Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/842

 

 

 

 

 

 

    2025             07             09                                         2025/ДШМ/842

 

А.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2409026430149 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.С  нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 09 дүгээр сард *** дүүргийн нутаг дэвсгэр *** орчмын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр *** тоотод “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0,1 (0.1452) грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.С ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин нь 0,1452 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл, цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Монгол Улсын AF4915273 серийн дугаартай 20-тын тал мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 1 ширхэг компакт диск /СиДи/-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч А.С од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С  давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч А.С би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1100 дугаар шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие ам бүл 3, ээж, дүүргийн хамт амьдардаг. Миний ээж Д.Б  нь уушгины архаг хууч өвчтэй. Одоогоор эмнэлэгт хэвтэж уушгины усаа соруулж байгаа. Энэ нь уушгины хүнд хэлбэрийн өвчин. Ээж минь 2020 оноос эхлэн эрүүл мэндийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх чадамжгүй болсон. Иймээс миний бие үсчин мэргэжлээ хойш нь тавьж, ээж, дүү хоёрынхоо төлөө ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулж, ам бүлдээ орлого оруулж, амьжиргаагаа дээшлүүлж байсан. Миний дүү А.С  нь 5 дугаар ангид суралцдаг. Надгүйгээр хичээлдээ явах нь төсөөлөхийн аргагүй. Мөн харгалзах хүнгүй яаж байгаа бол гэж бодохоор сэтгэл зүй маш хүнд байна. Миний бие банк бус санхүүгийн байгууллагад өртэй, амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд цалингийн хажуугаар Хаан банк, М банк нараас тус тус зээл авсан. Иймд зээлүүд маань хугацаанаасаа хэтрээд байна. Манай ам бүлд надаас өөр орлого оруулах хүн байхгүй. А.С  миний бие өмнө нь хорих ял эдэлж байхдаа өөрт хувийн баталгаа гаргаж, эрх чөлөөтэй байх нь ямар чухал зүйл гэдгийг ойлгож, ухамсарлаж, мөн хайртай гэр бүлээсээ холдож, санаж, бэтгэрэхийг ойлгож, ухаарч, нийгэмд гараад ажил хөдөлмөр эрхэлж, зөв боловсон амьдарч, ийм зүйлийн гэмт хэрэг хийвэл хорих ялтай гэдгийг ойлгож, өөртөө тангараг өргөж байсан. Өөрийн ээж болох Д.Б ийн дуудлага өгсөн гэмт хэрэгтээ маргаагүй. Мөн ээждээ гомдохгүй байгаа. Энд хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож, гэмшиж байна. Цаашид ийм зүйл огт хэрэглэхгүй, хол явна гэдгээ миний бие А.С  нь амлаж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч А.С-н өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. А.С  нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хувийн байдлын тухайд ээж болон дүүтэйгээ байдаг талаараа гомдол дээрээ дурдсан. Ээж нь өвчтэй байгаа бөгөөд 10 гаран насны дүүдээ санаа нь зовж байгаа. Зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэж хүсэж байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа болон цаашдаа өвс гэх зүйлийг хэрэглэхгүй гэж амлалт өгсөн байдал зэрэгт шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийг оногдуулсан байна гэж үзэж байгаа. Тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.С  нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 09 дүгээр сард *** дүүргийн нутаг дэвсгэр *** орчмын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр *** тоотод “өвс” гэх хэрэглээний нэршилтэй цэвэр жин нь 0,1 (0.1452) грамм хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч Д.Б ийн “...Би тухайн үед архи уучихсан байсан. Тэр өдөр манай гэрт А.С  дүүтэйгээ хамт байж байсан. Тэгэхэд нь би согтуу орсон чинь А.С  уурласан. Тэгэхээр нь би гэрээс олдсон А.С ын цаастай НӨАТ-ын баримттай өвс шиг зүйлийг гаргаж ирээд энэ юу юм бэ гээд А.С од хэлсэн чинь минийх биш гээд мэдэн будилаад байсан. Би цаастай өвсийг нь хэдхэн хоногийн өмнө олоод А.С оос асуух гээд хадгалсан. Тэгээд А.С  надтай маргалдаад уурлаад байхаар нь би цагдаа дуудаж байсан. Миний хүү өмнө нь хашаанд бас ундааны савтай тийм өвс хадгалж байгаад цагдаад баригдаж байсан. Гэрээс олдсон НӨАТ-ын цаастай өвс А.С ын өвс мөн. Миний хүү том болсон, ойлгоогүй болоод тэр мансууруулах өвсийг хэрэглээд байгаа байх. 2023 онд баригдах үеийн өвс, сүүлд байсан НӨАТ-ын баримттай өвс ижилхэн нунтаг байсан...” /хх 55/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6498 дугаартай "... Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цаасан доторх ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тедрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Монгол Улсын АР4915273 гэсэн сери дугаартай 20-тын тал мөнгөн дэвсгэрт, цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Цаасан доторх ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цаастай үеийн жин 0,1945г, цэвэр жин 0,1452г байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 69-71/,

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бат-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ***  дүүргийн *** дугаар хороо *** тоотод манай хүү мансууруулах өвс хэрэглэсэн байж магадгүй гэх дуудлага мэдээллийн дагуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ёолк, криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Амаржаргал нарын хамт очиж шалгахад дуудлага өгсөн иргэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай өөрийн хүү А.С ын эсрэг тайлбар мэдүүлэг өгөхгүй, хэрэг болсон гэх газарт гэрийн баруун хойно байрлах бор өнгийн авдар дээрээс 20 төгрөгийн тал дэвсгэртэд ороосон нунтаг ногоон өвс мэт зүйлийг хураан авсан. Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ёолк нь А.С ыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан шалгах гэтэл хэлтэст байрлах тест нь хугацаа нь дууссан байсан тул ашиглах боломжгүй болсон. ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, илтгэх хуудас /хх 146, 152 /,

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 32, 93/,

Шүүгдэгч А.С-н "... Би мансууруулах өвс гэх зүйлийг хэрэглэдэг байх үедээ гэрийн хашаанд өвс гэх зүйлийг жижиг, бага зэргийн хэмжээгээр цаас, уут зэрэгт ороож нуудаг, дараа нь нуусан өвсөө авч хэрэглэдэг байсан. Тэрийг манай ээж ерөнхийдөө анзаардаг байсан. Тэгээд ялаа эдэлж дууссаны дараагаас эхлээд ямар нэгэн мансууруулах зүйлийг хэрэглэхээ больсон байсан. Тухайн үед манай ээж миний өмнө нь мансууруулах өвс гэх зүйлийг хэрэглэдэг байх үедээ нууж тавиад мартчихсан байсан өвсийг олоод гаргаж ирсэн байсан. ...Би ял эдэлж гарч ирснээсээ хойш мансууруулах зүйл хэрэглэхээ больсон. Харин манай ээжийн цагдаа нарт гаргаж өгсөн өвс нь миний өмнө хэрэглэдэг байх үедээ нууж байсан өвс...” /хх 63-64/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч А.С-н хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.С ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч А.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож, хугацааг нь 01 жил 06 сараар тогтоосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах, эсхүл өөрчлөн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.С оос “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч А.С ын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ийн агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар өөрийн гэртээ хадгалсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалсан үйлдэлд анхан шатны шүүхээс 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.С-н 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-н цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                      ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ