байхаар нь би чамтай адилхан тоглож байна, аятайхан тоглоорой гээд сануулга өгсөн. Тэгээд тоглож байх явцад миний нүүрэн тус газар нэг удаа тохойгоороо цохисон. Би сэтгэл хөдлөлөөр тэнэг бацаан минь, аятайхан тоглоорой гэхэд миний нүүр лүү бөмбөгөө шидсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд би ухасхийхэд араас нэг хүн тэврээд авсан. Тэгэхэд шүүгдэгч миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд би тэвэрсэн байсан хүний гарыг нь тавиулаад ухасхийхэд дахин тэврээд авсан. Тэгэхэд шүүгдэгч дахин миний зүүн нүд рүү цохиж хөмсөг сэтрээд цус гарахаар нь ариун цэврийн өрөө рүү явсан. Миний нүдний эргэн тойрны яс хугарсан байгаа. Би улсын эмнэлэгт үзүүлсэн. Цаашид нүдний хагалгаанд орох учир эмчилгээний зардлыг нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч А.Б-ийн: “...2018 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цаг 00 минутын орчим Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт зааланд найз Т, М нартай сагс тоглох гээд очиход үл таних 5 хүмүүс байхаар нь бид хэд нийлж сагс тоглосон. Сагс тоглож байхад 26 орчим насны баруун гартаа шивээстэй үл таних эрэгтэй тоглож байхдаа миний бөөрлүү удаа дараа тохойлдоод байхаар нь би адилхан тоглоно шүү гэж хэлээд үргэлжлүүлээд тоглосон. Үл таних эрэгтэй бөмбөгөө залаад шидэж байхдаа миний нүүрэн тус газар тохойгоо цохихоор нь би за тэнэг бацаан минь аятайхан тоглооч гэсэн чинь үл таних эрэгтэй миний нүүрлүү бөмбөгөө шидэхээр нь би тэр үл таних эрэгтэйг цохих гээд очсон чинь миний араас нэг намайг болиулах гээд цамцнаас зуурсан чинь тэр залуу миний өөдөөс ирээд миний зүүн нүд рүү 2 удаа цохисон, миний нүднээс цус гараад тогтохгүй байхаар нь би нойл орж цусаа тогтоочхоод буцаж заал руу ороод гадуур хувцсаа өмсөөд гарсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч Б.Т-ын: “...тухайн зааланд хамт тоглож байсан Б хамт тоглож байсан танихгүй залуутай хальт маргалдаж эхэлсэн тэгсэн тухайн залуу гартаа барьж байсан бөмбөгөө Б-ийн нүүр хэсэг рүү нь савсан тэгэхээр нь тэр залууг барьж авах гэтэл тухайн залуутай хамт тоглож байсан бас нэг залуу хойшоо ухарч байгаад гэнэт үсрээд нүүрлүү нь нэг удаа баруун гараараа цохисон тэгээд маргаан дуусаад Б бид 2 тухайн заалнаас хувцсаа солиод гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

      -Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48 дугаар хуудас/ 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №6530 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.М: “...Тухайн зааланд хамт тоглож байсан Б гэх залуу хамгаалалт хийхдээ намайг мөргөж би буруу алхам хийлээ гээд тухайн залуугаас намайг уучлаарай гэж хэлсэн тэгтэл тэр залуу надад хандаад “яадаг муу эргүү бацаан бэ” гэж хэлсэн тэгэхээр нь би тэр залууд хандаад юу гэнээ гэж хэлээд өөдөөс нь барьж байсан бөмбөгөө шидтэл миний өөдөөс хөлөөрөө жийх үед нь би бултсан тэгтэл зүүн гараараа миний баруун хацарт нэг удаа шанаадсан тэгтэл хажуу талаас түүний найз нь миний гэдэс рүү нэг удаа өшиглөж цохих гэхээр нь бултсан тэгтэл миний мөр хэсэгт цохисон, намайг цохисон найзыг нь би танихгүй харвал танина, Б гэх залуугийн нүүр хэсэгт зүүн гараараа хамар нүд орчимд нэг удаа цохисон тэгээд тэнд байсан залуучууд дундуур ороод салгасан өөр зүйл болоогүй тэр үед Б гэх залуугийн хамар хэсгээс цус гарсан мөн  хөмсөгнөөс нь цус гарсан байсан тэгээд тэр залуу хөмсөг сэтэрсэн юм шиг байна явж оёулах хэрэгтэй байна гээд найзтайгаа явсан бид нар тоглоод үлдсэн өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дугаар хуудас/,

- Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

         Шүүгдэгч Э.М нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТЭЦ-3”-ийн  хажуу талд байрлах спорт зааланд сагсан бөмбөг тоглож байгаад А.Б-тэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,  хохирогч А.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрч Б.Т-ын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48 дугаар хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №6530 дугаартай

  1. А.Б-ийн  зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдны зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдны алимны салстад цус хуралт, зүүн нүдны ухархайн хажуу болон доод ханын хугарал, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын  тогтонги алдангид нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч Э.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

      Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч А.Б-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал 341.500 төгрөг, ирээдүйд гарах зардалд 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн “Хаан” банкнаас 16.050.000 төгрөгийг 3 жилийн 1.9 хувийн хүүтэй авсан, 1.842.000 төгрөг, “Нуган” ХХК, “Ултрасоник” ХХК-д ажиллаж ирээдүйд олох байсан орлогод 6.300.000 төгрөг, хагалгааны зардал 1.500.000 төгрөг буюу  нийт 9.983.500  төгрөгийг шүүгдэгч Э.М-ээс нэхэмжилсэн./хх-ийн 6, 20 дугаар хуудас/ Хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу шүүгдэгч Э.М нь 118.000 төгрөгийг төлсөн байна. 

Хохирогч А.Б-ийн хавтаст хэрэг өгсөн нотлох баримтыг үнэлэн гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагавар хор уршигт тооцож шүүгдэгчээс хохирлыг гаргуулах боломжгүй байна.  Хохирогч А.Б нь эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.  

Шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.