| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0339/э |
| Дугаар | 342 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Г-ийн Б-д холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, “Б” ХХК-д арьс ширний технологич хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц овогт Г-ийн Б-,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул тоотод орших гэртээ өөрийн эхнэр А.З-тай “гаргасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулд шарх, зүүн чихний ар, хуйх, зүүн мөр, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн мөр, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б-ээс: “ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч А.З-ын: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Б- нь халамцуу унтаж байсан. Ингээд бид хоёр хоорондоо хэрэлдэж, маргаан гарсан. Б- нь гадагшаа гарах гээд байхаар нь би гаргахгүй гэж ноцолдож түлхэхэд гарт байсан гар утас нь газар унасан. Тэгээд Б- нь миний нүүр лүү гар утсаараа дараад цохиж, үсдэж, чирээд ална гэж багалзуурдаж заналхийлж, миний нүүр лүү хөлөөрөө өшиглөж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Г.Б- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Хаалганы урд очиж суухаар нь би түүнийг хаалганаас холдуулах гээд хувцаснаас нь татаж чирсэн. Ингээд намайг гадагшаа гаргахгүй байхаар нь З-ын зүүн бил үү баруун хацар орчим 1-2 удаа алгадаад, түүнийг өөрөөсөө холдуулж цээж рүү нь гараараа түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Ж.Б-ын: “...З-ын надад хэлснээр Б- уурлаад З-ыг үснээс нь зулгааж шалан дээгүүр чирч, толгой дээгүүр нь гишгэсэн гэж хэлсэн. Тэр үед З-ын баруун 2 гар, хацар, шөнөө орчимд бүдэг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №13047 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Г.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Намайг гадагшаа гаргахгүй байхаар нь би З-ын зүүн билүү баруун хацар орчимд нь 1-2 удаа алгадсан, түүнийг өөрөөсөө холдуулж цээж рүү нь түлхсэн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 7 дугаар байрны 49 тоотод орших гэртээ өөрийн эхнэр А.З-тай “гаргасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулд шарх, зүүн чихний ар, хуйх, зүүн мөр, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн мөр, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.З-ын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Ж.Б-ын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №13047 дугаартай
1. А.З-ын биед тархи доргилт, доод уруулд шарх, зүүн чихний ар, хуйх, зүүн мөр, баруун мөрний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, зүүн мөр, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэргийн шүүгдэгч Г.Б- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдалд нийцэж байгаа ба шүүгдэгч прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Б- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Г.Б- нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоох талаар хүсэлт гаргасан, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Хохирогч А.З-аас: “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” /хх-ийн 69 дүгээр хуудас/, тухай хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт Г.Б- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.