Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/856

 

 

 

 

 

 

 2025             07                 22                          2025/ДШМ/856

 

М.Г-т  холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч М.Г-н  өмгөөлөгч Д.Халзан,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, С , Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Даваасүрэнгийн  бичсэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар эсэргүүцлээр М.Г-т  холбогдох эрүүгийн 2509008800442 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Г  нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С  дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р С” шөнийн  цэнгээний газар хохирогч Б.И ийн халааснаас “Ай фоне 15 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

С  дүүргийн прокурорын газраас: М.Г-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1  дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Г-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” үүрэг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтын хугацаанд тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй хязгаарлах” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх ба энэ албадлагын арга хэмжээг хэрэглэх болсон үндэслэл тодорхойгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Тодруулбал, М.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад, түүнд “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах” албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцээгүй, үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах зүйлийг тусгана” 3.1 дахь заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан ба шүүхийн шийдвэрт шүүгдэгч М.Г-т  “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах” албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэлийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Г-т  “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан атлаа хэнтэй уулзахгүй байх, хаана очихыг хязгаарлаж байгаа талаар тусгаагүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байдлаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шийдвэрээ уншиж сонсгох үедээ “шүүгдэгч М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар “сургалтад хамрагдах, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулж шийдвэрлэсэн” гэж танилцуулсан атлаа шүүхээс гарсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгож сургалтад хамрагдах, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй хязгаарлах” үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэсэн гэж зөрүүтэй бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэх заалтыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь “шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, өөрийн оршин суух газар, ажлаасаа өөр газар луу явахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаан дээр гаргасан байхад шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1164 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох” хэсгийн 2-т “Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан” гэж зөрүүтэй бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол” гэх заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 0б-ны өдрийн 2025/ШЦТ/1164 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгож сургалтад хамрагдах, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Тодорхой газар очих, тодорхой хүнтэй хязгаарлах” үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.5-д зааснаар “сургалтад хамрагдах, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” гэж өөрчлөлт оруулах, шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсгийн 2-т “Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан” гэснийг “Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч М.Г-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, өөрийн оршин суух газар, ажлаасаа өөр газар луу явахыг хориглох буюу зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан” гэж өөрчлөлт оруулан залруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Шүүгдэгч М.Г  болон өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсэх нь шүүх бүрэлдэхүүний эрхийн асуудал...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Г-т  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Г-т  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Эрүүгийн хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, мөн зүйлийн 1.9 дэх хэсгийн “анхан шатны  шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаардаг.

Шүүгдэгч М.Г-т  холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн тогтоох хэсгийг сонсоход Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдсэн байна.

Тодруулбал, шүүх шүүхийн шийдвэрийг уншиж, сонсгохдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг аваагүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч М.Г-т  урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1164 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Г-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ