| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00539/И |
| Дугаар | 303/ШШ2025/00722 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 303/ШШ2025/00722
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* газар ХХК
Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 9,772,141.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанды оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК нь багасгасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
******* ******* ******* ******* газар ХХК нь Ц.*******д холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 9,772,141.87 /Есөн сая долоон зуун далан хоёр мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг наян долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Учир нь: Биднийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн зүгээс 2025 оны 07-р сарын 03-ны өдөр 200,000 /Хоёр зуун мянган төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 300,000 /Гурван зуун мянган/ төгрөг буюу нийт 500,000 /Таван зуун мянган төгрөгийн шилжүүлсэн. Мөн ******* УБЛ улсын дугаартай Prius20 маркийн автомашиныг худалдан борлуулж борлуулсан үнийг зээлээс хасахыг хариуцагч хүссэн тул бид машиныг хүлээн авсан. Ингээд машиныг хүлээн авахад тухайн машин нь зээлийн үүргийг бүтэн дарах боломжгүй болтлоо муудаж элэгдсэн байсан тул ******* УБЛ улсын дугаартай Prius-20 маркийн автомашины үнийг тогтоох зорилгоор Хаан үнэлгээ ХХК-иар үнэлүүлэхэд 4,545,216 /Дөрвөн сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун арван зургаан/ төгрөгийн үнэлгээ гарсан. Гэсэн ч бид 2025 оны 08-р сарын 20-ны өдөр тухайн автомашиныг 5,500,000 /Таван сая таван зуун мянган/ төгрөгөөр бусдад худалдан борлуулсан ба машины торгууль, татвар нь 588,741 /Таван зуун наян найман мянга долоон зуун дөчин нэгэн/ төгрөг болсныг манай байгууллага төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 9,772,141.87 /Есөн сая долоон зуун далан хоёр мянга нэг зуун дөчин нэгэн төгрөг наян долоон мөнга/ төгрөгөөс 7-р сарын 3 болон 10-ны өдөр төлсөн 500,000 /Таван зуун мянган төгрөг, худалдан борлуулсан 5,500,000 /Таван сая таван зуун мянган төгрөгийг хасаж, 3,772,142 /Гурван сая долоон зуун далан хоёр мянга ног зуун дөчин хоёр/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр татвар торгуульд төлсөн 588,741 /Таван зуун наян найман мянга долоон зуун дөчин нэгэн/ төгрөгийг нэмж, нийт 4,360,882 /Дөрвөн сая гурван зуун жаран мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Ц.*******аас зээлийн гэрээний үүрэгт 4,360,882 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч нь хариу тайлбартаа: Гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдсанаар миний биеийг 3274 УБЛ улсын дугаартай Прусс 20 маркийн машиныг худалдан борлуулж, борлуулсан үнийг зээлээс хасахыг хүссэн гэж бичсэн байна, энэ худлаа машиныг жолоодоод явж байхад машиныг хүчээр авч явсан. Машины төлбөрийг би 2025 оны 07 сарын 03-нд 200,000 төгрөг болон мен сарын 10-нд 500,000 төгрөг төлчихөөд 2 хоногийн дараа Нарантуул зах дээр машинтайгаа явж байхад 2 залуу надаас машиныг хүчээр аваад явсан. Би машиныг бүтэн 3 жил хувиарын дагуу төлж явсан, би машин авч явахад нь би мөнгөө бүтэн төлж явсан, машинаа би авна шүү гэж хэлсэн, тэгээд наадмын их амралт эхлээд тэр байгууллага дээр очиход ажиллахгүй байсан 8 сарын 04-нд очиход машиныг чинь зарчихсан гээд хавьтуулахгүй байсан. Хэрэв надтай тэр байгууллага холбоотой байсан бол би машинаа борлуулж зараад зээлийн өрийг дарах бүрэн бололцоо байсан, гэтэл тухайн үед зах зээлийн үнэлгээ 10 саяаас дээш байсан, би машиныг зарах гэж зар тавиахад 12 саяаар авая гэсэн хүмүүс байсан. Машины үнэлгээг хийхдээ намайг оролцуулаагүй, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бүрэн ажиллагаатай, хэвийн явж байсан машиныг маш бага үнээр үнэлсэн нь надад хохиролтой байна. 2014 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд монголд орж ирсэн машины зах зээлийн үнэлгээ 14 сая төгрөг байна. Машиныг ямар байдлаар зарж борлуулж байгааг надад мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэсэн 4,360,882 төгрөгийг би төлж барагдуулахгүй, харин би машиныг зах зээлийн үнэлгээний зөрөө үнийг гаргуулах байдал бий болж байна. Иймээс би сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.
3. Шүүх нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн 9,772,141.78 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4,360,882 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4,360,882 төгрөг болгож багасгасан.
5. Хариуцагч Ц.******* нь автомашиныг ямар байдлаар зарж борлуулснаа надад хэлээгүй гэж нэхэмжлэлийн багасгасан шаардлага 4,360,882 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
6. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК, хариуцагч Ц.******* нар нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлий гэрээ байгуулж, сарын 3,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, автомашин барьцаалсан зээл зориулалтаар, 8,300,000 төгрөгийг зээлсэн, дээрх үйл баримт дээр талууд маргадаггүй.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
8. Хариуцагч Ц.******* нь өөрийн байгуулсан зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн 9,772,141.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
9. Улмаар хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсаны дараа 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 300,000 төгрөг тус тус нэхэмжлэгчид шилжүүлж, мөн барьцааны зүйл болох ******* УБЛ улсын дугаартай prius20 маркын автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж, автомашиныг худалдан борлуулж борлуулсан үнийг зээлээс хасахыг хүсчээ.
10. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК нь ******* УБЛ улсын дугаартай prius20 маркын автомашиныг хүлээн авч, автомашин техникийн үнэлгээний тайланг гаргуулахад Хаан-Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №Б25/71 тоот үнэлгээний тайлангаар ******* УБЛ улсын дугаартай prius20 маркын автомашиныг 4,545,216 төгрөгөөр үнэлсэн, мөн нэхэмжлэгч нь уг автомашины торгууль, татварт 588,741 төгрөг төлж, тус автомашиныг 5,500,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан-үнэлгээ ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №Б25/71 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралт, Хаан банк ХК болон Төрийн банк ХК-ийн депозит дансны хуулгууд, хот хоорондын автозамын хураамжийн баримт, торгуулийн баримт, автомашины татварын баримт, худалдах худалдан авах гэрээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
11. Харин хариуцагч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага 4,360,882 төгрөгийг төлөхгүй талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй байна.
12. Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 4,360,882 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-д төлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752.1 дүгээр зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн болно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар..., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,304 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 84,724 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас зээлийн гэрээний үүргийн 4,360,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,304 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 84,724 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА