| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00064/Э |
| Дугаар | 00090 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 00090
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Да, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох 1832000450060 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, төв аймаг аргалант суманд 1984 оны 10 дугар сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аргалчин овогт Амарсанаагийн Н. /РД: */
Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Зил-131 загварын 64-22 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд байрлах *ХХК-ний шатахуун түгээх станцаас тээврийн хэрэгсэлдээ бензин нэмж хийчхээд тус шатахуун түгээх станцын хатуу хучилттай талбай дээр ухрах үйлдэл хийхдээ түгээгч ажилтай Т.Оийг дайрч зам тээврийн осол гаргаж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Нгийн өгсөн …… 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр би раман дээр мод буулгачихаад колонк орж машиндаа 10 литр бензин хийчихээд машинаа маневилдаж асаачаад урагш хөдлөх гэтэл урдаас нэг согтуу хүн гартаа чулуу барьчихсан хүрч ирээд пизда минь зогё гэхээр нь арагш ухарсан чинь ард байсан колонкийн түгээгч эгчийг мөргөсөн байсан. Хажууд тоглож байсан хүүхдүүд ахаа зогс ард чинь хүн уначихлаа гэхээр нь машинаас бууж очиход түгээгч эгч байсан. Тэгэхээр нь машинаа зам чөлөөлж тавьчихаад О эгч дээр очоод О эгчээ сэрээрэй гэхэд за зүгээр ээ гэсэн. Тэгтэл ашгүй нэг жижиг тэрэг ирэхээр нь гуйгаад эмнэлэг рүү авч явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Даийн өгсөн …… 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад хүүхэд гүйж ирээд О эгч бие нь муу эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна гэхээр нь би яваад очиход эмнэлэгт сувилагчийн өрөөнд эхнэр маань хэвтэж байсан. Намайг ороход шанаа нь хөхөрсөн харагдсан. Ухаантай байсан боловч юм ярьж чадахгүй байсан. Намайг сувилагч эмч нар гадаа байж бай гэхээр нь би гараад гадаа сууж байгаад арваад минутын дараа эргэж ороход эхнэр маань амьсгал хураасан байсан. Одоо би оршуулгын зардалд 7925455 төгрөг, талийгаачийн ХААН банкнаас авсан тэтгэврийн зээл 5603276 төгрөг, хүү Д.Нагийн цалингийн зээл 6984829 төгрөг, 49 хоногт гарсан болон нааш цааш явсан зардалд 1289400 төгрөг, нийт 21802960 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс А.Н 4300000 төгрөгийг өгснийг хасч тооцоход 17502960 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Т.Даийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн........ Манай эхнэр Т.О Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг * ХХК-ний шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаад олон жил болж байгаа. Би яг хэдэн жил ажилласныг нь сайн санахгүй байна. 2018.03.25-ны өдөр манай эхнэр Т.О * ХХК-ний шатахуун түгээх станц дээр түгээгчээр ажилтай байсан. Би тэр өдөр гэртээ хоёр найзтайгаа хамт 13 цагийн орчим хоёр шил архи хувааж уучихаад нэлээд согтоод гэртээ унтаад үлдсэн. Манай хоёр найз манай гэрээс гараад явсан байсан. Намайг гэртээ унтаж байхад 18 цагийн орчим манай хүргэн ахын хүү Отгонбаяр манай гэрт орж ирээд дуудаж сэрээгээд “О эгч эмнэлэг дээр ирчихсэн байна, таныг дуудуулж байна” гэж хэлэхээр нь би босоод ирэхэд архи гараагүй согтуу байсан.Би Отгонбаяртай хамт Түнхэлийн эмнэлэг рүү явж очиход сувилагчийн өрөөнд нь манай эхнэр Т.О насилка дээр хөндлөнгөөрөө хэвтэж байсан, өрөөсөн хацар дээр нь зулгарсан, надтай юм ярьж чадахгүй байсан. Гэхдээ амьсгаатай амьд байсан. Би тэр үед эмч нараас нь юу болсон юм бэ гэж асууж уйлсан, тэгэхэд эмч нар “Машинд мөргүүлчихсэн” гэж байсан. Намайг согтуу байсан болохоор эмч нар гадаа гараад байж бай гэж хэлсэн би эмнэлэгийн гадаа үүдэн дээр сууж байсан чинь нээх удалгүй манай эхнэр Т.О нас барчихсан байсан .Ийм л зүйл болсон........ Миний эхнэр талийгаач Т.Оийн оршуулгын ажлын зардалд 7,925,455 төгрөг зарцуулагдсан. Үүнээс 7,425,455 төгрөг нь баримттай байгаа, харин 500,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос лам авч ирж буяны ажилд оролцуулсан нь баримт байхгүй байна. Лам нар баримт өгдөггүй юм байна лээ. Мөн манай эхнэр Т.О Хаан банкнаас 2018.03.02-ны өдөр 5,603,276 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байсан. Би тэтгэврийн зээлийн үлдэгдэл 5,603,276 төгрөгийг жолооч А.Нгээс нэхэмжилж байна. Ингээд нэхэмжлэх мөнгө маань оршуулгын ажлын 7,925,455, төгрөг, тэтгэврийн зээлийн 5,603,276 төгрөг, нийт 13,528,731 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс жолооч А.Н оршуулгын ажилд 1,000,000 төгрөг өгсөн. Үүнийг хасаад бодохлоор 12,528,731 төгрөг нэхэмжилж байна. Бас дээрээс нь манай бага хүү Даийн На 2017.09.20-ны өдөр Хаан банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан , тэр зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр манай талийгаач Т.О байсан юм. Тэгтэл манай хүү Д.На өвчний учир ажлаа хийх боломжгүй болсон, ингээд цалингийн зээлийг нь манай талийгаач эхнэр О хамтран үүрэг гүйцэтггэгчээр зээлийн гэрээн дээр нь гарын үсэг зурсан учраас зээлийг нь төлдөг байсан юм. Манай хүү Д.Нагийн зээлийн үлдэгдэл 6,984,829 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-ийн 24, 28 дугаар хуудас/
Гэрч Б.Бмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн............. Би өнөөдөр буюу 2018.03.25-ны * ХХК-ний шатахуун тугээх станцийн хажууханд байдаг Ерөөлтийн гэрт 2 литрийн нэг савтай пивыг Ерөөлттэй хамт хувааж уусан. Тэгээд 17 цагийн орчим Ерөөлтийн гэрээс гараад ирэхэд Н шатахуун тугээх станц дээр ЗИЛ-131 маркын машиныхаа хажууд зогсож байсан. Би Нэргуй рүү холоос “Сонин юу байна дүү” гэж мэндэлчихээд гэр рүүгээ харих гээд явж байтал Н машинаа асаагаад ухрахдаа хүн мөргөчихсөн бололтой “Мөнхөө ахаа нааш ир” гэхээр нь би айгаад “Ах нь явлаа явлаа” гэж хэлээд гэр рүүгээ явчихсан юм. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-ийн 31 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ц.Гаийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.... Би өнөөдөр буюу 2018.03.25-ны өдөр Тамираа, Төртогтохтой хамт Шатахуун түггээх станцын хажуу талын элсэн дээр тоглож байхад ЗИЛ-131 маркын машин ухрахдаа клонкод ажилладаг О эгчийг мөргөөд унагаачихсан. О эгч тэр үед хогийн шүүр барьчихсан талбайн хогоо шүүрдэж байсан юм. Намайг харж байхад тэр машин баруун талын хойд хоёр дугуйгаараа О эгчийн нуруун дээгүүр нь дайрч гараад явчихсан чинь бид нар айгаад орилж хашгираад жолоочийг нь зогсоосон юм. Тэгтэл нэг гранд марк 2 машинтай эгч ирээд О эгчийг аваад тэр жолооч ах хамт суугаад явсан гэх мэдүүлэг /Хх-ийн 33 дугаар хуудас/
Гэрч С.СЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Би өөрийн хувьдаа цагаан өнгөтэй гранд марк 2 загварын авто машинтай юм. Бас би * шатахуун түгээх станцад би түгээгчээр ажилладаг. Надтай хамт талийгаач Т.О эгч, Кулки эгч нар гурван ээлж болон ажилладаг юм.Тэгтэл өнөөдөр буюу 2018.03.25-ны өдөр 17 цагийн өнгөрч байхад би өөрийн гранд марк-2 загварын машинаа жолоодоод * ХХК-ний шатахуун түгээх станц дээр хойноос урагшаа чиглэлтэй очсон юм. Тэгтэл жолооч А.Н ЗИЛ-131 маркын авто машинаа шатахуун түгээх станцын талбай дээр хөндлөн тавьчихсан, өөрөө машинаасаа буугаад түгээгч О эгчийг өндийлгөөд байж байхад нь би очсон. Би очингуутаа жолооч Нд “Чи яачихсан юм бэ, юу болж байгаа юм бэ” гэж асуусан чинь "Ухрахдаа мөргөчихлөө” гэж хэлсэн. О эгч дугарахгүй нүд нь аймаар том болчихоод над руу хараад байсан. Би шууд эмнэлэг явъя гэж хэлээд шатахуун түгээх станц руу ороод хамаг юмаа унтраагаад цоожлоод Н жолооч болон О эгчийг аваад эмнэлэг явсан. Жолооч Н О эгчийг миний машинд суулгачихаад өөрөө очоод машинаа хөдөлгөж шатахуун түгээх станцын талбай чөлөөлөөд зогсоосон. Эмнэлэг дээр ирээд О эгчийг насилкаар өргөөд оруулсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-ийн 35 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр № 06 ......
1.3ИЛ-131 загварын 64-22 УБХ улсын дугаарт зүүсэн тээврийн хэрэгслийн жолооч А.Н нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А\ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл техникийн зөрчил 6. Бусад төхөөрөмж: 6 5. Ар талаа харах толь, салхины шил, нарын хаалтгүй болсон. Мөн дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2.Хайрхан буянт ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгч ажилтай байсан талийгаач Т.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.
3.ЗИЛ-131 загварын 64-22 УБХ улсын дугаарт зүүсэн тээврийн хэрэгслийн жолооч А. Н нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалт, 2.7 жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А\ согтууруулах учдаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт: Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил 6. Бусад төхөөрөмж: 6 5 Ар талаа харах толь, салхины шил, нарын хаалтгүй болсон. Мөн дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс хэрэг, осол үйлдэгдэх шалтгаан нөхцлийг бурдүүлсэн байна гэж үзэв.
Шинжээчийн дүгнэлт 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн № 3729 :..... Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн “жолооч А. Нгээс шинжилгээнд зориулж авсан цус” гэж хаягласан цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрч байна.
2.Цусан дахь 1.4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх /Хх-ийн 51 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт № 26..... Дүгнэлт:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-09 дүгээр хуудас/
А.Нгийн согтуурлыг Дижитал багажаар шалгахад 019 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 10 дугаар хуудас/
А.Нгээс хуруу шилэнд цус авсан тэмдэглэл /Хх-н 11 дүгээр хуудас/
А.Нгийн эзэмшлийн Зил-131 загварын бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 16-17 дугаар хуудас/
А.Нгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг 10 сая төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 20 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 61-65 дугаар хуудас/
А.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 76 дугаар хуудас/
Талийгаачийн тэтгэврийн зээлийн гэрээ, Д.Нагийн хэрэглээний зээл, малчны зээлийн гэрээ /Хх-н 82-86 дугаар хуудас/
Хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 87-90 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс шинээр гаргаж өгсөн талийгаачийн 49 хоногт гарсан болон нааш цааш явахад гарсан зардалд 1289400 төгрөгийг нэхэмжилсэн баримт зэрэг болно.
Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Зил-131 загварын 64-22 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд байрлах * ХХК-ний шатахуун түгээх станцаас тээврийн хэрэгсэлдээ бензин нэмж хийчхээд тус шатахуун түгээх станцын хатуу хучилттай талбай дээр ухрах үйлдэл хийхдээ түгээгч ажилтай Т.Оийг дайрч зам тээврийн осол гаргаж амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч А.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон ба уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Да нь оршуулгын зардалд 7925455 төгрөг, талийгаачийн ХААН банкнаас авсан тэтгэврийн зээл 5603276 төгрөг, хүү Д.Нагийн хэрэглээний зээл 6984829 төгрөг, 49 хоногт гарсан болон нааш цааш явсан зардалд 1289400 төгрөг, нийт 21802960 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч А.Н 4300000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 17502960 төгрөгнөөс хүү Д.Нагийн ХААН банкнаас авсан хэрэглээний зээл 6984829 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон 10518131 төгрөгийг шүүгдэгч А.Нгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Даид олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй, мөн уг хэргийг хялбаршуулсан журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлээгүй, хохирол төлөгдөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг уг тусгай ангид заасан доод хугацаагаар хасч доод хэмжээний хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, 64-22 УБХ улсын дугаар зүүсэн Зил-131 загварын бор ногоон өнгийн тээврийн хэргслийг битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Аргалчин овогт Амарсанаагийн Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Нд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний үсний хавчаарын 5 ширхэг хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, А.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Нгээс 10518131 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Хараагийн № 04 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Хотгойд овогт Тогтохын Даид /РД:*/ олгосугай.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Даийн нэхэмжлэлээс хүү Д.Нагийн зээл 6984829 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэргийн улмаас А.Нгийн эзэмшлийн 64-22 УБХ улсын дугаартай Зил-131 загварын бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. А.Нгийн жолоочийн үнэмлэх хавтаст хэргийн хамт ирээгүй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.