Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/855

 

 

 

 

 

 

 2025         07                 22                            2025/ДШМ/855

 

Ч.Г-д  холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Халиунгоо,

шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч Д.Цолмон,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Баттуяагийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлээр Ч.Г-д  холбогдох эрүүгийн 2504000000098 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан;

Шүүгдэгч Ч.Г  нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед **** дүүргийн ** дүгээр хорооны уулзварт “Toyota Prius-30” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.14 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ч.Г-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Г ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 

өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул 180 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Баттуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Г-д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялаас хэд нь үлдсэн, үүнээс хэдийг нь нэмж нэгтгэсэн талаар тогтоолд огт дурдалгүй орхигдуулсан бөгөөд мөн яагаад торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих болсон, эрх хасах нэмэгдэл ялыг яагаад нэмж нэгтгээгүй талаар шийтгэх тогтоолд дурдалгүй, хууль зүйн үндэслэлийг орхигдуулснаас болж шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг буй болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино”, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”,  2.1-т “...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилсан.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид ял оногдуулахдаа торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн зохицуулалт хуульд тусгагдаагүй, мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан байхад тус тусад нь эдлүүлэх хууль зүйн боломжийг ашиглалгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, шүүгдэгч Ч.Г-д  урьд 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2024/ГХ/115 дугаар гүйцэтгэх хуудас бичиж, тус дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг гүйцэтгэх хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба торгох ялыг биелүүлэх 1 жилийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дуусгавар болоогүй байхад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хуульд заагаагүй үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн шийдвэрлэжээ.

Энэ нь шүүгдэгч Ч.Г  нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолд заасан хуулийн хугацаанд төлөх Ч.Г-д  хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж, хуульд заасан хүнд ял болох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь хүний эрхийн зөрчил мөн юм.

Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх” өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Халиунгоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Г-д  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй байхад дахин хүнд төрлийн ялыг нэмж нэгтгэн, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Шүүхээс тус тусад нь эдлүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Г  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд миний баруун нүд хараагүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэв.   

Шүүгдэгч Ч.Г-н  өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл хэлбэрийн шаардлага хангахгүй байна. Учир нь, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байхад хяналтын прокурор гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдалд нь тохирсон. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, баруун нүд хараагүй, хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ч.Г-д  холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-Ч.Г  нь “Toyota Prius-30” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.14 хувийн согтолттой жолоодсоныг илрүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас (хх 6),

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар “Ч.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан” тухай шийтгэх тогтоол (хх 30-31),

-жолоочийн “Ч.Г  нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эрх хасагдсан...” гэсэн лавлагаа, мэдээлэл (хх 18) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:

шүүгдэгч Ч.Г  нь урьд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдэж, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн үед **** дүүргийн ** дүгээр хорооны уулзварт “Toyota Prius-30” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.14 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуугаар автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах ноцтой аюул заналхийлэхээс гадна хэн нэгний амьд явах эрхийг зөрчих хүртэлх хэмжээний хор уршиг ихтэй хууль бус үйлдэл юм.

Хууль тогтоогчоос дээрх нийгмийн аюулыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахаар зохицуулсан.

Шүүгдэгч Ч.Г-н  хувьд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба энэ үйлдэлд нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолоор торгох ялаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэрэглэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр согтолтын зэрэг 2.14 хувь байхад автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон байна.

Тэрээр өмнөх хууль бус үйлдлүүд, нийгэмд аюул заналхийлж буй үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхаар хүмүүжил олоогүй байх ба түүний 2.14 хувийн согтолттойгоор (урьд ял шийтгүүлэхдээ 2.77 хувь байсан) тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим, үйлдсэн гэмт хэргийн шинжид бүрэн нийцжээ.

Харин анхан шатны шүүх хэдэн хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа шүүгдэгч Ч.Г-н  урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан зөрчил тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, хуульд заасан журмын дагуу хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлнэ.

Үүнээс үзэхэд, хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихыг үүрэг болгоогүй бөгөөд энэ талаар нээлттэй орхисон болно.

Анхан шатны шүүх Ч.Г-д  урьд оногдуулсан торгох ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ шүүгдэгч торгох ялыг биелүүлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхийн хажуугаар торгох ялыг биелүүлэх боломжтой эсэх зэрэг хууль зүйн үр дагаварт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг Ч.Г-д  үүрэг болгожээ.

Энэ тохиолдолд ялыг биелүүлэхээр тогтоосон хугацаа дуусаагүй байх ба Ч.Г-д  оногдуулсан торгох ялыг өөр ялаар солих үндэслэл байхгүй байхад түүнийг дахин гэмт хэрэг үйлдэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн гэх үндэслэлээр урьд оногдуулсан торгох ялыг хүнд ялд багтаан сольж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Ч.Г-д  урьд оногдуулсан торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр “өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулах” агуулга бүхий дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/94 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г  нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 180 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтад “... Ч.Г-д  шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар ...” гэснийг “... Ч.Г-д  шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Баттуяагийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ